Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00763

 

БЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2019/00483 дугаар шийдвэртэй,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 223/МА2019/00018 дугаар магадлалтай,

БЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ТАЗЗА ТӨХК, АС ХХК-д тус тус холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагч ТАЗЗА ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БЗ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани нь Төв аймгийн Лүн сумын төвд Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд ТАЗЗА ТӨХК, АС ХХК нь туслан гүйцэтгэх гэрээтэй хамтран ажилласан, энэ хугацаандаа ажлаа хийж дуусгаж чадахгүй байсан тул манай БЗ ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ТАЗЗА ТӨХК-тай асфальт бетон хучилттай замын ажил гүйцэтгэх 40 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. ТАЗЗА ТӨХК нь төслийн санхүүжилтийг АС ХХК-д шилжүүлсэн гэдэг бөгөөд манай компани ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг нэхэхээр АС ХХК хариуцна гэх тайлбар өгдөг. АС ХХК-иас 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр автозамын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж, тооцоо нийлсэн протоколд ажил гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 50.000.000 төгрөгөөс Ниссан Навара маркийн тээврийн хэрэгслийг 25.000.000 төгрөгт тооцож, мөн 5.000.000 төгрөг бэлнээр нийт 30.000.000 төгрөгийн төлбөр авсан. Үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлнө гэсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй тул хариуцагч нараас гэрээний үлдэгдэл 20.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ТАЗЗА ТӨХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Тодруулбал хариуцагч нарын хэн нь гэрээний үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлөх нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч нараас гэрээний үлдэгдэл 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нь ямар үндэслэлээр энэ хоёр компаниас нэхээд байгаа, чухам аль компаниас нь хэдэн төгрөг нэхээд байгаа нь ойлгомжгүй шүүхийг ялгаж зааглаад учрыг нь олоод гаргуулж өгнө үү гэсэн утгатай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь өөрсдөө гэрээ байгуулаагүй АС ХХК-тай үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлж энэ компаниас үлдэгдэл 50.000.000 төгрөгийн зарим хэсгийг авсан гэж бичсэн нь ТАЗЗА ТӨХК-ийн хэлээд байгаа төслийн санхүүжилтийг АС ХХК хариуцна гэснийг баталж байна. Мөн хариуцагч ТАЗЗА ТӨХК нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн шүүхэд захиалагч ТЗМ ХХК-ийн захирал Л.Эрдэнэбаатараас 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 26 тоот гэрээгээр тохиролцсон ажлын санхүүжилт болох нийт 428.043.228 төгрөгийн үлдэгдэл 72.865.445 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч ТЗМ ХХК шүүхэд хариу тайлбар өгөхдөө Төв аймгийн Лүн сумын төвийн шинэчлэлийн ажил хийж гүйцэтгэхээр АС ХХК шалгарч, ТМЗ ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. ТАЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэсэн ажлын сүүлийн санхүүжилтээс 50.000.000 төгрөг санхүүжигдээгүй дутуу байгаа бөгөөд энэ санхүүжилтийг ерөнхий гүйцэтгэгч АС ХХК-иас аваагүй байгаа. ТАЗЗА ТӨХК-ий нэхэмжилж байгаа 50.000.000 төгрөгийг одоо авах боломжтой боловч одоо болтол ерөнхий гүйцэтгэгч компани санхүүжилт хийгээгүй байна. Ерөнхий гүйцэтгэгч АС ХХК-д гадна зам талбайн ажилтай холбоотой санал, гомдол гарч байгаа тул санхүүжилтийг түр хойшлуулсан байгаа гэсэн тайлбар бидэнд өгдөг гэсэн тайлбар өгсөн байна. Мөн хариуцагч ТМЗ ХХК-ийн захирал Л.Эрдэнэбаатар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд дахин тайлбар өгөхдөө 2017 оны 02 дугаар сарын сүүлээр санхүүжилтийн зарим болох 8.000.000 төгрөг орсон, үүнийг нэхэмжлэгчид өгсөн. Мөн ерөнхий гүйцэтгэгч барилгын материал өгснийг 9.400.000 төгрөгийн материалыг нэхэмжлэгч байгууллагад өгөхөөр тохирсон. Одоо 3.500.000 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгчид өгнө. Ингээд 22.900.000 төгрөгийн төлбөр барагдана. Үлдэгдэл санхүүжилт 50.000.000 төгрөгийг АС ХХК нь ТАЗЗА ТӨХК-ийн туслан гүйцэтгэгч БЗ ХХК-д өгөхөөр харилцан тохирсон, одоо өр төлбөргүй болно гэж бичиж өгсөн. Манай компани нь Төв аймгийн анхан шатны шүүхэд хариуцагч ТЗМ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх явцад 8.000.000 төгрөг, АС ХХК нь 50.000.000 төгрөг, мөн ТЗМ ХХК нь 9.495.280 төгрөгийг тус тус БЗ ХХК-д туслан гүйцэтгэхээр ажилласанд шилжүүлэхээр албан тоотуудыг хүргүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбар өгсөн. Ингээд Төв аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь хариуцагч хэлж тохирохдоо үлдэгдэл санхүүжилтийг АС ХХК нь туслан гүйцэтгэгч БЗ ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэж үзэж 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 412 тоот шүүгчийн захирамж гаргаж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч БЗ ХХК-ийн нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийн хариуцагч нь ТАЗЗА ТӨХК биш харин АС ХХК уг мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэж ТАЗЗА ТӨХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч АС ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани 2014-2015 онд Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Төв аймгийн Лүн сумын төвийн ерөнхий төлөвлөгөөг тодотгон боловсруулах, гадна шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах болон айл өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэх тендерт шалгарч Төв аймгийн Засаг даргатай 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 05/14 тоот гэрээ байгуулан ажилласан. Дээрх ажлын хүрээнд манай компани ТАЗЗА ТӨХК болон БЗ ХХК-тай ажлын гэрээ хэлэлцээр байгуулж байгаагүй болно. БЗ ХХК-тай төлбөр төлөх протоколыг манай компанийн менежер байгуулсан бөгөөд автозамын ажлын төлбөрийг ТЗМ ХХК-тай хийсэн, одоо тооцоогүй болно. Төлбөр төлөх үндэслэлгүй тул маргааныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2019/00483 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Төв авто замын засвар арчлалт ТӨХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үнэ 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БЗ ХХК-д олгож, нэхэмжлэгч БЗ ХХК нь хариуцагч АС ХХК-иас татгалзсан татгалзлыг баталж, хариуцагч АС ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв авто замын засвар арчлалт ТӨХК-иас 257 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БЗ ХХК-д олгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 223/МА2019/00018 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2019/00483 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч ТАЗЗА ТӨХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Магадлалд “...нотлох баримтад эрх зүйн үнэлэлт өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй нь буруу” гэжээ. Магадлалд заагаад байгаа нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан. Маргааны гол үндэслэл нь талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх 40 дугаартай гэрээ юм. Гэрээний дагуу нэхэмжлэгч ажлаа хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын дагуу гэрээнд заасан төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилсэн ийм л асуудап байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасныг хэрэгжүүлээгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. “...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна”, “...хариуцагчаас АС ХХК-д авлага, өглөг барагдуулах тухай явуулсан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 116 дугаартай албан бичиг зэрэг баримтын талаар зохигчийг мэтгэлцүүлээгүй” гэсэн байна. Хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан эрхээ хэрэгжүүлсэнгүй гэж шүүх дүгнэх нь учир дутагдалтай. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдаан даргалагчаас зохигчийн эрхийг хязгаарлаж тайлбар, татгалзлыг хэлүүлж, яриулахгүй таслан зогсоосон, хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Зохигчид мэргэжлийн өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх зарчмаар хангаагүй, эрхийг нь эдлүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

БЗ ХХК, ТАЗЗА ТӨХК, АС ХХК-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ану сервис ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж, мөнгийг ТАЗЗА ХХК-с гаргуулахаар болжээ.

Анхан шатны шүүх ТАЗЗА ТӨХК-с мөнгийг гаргуулж нэхэмжлэлийг хангасан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч БЗ ХХК нь хариуцагч ТАЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэж буй ажилд туслан гүйцэтгэгчээр оролцохоор талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж өгсөн талаар зохигч маргаагүй юм. Харин ажлын хөлсний үлдэгдэл болох 20.000.000 төгрөгийг төлөхөөс хариуцагч татгалзахдаа ерөнхий ажил гүйцэтгэгч Ану сервис ХХК нь дээрх мөнгийг төлөх үүргийг хүлээж тохиролцсон гэсэн бөгөөд анхан шатны шүүх дээрх байдалд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний дагуу ажлын хөлсийг шаардах эрхтэй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 223/МА2019/00018 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч БЗ ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 258.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ