Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00276

 

        Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

          иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03117 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У-д холбогдох

Тасалбар бичигч няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Б нь У-ын Олон улсын галт тэрэгний тасалбар худалдах төвд 2003 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тасалбар худалдаалах төвд няравын ажиллаж байсан. Н.Батхуягтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр тушаалаар цуцалсан байна. Уг ажлаас чөлөөлөх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасныг үндэслэж “орон тоо цөөрүүлсэн” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Орон тоо цөөрүүлэхдээ сонгон шалгаруулалтыг үндэслэсэн гэж байгаа. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасныг тайлбарлахад аж ахуйн нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоо цөөрүүлсэн гэх үндэслэлүүд хамаарч байдаг. Нэхэмжлэгч Н.Б-ийн ажиллаж байсан орон тоо цөөрсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, бүх ажилчдын дунд сонгон шалгаруулалт явуулж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. Орон тоо цөөрүүлнэ гэдэг нь нэг албан тушаалд 5 орон тоо байлаа гэхэд түүнийг 4 болгож багасгахыг хэлнэ. Бүтэц орон тоонд өөрчлөлт орж, ажилчдаас шалгалт авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан үндэслэлд хамаарахгүй харин ажил мэргэжилдээ тэнцэхгүй болсон гэж үзнэ.

Мөн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91 тоот тушаалыг тушаал гаргах эрхгүй этгээд гаргасан. Энэ талаар тайлбар гаргасан боловч хариуцагч тал ямар нэгэн баримт өгсөн зүйл байхгүй байна. Д.О-т хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар Н.Б-т хуульд заасан 30 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн гэх боловч бүх ажилчдын дунд нь мэдэгдэл өгч хөдөлмөрийн гэрээг хэднээс хэдний хооронд цуцлах нь мэдэгдэхгүй, тодорхойгүй баримт гаргаж өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Н.Б-ийг түр албан тушаалд томилсон тушаалд дарга н.О гэж тушаал гаргасан байна. Энэхүү тушаал нь н.О-ийг хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхтэй гэдгийг нотолж байгаа. Н.Б нь 2007 оноос хойш үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6.2 дахь хэсэгт “үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэж заасан байхад ажлаас халсан нь сонгуульт ажлыг нь алдагдуулсан зүйл болсон. Иймд Н.Б-ийг Тасалбар бичигч-няравын ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан 38 өдрийн цалин 2 358 204 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй. У-ын Олон улсын галт тэрэгний тасалбар худалдаалах төв, Орон нутгийн тасалбар худалдаалах төвийг нэгтгэж нийт 40 орон тоог 26 орон тоотой болгож цөөрүүлсэн. “Мэргэжлийн бус, дадлага туршлагагүй хүмүүсийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгсөн боловч ажилчдаас “...доод тал нь 10 жил ажилласан хүмүүс байгаа учир биднийг сонгон шалгаруулалтад оруулж өгнө үү” гэсэн шаардлага тавьсан.

Ингээд байгууллагаас зорчигч үйлчилгээний албаны дарга н.Н, хууль зүйн албаны дарга О.Б, зорчигч үйлчилгээний албаны байцаагч н.Байгалмаа, хүний нөөцийн албанаас н.Б, дотоод хяналтын албанаас н.Х, Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос А.А нарын бүрэлдэхүүнтэй томилогдсон комиссын шалгалтаар Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүмүүсийг шалгалтаас чөлөөлж бусад хүмүүсээс шалгалт авсан байгаа. Нэхэмжлэгч Н.Б-аас 2 удаа шалгалт авсан бөгөөд эхний шалгалтад 53 оноо, 2 дахь шалгалтад 55 оноо авсан учир мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан 91 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42, 43 дугаар зүйл, хамтын гэрээний 3.14-т заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн болно.

Нэхэмжлэгч Н.Б-т ажлаас халагдсаны 2 сарын тэтгэмж өгсөн. Үүний дараа 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний орон тоонд ажилд авсан. Ажилгүй байсан хугацааны 38 хоногийн цалин нэхэмжилж байгаа боловч 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авсан. Тэрээр 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон тул мөнгөн дүн нэхэмжлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал 2 талын тэтгэмжийн талаар шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байна. Сонгон шалгаруулалт хууль зүйн үндэслэлтэй, бодитой, шударга явагдсан. Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга байсан гэж байгаа боловч шалгалт авах үед юу ч яриагүй бөгөөд үйлдвэрчний эвлэлийн хуулийн зөвлөх нь шалгалтын комисст орсон. Сонгон шалгаруулалтыг ил, тод, нээлттэй явуулсан. Сонгон шалгаруулалтад 2 удаа унасан гэдгээ үгүйсгэхгүй. Иймд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91 тоот ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй, хууль хэрэглээний алдаагүй, хуулийг зөв хэрэглэсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй этгээд тушаал гаргасан гэх боловч Төмөр замын тээврийн тухай хуульд зааснаар дарга байхгүй бол орлогч дарга орлож үйл ажиллагаа явуулна. Тухайн сард дарга ээлжийн амралттай байсан тул орлогч дарга тушаал гаргасан. Үүнтэй ямар нэгэн байдлаар маргах боломжгүй. Төмөр замын тээврийн тухай хуульд төмөр замын үйл ажиллагаа тасралтгүй байх зарчим байгаа. Ингэж төмөр замын нэгдмэл байдлыг хангаж ажиллана. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан У-д холбогдох тасалбар бичигч-няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол тасалбар бичигч мөнгөний нярав гэсэн орон тоонд ажиллаж байсан ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт явуулах байхад бүх ажилтнуудыг сонгон шалгаруулалтад оруулсан нь хариуцагчийн тайлбар, орон тооны баримтаар тогтоогдож байна. Иймд шүүх тасалбар худалдаалах төвийн ажилчдын дунд шалгаруулалт явуулсан гэсэн нь үндэслэлгүй. Орон тоо цөөрсөн ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт явуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэгч Н.Б 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн "У-ын Замын даргын баталсан орон тооны өөрчлөлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон мэдэгдэл хүлээн авсан ажилтнуудын жагсаалт”-д гарын үсэг зурсан нь ажил олгогч түүнд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгсөн үйл баримтыг шууд нотлохгүй. Хариуцагч байгууллага Н.Б-т хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгөөгүй, ажилтан энэ жагсаалтад гарын үсэг зурсан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт "Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх"-ээр заасан. Гэтэл уг жагсаалтыг ажил олгогчийн мэдэгдэл гэж үзэх үндэслэлгүй. Тус жагсаалтын ард ажил олгогчийн гарын үсэг бүхий мэдэгдэх хуудас байх бөгөөд энэ мэдэгдэх хуудсыг хэргийн материалтай танилцахдаа харсан бөгөөд Н.Б-т ирүүлээгүй. Нэхэмжлэгч Н.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 91 дугаар тушаалд орлогч дарга Д.О гарын үсэг зурсан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Н.Б тус байгууллагын дарга П.О-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар тус байгууллагын орлогч дарга ажил олгогчийн эрхийг эдлэх боломжгүй. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар төмөр замын тасалбарын төв нь тус байгууллагын салбар нэгж бөгөөд ажил олгогчийг төлөөлөх итгэмжлэл Д.О-т олгогдоогүй. Иймд Н.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй этгээд цуцалсан гэж үзэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч няцаагаагүй. Энэ үндэслэлд анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх "Н.Б тасалбар худалдаалах төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилладаг сонгуульт ажилтан мөн" гэж зөв дүгнэлт хийсэн боловч Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг хэрэглэхдээ Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны хуулиар хангагдсан эрхийн баталгааг алдагдуулан хөдөлмөрийн гэрээг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр цуцалсан үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөлд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Б хариуцагч У-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч байгууллагын тасалбар худалдаалах төвийн орлогч даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр тушаалаар, тус төвд тасалбар бичигч, мөнгөний нярав ажилтай Н.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, У-ын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14 дэх заалтыг тус тус тушаалын үндэслэл болгожээ.

Ажил олгогч буюу хариуцагч байгууллага орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан хийсэн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж ажилтныг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан бөгөөд ажилтан орон тооны цомхотголоор халагдсан гэх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийхийн тулд ажилтны орон тоо бодитой хасагдсан эсэхийг нотлох баримт хэрэгт авагдсан байх шаардлагатай.

Хэргийн 53 дахь талд авагдсан “Тасалбар худалдаалах төв”-ийн “Орон тоо” гэсэн бичвэр бүхий баримтыг ямар албан тушаалтны эрхийн акт буюу тушаал, шийдвэрийг үндэслэн гаргасан болох нь тодорхойгүй байх бөгөөд уг бичмэл нотлох баримт дутуу байна. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх дутуу нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхээр заасан тул уг баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх шаардлагатай болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                         Д.БАЙГАЛМАА