Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 11

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, Ерөнхий шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэй хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх  хуралдаанаар

 

           Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 2 дугаар хэсгийн 4 дүгээр байрны 05 тоотод оршин суух, овогт ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй           

                                

           Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 3 дугаар баг Цөх-д оршин суух, Алтанбулаг суманд галч ажилтай, Гөрөөчин овогт ******* ******* /*******/-д холбогдох

 

           “Гэм хор учруулсны хохирол 3.085.000 төгрөг гаргуулах, Я.*******гийн С.*******, нарт холбогдох “Хурдан удмын морины өртөг болох 3.500.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Я.*******, хариуцагчийн өмгөөлөгч , сөрөг нэхэмжлэлийн хариуцагч , иргэдийн төлөөлөгч , гэрч , , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар  оролцов.                                        

                                                              

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч: С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

         

... 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө 24 цагийн орчим осол болсон. Шөнийн 24 цагаас өглөө үүрийн 5 цаг хүртэл Алтанбулаг сумын цагдаа 1, Сүхбаатар сумаас групп: үүнд цагдаагийн шинжээч 1, автын байцаагч 1, автын цагдаа 1, нийт 4 цагдаа ирж ослын газарт хэмжилт зураг авалт байцаалт зэргийг хийж бүхэл бүтэн 5 цаг зам дээр байх үед морины эзэн ирээгүй. Манай нөхөр хүү бид хэд нийлээд 7-уулаа байсан. Хөндлөнгийн 2 гэрч зогсоож мэдүүлэг авсан. Алтанбулаг сумын цагдаа болох Бүрнээгийн хамт манай нөхөр морины эзнийг хамт морио идээлүүлж  байгаа гэх газар нь 2-3 удаа хайж очоод олоогүй. Энэ олоогүй учир нь Я.******* нь морио тэр шөнө идээлүүлж хоносон гэх нь худал гэдгийг нотолж байгаа нь тодорхой юмаа хэлж хамгийн бага торгууль болох 20.000 төгрөгөөр

торголоо гэж хэлж торгосон нь багадсан учраас огт ойлгоогүй байна гэж үзэж байна. Надад үнэлгээний компаниас гаргасан хохирлын үнэлгээнээс гадна эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материал цаг хугацаа зардал мөнгө их гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хуульд заасны дагуу энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан байгаа, танил талаар хөөцөлдсөн зүйл огт байхгүй намайг чи машин барих эрхтэй юу гэж хүртэл хэлж байсан. Би В, С, Д ангилалтай 15 жил жолоо барьж байгаа жолоодох эрхтэй жолооч хүн 100 метр байтугай ойрын үзэгдэх орчны саад бартааг харж арга хэмжээ авах хэмжээний туршлага надад байгаа гэж бодож байна. Энэ морь нь зам дээр зогсож байгаагүй зам хөндлөн давхиад өнгөрч байсан морь аргамжаандаа татагдаж буцаж миний машин дээр унасан. Морь өндөр амьтан жижиг машины копудан дээр унах нь тодорхой. Миний машин болон би өөрөө жолоочийн хариуцлагын даатгалтай мал машин 2-ын ослын үед даатгалын компани ирж асуудлыг шийдэх хуулийн заалт байхгүй юм байна. Тийм учраас автын цагдаа нар ослын үед даатгал дууд гэж хэлээгүй гэж ойлгож байгаа. Хуульд зааснаар өөрийнх нь буруу гэдгийг ойлгуулж 20.000 төгрөгөөр торгосон байхад ойлгохгүй намайг танил талаараа шийдсэн, хүнтэй уулзах гэж яарч явсан, эрхийн үнэмлэхгүй, даатгалгүй хурд хэтрүүлж явж морийг минь дайрч алсан гэх зэргээр гүтгэж ярьж байгаад маш их гомдолтой байна. Бас хав харанхуй шөнө энэ гэнэтийн ослын үед эмэгтэй хүн хурд багатай явж байснаар өөр ноцтой асуудал, эрүүл мэнд амь насанд аюул учирсангүй машин техникд нь их хэмжээний эвдрэл гэмтэл гарсангүй гэж огт болохгүй байгаад харамсаж байна. Морины эзэн морио тэр урт аргамжаагаар нь сайн бат бөх уяагүй хариуллагагүй хашаагүй эзнийх нь буруугаас болсон.

Миний үнэлгээний компаниас гаргасан хохирлын мөнгө 3.085.000 төгрөгийг үнэн зөвөөр шийдэж морины эзэн болох Я.*******гээс гаргуулж өгөхийг  хүсч байна! гэжээ.

 

          Хариуцагч:  Я.******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  

... Миний бие энэ ослоос болж ард түмнийг баясгаж байсан, үнэ цэнэтэй хайртай хурдан хүлгээ машинд дайруулж их хэмжээний хохирол амссан. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Сэлэмт хөшөө гэх газрын цанх дор буюу Төгсөө булаг гэдэг газар моридуудаа уяж байсан. Шөнө хурдан хүлгээ аргамжиж хоносон бөгөөд тухайн үед олон тооны морьд юунаас үргэсэнийг мэдэхгүй маш хурдтай аргамжаатай морины хажуугаар өнгөрөхдөө түүнийг хамтатган авч зугтсан бөгөөд миний бие хойноос нь мордоод ирэхэд Сэлэмт хөшөөний харалдаа засмал зам дээр аргамжаатай байсан морийг нь дайрч орхисон байсан. Тухайн үед С.*******гийн барьж явсан машинаас өөр ямар ч тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоогүй байсан. Тэр машин маш хурдтай Замын хөдөлгөөний дүрэмд заасан орон нутгийн замд баримтлах хурдаас их хурдтай явж байсан учир зогсож чадаагүй, тормос ч дараагүй морийг дайрсан байсан. Тэр үед замын осол дээр ирсэн автын байцаагч нар тээврийн хэрэгслийн жолоочийг дэндүү хурдтай явсан байна, тэрнээс адуу хараад зогсох боломжтой байсан талаар ярьж байсан, цагдаагийн газар очиход ч тийм асуудал яригдаж л байсан.

Гэтэл нэлээн хэд хоногийн дараа гэнэт намайг цагдаагийн газар дуудахад нь очиход дүгнэлт гэх зүйлийг танилцуулсан. Тэр дүгнэлтэд малчин адуугаа харж хамгаалаагүй гэсэн байсан бөгөөд та нар танил талаар асуудлыг шийдвэрлэлээ, тэгээд миний адууг огт хариуллагагүй буюу эзэнгүй байгаагүй тээврийн хэрэгсэл хэт хурдан явсанаас зогсох арга хэмжээ авч чадаагүйгээс миний үнэ цэнэтэй морийг дайрсан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хэлж дүгнэлтэнд бичсэн боловч өнөөдрийг болтол надад таны хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй хүлээж байхад С.******* нь шүүхэд надаас мөнгө нэхэмжилж нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

               Хэрэв миний морийг бөөнөөрөө үргэж зугтсан адуунууд аргамжааг нь тасалж авч зугтаагаагүй бол морь аргамжаатай газраа уяатай л байх байсан. Энэ явдал байгалийн гэнэтийн үзэгдлээс болсон болохоос эзэн миний биеэс огт шалтгаалаагүй асуудал.

Тэгээд жолооч хүн 100 метр дотор анхаарал болгоомжтой явах, саад тохиолдсон үед саадыг тойрох болон хурдыг хасах, зогсох арга хэмжээ авна гэсэн жолоочийн үүргээ биелүүлээгүй байхад дайрагдсан морины эзнийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй.

               Жолооч С.******* нь гоо сайхны газраар үйлчлүүлж байгаад гэнэт хүнд юм аваачиж өгөх цаг болчихлоо гэж яаралтай хурдтай явж байсныг олон хүн гэрчилнэ.

            Ийм л байдлаар машинаа зогсоож чадахгүй хүний морийг дайрчихаад буруугүй хүнээс мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Дэндүү хурдтай явсан болоод морь түүний машины капут дээр гарч ирнэ шүү дээ хурд багатай буюу зогсох арга хэмжээ авсан бол дайрагдахгүй байх боломжтой.

С.******* болон түүний нөхөр Ганбаа нар нь рублийн ченж хийдэг, цагдаа шүүхээр явж сурсан танил тал ихтэй гэдгийг хүн бүхэн мэднэ. Энэ байдлаараа гэм зэмгүй надаар машиныхаа хохирлыг төлүүлэх гэж байгаад харин ч би гомдолтой байна! гэжээ.

 

Хариуцагч Я.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... 2017 оны 07 дугаар сарын 26-ны шөнө хурдан морио өвстэй газар идүүлж хонох зорилгоор гурвуулаа Алтанбулаг сумын Төгсгөө булаг гэх газарт аргамжиж хонож байтал гэнэт морьд юманд үргэгдэж аргамжаатай байсан морь тасарч Нямкагийн халтар азарга миний борлог морь аргамжаанаасаа алдарсан. Араас нь Нямка, Билгүүн, Борхүү нар мордсон. Би хойноос нь тухайн үед мордох боломжгүй нуруу өвчтэй байсан бөгөөд тухайн хүмүүс удаад байхаар нь арга буюу хойноос нь мордсон боловч хайгаад олоогүй. Харин Нямка бургасны хаяанаас өөрийнхөө азаргыг оллоо гэхээр дахин тэр чигт явсан боловч хайгаад олоогүй гэтэл цагдаа Бүрнээ морь чинь машинд дайрагдсан байна гэж хэл өгсөн. Би машинд дайрагдсан гэж огт бодоогүй нэг газар руу ороод харагдахгүй байна өглөө олдох байх гэж бодож байсан.

Тухайн цаг хугацаанд миний морийг дайрсан хүмүүс цагдаа надад огт хэл өгөөгүй. Миний морийг гэж мэдэж байсан байна лээ. Яагаад хэлэхгүй хэргийн газрын үзлэг хийж дуусчихсан хойно надад хэлсэнд л гол учир байгаа. Илтэд жолоочийн талд ажиллаа гэж би гомдолтой байна.

Тухайн үед үзлэг хийгээд дууссан гэж байсан бөгөөд та маргааш өглөө цагдаагийн газар ирээрэй гэхэд нь өглөө явж очсон. Тайлбараа өгсөн. Дүгнэлттэй танилцуулахад би хүлээн зөвшөөрөхгүй, би хариуллагагүй мал явуулаагүй, морьд үргэж аргамжаатай морь чинь суларч тавигдсан байсан араас нь явсан тэгээд ч наад морь дайрсан газар чинь хурд хасах анхааруулах тэмдэгтэй мөн мал анхаар гэсэн тэмдэгтэй байхад жолооч энэ тэмдэглэгээнүүдийг яагаад хардаггүй юм бэ жолооч хүн 100 метр доторх анхаарал болгоомжтой явах үүрэгтэй шүүдээ, гэсэн асуудлыг миний бие тавьсан боловч анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Надад зөрчлийн хэрэг нээсэн, хаасан талаар огт хэлээгүй мэдэгдээгүй. Гэнэт л шүүхийн байгууллагаас ярьж байна та ирээрэй гэхэд нь явж очиход надад нэхэмжлэлийн хувь гардуулж өгсөн түүнийг нь авч танилцахад малчны буруу гэж гарсан байхыг хараад би тайлбар бичсэн. Хүмүүсийн ярьж байгаагаар *******гийн унаж явсан машиныг тухайн нөхцөлд хүү Мөнгөншагай барьж явсан тухай ч ярьдаг, нэг болохоор *******г гоо сайханд ороод утсаар хүнтэй яриад гарсан тухай ч ярьдаг. Чухам аль үнэн гэдгийг нүдээрээ хараагүй болохоор мэдэхгүй юм. Гэхдээ хүү Мөнгөншагай машиныг барьж явсан нь үндэслэлтэй байх боломжтой.

Учир нь: Тэр цагдаагийн газар дуудлага өгсөн байдал нь жолоодож явсан байхыг илтгэнэ. Тухайн хүмүүсийг гэрчээр асуулгах гэхэд хэл амтай Ганбаа, *******, нараас айж байна гэдэг хариулт өгч байна. Тэд хууль хяналтын болон эрх бүхий албан тушаалтан нарыг таньдаг танилын хүрээ ихтэй хүмүүс. *******гийн тайлбарт бичсэнээр гэр бүлээрээ 4 цагдаагийн албан хаагч нийт долуулаа байсан байна. Алив хэргийн газрын үзлэгийг хийхэд асуудалд холбогдолгүй хүнийг хөндлөнгийн гэрчээр байлгадаг бол энэ удаа цагдаа нар гэрч болж зөвхөн гэр бүлийн хүмүүсийн асуудлыг шийдсэн байдал ойлгогдож байна. Тэгээд ******* нь аргамжаагаа чирээд явж байсан морийг харахгүй байна гэдэг нь дэндүү хурдтай, анхааралгүй явж байсны илрэл. Тэнд мал анхаар, хурд хасах тухай тэмдэг тэмдэглэгээ байсаар байхад жолооч яагаад түүнийг анхаарахгүй явсан, энд мал гарч ирж болзошгүй анхааруулсан байхад юу ч хараагүй гэж тайлбар өгсөн нь тухайн тэмдэг тэмдэглэлийг анхаараагүй, малыг ч хараагүй гэж үзэхээр байна.

Тухайн хүний машин даатгагдсан бол даатгалын байгууллагаасаа хохирлоо авахгүй яагаад надаас хохирол нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Хэрэв ******* машин барьж явсан бол өөрөө цагдаагийн байгууллага руу утасдахгүй, хүү Мөнгөншагай нь дуудлага өгдөг юм гэсэн асуулт нь хүү нь тухайн машиныг барьж явсан гэсэн олны үг ортой байна. Тэр маш хурдтай явдаг. Хил дээр байгаа хүмүүс түүнийг хэрхэн машин барьдаг талаар бүгд мэднэ.

Түүнчлэн тухайн морь дайрсан гэх машин хурдтай явсан болоод морийг шууд дайрч хол газар замын  шороон замын цаад талын өвсөн дээр шидэгдсэн байсан. Уг замын өргөн 6 метр, замын 2 талын шороон зах 2 метрийн өргөнтэй гэж үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн байна. Ингээд үзвэл ямар хол газар морь шидэгдсэн болох нь тодорхой. Хэрэв машин *******гийн тайлбарт бичигдсэнээр 40-50 км цагийн хурд багатай явж байсан, зогссон бол морь дайрагдахгүй байх боломжтой, мөргүүлээд тэр дороо морь нь ч амьд байна, машинд нь ч гэмтэл учрахгүй байна.

Морины аргамжаан дээр дугуй гарч татагдсан ч тийм урт /18 метр/ аргамжаа татагдлаа гэхэд морь машины копут дээр унах тохиолдол гарахгүй. Тиймээс жолооч хурдтай явж хурдаа хасаж чадаагүйгээс засмал зам хөндлөн гарч явсан морийг минь дайрсан. Би ч жолооч хүн болсон асуудлыг эрэгцүүлэн бодсон ч морь аргамжаанд огт татагдаагүй тийм боломж ч байхгүй харин хурдаа хасаж чадаагүйгээс осол болсон нь тодорхой. Түүний тайлбарт бичигдсэнээр зөрж явсан машинд аргамжаа нь татагдаж миний машин дээр унасан байна лээ гэж бичүүлсэн байдаг. Хэрэв тухайн хэргийн газрын үзлэг хийсэн үед энэ талаараа хэлж зөрж өнгөрсөн машиныг олуулах арга хэмжээ авахуулахгүй нь жолооч худлаа ярьж байна гэдэг нь ойлгогдож байна. Тиймээс би автын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг бичиж өгсөн боловч тэр хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар надад огт мэдэгдээгүй.

Тиймээс миний бие тухайн үед машин жолоодож явсан гэх *******гийн буруутай үйлдлээс болж миний хурдан морь машинд дайрагдсаны улмаас үхсэн юм. Олон түмнийгээ баясгаж цэнгүүлж байсан олны бахархал болж байсан морь минь байхгүй болсонд миний бие туйлын ихээр харамсаж байна.

ЗХД-ийн 2.7 дугаар зүйлийн “ж” хэсэг заагдсан жолоочид хориглосон зам хөндлөн гарч байгаа малыг үргээхийг хориглосон байдаг.

ЗХД-ийн 23.7 дах заалт нь засмал замаас 50 метрээс дотогш хариуллагагүй мал байлгахыг хориглоно гэсэн заалт нь малчид дээрх зайнаас дотогш малаа хариулахгүй байхыг л анхааруулсан заалт. Гэтэл мал шөнийн цагаар зам хөндлөн гарч явбал малыг нь жолооч нар дайраал байхыг зөвшөөрсөн заалт биш гэдгийг ямар ч хүн өөрийн оюун бодлоороо болсон нөхцөл байдалд тохируулан ойлгох ёстой бусуу.

Мөн 9.1 дүгээр зүйлийн жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзүүлэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй явах заалт

9.2 дахь заалт жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авах заалтыг зөрчсөн

9.4 дэх заалтын б хэсгийн хурдын хязгаарын тэмдэглэгээ байсаар байхад хурдтай явсан байдал тухайн нөхцөл байдлын талаар зөрчлийн хэрэгт цугларсан *******гийн тайлбараас харагдаж байхад яагаад энэ талаар дүгнэлтдээ тусгаагүй болон ЗХД-ийн олон заалтыг жолооч С.*******, А.Мөнгөншагай нар нь зөрчсөн байхад зөвхөн малчны буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Түүний машинд учирсан гэмтлийн үнийн дүнг ч хүлээн зөвшөөрөх боломжгүй.  Үнэлгээг танилцаж зөвшөөрсөн Мөнгөншагай гэж гарын үсэг зурсан байдаг. Тэгээд нэг жишээ татахад зөвхөн баруун урд гэрэл гэхэд 500.000 төгрөг, гэрлийн ар суурь гээд 45.000 төгрөг, копут 500.000 төгрөг гэх мэт үнэлэгдсэн нь зах зээлийн үнээс хэт их үнэлэгдсэн байгаа. Тухайн үнэлгээг ямар үзүүлэлтийг үндэслэн тогтоосон нь тодорхойгүй байна. Үнэлгээнд харьцуулсан үнэлгээний жагсаалтыг хавсаргаагүй байна.

Иймд би мориныхоо өртгийг тухайн үед осол гаргасан 94-49 улсын дугаартай приус маркийн жолооч *******, Мөнгөншагай нараас нэхэмжлэхээр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд С.*******гаас үнэлгээний комисс үнэлсэн 3.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Уг адууг Сүхбаатар аймгийн хурдан удамтай уяачаас авсан. Миний морь суманд нэг удаа айрагдсан болохоор 3.500.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байгаа. Учир нь иргэдийн хурлын тогтоолоор суманд нэг удаа айрагдсан морийг 3.500.000-4.500.000 төгрөгөөр үнэлнэ гэж тогтоосон байдаг гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Я.******* намайг хурдтай явж байгаад морийг нь алсан мэтээр яриад байна. Машиныхаа урд хэсгээр мөргөсөн зүйл огт байхгүй. Морь замын хажуугаар гарсан мөртлөө буцаад миний машины кофутан дээр л унасан. Хурд багатай явж байсан болохоор тормозны мөр гарахааргүй байсан.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Я.******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж засмал замд хариуллагагүй мал байлгаж осол гаргах нөхцлийг бүрдүүлсэнийг хуулийн байгууллага үнэн зөвөөр тогтоосон. Гэтэл Я.******* нь хохирол төлөхөөс зориуд санаатай зайлсхийх зорилгоор осол гаргах үед С.*******гийн хүүхэд Мөнгөншагай машин жолоодож явсан гэх яриа сонссон гэж намайг гүтгэж байна. Мөнгөншагайгийн тэр осол гаргах үед Сүхбаатар суманд өөрийн граж дээрээ юм хийгээд байж байтал ээж утсаар  “би осолд орчихлоо” гэж хэлэхэд нь сандраад тэр даруйд нь явж очсон. Очиход ээж маань маш их сандарсан, бие нь тааруу байсан тул би цагдаагийн байгууллагад осол гарсан талаар мэдэгдсэн. Дуудлага өгсөн гэсэн л үндэслэлээр намайг хариуцагчаар татсаныг гайхаж байна. Машины үнэлгээний хувьд ээж маань ажилтай учраас би ээжийнхээ оронд очиж дүгнэлт гаргуулсан. Иймд би хариуцагч болох ямар ч үндэслэлгүй тул Я.*******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэв.

 

Иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

            

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Я.*******д холбогдуулан “Гэм хорын хохиролд 3.085.000 төгрөг гаргуулах”, Я.******* нь С.*******, нарт холбогдуулан “Хурдан удмын морины өртөг 3.500.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хариуцагч Я.******* нь энэ ослоос болж ард түмнийг баясгаж байсан, үнэ цэнэтэй хайртай хурдан хүлгээ машинд дайруулж их хэмжэний хохирол амссан. “... Нэхэмжлэлийн шаардлагыг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт шинжээчийн дүгнэлтийг, хоёрдугаарт үнэлгээ хийсэн компаний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Морь дайруулсан гэх уг газарт хурдаа хас гэсэн тэмдэг тэмдэглэгээ байсан. Нэхэмжлэгч нь хурдаа тохируулж яваагүйн улмаас энэ осол гарсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэг. Шүүх нэхэмжлэгч С.*******гийн, хариуцагч Я.*******д холбогдуулан 3.085.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.******* нь эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирлоо шаардах эрхтэй байна.

Учир нь: Я.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 дахь заалтыг зөрчсөн нь осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан зам тээврийн осол гарсан байдлыг тогтоосон үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч схем, Авто машины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан болон 2017 оны 08 дугаар сарын 02-нд Цагдаагийн газраас гаргасан “... жолооч ******* ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, ... малчин Гөрөөчин овогт ******* ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн, ... малчин Гөрөөчин овогт ******* ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 дахь заалтыг зөрчсөн нь осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн ... гэх дүгнэлт ХХ-ийн 38 хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 15-нд Цагдаагийн газраас бүрэлдэхүүнтэй гаргасан 117 дугаартай “... зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон зөрчлийн материалд жолооч С.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй, ... жолооч С.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 9.4/б заалтыг тус тус зөрчөөгүй, ... Мал анхаар тэмдэг зам тээврийн ослын орчимд байгаагүй. Мал анхаар тэмдэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын “Анхааруулах тэмдэг”-ний “1.21 Мал тууж гарах газар”-ыг тэмдэглэнэ ... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 113 хуудас/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч нь С.*******г хурдаа тохируулж яваагүйн улмаас энэ осол гаргасан гэх тайлбар гаргаж байгаа ч ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнийг хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд С.*******гийн машины эвдрэлийг 2.980.000 төгрөг гэж үнэлсэн Хөрөнгө, Даатгалын үнэлгээний “АШИД БИЛГҮҮН” ХХК-ний “Авто машин техникийн үнэлгээний тайланд тусгасан бодит зардлаар тооцож 2.550.000 төгрөг, “АШИД БИЛГҮҮН” ХХК-ийн үнэлгээ тогтоосон үнэ 105.000 төгрөг нийт 2.655.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан С.*******д олгож, үлдэх шууд бус зардал болох будаг лак, сэвгэргэх, будах ажлын хөлс, эд анги солих, тэнхлэг тохиргоо гэх мэт нийт 430.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Я.******* нь хариуцагч С.*******, нарт холбогдуулан гаргасан “Хурдан удмын морины өртөг 3.500.000 төгрөг гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Сөрөг нэхэмжлэгч Я.******* нь эд хөрөнгөнд учруулсан хохирлоо ... Сумын иргэдийн хурлын тогтоолыг үндэслэн суманд нэг удаа айрагдсан морины өртөгөөр тооцож 3.500.000 төгрөгийг С.*******, нараас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд зааснаар “хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд Я.******* нь ... энэ явдал байгалийн гэнэтийн үзэгдлээс болсон болохоос эзэн миний биеэс огт шалтгаалаагүй, жолооч 100 метр дотор анхаарал болгоомжтой явах, саад тохиолдсон үед саадыг тойрох болон хурдыг хасах, зогсох арга хэмжээ авна гэсэн жолоочийн үүргээ биелүүлээгүй, С.******* нь хурд хэтрүүлсэн, машинаа зогсоох арга хэмжээ авалгүй миний морийг дайрсан буруутай гэж үзэж уг мөнгийг С.*******, нараас нэхэмжилж байна гэх тайлбарыг гаргаж байгаа боловч энэхүү тайлбартай баримтаар нотолж чадаагүй төдийгүй тэрээр С.*******гийн ... Я.******* намайг хурдтай явж байгаад морийг нь алсан мэтээр яриад байна. Машиныхаа урд хэсгээр мөргөсөн зүйл огт байхгүй. Морь замын хажуугаар гарсан мөртлөө буцаад миний машины кофутан дээр л унасан. Хурд багатай явж байсан болохоор тормозны мөр гарахааргүй... гэх, гийн  ... Осол болсон орой ээж маань маш их сандарсан байсан тул би ээжийнхээ өмнөөс дуудлага өгсөн. Дуудлага өгсөн гэсэн л үндэслэлээр намайг хариуцагчаар татсаныг гайхаж байна ... гэх гэх тайлбарыг тус тус няцааж чадаагүй.

 Иймд Я.*******гийн эд хөрөнгөнд учирсан хохирлын 3.500.000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 64.310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.*******гээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 2.655.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 57.430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар  зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Я.*******гээс 2.655.000 төгрөг гаргуулан С.*******д олгож, үлдэх 430.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 заасныг баримтлан Я.*******гийн С.*******, нарт холбогдуулан морины өртөг 3.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч С.*******гийн 64.310 төгрөг, сөрөг нэхэмжлэгч Я.*******гийн 71.000 төгрөгийг тус тус орон нутгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.*******гээс 57.430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дах хэсэгт заасан  хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.5 дах хэсэгт зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны  дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6 дах хэсэгт  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.7 дах хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас  өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ

                                      ШҮҮГЧИД                                 Л.ЭНХТАЙВАН

                                                                                        Б.МӨНХЗУЛ