Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/00056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З.Т

Нэхэмжлэгч: Ч.М нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ИНЕГ-т холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 25.397.239, урамшуулалд 500.000, нийт 25.897.239 төгрөг гаргуулан З.Т-д,  цалин олговорт 27.237.130, урамшуулалд 500.000, нийт 27.737.130 төгрөг гаргуулан Ч.М-д тус тус олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Т, Ч.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, Б.Мөнхбат, Д.Эрдэнэцогт, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэнд-Аюуш нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2000 онд ОХУ-ын Санкт- Петербург хотын Иргэний нисэхийн Академийг “Эрх зүйч” мэргэжлээр төгсөн ИНЕГ-т тасралтгүй 17 дахь жил ажилласан. Би нам бус, 2014 онд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн ба ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргалгүй, өөрийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэн чармайн ажиллаж ирсэн. 2014-2015 онд Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс буюу иргэний нисэхийн салбар хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байгаад Засгийн газар шинэчлэн байгуулагдахад шахалтаар ажлаа өгч, ИНЕГ-т Хууль, эрх зүйн газрын даргаар томилогдон ажиллахдаа өөрийн мэдлэг чадвараа дайчлан алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байтал сонгуулийн үр дүнд шинээр Засгийн газар байгуулагдан мөн л дарга өөрчлөгдөн томилогдож, 2016 оны 11 сарын 04-ны өдрийн Б174 дүгээр тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ч тухайн бүтцийн өөрчлөлт нь зөвхөн хэлбэрийн төдий бүтцийн нэгжүүдийн нэрийг өөрчилсөн бөгөөд хууль тогтоомжоор тус газрын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, бидний хариуцсан ажил үүрэг хэвээр байгаа юм. Тухайлбал, Хууль эрх зүйн газар нь ИНЕГ-ын удирдлагад хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх үндсэн чиг үүрэгтэй ба би энэхүү арга хэмжээнүүдийг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллаж байсан. Дээр дурдсан сайдын тушаалаар бүтцийг шинэчлэн батлахдаа Хууль, эрх зүйн газрыг үгүй болгосон боловч хууль эрх зуйн асуудал, хяналт-шинжилгээ хийх чиг үүрэг нь Захиргаа удирдлагын газарт шилжин харин дотоод аудитын чиг үүргийг хариуцсан бие даасан алба бий болгосон. Миний бие ИНЕГ-т дотоод аудитын ажлыг удирдан зохион байгуулах хугацаандаа энэ чиглэлээр аливаа зөрчил дутагдалгүй хэвийн ажиллаж, энэ чиглэлээр өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн холбогдох сургалтад хамрагдан ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг ханган ажиллаж байсан. Гэтэл миний эрхэлж байсан ажлыг хэдэн хэсэгт хуваан зарим чиг үүргийг тусад нь гарган тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүй өөрийнхөө найзыг томилсон нь Үндсэн хуулиар олгогдсон миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Дотоод аудитын алба нь хэд хэдэн хууль тогтоомжийг хэрэгжүүлж энэхүү ажлыг бий болгох ёстой байсан. Гэвч дараах хууль дүрмийг зөрчсөн гэж үзэж байна. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар аудитын албыг зөвхөн сайдын хэмжээнд яамны бүтэц байгуулах байтал агентлаг нь албыг өөрчлөн зохион байгуулсан. Монгол улсын хэмжээнд 438 дугаар тушаалаар баталсан дотоод аудитын дүрэм гэж байдгийн 4.3-т зааснаар шууд захирагч нь өөрийн хариуцах ажлын хамрах хүрээнээс шалтгаалаад аудит дотоод аудитор ажиллуулж болно гэж заасан. Энэ нь заавал алба байх албагүй. Мөн дүрмийн 4.4-т хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй тухайн салбарт 5 доошгүй жил ажилласан байх, санхүүгийн сургалтад хамрагдсан байх энэ хууль тогтоомжуудыг зөрчөөд байна. Миний хувьд хууль зүйн магистр зэрэгтэй мэргэшсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн яамнаас зохион байгуулдаг мэргэшсэн аудитын сургалтад хамрагдсан.  ИНЕГ-ын даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслээгүй, мөн хуулийн 40.5-д заасан ажилтнуудыг бөөнөөр халахад ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийх, 42.1-д заасан ажлаас халагдсаны тэтгэмж олгох зэрэг заалтуудыг зөрчсөн хууль бус тушаал болно. Биднийг гарсны дараа Захиргааны удирдлагын газарт шилжүүлсэн тушаалыг нөхөж хийсэн байдаг.  2016 оны 11 сарын 04-ний өдрийн Бүтэц зохион байгуулалтын талаар авч хэлэлцүүлэх арга хэмжээний тухай тушаал гаргаад 2016 оны А/728 дугаарын тушаалын 2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор бүтцийн өөрчлөлтөөр ажилтны тоог цөөрүүлсэн орон тоо хасагдсан нэр бүхий ажилтнуудыг захиргаа удирдлагын газрын мэдэлд түр хугацаагаар шилжүүлэх тушаал гаргасан. 6 хүний энэ тушаалыг нөхөж гаргасан. Тухай үед огт ажлын байраар хангах талаар тэрхүү тушаал гараагүй байсан, бидэнд нөхөж мэдэгдэх хуудас өгсөн. 2016 оны А/728 тоот тушаалаар ИНЕГ-ын орон тоог шинэчлэн баталсан. А/174 тушаалын доод талд дугаарлагч байдаг энэ нь 081992 гэсэн байхад сүүлд дахин энэ тушаалыг 081994 гэж нөхөж гаргажээ. ИНЕГ-ын зүгээс нарийн мэргэжилтнүүдийг хоморголон халаад хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байгаа учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар тухайн бүтцийн ерөнхий зохион байгуулалтын дагуу ИНЕГ-ын энэхүү чиг үүрэгт үндэслэлээ баталсан журмын дагуу Зам, тээврийн сайд бүтцийн өөрчлөлт оруулах ёстой байсан. Гэтэл батлагдаагүй бүтцийн дагуу өөрчлөлт ороогүй байхад орон тоог батлаад байгаа нь үндэслэлгүй. 2016-07-27-ны 04 тоот тогтоолоор 106 орон тоотойгоор баталсан. ИНЕГ нь өмнө энэ орон тоотой батлагдсан байсан одоо ч энэ орон тоо хэвээрээ байна. Энэ бүхнээс харахад ИНЕГ-т бүтцийн өөрчлөлт хийгдээгүй намын буюу улс төрийн зорилгоор хэлбэрийн төдий нэр өөрчилсөн дотроо солио хийсэн асуудал гарсан тул ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, Дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 27.706.079, урамшуулалд 500.000, нийт 28.206.079 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ гэв.

 

Нэхэмжлэгч Ч.М-гийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1988 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын нисэхийн дунд сургуулийг агаарын тээвэр зохион байгуулалт мэргэжлээр, 1998 онд Иргэний нисэхийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн, “МИАТ” ХК, “Чингис хаан” ОУНБ, ИНЕГ, 2004 оноос Зам, тээвэр, аялал жуулчлалын яамнаас эхлэн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 11 жил, иргэний нисэхийн салбарт мэргэжлээрээ нийт 22 жил ажилласан. Би нам бус, 2005 оны 6 сард төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Зам, тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газарт иргэний нисэхийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 11 сарын 05-ны өдрөөс ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллахдаа өөрийн мэдлэг чадвараа дайчлан, алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан. 2016 оны 7 сард Засгийн газар шинэчлэн байгуулагдаж, ИНЕГ-ын дарга өөрчлөгдөн томилогдож, 2016 оны 11 сарын 04-ны өдрийн Б/174 дүгээр тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулснаар Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ч чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, нэр нь Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтэс болгон өөрчилсөн. Тухайлбал, агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтын нэг хэсэг болох агаарын харилцаа, агаарын тээврийн үйл ажиллагааны зохицуулалтыг нэгжийн нэр болгон өөрчилсөн ч агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтын өргөн хүрээний үйл ажиллагаа болох агаарын харилцаа, агаарын тээвэрлэлтийн зах зээлийн бодлогын хэрэгжилт, зохицуулалт, зах зээлийн судалгаа, статистикийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаа хэвээр, гадаад хамтын ажиллагаа, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан хэвээр байгаа. Миний эрхэлж байсан ажлын чиг үүрэг, газрын 11 орон тоо хэвээр хадгалагдаж, 10 мэргэжилтэн нь тус тусын ажлаа чиг үүргийн дагуу хийсээр байтал тухайн албан тушаалд өөр хүн томилсон нь Үндсэн хуулиар олгогдсон миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. ИНЕГ-ын даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 11 сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалт үндэслээгүй, 40.5-д заасан ажилтнуудыг бөөнөөр халахад ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийх, 42.1-т заасан ажлаас халагдсаны тэтгэмж олгох зэрэг заалтуудыг зөрчсөн хууль бус тушаал. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 29.605.575, урамшуулалд 500.000, нийт 30.105.575 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Солонго хариу тайлбарлахдаа: ИНЕГ бол Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нөгөө талаар Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэсэн 2 статустай, нарийвчилсан зохицуулалтаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль үйлчилдэг тул энэ хуулийг үндэслээд Б/174 дүгээр тушаал гарсан. Зам тээврийн хөгжлийн яамны сайд нь Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт зааснаар иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцийг шинэчилж баталсан. Энэ  бүтцээр Хууль эрх зүйн газар байхгүй болсон, Агаарын бодлого, зохицуулалтын хэлтэс өөрчлөгдсөн. Энэ тушаалыг үндэслэн бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус газрын даргын 2016 оны 11 сарын 04-ний өдрийн А/728 гэдэг тушаалаар агентлагийн орон тоо шинэчлэн батлагдаж, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид зааснаар зохион байгуулалтын арга хэмжээ авах буюу  бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан ажилтнуудад ажлын байр санал болгохыг А/729 гэсэн тушаалаар Захиргаа, удирдлагын газарт даалгасан. Өнөөдрийг хүртэл энэ тушаал хүчин төгөлдөр байгаа. Үүнийг хүчин төгөлдөр бус, хууль бус гэж тогтоосон үйл баримт болоогүй учраас газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хүчин төгөлдөр акт. А/729 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга орон тоо хасагдсан ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуульд заасан арга хэмжээ авахаар уулзалт хийх санал тавьсан ч нэхэмжлэгч нар хүлээж аваагүй Захиргаа, удирдлагын газрын даргатай уулзахаас татгалзсан. Нэгэнт  албан тушаал нь байхгүй болсон, өөр ажил санал болгох хүсэлтийг хүлээж аваагүй учраас нэхэмжлэгч З.Тд 1 сарын өмнө мэдэгдэх хуудсаа албан ёсоор гардуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5д заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/236 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон.  Б/174 тоот тушаал нь бүх ажилтнуудаа чөлөөлсөн тушаал. Чөлөөлөөд буцаагаад томилсон. Энэ тушаалд ороогүй хүмүүс захиргааны мэдэлд үлдсэн буюу өөр ажил санал болгохоор үлдсэн хүмүүс. 2016 оны 11 сарын 04-ний өдрөөс 2016 оны 12 сарын 12-ны өдөр хүртэл нэхэмжлэгч нарт хуучин эрхэлж байсан ажлынхаа цалинг авч өөр ажил санал болгохоор үлдээсэн. Б/235 тоот тушаалаар Ч.М-д 12.000.000 төгрөг, З.Тд 12.040.000 төгрөг олгогдсон. Хөдөлмөрийн тухай хууль хэрэглээгүй гэдэг нэхэмжлэгч талын тайлбарыг үүгээр үгүйсгэж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 11 сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбарладаг ч ажилгүй хугацааны байсан мөнгөө 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс нэхэмжлээгүй, 2017 оны 01 сарын 01-нээс нэхэмжилж байгаа нь ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл 2016 оны 11 сарын цалин бүтэн, 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх цалин, 6 сарын ажилгүй байсан хугацааны тэтгэмжээ авсан, нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө нэхэмжилж байгаа агуулгатайгаа зөрчилдөж байна. 2016 оны 11 сарын 14-ний өдөр Ч.М-д шуудангаар мэдэгдэх хуудас гардуулсан. Ч.М-гийн хувьд адил Сургалтын төвд ажиллах өөр ажил санал болгосон ч хүлээн зөвшөөрөөгүй, З.Тг дарга хүлээн авч Чингис Хаан Олон Улсын нисэх буудлын Хууль эрх зүйн газрын даргад ажиллахыг санал болгосон тухай албан ёсоор тодруулга өгч, хэлж байсан. Олон жил ажилласныг нь үгүйсгэхгүй, иргэний нисэхийн салбарт  олон жил ажилласан тул түр чөлөөлсөн хугацаанд тохиролцоонд хүрээгүй учраас хуулийн дагуу мэдэгдэх хуудас өгч гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

                                                                 

З.Т, Ч.М- нар нь ИНЕГт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин олговор, урамшуулал  гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардлагаа нэмэгдүүлжээ.  

 Нэхэмжлэгч нар нь шаардлагын үндэслэлээ Б/174 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хууль баримтлаагүй, үндэслэлээ заагаагүй, бөөнөөр ажлаас халсан тохиолдолд урьдчилан заасан хугацаанд мэдэгдээгүй гэж тайлбарлав.

 Хариуцагч нь орон шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэхэмжлэгч нарын ажиллаж байсан орон тоо нь хасагдсан, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Б/174 тоот тушаалаар бүх ажилчдыг ажлаас түр чөлөөлсөн, харин нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Б/235, Б/236 тоот тушаалаар цуцалж, ажилласан хугацааны цалин, тэтгэмжийг олгосон гэж маргалаа.

 

ИНЕГ нь З.Тг Хууль, эрх зүйн газрын даргаар,  Ч.М-г Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллуулахаар тохиролцож, хөдөлмөрийн гэрээг хуульд нийцүүлэн хугацаагүй байгуулсан байна.

 

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай”  70 дугаар тушаалаар Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталжээ.

 

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” асуудлыг агентлаг эрхлэхээр, 8 дугаар зүйлийн 8.3.1-д “энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих” бүрэн эрхийг агентлагийн дарга хэрэгжүүлэхээр заасан байна.

 

Энэхүү хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Зам тээврийн хөгжлийн сайдын 70 дугаар тушаалыг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нь 2016 оны А/728 дугаар тушаалаар орон тоог шинэчлэн баталж, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаалын хавсралтаар нийт ажилчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн А/729 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр ажилтны тоог цөөрүүлсэн, орон тоо нь хасагдсан хавсралтад дурдсан нэр ажилтнуудыг Захиргаа, удирдлагын газрын мэдэлд түр шилжүүлсний дотор нэхэмжлэгч нар багтжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь гэрээний үндсэн дээр ажилтан, ажил олгогчийн эрх, үүрэг, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг тодорхойлж, талуудын эрх тэгш байдлыг хангах бөгөөд ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтанг ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалттай юм.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ИНЕГ-ын даргын Б/174 дүгээр тушаал гэж тодорхойлж байх ч тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/235, Б/236 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна.

 

ИНЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн болон 12 дугаар сарын 12-ны өдрийн тушаалууд хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд  тухайн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Б/235, Б/236 дугаар тушаалаар цуцалсан байхад бүтэц зохион байгуулалтын хүрээнд нийт ажилчдыг ажлаас чөлөөлсөн Б/174 дугаар тушаалын хавсралтаар нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар хууль бусаар халагдсан ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоох бөгөөд нэхэмжлэгч нарын ажиллаж байсан ажлын байр шинэ бүтцэд байхгүй болж орон тоо нь хасагдсан, нэгжүүдийн нэр өөрчлөгдсөн байхад шинэ бүтцийн Дотоод аудитын албаны даргын болон Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

 

Учир нь хэнийг ямар албан тушаалд томилох нь тухайн байгууллагын эрх хэмжээ бөгөөд харин Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т зааснаар ажил олгогч нь ажлын байр цомхтгогдсон тохиолдолд ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ биелүүлсэн эсэхийг шүүх шийдвэрлэх юм.

 

Хариуцагч байгууллагын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/125 тоот тушаалаар тухайн байгууллагад ажиллаж буй үндсэн ажилтнуудад 500.000 төгрөгийн урамшууллыг олгожээ.

 

ИНЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 3.9.12-т жилийн эцсийн ажлын үр дүнгээр ажилтанд мөнгөн урамшуулал олгож болохоор заасан нэхэмжлэгч нар урамшуулал авах шаардлагын үндэслэлээ хууль бусаар халагдсан тул эрх үүссэн гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нар нь хөдөлмөрийн гэрээг 12 дугаар сард цуцалсан тушаалын талаар шаардлага гаргаагүй, тушаал хуулийн хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр тухайн байгууллагад ажиллаж буй ажилтанд олгогддог урамшууллыг нэхэмжлэгч нарт олгох үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ИНЕГт холбогдох, З.Т, Д.М нарын ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгох, З.Тгийн Дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, Д.М-гийн Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч З.Тгийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 27.706.079 төгрөг гаргуулах, Д.Мгийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 29.605.575 төгрөг гаргуулах болон эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор хэрэгсэхгүй болголоо.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нар нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тушаалын хувьд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй тул энэхүү шийдвэр нь саад болохгүйг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар ИНЕГт холбогдох, З.Т, Д.М нарын ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгох, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, З.Тгийн Дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 27.706.079, урамшуулалд 500.000, нийт 28.206.079 төгрөг гаргуулах, Д.Мгийн Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 29.605.575, урамшуулалд 500.000, нийт 30.105.575 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

 

3. Нэхэмжлэгч нар нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тушаалын хувьд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр нь саад болохгүй дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ