Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 23

 

Г.Ш-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй     

Шүүх хуралдаанд

Прокурор                                   Г.Яндаг           

Шүүгдэгчийн өмгөөлөгч            Ж.Эрдэнэбаатар

Шүүгдэгч                                    Г.Ш-

Нарийн бичгийн дарга              Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн  10 дугаар шийтгэх тогтоолтой Г-ын Ш-т холбогдох 1818002600170 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрхэлсэн ажилгүй, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай У- овогт Г-ын Ш-.

Шүүгдэгч Г.Ш- нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж байгаль орчинд 1.122.900 төгрөгийн хохирол,

-2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 25-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж байгаль орчинд 2.242.367 төгрөгийн хохирол, нийт 3.365.537 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч У- овогт Г-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1.т заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж байгаль орчин түүний баялагт 3.365.537 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Г.Ш-т хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4.т зааснаар шүүгдэгч Г.Ш-ыг тэнссэн гурван жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Г.Ш- нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2.т заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Ш-ын эзэмшлийн 12 000 000 төгрөгийн үнэ бүхий усан буу /алт угаах төхөөрөмж/ 1 ширхэг, 220 000 төгрөгийн үнэ бүхий усны насос 1 ширхэг, 450 000 төгрөгийн үнэ бүхий 380 вт-ын цахилгаан гаргагч мотор 1 ширхэг зэргийг хурааж улсын орлогод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Dooson 480LCA” маркийн экскаваторын үнэ 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөг, “Hyundei Robex 2900LC-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 18 000 000 /арван найман сая/ төгрөг нийт 168 000 000 /нэг зуун жаран найман сая/ төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулж,

-Эрүүгийн 1818002600170 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч 100 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.02-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5.д “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Dooson 480LCA” маркийн экскаваторын үнэ 150.000.000 төгрөг, “Нyundai Rebox 2900LC-3” маркийн тээврийн хэрэгслэлийн үнэ 18.000.000 .төгрөг нийт 168.000.000 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай” гэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Эдгээр тээврийн хэрэгслэлүүд нь шүүгдэгч Г.Ш-ын өөрийн өмч биш бөгөөд “Dooson 480LCA-5000” загварын экскаватор нь “Батжин транс” ХХК-н захирал Б.Б-ийн өмч, “Нyundai Rebox 2900LC-3” маркийн 36-02 УБ улсын дугаартай экскаватор нь “ББЭ транс” ХХК-н захирал Т.Б-ын өмч бөгөөд эдгээр компаниудаас түрээсийн гэрээгээр авч ажиллууж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөрдөн байцаалтын шатанд дээрх нөхцөл байдлыг шалган тогтоогоод уг экскаваторуудыг эздэд нь буцааж өгсөн байдаг.

Гэтэл эдгээр экскаваторуудыг зах зээлийн үнээр үнэлж нийт 168.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Ш-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4.т ...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... гэж заасан байна.

Гэтэл эдгээр экскаваторууд нь бусдын өмч болох нь тогтоогдоод байхад түүний үнийг шүүгдэгч Г.Ш-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Шүүгдэгч Г.Ш-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн хохирол 12.000.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан өөрийн өмчлөлийн 12.000.000 төгрөгийн үнэ бүхий усан буу 1 ширхэг, 220.000 төгрөгийн үнэ бүхий усны насос 1 ширхэг, 450.000 төгрөгийн знэ бүхий 380 вт-н цахилгаан гаргагч мотор 1 ширхэг зэргийг хурааж улсын орлого болгохыг зөвшөөрч байгаа юм.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5.д заасан ...Dooson 480LCA маркийн экскаваторын үнэ 150.000.000 төгрөг, “Hyundei Robex 2900LC-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 18.000.000 төгрөг, нийт 168.000.000 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай” гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар  тайлбартаа:

...Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Ш- тайлбартаа:

...Тайлбар байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Яндаг дүгнэлтдээ:

...Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар үнэлгээний талаар гомдол гаргасан бол дүгнэлтийг тайлбарлуулах боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Ш-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Ш- нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 1 122 900 төгрөгийн хохирол,

-2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 25-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 2 242 367 төгрөгийн хохирол, нийт 3 365 537 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон  нотлох баримт болох хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн:

 ...Би “Цэхэр цөөрөм” гэх газарт алт ихээр гарч байгааг хүмүүсээс сонсоод “хувиараа алт олборлоё” гэж бодоод өөрт байсан мөнгөөрөө 2018 оны 03 сарын 05-нд “ББЭ транс” ХХК-н захирал Т.Б-тай уулзаж “Dooson 480LCA-5000” загварын экскаваторыг операторчны хамт түрээслэх гэрээ байгуулж 6.0 сая төгрөг өгч, 2018 оны 04 сарын 01-нд “Батжин транс” ХХК-н захирал Б.Б-ийн “Нyundai Rebox 2900LC-3” маркийн экскаваторыг операторчны хамт түрээслэх гэрээ байгуулж 10.0 сая төгрөг өгсөн.

Мөн найз Алтангэрэлээр яриулж найз Ариукагийн хашаанд нь байсан усан бууг 60.0 сая төгрөгөөр авахаар тохирч үйл ажиллагаа явуулж байгаад өгөхөөр болсон....Ингээд 2018 оны 04 сарын 04-ний өдрөөс шууд алт олборлох ажилдаа орж 5-ны өдөр гэхэд 60 грамм алт олборлосон. Алтаа тушаахаар Шарын гол орох хойгуур 6-ны өдөр Цагдаагийнхан ирж үйл ажиллагааг зогсоосон байсан.

Цагдаагаар явж байх хугацаанд түрээс болон ажилчдын цалин өгөх хугацаа болж дахиад 2018 оны 04 сарын 19-нөөс уг газартаа ажиллаж, анх ухаж байсан газраа томруулаад эргэн тойронд ус тогтоох зорилгоор 4 газарт нуур үүсгэсэн. Ингээд 2018 оны 04 сарын 25 хүртэл ажиллаж байгаад Цагдаагийн газраас ирсэн шалгалтын хүмүүст баригдсан. Энэ хугацаанд 250 грамм алт олборлосон байсан. Надад тусгай зөвшөөрөл байгаагүй. Би байгаль орчинд учруулсан 12.363.100 төгрөгийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэсэн  мэдүүлэг,

-Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Х.Атархишигийн мөрдөн байцаалтанд өгсөн   ...Г.Ш- гэдэг  хүнийг танихгүй, тэрээр ямар нэгэн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй. Байгаль орчинд учруулсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардал гэж нийт 12.273.012 төгрөгийг нэхэмжилж байна...  гэсэн мэдүүлэг, 

-Гэрч М.М-гийн өгсөн ...Тепевизээр “Шарын голд туслах ажилчин авна” гэсэн зар байхаар нь залгаж асуухад “сар хүрэхгүй ажиллана, 500.000 төгрөг өгнө, өөр хүмүүс байна уу” гэхээр нь найз Д-, О-, М-, У- нарыг дуудаж ажиллахаар болсон. 2018 оны 03 сарын 28-д Хонгор сумын “Цэхэр цөөрөм” гэх газарт ирж 2 хоног ажиллаж байтал Мэргэжлийн хяналтын газрын дарга гээд хүн ирж усан бууг лацдаад үйл ажиллагааг зогсоогоод явсан.., 2018 оны 04 сарын 05-ны өдөр уг амны урд хүмүүс ухсан газарт усан буугаа байрлуулаад манай экскаватор нэг хэсэг газар ухаж байгаад орой 21.00 цагийн орчим зогссон. 6-ны өглөө үйл ажиллагааг цагдаа нар ирээд зогсоосон... гэсэн мэдүүлэг,

-Гэрч Б.Б-ийн өгсөн ...Би “Батжин транс” ХХК-ий захирал ажилтай хүн. Манай компани уул уурхайн хөрс хуулалт хийж операторын үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 03 сарын 26-нд Ш- гэх залуу хувиараа Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гээд “Dooson 480LCA-5000” загварын экскаваторыг 1 сарын 40.0 сая төгрөгөөр түрээсэлж авахаар болсон. Тэгээд 4 сарын 6-ны өдөр манай операторчин Цэрэнбат над руу залгаад ...уг газарт ажиллаж байхад цагдаагаас ирээд үйл ажиллагааг зогсоосон, бичиг баримтгүй газар байна... гэхээр нь би түрээсийн мөнгөө авах гээд Ш-тай ярихад “...хэд хоног ажиллаад мөнгийг чинь өгнө ...” гээд одоо болтол 25.0 сая төгрөгөө өгөөгүй байгаа... гэсэн мэдүүлэг,

-гэрч Т.Б-ын өгсөн ...Би “ББЭ транс” ХХК-ий захирал ажилтай. Манай компани хүнд машин механизмын худалдаа, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Иргэн Ш- 2018 оны 03 сарын 05-ны өдөр “Нyundai Rebox 2900LC-3” маркийн 3602 УБ улсын дугаартай экскаваторыг 3 сарын хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор төлбөрөө хийх болоход Ш- цагдаад баригдаад манай экскаваторыг журамлуулсан байсан..,  өөртэй нь уулзахад “экскаваторыг чинь авч өгнө” гэж хэлээд 2 сар болоод, аргаа бараад өөрсдөө авахаар ирсэн... гэсэн мэдүүлэг,

-“Монслов” ХХК-ий Байгаль орчинд учруулсан эдийн засгийн үнэлгээний тайлан /хх 49-57, 135-144/, “Капитал зууч” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 247/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  /хх 6-9, 113-120/, шүүгдэгчийн эзэмшлийн усан буу 1 ширхэг, усны насос 1 ширхэг, 380вт-ын цахилгаан гаргагч моторийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол болон тухайн үед болсон үйл баримтаар шүүгдэгчийн үйлдэл нотлогдож тогтоогдсон, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирчээ.  

         Мөн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн  хэргийн хэмжээний дотор хэлэлцсэн байна.

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Х.Атархишиг нь шүүгдэгч Г.Ш-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 12.363.100 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулжээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4.т ...Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд л түүнийг хураан авахаар хуульчилсан байх ба шүүгдэгч Г.Ш- нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар алт олборлолт, хайгуул явуулахдаа “Батжин транс” ХХК-ий өмчлөлийн “Dooson 480LCA-5000” загварын экскаватор, “ББЭ транс” ХХК-ий өмчлөлийн “Нyundai Rebox 2900LC-3” маркийн 36-02 УБ улсын дугаартай экскаваторыг тус тус түрээсийн гэрээгээр авч ажиллуулж ашигласан байхад анхан шатны шүүх эдгээр экскаваторуудын үнэ болох 168.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Ш-аас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь буруу байна.

Харин  дээрх газарт алт олборлолт, хайгуул явуулж олсон орлого буюу гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 250 грамм алтны үнэ 25.564.282.5 /хорин таван сая таван зуун жаран дөрвөн мянга хоёр зуун наян хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг шүүгдэгчээс гаргаж улсын орлого болгож шийдвэрлэх  нь хууль нийцэх тул  2018 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар Монгол банкнаас тогтоосон 1 грамм алтны үнэ ханшаар тооцож нийт  102.257.13 төгрөгөөр тооцож  нийт 25.564.282.5  төгрөг гаргаж улсын орлогод оруулах нь  зүйтэй.

Шүүгдэгч Г.Ш- нь алт олборлолт явуулсан хугацаанд нийт 250 грамм алт олборлож үүнийгээ тушааж мөнгө болгосон талаараа мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өгсөн байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5.д заасан ...”Dooson 480LCA” маркийн экскаваторын үнэ 150.000.000 төгрөг, “Hyundei Robex 2900LC-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 18.000.000 төгрөг, нийт 168.000.000 төгрөг гаргаж улсын орлогод тус тус оруулсугай... гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр  шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр  зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг:

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4.т заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Ш-ын эзэмшлийн 12.000.000 төгрөгийн үнэ бүхий усан буу /алт угаах төхөөрөмж/ 1 ширхэг, 220.000 төгрөгийн үнэ бүхий усны насос 1 ширхэг, 450.000 төгрөгийн үнэ бүхий 380 вт-ын цахилгаан гаргагч мотор 1 ширхэг зэргийг хурааж улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 250 грамм алтны үнэ болох 25.564.282 5 /хорин таван сая таван зуун жаран дөрвөн мянга хоёр зуун наян хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг шүүгдэгч Г.Ш-аас гаргаж улсын орлогод оруулсугай... гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтын ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Dooson 480LCA” маркийн экскаваторын үнэ 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөг, “Hyundei Robex 2900LC-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 18.000.000 /арван найман сая/ төгрөг нийт 168.000.000 /нэг зуун жаран найман сая/ төгрөгийг шүүгдэгч Г.Ш-аас гаргаж улсын орлогод оруулсугай... гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                ШҮҮГЧИД                             Ц.ТУЯА

                                                                                                              Ц.АМАРЖАРГАЛ