Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 

 

 

В.О, А.Т нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч В.О-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

хохирогч А.Уянга, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.О-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн давж заалдах гомдлоор В.О, А.Т нарт холбогдох эрүүгийн 1710007740014 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О овгийн В. О, 19..оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “...............” ХХК-д менежер ажилтай, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт .......... дүүргийн ... дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

2. П овгийн А. Т, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .............. дүүргийн 8 дугаар хороо, ............... ... дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

В.О нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү” хорооллын 108-13 тоотод эхнэр А.Уянгатай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2018 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн баруун талын гаражийн хажууд хохирогч А.Т-ийг “эхнэр А.Уянгатай хамт явлаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

А.Т нь 2018 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн баруун талын гаражийн хажууд хохирогч В.О-тай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: В.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, А.Т-ийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “О овогт В. О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч П овогт А-ы Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О овогт В. О-ыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хохирогч А.Уянгатай харилцах, түүний оршин суугаа газар очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П овогт А-ы Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Т-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.О-т шүүхээс хүлээлгэсэн хохирогч А.Уянгатай харилцах, түүний оршин суугаа газар очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, В.О, А.Т нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхээс хүлээлгэсэн хохирогч А.Уянгатай харилцах, түүний оршин суугаа газар очихыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг В.О-т сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.Т-д сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг В.О-т сануулж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд В.О, А.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.О-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. В.О нь ам бүл дөрөв, эхнэр, 4 настай 2 хүүхдийн хамт амьдардаг. Хэдийгээр тусдаа амьдарч байгаа боловч гэрлэлтээ цуцлуулаагүй тул хууль ёсны гэр бүлтэй, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй билээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хувьд хохирогч Уянгын биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Уг гэмтлийн улмаас нэхэмжилсэн эм, эмчилгээний зардал болох 300.000 төгрөгийг В.О төлж барагдуулсан. Хохирогч ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй талаар шүүх хурал дээр болон хэрэгт бичгээр бичиж өгсөн тул хохирлыг бүрэн барагдуулсан. В.О нь эрхэлсэн ажилтай, ажил хийж 2 ихэр хүүгээ тэжээн тэтгэдэг. Хохирогч А.Т-ийн  биед учирсан хөнгөн гэмтэл нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй. Учир нь, 2018 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хэрэг болсон гэх боловч хохирогч А.Т нь 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр шүүх эмнэлэгт үзүүлж толгой өвдсөн, тархи доргилт гэсэн онош тавигдсан нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй байдаг. Уг хөнгөн хохирлын улмаас хохирогч А.Т ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч В.О-т оногдуулсан ялыг түүний хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан түүний ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Хохирогч А.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулсан. Учир нь 10 дугаар сарын 11-ний өдөр хөнгөн гэмтэл учруулснаас хойш дарамталдаг, зодоон хийдэг үйлдэл нь тасраагүй. 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр над руу дайрч, цохисон боловч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй.” гэв.

 

Хохирогч А.Уянгын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирол төлбөр болох 300.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэхдээ гомдолтой байгаа. Дарамт, айдас арилаагүй. Шүүх хуралдааны явцад миний үйлчлүүлэгчийн нүүрэнд тулж, нүүр лүү нь үлээж дарамталсан. Хохирогч гомдолтой гэдгээ шүүх хуралдаанд хэлсэн. Өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан гомдол хууль ёсны биш, үндэслэлгүй гомдол байгаа. Миний үйлчлүүлэгч 2014 оноос хойш хамтран амьдарсан. 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2 ихэр хүүтэй болсон. Ихэр хүүхдүүд 3 настай бөгөөд ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Мөн албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. В.О 2017 оны 10 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан. Тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүдийнхээ төлөө нэг ч зүйл хийгээгүй. Нэг ширхэг модтой чихэр ч авч өгч байгаагүй. 1 дүгээр хавтас хэргийн 35-46 дугаар хуудсанд В.О-ын 10 хуудас зөрчлийн баримт байгаа. Согтуугаар автомашин жолооддог. Олон нийттэй харилцаж чаддаггүй, гэрийнхээ үүдийг сахиж, гэрт оруулахгүй, эсвэл гаргахгүй, байнга дарамталж мөнгө нэхдэг. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж зааснаар түүнд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн хэрэг, хувийн байдалд нь тохирсон. Мөн 13 давхрын цонхыг хагалж, орж ирээд “би нисэж үхнэ” гэж хүүхдүүдээ айлгасан. Өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдолтой шүүгдэгч В.О танилцаж, гарын үсэг зурсан гэх боловч В.О-ын гарын үсэгтэй таарч тохирдоггүй. Гэр бүлийн баталгаагүй гэсэн лавлагааг өгөхийг хүсэж байна.” гэв.

 

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “В.О-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэмт хэргийг үйлдсэн. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

В.О нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү” хорооллын 108-13 тоотод эхнэр А.Уянгатай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2018 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн баруун талын гаражийн хажууд иргэн А.Тийг “эхнэр А.Уянгатай хамт явлаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Уянга /1хх-9-12/, А.Т /1хх-176-177/, гэрч А.Уянга /1хх-183-184/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12979, 2439 дугаартай дүгнэлтүүд /1хх-27, 199/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-50-53/ зэрэг нотлох баримтаар,

А.Т нь 2018 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн баруун талын гаражийн хажууд иргэн В.О-тай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч В.О /1хх-181/, шинжээч Т.Номинцэцэг /1хх-211/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2080 дугаартай дүгнэлт /1хх-194/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч В.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болон 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, А.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч В.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болон 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Т-ийн  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүхээс тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролоо төлсөн байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч В.О-т тухайн зүйлд заасан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч А.Тд 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.О-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч А.Т-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэгэнт тогтоосон хугацааг дахин зааж өгөх шаардлагагүй байх тул шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт утга найруулгын хувьд зөрчилтэй байдлаар бичигдсэн байх тул өөрчлөн найруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О овогт В. О-ыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хохирогч А.Уянгатай харилцах, түүний оршин суугаа газар очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П овогт А-ы Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О овгийн В. О-т 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П овогт А-ы Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч В.О-т хохирогч А.Уянгын оршин суух газар очих, түүнтэй харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.О-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ

 

                                    ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ