Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 264

 

 

 

Б.М-, Э.Э-, Г.Ө-

 нарт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Агар,

шүүгдэгч Г.Ө-, түүний өмгөөлөгч Ц.Т-,

шүүгдэгч Э.Э-,  түүний өмгөөлөгч Б.Б-,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч О.Ц-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 686 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.М-, Э.Э-, Г.Ө- нарт холбогдох эрүүгийн 1811020460707 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Худай овгийн Б.М, 19.. оны ..дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ....... дүүргийн ... дугаар хороо, ......... дүгээр гудамжны  .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........../;

2. Элжигэн овгийн Э.Э, 20.. оны .. дүгээр сарын ......-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт ....... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

3.  Боржигон овгийн Г.Ө, 19.. оны ... дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эмэг эх, эх, эгч, дүү нарын хамт .............. дүүргийн ..... дугаар хороо, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............./;

Б.М-, Г.Ө-, Э.Э- нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 12 дугаар гудамжинд хохирогч Д.Б-т хүч хэрэглэн довтолж, түүний “Samsung Galaxy S5” загварын гар утсыг дээрэмдсэн,

 Б.М- нь уг гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, зохион байгуулж насанд хүрээгүй Э.Э-ыг “согтуу хүнээс утсыг нь авлаа гээд хэрэг болно гэж байхгүй, сүртэй зүйл байдаггүй юм” хэмээн хууран мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.Э-, Г.Ө- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.7 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Худай овгийн Б.М-ыг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан, бүлэглэн, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, Элжигэн овгийн Э.Э, Боржигон овгийн Г.Ө нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Э.Э-, Г.Ө- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял, Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, Г.Ө-, Э.Э- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Б.М-, Г.Ө-, Э.Э- нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хадгалахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч  Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “Мөрдөгч нь хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй.

Хэргийн газрын үзлэгийг 01:52 цагт эхэлсэн боловч хэзээ дууссан цаг хугацаа байхгүй, үзлэгт оролцуулсан хөндлөнгийн гэрч, жижүүрийн бүрэлдэхүүний алба хаагч шинжээч, мөрдөгч нарын гарын үсэг зурагдаагүй, мэргэжилтэн хичнээн кадр гэрэл зургийг авч нотлох баримтаар бэхжүүлж авсан эсэх нь тодорхойгүй, бичээгүй, байршил, солбилцол тогтоох тусгай багаж хэрэглэсэн боловч, газар байршилыг тогтоогоогүй. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо юм уу, 12 хорооны алин болох, хэрэг үйлдэгдсэн өдөр 16-наас 17 юм уу, эсхүл 17-ноос 18-ны өдөр үү гэдгийг тогтоогоогүй. /яллагдагчаар татах тогтоолд огноо, газар байршил өөрөөр бичигдсэн, гараар засварласан/, дээрх нотлох баримтуудыг яллагдагчаар татах үндэслэл болгосон. /хх-ийн 13-14/

Насанд хүрээгүй гэрч Э.Э-аас мэдүүлэг авахдаа мөрдөгч “Түвшинсанаа” гэж эхлээд “Оюунболд” гэж дуусгасан. Өсвөр насны гэрчийг дуудан ирүүлэхдээ хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулаагүй, насанд хүрээгүй гэрчийг хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулалгүйгээр мэдүүлэг авч, өмгөөлөгч авах талаар тайлбарлаагүй, өмгөөлөгч авах эрхийг хангаагүй. /хх-ийн 30-31/,

Гэрч Г.Ө- /хх-ийн 41-42/, Н.О /хх-ийн 44-45/, Г.Х /хх-ийн 43-44/ нарыг 181102058 дугаартай хэрэгт мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл өөр хэрэгт гэрчээр мэдүүлэг авсан атлаа хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан мэдүүлэг авах журмыг зөрчсөн. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч нарын гарын үсэг зурагдаагүй. Дээрх нотлох баримтуудыг прокурор яллах үндэслэл болгосон нь хуулийг ноцтой зөрсөн гэж үзэж байна. Хэдийгээр ийм нотлох баримтууд цугларсан ч миний үйлчлүүлэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хүндэтгэлтэй хандан, шүүгдэгч Б.М-ын ятгалга, бие махбодийн болон сэтгэл санааны албадлага бусад байдлын улмаас бусдын эрхшээлд орж гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн, цаашид үнэн шударгаар сурч боловсорч, нийгэмд тустай сайн хүн болж төлөвшихийн тулд хичээх, залуу насны алдааг өршөөн, нийгмээс тусгаарлахгүй байх ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэн илэрхийлсэн. Шүүхээс Б.М-ыг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан, бүлэглэн, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэм буруутайд тооцон Э.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэн хорих ялаар шийтгэсэн.

Өмгөөлөгчийн зүгээс хэдийгээр миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зүйлчилсэн хүнд гэмт хэргийн субьект болох боловч мөн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3-д “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 8.7 дугаар зүйлийн 2-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж заасан байдаг.

Иймд өсвөр насны үйлчлүүлэгчийн хувийн байдал, ар гэр, хохирол нөхөн төлсөн байдлыг нь харгалзан үзэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах ял оногдуулж, өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэсэн боловч нэг нь хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан, нөгөө нь хүч хэрэглэсэн үйлдэл гаргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэгт оролцохдоо үүрэг оролцоог нь харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг анхан шатны шүүх хэрэглээгүй байна. Ялыг ялгамжтай оногдуулалгүй адилхан 1 жилийн хорих оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүгдэгч Э.Э- гэмт хэрэг үйлдэхдээ 17 нас 10 сар 16 хоногтой байсан бөгөөд 18 насанд хүрээгүй байсан учраас заавал нийгмээс тусгаарлаж хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6, 8.7 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах эсхүл тэнсэж үүрэг хүлээлгэх боломжтой байсан. 2018 оны хавар нь 10 жилийн сургуулиа төгссөн хүүхэд байсан. Хэрэгт холбогдсоноос болоод мэргэжлийн боловсрол эзэмшиж чадаагүй. Хэрэгт шалгагдаж байх хугацаандаа мэргэжлийн боловсрол эзэмшээд, курс сургалтад хамрагдаад сэрээт ачигчийн операторч гэх мэргэжил эзэмшсэн. Иймд биеэр эдлүүлэхээр шийдсэн 1 жилийн хорих ялыг хойшлуулж, мэргэжлийн боловсрол эзэмших, нийгэмд байр сууриа олох, сурах боловсрох эдгээр боломжоор ханган анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч Ц.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ө- нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ам бүл олуулаа, хамтран амьдрагч нь жирэмсэн. Хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар миний үйлчлүүлэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч О.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан “прокурорын яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Яллах дүгнэлтийн хэргийн товч утга гэх хуулийн заалтад “2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө” гэж заасан. Тогтоох хэсэгт “2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө” гэж бичигдсэн. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа тодорхой байх ёстой. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбар байхгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Ө- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгч Э.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмнө нь энэ гэмт хэрэг давж заалдах шатны шүүх хуралдаанаар  хэлэлцэгдэж байсан. Д.Баттөр өмгөөлөгчийн гаргасан процессийн зөрчилтэй холбоотой асуудал яригддаг. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ дээрх процессийн зөрчилтэй холбоотой баримтаар яллах дүгнэлт үйлдээгүй. Хэргийн газрын үзлэг, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэг зэргийг үнэлж яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэг шийдвэрлэхэд ямар нэгэн ноцтой байдал үзүүлэхээр баримт биш гэж үзсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Г.Ө-ыг гэмт хэргээ хүлээгээгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн нь буруу гэдэг үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Шүүгдэгч Г.Ө- хэргээ хүлээсэн үү, хүлээгээгүй юу гэдэг байдал яригдахгүй байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаар дээрх гэмт хэрэг нь 16-17 шөнө үйлдэгдсэн гэдэг нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.М-, Э.Э-, Г.Ө- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.М-ын санаачлан зохион байгуулсны дагуу шүүгдэгч Г.Ө-, тухайн үед насанд хүрээгүй байсан шүүгдэгч Б.Энхбаяр нар нь Б.М-той бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 12 дугаар гудамжинд хохирогч Д.Б-т хүч хэрэглэн түүний эд хөрөнгийг нь авахаар довтолж, “Samsung Galaxy s5” загварын гар утсыг дээрэмдсэн, ингэхдээ шүүгдэгч Б.М- нь шүүгдэгч Б.Э-г “согтуу хүнээс утсыг нь авахад хэрэгт орно гэж байхгүй, яах ч үгүй, айх хэрэггүй” гэж хууран мэхэлж, гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Д.Б-ын “...араас гэнэт хоёр хүн гарч ирээд миний хоолой боогоод газар унагаад халаасанд байсан “...Samsung Galaxy s5” гар утас аваад зугтаасан юм...”, “би тухайн үед мөнгөгүй явж байсан бөгөөд зөвхөн гар утсаа л дээрэмдүүлсэн. Согтуудаа өөрөөсөө нуусан гэдгээ мэдээгүй бусдад дээрэмдүүлсэн гэж хэлсэн байна лээ” гэх мэдүүлэг /хх 20-22/,

Гэрч Н.О-н “...Тэгээд Б, Ө хоёр буугаад нөгөө согтуу хүнийг дагаад гудамж руу орсон. Бид нар хүлээгээд байж байтал Өнөрөө гүйж ирээд машин руу далласан. Бид хэд машинтайгаа гудамж руу ортол нөгөө ахыг хэдэн өөр хүүхдүүд дагаж байсан бөгөөд бид нарыг хараад нөгөө хүүхдүүд цаашаагаа яваад өгсөн. Тэгсэн чинь Ганаа ах одоо гялс авчих гээд Ганаа машинаа эргүүлээд харахад Б, Ө хоёр гар утсыг авчихсан байсан” /хх 28/, “Дээрэм хийх санааг М ах л гаргасан юм” гэх мэдүүлэг/хх 44/,

Гэрч Г.Х-н “...Тэр хүнийг М анх хараад тэнд хүн согтуу тасарсан хэвтэж байна гээд түүнд дээр очоод ойр хавиар нь эргэлдээд буцаж ирээд хажууд нь гайгүй үнэд хүрэх гар утас байна гэж хэлсэн. Тэгээд Э надтай нэг нь явчих, очоод авъя гэхэд Ө хамт явахаар болсон. Удалгүй согтуу хүн босоод харанхуй гудамж руу яваад орсон. Э, Ө араас нь явж очоод 2-3 минут болохоор нь бид хэд машинтайгаа очих гэж байхад өөдөөс Ө гарч ирээд машинд суугаад хойшоо гудамж руу орчих гэсэн. Гудамж руу нь ороход Энхбаяр гарч ирээд машинд суугаад удалгүй Ө, Э хоёр дахин машинаас буугаад гудамж руу орсон. Тэгээд удалгүй тэр хоёр согтуу залуугийн гар утсыг аваад гараад ирсэн” гэх мэдүүлэг /хх 32/,

Яллагдагч Б.М-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-18/, Э.Э-ын насыг тоолсон тэмдэглэл /хх 18/, Самсунг галакси эс-5 загварын гар утсыг 200,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх 46/ болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Э-, Г.Ө- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ын дээрэмдэх гэмт хэргийг санаачлан зохион байгуулсан үйлдэлд нь тохирох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, хэсгийг баримтлаагүй, түүнийг гэм буруутайд тооцохдоо “дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан” гэж хэт ерөнхийлж, тухайн зүйлд “хүч хэрэглэсэн, хүч хэрэглээгүй” байхаар ялгаатай заасан гэмт хэргийн шинжийг дурдалгүй орхигдуулсан нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Д.Б “...мөрдөн шалгах зарим ажиллагаа хуульд нийцээгүй, нотолбол зохих зүйлийг хангалттай шалгаж тодруулаагүй боловч үйлчлүүлэгч Э.Э- нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн 8.7 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-ын гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн тул дахин хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх тогтоол гаргахад хангалттай нотлох баримтууд цугларч бүрдэл хангагдсан байх тул нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

 Иймд шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Д.Б-н давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Хэргийг урьд нь давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үед анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж байгаа тул шүүгдэгч нарыг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 686 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “Шүүгдэгч Г.Худай овогт Б.М-г дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан, бүлэглэн, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, ...” гэснийг “Шүүгдэгч Б.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох гэмт хэргийг санаачлан зохион байгуулсан, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, ...” гэж,

2 дахь заалтад “...Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг “...Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1651 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-, Э.Э-, Г.Ө- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ