| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 176/2018/0342/Э |
| Дугаар | 2019/ДШМ/24 |
| Огноо | 2019-03-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2019/ДШМ/24
| 2019 оны 03 сарын 25 өдөр | 2019/ДШМ/24 Зуунмод |
Б.М-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Х.Оюунцэцэг,
Шүүгдэгч Б.М ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
Хохирогч М.Мэндзаяа,
Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолтой Б.М-т холбогдох 1834000000304 дугаартай 1 хавтас, 113 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, хохирогч нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Төв аймгийн Цээл суманд 1992 оны 04 дүгээр сарын 27-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа Төв аймаг, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.М , /РД:Н...10/.
Шүүгдэгч Б.М нь согтуугаар Төв аймгийн Цээл сумын Майхан 3 дугаар баг 7-701 тоотод орших суух иргэн М.Мэндзаяагийн байшингийн цонхыг төмрөөр хөшиж хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн тоноглолтой эмээл хулгайлж бусдад 8500000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.М ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо: “Миний бие 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 357 дугаартай Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс намайг бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Шүүхээс надад оногдуулсан ял шийтгэл нь миний гэм бурууд тохироогүй, хүндэдсэн байх тул ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
Хохирогч М.Мэндзаяа давж заалдах гомдолдоо: “Миний бие Төв аймгийн Цээл сумын Талын хайрханы 2-р багт нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суудаг. Б.М ын холбогдсон хэргийн хохирогч юм. Шүүхээс биеэр эдлэх шүүхийн шийдвэр нь 1 жил 6 сар гэж тогтоосон. Энэ олгосон шийтгэл бидний хувьд хүнд санагдсан тул Б.М-т холбогдох хэргийг бидний гомдлыг авч үзэн хөнгөрүүлж, хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан гаргасан тайлбар, саналдаа: “ ... Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг бага хэмжээгээр тогтоосон боловч үйлдсэн гэмт хэрэг, хор хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.Мэндзаяа гаргасан тайлбартаа: “Гомдол санал байхгүй. Ялын хугацааг нь багасгаж өгнө үү.” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М гаргасан тайлбартаа: “Ял хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтдээ: “.. анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр
зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь согтуугаар хохирогч М.Мэндзаяагийн байшингийн цонхыг төмрөөр хөшиж хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн тоноглолтой эмээл хулгайлж, бусдад 8.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь “2018 оны 09 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед ирэхэд унтлагын өрөөний цонх онгорхой байсан, том өрөөнд модон суурин дээр байсан мөнгөн тоноглолтой эмээл хулгайд алдагдсан байсан” гэж мэдүүлсэн хохирогч М.Мэндзаяагийн /хх-16-17 хуудас/ мэдүүлэг, “...Лхагвадоржийнх хүнгүй цоожтой байхаар нь байшингийн цонхны порчигыг төмрөөр хөшиж онгойлгоод гэрт нь орж, мөнгөн тоноглолтой эмээлийг суурь модтой нь авсан. Эмээлийг зарахаар авсан” гэж мэдүүлсэн Б.М ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн /хх-24 хуудас/ мэдүүлэг, гэрч С.Даваасүрэн, А.Юмжав, Б.Оюунчимэг, П.Атарбаатар нарын /хх-18,19,20-21,22 хуудас/ мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1 хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-6 хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7,8-10 хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-11хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-28 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2
дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Б.М ын “...ял шийтгэл миний гэм бурууд тохироогүй, хүндэдсэн тул хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн, хохирогч М.Мэндзаяагийн “...Б.М ын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв. Учир нь:
Шүүгдэгч гэмт хэргийг согтуугаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-т ял шийтгэлийг оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай ба шүүх Б.М-т оногдуулбал зохих хорих ялыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Хэргийг анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэжээ. Шүүх шүүгдэгч, хохирогч нараас гаргасан давж заалдах гомдлыг 2019 оны 01 дүгээр сарын 08, 09-ны өдөр /хх-58,101,108,112 хуудас/ хүлээн авч, хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь хуульд заасан хугацааг 28 хоногоор хэтрүүлсэн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөнөөс гадна давж заалдах гомдлыг талуудад хэдийд танилцуулсан нь тодорхойгүй, огноо бичигдээгүй байна.
Иймд анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх хуульд заасан хугацааг баримталж ажиллах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоол хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М ын “ял хөнгөрүүлэх”, хохирогч М.Мэндзаяагийн “хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Г.БОЛОРМАА