Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00769

 

 

Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/00529 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 833 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ц.Ц-

          Хариуцагч: Л.Б-

          31,455,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ихбаярын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч Л.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангуа, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

 

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Ц.Ц- миний хүү Ц.Б-э нь 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад ... констракшн ХХК-д барилгын шалны бетон, ханын шаврын ажил хийж гүйцэтгэсэн. Энэ үед тус компанийн захирал Л.Б- нь миний эзэмшлийн ачааны автомашиныг худалдан авах санал тавьсан. Ингээд 2016-10 сард .... констракшн ХХК-н захирал Л.Б- гэх хүнтэй аман хэлбэрээр хэлцэл байгуулан 1995 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн ..-24 УНЯ улсын дугаартай, ачааны автомашиныг 2016-11-01-ний өдөр өөрийн биеэр Авто тээврийн үндэсний төвд очиж шилжүүлж өгсөн. Харилцан тохиролцохдоо автомашины үнийг 32 сая төгрөгөөр үнэлж үнийн дүнд 233 м.куб газобетон блокийг шилжүүлэхээр болсон ч өгөөгүй. Автомашинд тохирсон үнэ буюу блокийг шилжүүлээгүй учир 2017-06-21-ний өдөр Л.Б-тэй уулзахад “...газобетон блокийг танай хүү голсон учир блок өгөхгүй, автомашинаа буцааж ав..” гэсэн. Ингээд автомашиныг буцаан авахаар болсон ч сонгуулийн дараа өгнө гэсэн. Гэвч дахин сонгууль болж мөн автомашин шилжүүлж өгөх хугацааг хойшлуулсан. Авто тээврийн үндэсний төвөөс ...-24 УНЯ улсын дугаартай автомашины эзэмшигчийн талаар  лавлагаа авахад Л.Б-гээс шилжсэн байна. Автомашиныг гаргуулах шаардлага бодит байдал дээр биелэгдэх боломжгүй байгаа тул худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч тайлбартаа: Би Ц.Ц-тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй . Харин Ц.Ц-гийн хүү Ц.Б-э манай ... констракшн ХХК-тай 2016-10 сард худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 233 метр куб газобетон блокыг худалдан авагч Ц.Б-ийн өмчлөлд шилжүүлэх, худалдагч .. констракшн ХХК-д 31,455,000 төгрөг төлөх төлбөрт ..-24 УНЯ улсын дугаартай автомашиныг шилжүүлэн тооцох талаар тохиролцож, автомашиныг эзэмшилдээ шилжүүлэн авсан. ... констракшн ХХК нь бэлэн байсан 233 м.куб газобетон блокийг хүлээлгэн өгсөн болно. Хашаанд байгааг нь зургаар шүүхэд гаргаж өгсөн. Ц.Б-ийн ах нь ирж нэг удаа пронтер машинаар блок ачиж явсан, энэ машинд 70 поддон ордог. Блокоо ав гэдгийг Ц.Б-эд зөндөө хэлж байсан. Ц.Ц- нь ..-24 УНЯ улсын дугаартай автомашины эзэмших эрхийг өөрийн биеэр шилжүүлэн өгсөн ба энэ тухайгаа нэхэмжлэлдээ бичсэн байна. Автомашиныг өөрийн хүү Ц.Б-ийнхээ бусадтай байгуулсан гэрээний төлбөрт өөрөө хүлээн зөвшөөрч шилжүүлсэн атлаа одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ц.Ц- нь  надтай автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй тул би жинхэнэ хариуцагч болох үндэслэлгүй юм. Маргаан бүхий автомашиныг түүний хүү Ц.Б-э нь ... констракшн ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцон өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шилжүүлсэн байхад автомашины үнийг 32 сая төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 181/ШШ2019/00529 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Б-гээс 31,455,000 төгрөг гаргуулах Ц.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 317,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.  

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 833 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/00529 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс төлсөн 317,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор заажээ. 

          Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлалын хянавал хэсэгт: “...зөрүүтэй үнэлсэн баримтууд авагдсан байхад мэтгэлцүүлээгүй, эвлэрэх боломжтой маргаан байхад талуудад эвлэрэх боломж олгоогүй ” гэж шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Мэтгэлцэх зарчмын дагуу мөн талууд эвлэрэх ямар ч боломжгүй эрх зүйн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Л.Б- нь Ц.Ц-тэй гэрээ байгуулаагүй буюу иргэний эрх зүйн харилцаа үүсгэж байгаагүй. Харин миний эзэмшлийн “... констракшн” ХХК нь Ц.Ц-гийн төрсөн хүүхэд Ц.Б-этэй ИХ-н 274-д заасны дагуу арилжааны гэрээ байгуулж компаниас нийлүүлсэн блокийг 31,4 сая төгрөгийн төлбөрт тооцож ..-24 УНЯ улсын дугаартай автомашиныг шилжүүлэн авсан. Арилжааны гэрээний үндсэн дээр автомашиныг Ц.Б-ээс хариу төлбөртөө тооцож шилжүүлэн авсан. Энэ бүх үйл явдлыг Ц.Ц- мэдэж байсан бөгөөд Ц.Б-э нь бусадтай гэрээ байгуулж байгаа, гэрээнийхээ хариу төлбөрт дээрх автомашиныг шилжүүлэн өгч байгаа гэдгийг бүрэн ойлгож байсан болно. Иймд ИХ-н 8-р зүйлд заасан үндэслэл бий болоогүйгээс гадна Л.Б- жинхэнэ хариуцагч биш тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

          Ц.Ц- 2017-11-10-ны өдөр шүүхэд хандаж, Л.Б-гээс ISUZU CXZ180 маркийн ..-24 УНЯ улсын дугаартай, ачааны автомашин гаргуулахыг хүссэн байна. /хх1-н1/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж /хх1-н 83/ 32,000,000 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд “..автомашин одоо хариуцагчид байхгүй бусдад худалдсан байна...” гэсэн үндэслэл заасан байна.

          Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “..нэхэмжлэгчтэй гэрээ хийж байгаагүй...” гэж маргажээ./хх1-н 29,96,119/

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.  

          Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ. Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно. Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

          Ц.Ц- ISUZU CXZ180 маркийн ..-24 УНЯ улсын дугаартай, ачааны автомашиныг  Ц.Б-ээр зуучлуулан Л.Б-тэй арилжааны гэрээ байгуулсан эсхүл Ц.Б-э нь Ц.Ц-гийн нэр дээр бүртгэлтэй ачааны автомашиныг худалдан авсан блокныхоо төлбөрт тооцон өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ оролцогч биш этгээдийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна. 

          Шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлээ заагаагүйгээс Иргэний хуулийн 243, 211,274, 492 дугаар зүйлийн зохицуулалтыг тухайн маргаанд хэрэглэх ёстой байсан эсэх талаар хэрэгт буй баримтын хэмжээнд тус шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

          Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, хэрэгт байгаа баримт зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийж, гэрээний талуудыг тодорхойлж, шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байгаа эсэхийг тогтоосны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 833 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 317,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ