| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 102/2019/00275/И |
| Дугаар | 001/ХТ2020/00510 |
| Огноо | 2020-09-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2020/00510
П.Х-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02725 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаар магадлалтай,
П.Х-ын нэхэмжлэлтэй,
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 15.234.124 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвараа түр алдсны тэтгэмж 2.463.547 төгрөг, 2018 оны 11, 12 сарын цалин 1.843.783 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 6.034.200 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Э, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2016 оны 3 дугаар сараас Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-I-208 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоосон. Ийнхүү Улаанбаатар төмөр зам нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б-I-257 тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд нь эгүүлэн авсан боловч 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлэх болсныг мэдээд эрүүл мэндийн байдал эрс доройтож, эмнэлэгийн магадлагааны дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б-I-379 тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дахь хэсэг Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн дүрмийн 22а заалтыг тус тус үндэслэн Замын даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А-257 тоот тушаалаар Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхийн орон тоог хассан тул Замын даргын хуулийн зөвлөх П.Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хариуцагч тал өмнө нь тушаал гаргахдаа мөн энэ тушаалаар орон тоо хасагдсан хэмээн маргасан бөгөөд 3 шатны шүүх хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан нь үндэслэлгүй болохыг тогтоосон. Мөн 2018 оны 9, 10 дугаар сарын хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн мөнгө, 11, 12 сарын цалин хөлсийг олгоогүй. Ажилгүйдлийн тэтгэмж 6.034.200 төгрөг нийт 10.341.530 төгрөгөөр хохироосон тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар өмнөх албан тушаал нь байхгүй болсон бол ажилтан, ажил олгогч хоёр хоорондоо тохиролцох заалттай байхад тохиролцоог явуулаагүй. Шууд орон тоо үүсгээд тушаал гаргаад ирж ажилла гэж шаардсан. П.Х- зөвшөөрөхгүй хүсэлтээ бичгээр байгууллагад гаргаж, хүсэлтийн дагуу 8 дугаар сарын 15-ны өдөр хуучин эрхэлж байсан ажилд нь томилж тушаал гаргасан. Хариуцагч тал 1 сарын дотор ажилтныхаа тушаал, нийгмийн даатгалын дэвтрийг өгөөгүй. Иймд П.Х-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилж, ажилгүйдлийн тэтгэмж хариуцагчийн тайлбарласан 45 хувиар бодож 2.482.372 төгрөг, актны мөнгө 1.642.373 төгрөг, 11, 12 сарын цалин 1.843.783 төгрөг нийт 5.968.528 төгрөгийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Э нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Өнөөдрийн байдлаар, мөн өмнө нь замын даргын хуулийн зөвлөх гэсэн орон тоо Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд байхгүй. Энэ орон тоо байхгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж зааснаар 2018 оны 5 дугаар сараас хойш нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох талаар уулзаж байсан. Манайх 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр адил чанарын албан тушаал буюу Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн хууль зүйн албаны ахлах хуулийн зөвлөхийн орон тоонд томилж, мэдэгдсэн боловч өөрөө өргөдөл гаргаж хийхгүй гэсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдлээр хуучин эрхэлж байсан албан тушаалд нь томил гэсэн мэдэгдэл ирүүлсэн тул аргагүйн эрхэнд замын даргын хуулийн зөвлөхийн албан тушаалд томилсон. Нэгэнт тухайн орон тоо 2016 оны 8 дугаар сард байхгүй болсон тул мэдэгдэл өгөхөөс аргагүй болсон. Ингээд 8 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэл өгсөн. Энэ өдрөөс нэхэмжлэгч өвдөж ажилдаа ирээгүй. 8 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд өвчтэй гэсэн актыг ирүүлсэн. Актыг үндэслэн 1.642.373 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 12-ныг хүртэл ажил тасалсан. Иймд 11, 12 сарын цалинг олгох ёсгүй. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас харахад 9, 10 дугаар сар хүртэл бичилт хийгээд, Нийгмийн даатгалын байгууллага баталгаажуулсан. Ажилгүйдлийн тэтгэмжийг 45 хувиар бодох ёстой. Нэгэнт энэ хүний ажиллаж байсан орон тоо байхгүй болсон тул ажилд нь эгүүлэн авах боломжгүй гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02725 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Х-ыг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд үүрэг болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 5.968.528 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Х-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.Х-ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах шаардлагад төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, нэхэмжлэгчээс үлдэх шаардлагад төлсөн 180.420 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 80.946 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Х-т олгож, 44.450 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02725 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг үндэслэн замын даргын хуулийн зөвлөхийн ажилтай адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгож, давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 ажилтан ажил олгогчтой ажлаас буруу халагдсан, чөлөөлөгдсөн тухай маргах явцад маргаж буй ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан нөхцөлөөр орон тоо хасагдсан тохиолдолд хоорондоо зохицож өөр ажилд томилогдох тухай зохицуулалт бөгөөд холбогдох шүүхийн шийдвэрүүд нь 2016 оны А/257 тоот тушаалаар орон тоо хасагдсаныг үндэслэлтэй хэмээн үзэх атлаа 2018.08.15-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлсийг үндсэн цалингаар бодож шийдвэрлэсэн байна. Энэ нь шүүх өөрийн гаргаж буй шийдвэр нь хоорондоо зохицолгүй байгаа бөгөөд хэрэв 2016 онд орон тоо хасагдсан гэж үзэж байгаа бол өмнөх 3 шатны шүүхийн шийдвэр болон тус шүүхийн шийдвэрүүдийн дагуу гарах 11 сая төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс нь дундаж цалин хөлсийн дагуу бодогдох эсхүл 2018.08.15-нд ажил эгүүлэн тогтоосон тушаал нь өөрөө хууль эрх зүйн үндэслэлгүйг тогтоож шийдвэрлэх нь зөв хэмээн үзэж байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрт дурьдагдсан өмнөх шийдвэр, магадлал, тогтоол болон 2018.12.12-ны Б1-379 тушаалтай холбоотой нэхэмжлэл нь орон тоо цөөрүүлсэн буюу ажил олгогчоос тухайн орон тоог үндэслэлгүй хассан тул холбогдох шийдвэр нь хууль бус болохыг тогтоож ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл байсан. Иймд шүүхээс хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-ийг үндэслэн шийдвэрлэх нь буруу бөгөөд өмнөх ажлын байр буюу замын даргын хуулийн зөвлөхийн ажлын байранд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан шийдвэрлэхдээ хөдөлмөрийн хөлсийг буруу тооцож шийдвэрлэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д “...дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор,...” хэмээн тодорхой заасан байхад үндсэн цалин болох 1.005.700 төгрөгөөр бодож нэг өдрийн цалин 46.777 төгрөг гаргажээ. Гэтэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005.05.05-ны 55 дугаар тушаалын дагуу бодож дундаж цалин хөлсийг тодорхойлох ёстой байсан боловч үндсэн цалингаар бодож хууль хэрэглээний алдаа гаргасан. /нэг сарын дундаж цалин 1.508.550 төгрөг, нэг өдрийн цалин 74.312 төгрөг болно/ Үүнийг нь давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ “...1 сар ажил эрхлэн, бусад хугацаанд өвчтэй байсан тул ...буруу биш” хэмээн үзсэн. Гэтэл холбогдох ажилласан хугацааны цалинг олгоогүй хэмээн нэхэмжлэгчийн зүгээс гомдолд дурьдаж шүүхээс үүний дагуу шийдвэрлэсэн гэхдээ мөн адил үндсэн цалингийн дагуу шийдвэрлэсэн байна. Хэрэв нэг сарын хугацаанд ажилласан хэмээн үзэж байгаа шүүхээс нийгмийн даатгалын дэвтэрийн 11 болон 12 сарын ажилласан өдрүүдээс дундаж цалин хөлсийг бодож тогтоосны үндсэнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодож гаргах нь зүйтэй байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байгаа тул П.Х-ыг замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг дундаж цалингаар бодож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
П.Х-, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 15.234.124 төгрөг гаргуулах, 2018 оны 11, 12 сарын цалин 1.843.783 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 2.463.547 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 6.034.200 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүйдлийн тэтгэмж 6.034.200 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Нэхэмжлэгч П.Х- түүнийг “орон тоо хасагдсан” үндэслэлээр ажлаас халсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/-1-379 тоот тушаал хуульд нийцээгүй гэж үзэн нэхэмжлэлээ гаргасан, хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа, “...2016 оны 03 дугаар сард замын дарга шинэ орон тоо бий болгож, П.Х-ыг замын даргын хуулийн зөвлөхийн орон тоонд ажилд томилж, улмаар мөн оны 08 дугаар сард тухайн орон тоог хассан... нэхэмжлэгч шүүхэд хандаж, шүүх нэхэмжлэлийг хангасан боловч уг орон тоо байхгүй тул адил чанарын орон тоонд ажилд авсан, үүнийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, ...шүүхийн шийдвэрийг биелүүлж ...замын даргын хуулийн зөвлөхийн орон тоонд тушаал гаргаж авсан, ...энэ орон тоо байхгүй, ...2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс орон тоо хассан үндэслэлээр дахин 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэж, мөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б/-1-379 тоот тушаал гаргаж ажлаас халсан” гэжээ.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Х-ыг замын даргын хуулийн зөвлөхийн ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд үүрэг болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй байна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ...нэхэмжлэгч П.Х-ыг даргын хуулийн зөвлөхийн ажилд бус өөр адил чанарын ажил, албан тушаалд ажиллуулахыг үүрэг болгосон, ...дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахдаа хэмжээг буруу тооцсон” тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
П.Х-ыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа хэдий ч уг шийдвэрт хариуцагч “орон тоо хасагдсан” үндэслэлээ нотлоогүй буюу “...орон тоо хассан нь тодорхойгүй, удирдах газрын орон тоонд өөрчлөлт орсон баримтгүй” гэж дүгнэжээ. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тул хариуцагч уг шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Харин П.Х-ын эрхэлж байсан замын даргын хуулийн зөвлөхийн орон тоо бодитоор хасагдсан нь тогтоогдсон, энэ ч утгаар хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажилтантай тохиролцож өмнөх ажилтай адил чанарын буюу хууль зүйн албанд ахлах хуулийн зөвлөхөөр ажиллуулахаар тушаал гаргаж байсан нь тогтоогдсон байна. Үүнийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2018.08.15-ны өдөр түүнийг замын даргын хуулийн зөвлөхийн ажилд томилсон тушаал гаргасан эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй байна. Нэгэнт замын даргын хуулийн зөвлөхийн ажлын байрны орон тоо тухайн байгууллагад байхгүй учраас ажил олгогч өмнө нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс орон тоо хассан гэх үндэслэлээр мөн оны 9 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэж, 12 дугаар сарын 12-ны өдөр Б/-1-379 тоот тушаал гаргаж П.Х-ыг ажлаас халсан шийдвэр гаргасан байна.
Хоёр шатны шүүх, П.Х-ыг өмнө нь ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр болон хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг харьцуулан үзэж, түүнийг замын даргын хуулийн зөвлөхийн орон тоонд эгүүлэн тогтоох боломжгүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үндэслэл бий болсон гэж урьд эрхэлж байсан ажилтай адил чанарын ажлаар хангахыг хариуцагчид үүрэг болгосныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.
Түүнчлэн шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авсан Б/-1-379 тоот тушаалд цалинг 1.005.700 төгрөг гэж зааснаар шүүх нэхэмжлэгчийн ажилгүй хугацаан дахь цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцож гаргасан нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд дүгнэхэд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлгүй тул тэдгээрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02725 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Х- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ