Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 01110

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2017/01110

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-23-08 тоотод оршин суух, Нарванчин овгийн Бадамсэдийн Алтанцоож /ИУ73032716/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-33 тоотод оршин суух, Чинос овгийн Сэнгээгийн Даваасүрэн /ЧЖ59122614/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-33 тоотод оршин суух Боржигон овгийн Базарвааний Мөнхцэцэг /ЧЖ60070501/ нарт холбогдох

Зээлийн гэрээний 8,035,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Алтанцоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Алтанцоож шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн 2-т /эхнэр нөхөр/ 2012 оны 07 дугаар сарын 30-нд 2 000 000 төгрөг, 2012 оны 11 сард 2 000 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 12-нд 2 500 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 13-нд 500 000 төгрөг өгсөн. Нийт 7 000 000 төгрөг тус бүрийг 0.5%-ийн хүүтэй авна гээд зарим сар хүү гэж хэдэн төгрөг өгөөд хэсэг хугацаанд холбоотой байсан боловч 2014 оны сүүлээс сураггүй болсон. Эрэн сурвалжлуулах албанд өгөөд 1 жил болоход олдохгүй байсан. Миний үндсэн мөнгө болох 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Алтанцоож шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “ ... шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б.Алтанцоожийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, ...” гэсний дагуу дараах байдлаар нэхэмжлэийн шаардлагаа тодруулан нэмэгдүүлж байна. ИХ-ийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 -т зааснаар үндсэн зээл 7.000.000 төгрөгөөс гадна зээлийн хүүг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.Үүнд: 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б.Мөнхцэцэгийн зээлсэн 2 000 000 төгрөгийг хариуцагч Б.Мөнхцэцгээс, 2012 оны 11 сарын 22-ны өдөр Харуул цохио ХХК-ийн захирал Эрдэнэсүрэнгээс Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нарт авч өгсөн 2,000,000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт 2,660,000 төгрөг болгож төлж барагдуулсан. Хүүгийн хамт 2,660,000 төгрөгийг Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нараас 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр С.Даваасүрэнгийн өдрийн 0,5 хувийн хүүтэй  2 500 000 төгрөгийг 1 сарын хүү 375,000 төгрөг нийт 2,875,000 төгрөгийг С.Даваасүрэнгээс, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкны дансаар шилжүүлсэн 500 000 төгрөгийг С.Даваасүрэнгээс тус тус нэхэмжилж байгаа юм.

Иймд Б.Мөнхцэцэгээс \2.000.000 төгрөг, 1.330.000 тегрөг\ бүгд 3.330.000 төгрөг, С.Даваасүрэнгээс\1.330.000 төгрөг, 2.875.000 төгрег, 500.000 төгрөг\ бүгд 4.705.000 төгрөг, нийт 8.035.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд зээлийн хүү болох 1035.000 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлсэн болно гэжээ.

Хариуцагч Б.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Алтанцоожийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мөнхцэцэгт холбогдох хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Би 2012.07.30-нд 2 000 000 төгрөгийг Намсрайн даллага ломбард, 2012.11.22-нд 2 000 000 төгрөгийг Харуул цохио ломбард, 2013.06.13-нд Золзаяагийн дансанд 500 000 төгрөг. Үүнийгээ цувуулсан өгсөн. Гэхдээ хугацааны хувьд зарим мөнгөө мартаад байна. Одоо санаж байгаа болон бичиг баримт гарч ирсэн дээрх мөнгийг өгсөн тооцоо байна. Бэлнээр болон дансаар нь мөнгийг шилжүүлдэг байсан тул ломбард болон Алтанцоожийн дансны хуулбарыг хэрэгт гаргуулах хүсэлтэй байна. Би мөнгийг бүрэн өгсөн учраас Б.Алтанцоож надаас мөнгө нэхэлгүй өдий хүрсэн байсан. Гэтэл мөрдөн байцаагч намайг бусдыг залилсан гэх хэрэг шалгах явцад хохирогч байж магадгүй гэж шалгаснаас хойш мөнгө өгөх ёстой гэж над руу дайрах болсон. Түүнээс өмнө надаас мөнгө нэхэж байгаагүй. Би авсан зээлээ бүрэн төлсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие С.Даваасүрэн нь иргэн Б.Алтанцоожоос нэг ч төгрөг зээлж байгаагүй. Миний эхнэр Б.Мөнхцэцэг нь мөнгө зээлж байсан түүнийгээ төлсөн гэдэг. Энэ талаар маргаан үүсч шүүх цагдаагүй явж байгаа. Энэ үеэс эхнэрийг хэдэн төгрөгний зээл Алтанцоожоос авсан болох, зээлээ төлсөн зэрэг асуудлыг зарим нэг зүйлийг нь мэдэх болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бидний хооронд мөнгө төгрөгний авлага өглөг байхгүй. Эхнэр Б.Мөнхцэцэг нь Б.Алтанцоожоос мөнгө авсан гэх асуудлаар цагдаад шалгагдаж байгаа бөгөөд энэ талаар нарийн зүйл мэдэхгүй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: 201 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Алтанцоожоос 2500,000 төгрөгийг эхнэр Б.Мөнхцэцэгийн нөхөр С.Даваасүрэнгийн нэр дээр зээлж авсан. Төлсөн баримтаа шүүхэд баримтаар эхнэр Б.Мөнхцэцэг бүрдүүлэн өгсөн. Би түүнээс мөнгө зээлж байгаагүй. Хариуцагч Б.Алтанцоожид хариуцагч С.Даваасүрэн ямар нэгэн өр төлбөргүй, хариуцагч Б.Мөнхцэцэг нэхэмжлэгч Б.Алтанцоожоос 2012 оны 07 дугаар сарын 30-нд 2,000,000 төгрөг зээлээгүй ба Намсрайн даллага ломбарднаас 2012 оны 07 дугаар сарын 30-нд 2,000,000 төгрөгийг зээлж авсан. Уг мөнгийг тухайн үед төлсөн. 2012 оны 11 сарын 22-ны өдөр Харуул цохио ХХК-аас 2,000,000 төгрөг зээлсэн түүнийг төлсөн. 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг охин Золзаяагийн дансаар дамжуулан Алтанцоожоос авсан ба түүнийгээ цувуулан төлсөн. Золзаяа 514,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт өгсөн.

2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Алтанцоожоос 2,500,000 төгрөгийг нөхөр С.Даваасүрэнгийн нэр дээр зээлж авсан. Бэлэн болон бэлэн бусаар төлсөн мөнгөний баримтаар 4,591,000 төгрөгийн баримтыг шүүхэд бүрдүүлэн өгсөн. Бусад төлсөн мөнгөний баримтыг бүрдүүлж чадахгүй байгаа байдлыг далимдуулж зээл төлөөгүй гэж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нь Б.Мөнхцэцэгээс 3.330.000 төгрөг, С.Даваасүрэнгээс 4.705.000 төгрөг, нийт 8.035.000 төгрөг гаргуулахыг шаардаж байна.

            Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 6.981.000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч хариуцагч нарыг 2012 оны 07 дугаар сарын 30-нд 2.000.000 төгрөг, 2012 оны 11 сард 2.000.000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 12-нд 2.500.000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 13-нд 500.000 төгрөг өгсөн, нийт 7.000.000 төгрөг тус бүрийг 0.5 хувийн хүүтэй авсан зарим сард хүү төлж байсан гэж тайлбарлаж байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан 2012 оны 07 дугаар сарын 30-нд 2.000.000 төгрөгийг Б.Мөнхцэцгээс, 2012 оны 11 сарын 22-ны өдөр “Харуул Цохио” ХХК-ний захирал Эрдэнэсүрэнгээс Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нарт авч өгсөн 2.000.000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт 2.660.000 төгрөг болгож төлж барагдуулсан, хүүгийн хамт 2.660.000 төгрөгийг Б.Мөнхцэцэг,С.Даваасүрэн нараас, 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр С.Даваасүрэнгийн өдрийн 0.5 хувийн хүүтэй, 2.500.000 төгрөгийг 1 сарын хүү 375.000 төгрөг нийт 2.875.000 төгрөгийг С.Даваасүрэнгээс, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкны дансаар шилжүүлсэн 500.000 төгрөгийг С.Даваасүрэнгээс нэхэмжилсэн болно.  

             Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа гэрээ тус бүрийг авч үзвэл 2012 оны 07 дугаар сарын 30-нд Б.Алтанцоож, Б.Мөнхцэцэг нарын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээнд Гоё Шарга ХХК-ны тамга дарагдсан байх боловч Б.Мөнхцэцэг 2.000.000 төгрөгийг зээлж авсанаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд өөрийн гарын үсэг биш гэж маргахгүй байна.

            2012 оны 11 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хариуцагч Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нар “Харуул Цохио” ХХК-тай байгуулсан, нэхэмжлэгч Б.Алтанцоож уг компанитай хариуцагч нарыг зуучилж мөнгө зээлүүлсэн, өөрөө уг гэрээнд батлан даагчаар оролцож гарны үсэг зурсан байна гэж үзэх үндэстэй. Б.Алтанцоож хожим нь хариуцагч нарын нэрийн өмнөөс “Харуул Цохио” ХХК-нд тэдний төлөх ёстой мөнгийг төлж барагдуулсан байна. Энэ нь “Харуул Цохио” ХХК-ны тодорхойлолт, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар батлагдаж байх бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгчийг тэдний өмнөөс мөнгө төлсөнийг няцаагаагүй болно. Харин нэхэмжлэгч “Харуул Цохио” ХХК-нд  төлж барагдуулсан мөнгө гэж 2.660.000 төгрөг нэхэмжилсэнээс, хариуцагч болон “Харуул Цохио” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу  2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын хүүгийн хамт 2.120.000 төгрөг төлөхөөр тохиролцсоны дагуу  2.120.000 төгрөгийг Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн  нараас гаргуулах үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

            2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний хувьд С.Даваасүрэн нь Б.Алтанцоожтой тухайн өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж өдрийн 0.5 хувийн хүүтэй, 2.500.000 төгрөгийг өдрийн 0.5 хувийн хүүтэй байгуулж, зээлийн хугацааг тодорхой тохиролцоогүй байна. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасан зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар буцааж төлөх, ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх заалтын дагуу өдрийн 0.5 буюу 1 сарын 15 хувийн хүү 375.000 төгрөгөөр тооцож нийт 2.875.000 төгрөг болон 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкны дансаар шилжүүлсэн 500.000 төгрөгийг С.Даваасүрэнгээс гаргуулах үндэстэй байна. Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээгээр авсан мөнгөнөөс нийт 4.591.600 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч талууд энэ талаар маргахгүй байна. Ийнхүү  хариуцагч Б.Мөнхцэцгээс 3.060.000 төгрөг, хариуцагч С.Даваасүрэнгээс 4.435.000 төгрөг тус тус гаргуулах, хариуцагч нар хэн нь хэдэн төгрөг төлж барагдуулсаныг тооцох боломжгүй, нэхэмжлэгч энэ талаар тодорхой зааглаж ялгаж салгаагүй, харин хариуцагч нар нь нэг гэр бүл тул нэхэмжлэгчид төлсөн гэх 4.591.600 төгрөгийг тэдний тус бүрдээ төлөх ёстой мөнгөнөөс тэнцүү хуваан хасаж тооцох үндэстэй байна. / 4.591.600 : 2 =2.295.800 /

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1,283 дугаар зүйлийн 283.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхцэцгээс 764.500 төгрөг, хариуцагч С.Даваасүрэнгээс 2.139.500 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцоожид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.131.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 156,340 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхцэцэгээс 22,898 төгрөг, хариуцагч С.Даваасүрэнгээс 49,182 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН