Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00665

 

Баян-Өлгий аймгийн ОБГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2019/00242 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2019/00026 дугаар магадлалтай,

Баян-Өлгий аймгийн ОБГын нэхэмжлэлтэй,

Т.Е-д холбогдох

Хууль бусаар эзэмшиж байгаа 876 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч Т.Е-, гуравдагч этгээд Ж.А-, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн ОБГын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Иргэн Т.Е- нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдлийн 12495 м.кв газраас 4000 м.кв газрыг хувьдаа өмчилж авсан байсан тул түүний одоогийн хашаа татаж эзэмшиж байгаа 4876 м.кв газрыг бүхэлд нь ОБГын мэдэлд шилжүүлэн өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж улмаар Т.Е-д газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 46 дугаар захирамж, аймгийн Засаг даргын 677 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс Т.Е- нь төрийн байгууллагын газрыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан. Тийм учраас Т.Е-ы эзэмшиж буй 4876 м.кв газрыг бүхэлд нь нэхэмжилснийг өөрчилж, түүний хууль бус илүү эзэмшиж байгаа 876 м.кв газрыг ОБГын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргаж өгнө үү. Т.Е-ы ОБГын мэдлийн 876 м.кв газрыг илүү эзэмшиж байгаа нь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 110/Ш32016/0124 дугаартай шинжээч томилох захирамжаар гаргасан шинжээч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Х.Өмиржаны 01 дүгээр дүгнэлтээр давхар тогтоогдож байна гэжээ.

Хариуцагч Т.Е-ы шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 876 м.кв газрыг миний бие 2002 оноос эзэмшиж байгаа бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1, 75.2.2-т заасныг тус тус зөрчиж нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 тоот тогтоолын хянавал хэсэгт “Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2002 оны захиргааны актыг 2004 оноос хойш мэдэх боломжтой байсан атлаа эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ. Анхан шатны шүүхээс ...ердийн харьяаллын шүүхэд газрын асуудлаар нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоологдохоор байна гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасанчлан Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж нотлох баримтаар үнэлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэргийн шүүх дахин үнэлэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Онцгой байдлын газар нь тухайн газрыг 15 жил ашиглаагүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй нөхцөлд газар эзэмших эрх хүчингүй болох учир эзэмших эрх нь дуусгавар болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Онцгой байдлын газар нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01 шинжээчийн дүгнэлтийг хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч энэхүү шинжээчийн дүгнэлтийг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор нотлох баримтаар үнэлсэн. Тухайн шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37 шийдвэртэй захиргааны хэргээс хуулбарлан авсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учир дахин нотлохгүй. Иймд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Би даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.А-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Т.Е- бид харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, тохиролцсоны үндсэн дээр түүний Баян-Өлгий аймгийн Засаг даргын 348 тоот захирамжийн дагуу эзэмшсэн 0198993 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4000 м.кв талбай эзэмшил газраас 416 м.кв талбай газрыг нь нотариатаар гэрчлүүлсэн шилжүүлсэн. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай дугаар 677 тоот захирамжаар хүү Ж.Дастанд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 000476573 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Улмаар тэр газарт хашаа татаж, 2 давхар байшин барьсан ба 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 000201395 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүү Ж.Дастан бид хоёрын нэр дээр гарсан. Иймд манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь аймгийн Онцгой байдлын хэлтсийн буюу нэхэмжлэгч талын газар нутагт огт хамаарагдахгүй болно. Тус хэргийн маргааны зүйл болж буй хариуцагчид хууль ёсоор эзэмшүүлсэн 4000 м.кв талбай газраас гадна нэхэмжлэгч талын буюу Онцгой байдлын хэлтсийн хууль ёсны эзэмшлийн гэх 1563 м.кв газрыг үндэслэлгүйгээр илүү эзэмшиж байгаа эсэхийг тогтоох нь хэргийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарахад ач холбогдолтой юм. Иймд нэхэмжлэгч Онцгой байдлын хэлтсийн албадан чөлөөлүүлэхийг хүссэн газрын нэхэмжлэлийн шаардлагаас манай эзэмшлийн буюу хүү Ж.Дастаны нэр дээр бүртгэгдсэн 416 м.кв талбай газарт холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2019/00242 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар, Төлек овогт Тилегений Ерланы хууль бус эзэмшлээс 876 м.кв газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн ОБГын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2019/00026 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2019/00242 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Т.Е-ы хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2002 оны 06 сарын 27-ны өдрийн 46 дугаар захирамжаар 1999 онд Гал түймэртэй тэмцэх хэлтэст эзэмшүүлсэн 12495 м.кв газраас 4000 м.кв талбайг хасаж “Жан-дана” хоршоонд үлдсэн 8495 м.кв газрыг Гал түймэртэй тэмцэх хэлтэст тус тус эзэмшүүлэн эзэмших эрхийн гэрчилгээ олгосон юм. 2002 онд Газрын тухай хууль шинэчлэн батлагдан гарч 2003 оны 01 сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж буй газрыг шинэ хуульд нийцүүлэн баталгаажуулах шаардлага гарснаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар 2007 оны 09 сарын 18-ны өдөр Жан-дана хоршоонд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 4000 м2 газрыг эзэмшүүлэн 0065920 дугаар газар эзэмших гэрчилгээ олгосон юм. Мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 сарын 26-ны 392 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтэст 7350 м2 газрыг 2007 оны 07 сарын 02-ны өдөр эзэмшүүлэн 0065604 тоот газар эзэмших гэрчилгээ олгосон байдаг. Тухайн үед Онцгой байдлын хэлтэс нь эзэмших газрын хэмжээ, байршил, кадастрын зургийг хүлээн зөвшөөрч улмаар газрын албатай газар эзэмших гэрээ байгуулсан нь хэргийн материалд нотлогдож байна. Онцгой байдлын газар нь эзэмшлийн газрын хэмжээ, хөрш зэргэлдээ обьектуудтай хил залгаа байршлыг тогтоолгон кадастрын зурагт, координатуудыг  тэмдэглүүлсний 2 сар 16 хоногийн дараа буюу 2007 оны 09 сарын 18-ны өдөр Жан-дана хоршоо 0065920 тоот 4000 м.кв газар эзэмших гэрчилгээг кадастрын зурагт тэмдэглүүлэн хууль ёсны болгон авсан. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д газар эзэмших гэрчилгээ гэдэг нь баталгаажуулсан баримт бичиг мөн гэж заасан байдаг. Үүнийг газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зургийн дагуу мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д зааснаар координатжуулж кадастрын зурагт оруулан улсын бүртгэлд бүртгүүлж нэгж талбарын хэмжээг тогтоож үүнийг газар эзэмших гэрчилгээнд тусгаж өгөх журамтай гэсэн байдаг. 2007 онд Газрын албанаас Жан-дана хоршоонд олгосон кадастрын зурагт “Хазына” ХХК, “Эрчим” ХХК, Онцгой байдлын хэлтэстэй хил заагийн цэгүүдийг цагийн зүүний дагуу 1,2,3,4 дүгээр цэгүүдээр дугаарлан хөрш зэргэлдээ обьектуудтай хил зааг, зай хэмжээг тогтоож баталгаажуулсан юм. Дээрхи байдлаас харахад Онцгой байдлын хэлтсийн эзэмшил газрын байршил, хил заагийг зөрчиж кадастрын зураг үйлдэх, илүү газар эзэмших ямарч боломжгүй гэдэг нь тодорхой байна. Жан-дана хоршооноос 4000 м.кв эзэмшлийн газрыг иргэн Т.Е-д Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 348 дугаар захирамжаар шилжүүлэн эзэмшүүлэх үед мөн аймгийн Засаг даргын 2013 оны 677 дугаар захирамжаар иргэн Т.Е-аас иргэн Ж.Дастанд 416 м.кв эзэмшлийн газрыг шилжүүлэх үед газрын харилцаа барилга хот байгуулалтын холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүд эзэмшлийн газрын байршил, хил, зааг кадастрын зураг нь хянагдаж зөрчилгүй тул бусдад хуулийн дагуу шилжүүлэн эзэмшүүлснийг нотлож байна. 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 2019/а1 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Б”-д Баян-Өлгий аймгийн даргын 392 дугаар захирамжаар 2007 оны 09 сард 0065920 дугаар газар эзэмших гэрчилгээгээр баталгаажуулан олгосон Онцгой байдлын хэлтэстэй хил залгаа кадастрын зургийн 3,4 цэгүүдийг зөрчөөгүй байдлыг “Хавсралт”-2 нотолсон байна. Нэхэмжлэгч ОБГын 12495 м.кв газрын хил зааг тодорхой бус байна. 2002 оны 06 сарын 27-ны өдрийн 46 дугаар захирамжаар Жандана хоршоонд олгосон 4000 м.кв газрын эргэлтийн цэг тавигдаагүй тодорхой бус. Үүний дараа 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот захирамжаар Онцгой байдлын газарт 7350 м.кв газрыг олгосон боловч газрын кадастрын зураг байхгүй, мөн уг захирамжаар Жандана хоршоонд 4000 м.кв газрыг олгож газрын кадастрын зургийг Газрын асуудал хариуцсан А.Ермек үйлдэж 2007 оны 12 сарын 20-ны өдөр хянагдсан байна. Тухайн үед үйлдэгдсэн кадастрын зургийг одоогийн байдалтай давхцуулан Хавсралт-2-т үзүүлэв гэж дүгнэлт гаргасан байна. Нэхэмжлэгч Онцгой байдлын газар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 сарын 26-ны өдрийн 392 тоот захирамжаар Онцгой байдлын газарт 7350 м.кв эзэмшүүлэх үед олгосон кадастрын зургийг нуун дарагдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг шинжээчдийн үзлэгийн дүнг үндэслэн хэд хэдэн удаа өөрчилж гаргасан нь ямарч үндэслэлгүй нэхэмжлэл гэдэг нь нотлогдож байна. Мөн Цагдаагийн газар, Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч үр дүнд хүрээгүй. Онцгой байдлын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь тодорхой, нотлох баримттай, үндэслэлтэй байх ёстой таамаг эсвэл зохиомол байж болохгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан “бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө шаардах өмчлөгчийн эрх нь уг эд хөрөнгийг эзэмшиж байгаа бусдын эзэмшил хууль бус байхаас гадна эд хөрөнгө нь шаардаж буй этгээдийн өмчлөлийн зүйл болох нь тогтоогдсон нөхцөлд хангагдах үндэслэлтэй” гэж заажээ. Тэгвэл иргэн Т.Е- миний эзэмшиж буй газрын илүү 876 м.кв газар нь Онцгой байдлын хэлтсийн эзэмшлийн газар биш гэдэг нь эрх бүхий байгууллагын албан тушаалтан мэргэжилтнүүдээр хянагдаж олгогдсон эзэмшил газрын хэмжээ, хил заагийг тогтоосон кадастрын зураг нь Онцгой байдлын хэлтсийн эзэмшлийн газрын хил, зааг 3,4 дүгээр цэгүүдийг зөрчөөгүй 2007 онд олгогдсон байдалтай хөдөлгөөнгүй байгааг шинжээч болон шүүгчийн үзлэгээр тогтоогдсон учир Онцгой байдлын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй шийдвэр юм. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлын үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар Т.Е-д холбогдуулан хууль бус эзэмшлээс 876 м.кв газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан ба  магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч Т.Е-ы гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь тус аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамж, 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн газар эзэмших эрхийн 0065604 дугаар гэрчилгээ, гэрээг үндэслэн олгосон 7350 м.кв талбай бүхий газраас 876 м.кв газрыг хариуцагч Т.Е- хууль бусаар эзэмшиж байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээнд өөрчлөлт орсон, энэ талаар эрх бүхий этгээд шийдвэр гаргасан гэх ба эдгээр баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх нөхцөл байдал өөрчлөгдсөнийг анхан шатны шүүх тодруулаагүйгээс маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх зайлшгүй хийвэл зохих нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй,  шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлсийг хуваарилж шийдвэрлээгүй орхигдуулсныг магадлалд заасан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Т.Е-ы эзэмшиж буй газрын аль хэсэгт байрлах 876 м.кв газрыг чөлөөлүүлэхийг нэхэмжлэгч хүссэн, тухайлбал газрын байршил мөн тодорхой бус байгааг тодруулах нь зүйтэйг дурдав.

Дурдсан үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2019/00026 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Е-ы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Т.Е- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ