| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2019/0018/Э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 174
А.Л-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганхөлөг,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлээр А.Л-д холбогдох 1805 0133 60874 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
У овгийн А-гийн Л, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ...ь аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй.... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../;
А.Л- нь 2018 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 39 дүгээр байрны гараашид байсан иргэн Б.О-гийн өмчлөлийн “Прадо” загварын, 53-07 УНИ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн тоормосны шингэн дамжуулах гуурсыг салгаж, 3 ширхэг дугуйг сийчих зэргээр эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад нийт 1.015.500 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос А.Лхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.
Энэ хэрэгт А.Л- нь “Прадо” загварын, 53-07 УНИ улсын дугаартай, автомашины дугуй, тоормосны шингэн дамжуулах гуурсыг гэмтээсэн гэх боловч уг эд хөрөнгө нь хэний өмчлөлийн эд хөрөнгө болохыг баримтаар тогтоогоогүй, энэ талаарх нотлох баримт цуглуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасан “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн” гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “олон хүний ам бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” гэж хуульчилжээ.
Автомашины тоормосны шингэн дамжуулах гуурсны боолтыг тайлсан, гуурсыг хавчиж гэмтээсэн гэх үйлдэлд дээрх арга хамаарах эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй.
Мөрдөгчөөс энэ талаар зөвхөн “Шинжээч томилох” тогтоол үйлдсэн бөгөөд уг тогтоолд ирээдүйд бий болж магадгүй нөхцөл байдлыг тогтоолгох зорилго нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Гэмт хэрэг үйлдэх арга нь хууль зүйн ойлголт тул шинжээч томилж дүгнэлт гаргуулах үндэслэлгүй.
Иймд энэ хэрэгт уг гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” шаардлагатай гэж үзэв.
Дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.
Шүүхээс энэ хэрэгт өөрийн санаачлагаар урьдчилан хэлэлцүүлэг хийх боломжтой боловч урьдчилан хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудал хөндөгдөх тул хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Иймд Шүүгдэгч А.Л-д холбогдох эрүүгийн 1805 0133 60874 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорт буцааж, А.Л-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, нэмж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг прокурорт очтол уг таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хүргүүлж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “... Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дугаар зүйлд хуульчилсан бөгөөд яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-ээс 6.17 дахь заалтад заасан үндэслэлүүд байгаа тохиолдолд талуудаас хүсэлт, гомдол гаргаагүй ч гэсэн шүүгч хэргийг хянаж үзээд өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулан хянан хэлэлцэж шийдвэр гаргах эрхийг хуульд заасан байна.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгт хэлэлцэх асуудал нь яллагдагчийн гэм буруутай холбоотой асуудал байвал шүүгч өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүйгээр анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлээд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээрх гэм буруутай холбоотой асуудлыг хэлэлцээд “... шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай ...” гэж анхан шатны шүүх үзвэл хэргийг прокурорт буцааж болох юм.
Харин, урьдчилсан хэлэлцүүлэг хэлэлцүүлэхгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд “... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх. гэм буруугүй бол цагаатгах ...” шийдвэр гаргахаар хуульчилж өгснөөс хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргах талаар заалт хуульд байхгүй.
Гэвч, анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А.Лхагвыг “Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай” 14 дугаартай шүүгчийн захирамжид “Шүүхээс энэ хэрэгт өөрийн санаачлагаар урьдчилан хэлэлцүүлэг хийх боломжтой боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15 дахь заалтад хамаарах зөрчил бүхий асуудлууд байх тул уг асуудлыг шүүгч өөрийн санаачлагаар урьдчилан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй, харин талуудыг мэтгэлцүүлэн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 12 дахь хэсэгт зааснаар урьдчилан хэлэлцүүлгийг хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр шилжүүлэв. ...” гэж заагаад талуудад дээрх захирамжийг танилцуулалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Гэтэл 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай.” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “... урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ. ...” гэж заасан боловч урьдчилсан хэлэлцүүлэг зарлахгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлээд, анхан шатны шүүх гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар “... энэ хэрэгт өөрийн санаачлагаар урьдчилан хэлэлцүүлэг хийх боломжтой боловч урьдчилан хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудал хөндөгдөх тул хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно ...” гэж тайлбарлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар А.Л-д холбогдох 1805 0133 60874 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаартай захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч А.Л-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, “мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан асуудлуудыг тогтоож чадаагүй, уг ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэргийн материалыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан шаардлагыг мөрдөгч, прокурор биелүүлээгүй байх бөгөөд шүүх тогтоол гарахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаагүй, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй гүйцэт тогтоогоогүй байна гэж үзлээ.
“... А.Л- нь “Прадо” загварын, 53-07 УНИ улсын дугаартай, автомашины дугуй, тоормосны шингэн дамжуулах гуурсыг гэмтээсэн гэх боловч уг эд хөрөнгө нь хэний өмчлөлийн эд хөрөнгө болохыг баримтаар тогтоогоогүй, ... мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг, мөн автомашины тоормосны шингэн дамжуулах гуурсны боолтыг тайлсан, гуурсыг хавчиж гэмтээсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “олон хүний ам бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох” гэж заасан аргад хамаарах эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах ...” гэсэн үндэслэлүүдийг зааж хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн заалтуудын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна.
Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй зарим асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15 дахь заалтад хамаарах зөрчил бүхий асуудлууд байх тул уг асуудлыг шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй харин талуудыг мэтгэлцүүлэн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар шийдвэрлэх нь зүйтэй ...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ