Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/03165

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/03165

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: СБД-ийн Т.Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Х  ХХК -д холбогдох,

 

Татварын өр төлбөр 292,969,247 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татвар төлөгчийн ... тоот регистрийн дугаартай Л хаус нь 2016 оны 11 сарын 02-ны өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын өр 95,387,833 төгрөг, хяналт шалгалтын актаар тогтоосон татварын өр 197,387,100 төгрөг, нийт 292,969,247 төгрөгийн өр төлбөртэй байна.

Дээрх татварын өрийг төлүүлэхээр татварын албанаас Татварын ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансны гүйлгээг хаах зэрэг арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Л хаус ХХК нь нийслэлд лавлагаагаар гарсан үл хөдлөх хөрөнгөгүй, үнэт цаас эзэмшдэггүй, газар байхгүй, авто машингүй, бусдаас авах авлагагүй болно.

Иймд Татварын ерөнхий хуулийн 35.2, 70.1-д заасны дагуу тус компаниас 292,696,247 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай байгууллагаас их хэмжээний мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон журмыг илэрхий зөрчсөн гэж үзэх байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хяналт шалгалтын актаар 197,387,100 төгрөг гарсныг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ уг өр нь 2015 оны 08 сарын 11-ний өдрийн өршөөлийн хуульд хамрагдсан гэж үзэж байгаа учир уг төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч Л хаус ХХК-д холбогдуулан, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 95,387,833 төгрөг, татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан татварын хүү, торгууль, алданги 197,387,100 төгрөг, нийт 292,969,247 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж Л хаус ХХК-ийн татварын байгууллагад цахимаар тайлагнасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 04 сарын 11-ний өдрийн ... дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагч Л хаус ХХК нь татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан татварын хүү, торгууль, алданги 197,387,100 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 сарын 11-ний өдрийн хуулиар өршөөгдсөн учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй хэмээн маргадаг.

 

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар татвар төлөгч Л  хаус ХХК нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг өөрөө төсөвт төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Татварын хэлтэс хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах талаар Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.2-т заасан ажиллагааг дарааллаар явуулсны дараа мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

2017 оны 11 сарын 30-ны өдөр үзлэг хийн бэхжүүлсэн татварын байгууллагын цахим системээс хэвлэсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар хариуцагч Л хаус ХХК нь нийт 95,880,233 төгрөгийн татварын өртэй болох нь нотлогдож байна. /хх-35-37, 126х, 128-135х/

 

Татварын 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар татварын өр төлбөрийг өршөөлд хамруулах заалт тусгагдаагүй байх тул өршөөлд хамрагдсан гэх агуулгатай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч ******* ХХК-иас 292,969,247 төгрөгийг гаргуулах тухай Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4, 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1-д тус тус зааснаар хариуцагч Л хаус ХХК-иас татварын өр төлбөрт 292,969,247 төгрөгийг гаргуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст олгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л хаус ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,622,796 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч Л хаус ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР