Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 14

 

С.Сэлэнгэтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00466/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Шүүгч                                               Г.Давааренчин

                             Шүүгчид                                         С.Оюунцэцэг

                                                                                    Б.Батзориг

                               

                           Оролцогчид                          

                                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч           Л.Доржпүрэв

Хариуцагч                                        Я.Лхагвасүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч             Р.Атарцэцэг

                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, сөрөг нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор С.Сэлэнгэтуяагийн нэхэмжлэлтэй Я.Лхагвасүрэнд холбогдох “Гэм хор учруулсны хохирол 3.085.000 төгрөг гаргуулах”, Я.Лхагвасүрэнгийн сөрөг нэхэмжлэлтэй С.Сэлэнгэтуяад холбогдох “Хурдан удмын морины өртөг болох 3.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 02 дугаар  сарын  06-ны  өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө 24 цагийн орчим осол болсон. ...Энэ морь нь зам дээр зогсож байгаагүй зам хөндлөн давхиад өнгөрч байсан морь аргамжаандаа татагдаж буцаж миний машин дээр унасан. Морь өндөр амьтан жижиг машины копудан дээр унах нь тодорхой. Миний машин болон би өөрөө жолоочийн хариуцлагын даатгалтай мал машин хоёрын ослын үед даатгалын компани ирж асуудлыг шийдэх хуулийн заалт байхгүй юм байна. Тийм учраас автын цагдаа нар ослын үед даатгал дууд гэж хэлээгүй гэж ойлгож байгаа. Хуульд зааснаар өөрийнх нь буруу гэдгийг ойлгуулж 20.000 төгрөгөөр торгосон байхад ойлгохгүй намайг танил талаараа шийдсэн, хүнтэй уулзах гэж яарч явсан, эрхийн үнэмлэхгүй, даатгалгүй хурд хэтрүүлж явж морийг минь дайрч алсан гэх зэргээр гүтгэж ярьж байгаад маш их гомдолтой байна. Морины эзэн морио тэр урт аргамжаагаар нь сайн бат бөх уяагүй хариуцлагагүй хашаагүй эзнийх нь буруугаас болсон. Миний үнэлгээний компаниас гаргасан хохирлын мөнгө 3.085.000 төгрөгийг үнэн зөвөөр шийдэж морины эзэн болох Я.Лхагвасүрэнгээс гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Хариуцагч Я.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Миний бие энэ ослоос болж ард түмнийг баясгаж байсан, үнэ цэнэтэй хайртай хурдан хүлгээ машинд дайруулж их хэмжээний хохирол амссан. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Сэлэмт хөшөө гэх газрын цанх дор буюу Төгсөө булаг гэдэг газар моридуудаа уяж байсан. ...Тухайн үед С.Сэлэнгэтуяагийн барьж явсан машинаас өөр ямар ч тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоогүй байсан. Дэндүү хурдтай явсан болоод морь түүний машины копуд дээр гарч ирнэ шүү дээ хурд багатай буюу зогсох арга хэмжээ авсан бол дайрагдахгүй байх боломжтой. С.Сэлэнгэтуяа болон түүний нөхөр Ганбаа нар нь рублийн ченж хийдэг, цагдаа шүүхээр явж сурсан танил тал ихтэй гэдгийг хүн бүхэн мэднэ. Энэ байдлаараа гэм зэмгүй надаар машиныхаа хохирлыг төлүүлэх гэж байгаад харин ч би гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч Я.Лхагвасүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... 2017 оны 07 дугаар сарын 26-ны шөнө хурдан морио өвстэй газар идүүлж хонох зорилгоор гурвуулаа Алтанбулаг сумын Төгсгөө булаг гэх газарт аргамжиж хонож байтал гэнэт морьд юманд үргэгдэж аргамжаатай байсан морь тасарч миний борлог морь аргамжаанаасаа алдарсан. Араас нь Нямка, Билгүүн, Борхүү нар мордсон. Би хойноос нь тухайн үед мордох боломжгүй нуруу өвчтэй байсан бөгөөд тухайн хүмүүс удаад байхаар нь арга буюу хойноос нь мордсон боловч хайгаад олоогүй. Харин Нямка бургасны хаяанаас өөрийнхөө азаргыг оллоо гэхээр дахин тэр чигт явсан боловч хайгаад олоогүй гэтэл цагдаа Бүрнээ морь чинь машинд дайрагдсан байна гэж хэл өгсөн Тухайн цаг хугацаанд миний морийг дайрсан хүмүүс цагдаа надад огт хэл өгөөгүй. Яагаад хэлэхгүй хэргийн газрын үзлэг хийж дуусчихсан хойно надад хэлсэнд л гол учир байгаа. Илтэд жолоочийн талд ажиллаа гэж би гомдолтой байна. ...Тухайн хүний машин даатгагдсан бол даатгалын байгууллагаасаа хохирлоо авахгүй яагаад надаас хохирол нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.

Хэрэв С.Сэлэнгэтуяа машин барьж явсан бол өөрөө цагдаагийн байгууллага руу утасдахгүй, хүү Мөнгөншагай нь дуудлага өгдөг юм гэсэн асуулт нь хүү нь тухайн машиныг барьж явсан гэсэн олны үг ортой байна. Түүнчлэн тухайн морь дайрсан гэх машин хурдтай явсан болоод морийг шууд дайрч хол газар замын шороон замын цаад талын өвсөн дээр шидэгдсэн байсан. Уг замын өргөн 6 метр, замын 2 талын шороон зах 2 метрийн өргөнтэй гэж үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн байна. Ингээд үзвэл ямар хол газар морь шидэгдсэн болох нь тодорхой. Хэрэв машин С.Сэлэнгэтуяагийн тайлбарт бичигдсэнээр 40-50 км цагийн хурд багатай явж байсан, зогссон бол морь дайрагдахгүй байх боломжтой, мөргүүлээд тэр дороо морь нь ч амьд байна, машинд нь ч гэмтэл учрахгүй байна. Морины аргамжаан дээр дугуй гарч татагдсан ч тийм урт /18 метр/ аргамжаа татагдлаа гэхэд морь машины копуд дээр унах тохиолдол гарахгүй. Тиймээс жолооч хурдтай явж хурдаа хасаж чадаагүйгээс засмал зам хөндлөн гарч явсан морийг минь дайрсан. Би ч жолооч хүн болсон асуудлыг эргэцүүлэн бодсон ч морь аргамжаанд огт татагдаагүй тийм байхгүй харин хурдаа хасаж чадаагүйгээс осол болсон нь тодорхой.. Тиймээс миний бие тухайн үед машин жолоодож явсан гэх С.Сэлэнгэтуяагийн буруутай үйлдлээс болж миний хурдан морь машинд дайрагдсаны улмаас үхсэн юм. Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийн “ж” хэсэг заагдсан жолоочид хориглосон зам хөндлөн гарч байгаа малыг үргээхийг хориглосон байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 дахь заалт нь засмал замаас 50 метрээс дотогш хариуцлагагүй мал байлгахыг хориглоно гэсэн заалт нь малчид дээрх зайнаас дотогш малаа хариулахгүй байхыг л анхааруулсан заалт. Гэтэл мал шөнийн цагаар зам хөндлөн гарч явбал малыг нь жолооч нар дайраад байхыг зөвшөөрсөн заалт биш гэдгийг ямар ч хүн өөрийн оюун бодлоороо болсон нөхцөл байдалд тохируулан ойлгох ёстой бус уу. Мөн 9.1 дүгээр зүйлийн жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзүүлэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй явах заалт 9.2 дахь заалт жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авах ёстой байсан. Замын хөдөлгөөний дүрмийн олон заалтыг жолооч С.Сэлэнгэтуяа, А.Мөнгөншагай нар нь зөрчсөн байхад зөвхөн малчны буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Үнэлгээнд харьцуулсан үнэлгээний жагсаалтыг хавсаргаагүй байна. Иймд би мориныхоо өртгийг тухайн үед осол гаргасан 94-49 улсын дугаартай приус маркийн жолооч С.Сэлэнгэтуяа, Мөнгөншагай нараас нэхэмжлэхээр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд С.Сэлэнгэтуяагаас үнэлгээний комисс үнэлсэн 3.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Уг адууг Сүхбаатар аймгийн хурдан удамтай уяачаас авсан. Миний морь суманд нэг удаа айрагдсан болохоор 3.500.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байгаа. Учир нь иргэдийн хурлын тогтоолоор суманд нэг удаа айрагдсан морийг 3.500.000-4.500.000 төгрөгөөр үнэлнэ гэж тогтоосон байдаг гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч С.Сэлэнгэтуяа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Я.Лхагвасүрэн намайг хурдтай явж байгаад морийг нь алсан мэтээр яриад байна. Машиныхаа урд хэсгээр мөргөсөн зүйл огт байхгүй. Морь замын хажуугаар гарсан мөртлөө буцаад миний машины копудан дээр л унасан. Хурд багатай явж байсан болохоор тормозны мөр гарахааргүй байсан гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Д.Мөнгөншагай шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Я.Лхагвасүрэн нь хохирол төлөхөөс зориуд санаатай зайлсхийх зорилгоор осол гаргах үед С.Сэлэнгэтуяагийн хүүхэд Мөнгөншагай машин жолоодож явсан гэх яриа сонссон гэж намайг гүтгэж байна. Тэр осол гаргах үед Сүхбаатар суманд өөрийн граж дээрээ юм хийгээд байж байтал ээж утсаар би осолд орчихлоо гэж хэлэхэд нь сандраад тэр даруйд нь явж очсон. Очиход ээж маань маш их сандарсан, бие нь тааруу байсан тул би цагдаагийн байгууллагад осол гарсан талаар мэдэгдсэн. Дуудлага өгсөн гэсэн л үндэслэлээр намайг хариуцагчаар татсаныг гайхаж байна. Машины үнэлгээний хувьд ээж маань ажилтай учраас би ээжийнхээ оронд очиж дүгнэлт гаргуулсан. Иймд би хариуцагч болох ямар ч үндэслэлгүй тул Я.Лхагвасүрэнгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр  хянан хэлэлцээд 11 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Я.Лхагвасүрэнгээс 2.655.000 төгрөг гаргуулан С.Сэлэнгэтуяад олгож, үлдэх 430.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Я.Лхагвасүрэнгийн С.Сэлэнгэтуяа, Д.Мөнгөншагай нарт холбогдуулан морины өртөг 3.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяагийн 64.310 төгрөг, сөрөг нэхэмжлэгч Я.Лхагвасүрэнгийн 71.000 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Лхагвасүрэнгээс 57.430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяад олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Я.Лхагвасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбат овогтой С.Сэлэнгэтуяагийн надаас машины үнэлгээ 2.980.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 105.000 төгрөг нийт 3.085.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасантай танилцан уг нэхэмжпэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байсан төдийгүй хариуцагч Я.Лхагвасүрэн миний бие С.Сэлэнгэтуяа, Мөнгөншагай нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж хурдан морины үнэ болох 3.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч намайг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн үндэслэл зааж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

     

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нотлох баримт гаргуулах үүднээс хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч хүсэлтээс С.Сэлэнгэтуяагийн эзэмшлийн автомашины техникийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын даатгал болон автомашины даатгалын гэрээнүүдийг эх хувиар татан авах, хэргийн газарт үзлэг хийсэн бүрэлдэхүүнээс Сүхбаатар гэх цагдааг гэрчээр асуулгах хүсэлт,  шинжээчийн дүгнэлтийг гаргуулахад хэргийн оролцогчдыг байлцуулах талаар гаргасан хүсэлт тус тус  хангагдаагүй тул Я.Лхагвасүрэнгийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Шүүх Я.Лхагвасүрэнгийн гаргасан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна гэв.

 

 Нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

 Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.  Малчин Я.Лхагвасүрэнгийн адуугаа  сайн аргамжаагүй үйлдлээс болж мал зам дээр гарч ирснээс осол болсон.  Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар өөрсдөө шүүх хуралдаан дээр одоо гэрч асуулгах хүсэлт байхгүй хурлаа хийлгэе гэж хүсэлт гаргаснаар хурал хийгдсэн. Үнэндээ энэ машины эзнийг тогтоох асуудал биш бөгөөд би машинаа өөр хүнд зарсан тухай лавлагаа автотээврийн газраас шүүхэд ирүүлсэн байсан. Иймд шүүх хууль зөрчөөгүй гэж үзэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.   

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяа нь  хариуцагч Я.Лхагвасүрэнд холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохирол 3.085.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Я.Лхагвасүрэн адууны үнэ 3.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг  нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяа түүний хүү А.Мөнгөншагай нарт холбогдуулан тус тус гаргасан байх ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг ханган, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэстэй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагчийн  төлөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзэхэд 2017 оны 07 дүгээр сарын 27-ны шөнө Алтанбулаг- Улаанбаатар чиглэлийн  төв замд буюу  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг  сумын нутагт  Тоёото Приус маркийн СЭҮ-9449 улсын дугаартай  автомашинд адуу дайрагдсан осол гарсан бөгөөд хэргийн зохигчид гэм буруугийн талаар маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл:  Алтанбулаг - Улаанбаатар чиглэлийн төв зам Алтанбулаг сумын нутаг Сэлэмт хөшөөний ойролцоо төв замд 2017 оны 07 сарын 27-ны шөнө гарсан зам тээврийн осол нь  хариуцагч Я.Лхагвасүрэнгийн  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “... засмал замд 50 метрээс дотогш хариуцлагагүй мал байлгахыг хориглоно.” гэсэн хуулийн заалтыг биелүүлээгүй  буруутай эс үйлдэхүйн улмаас  гарсан болох нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн ”Жолооч Сүхбатын С.Сэлэнгэтуяа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй, малчин Ядмын Я.Лхагвасүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтыг зөрчсөн” гэсэн дүгнэлт, тухайн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 52.1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч С.Сүхбаатарын мэдэгдэл   зэрэг бичгийн баримтуудаар  тогтоогдсон байна.

 

Хариуцагч Я.Лхагвасүрэн нэхэмжлэгч /жолооч/ С.Сэлэнгэтуяа нь хурд хэтрүүлсэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчин зогсоох осол аюул тохиолдсон нөхцөлд жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй энэхүү үүргээ биелүүлээгүй, осол гарсан газар “мал тууж гарах газар” гэсэн тэмдэглэгээг зөрчсөн гэж марган өөрт учирсан хохирол буюу адууны үнэ 3.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад түүний хүсэлтээр шүүх С.Сэлэнгэтуяаг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар шинжээчээр давтан дүгнэлт гаргуулсан  байх ба шинжээчийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 117 дугаартай дүгнэлтээр   /жолооч/ С.Сэлэнгэтуяа нь замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 9.4б заалтуудыг зөрчөөнүй, ослын ойр орчимд “Анхааруулах тэмдэг” байгаагүй байна гэжээ.

Иймд  хариуцагч Я.Лхагвасүрэнгийн нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй,  жолооч замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүй, өөрөө аюул тулгарсан үед зогсоох арга хэмжээ аваагүй  гэсэн татгалзал үндэслэлгүй  байх тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр  гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Харин хариуцагч Я.Лхагвасүрэн нь  шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа зарим ажиллагааг дутуу хийсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч автомашинаа хариуцлагын даатгалд даатгуулсан эсэхийг тогтоох, гэрч асуулгах хүсэлтийн заримыг хангасан, нэхэмжлэгчийн автомашинs гэрчилгээг хэрэгт эх хувиар нь хавсаргах зэрэг ажиллагааг хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж зохигчийн хуулиар олгосон эрхийн ноцтой зөрчсөн гомдол нь үндэслэлгүй байна.

 

 Учир нь нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяа нь осол гарах үед Тоёото Прусс маркийн СЭҮ-9449 улсын дугаартай авто машиныг эзэмшиж байгаад осол гарсны дараа Орхон сумын иргэнд Д.Алтангэрэлд худалдсан тухай баримтыг Автотээврийн газраас ирүүлсэн, мөн Монгол даатгал ХХК-аас нэхэмжлэгч автомашинаа даатгуулаагүй тухай тодорхойлолт ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үед автомашинаа даатгуулаагүй байсан гэсэн тайлбар гаргасан байх тул автомашин даатгуулсан тухай бусад даатгалын компаниудаас лавлагаа гаргуулах шаардлагагүй юм.

 

 Тухайн автомашины эзэмшигч шилжсэн эсэх, автомашин даатгуулсан эсэх асуудал нь осол гарсан шалтгаан нөхцөл  зохигчдын  эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм буруутай үйлдэлтэй хамааралгүй байх тул тухайн баримтуудыг шүүх заавал гаргуулах шаардлагагүй байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сэлэнгэ аймаг  дахь  сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа төлсөн  тэмдэгтийн хураамж 64.430 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                       Г.ДАВААРЕНЧИН

                                 ШҮҮГЧИД                           С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Б.БАТЗОРИГ