Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01551

 

  

 

С.Сэлэнгэтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 134 дүгээр шийдвэр,

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар магадлалтай,

 

С.Сэлэнгэтуяагийн нэхэмжлэлтэй,

Я.Лхагвасүрэнд холбогдох,

 

Гэм хор учруулсны хохирол 3,085,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

3,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөншагайн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017.07.26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө 24 цагийн орчим осол болсон. Шөнийн 24 цагаас өглөө үүрийн 5 цаг хүртэл Алтанбулаг сумын цагдаа 1, Сүхбаатар сумаас группт цагдаагийн шинжээч 1, автын байцаагч 1, автын цагдаа 1, нийт 4 цагдаа ирж ослын газарт хэмжилт зураг авалт байцаалт зэргийг хийж бүхэл бүтэн 5 цаг зам дээр байх үед морины эзэн ирээгүй. Манай нөхөр хүү бид хэд нийлээд 7-уулаа байсан. Хөндлөнгийн 2 гэрч зогсоож мэдүүлэг авсан. Алтанбулаг сумын цагдаа болох Бүрнээгийн хамт манай нөхөр морины эзнийг хамт морио идээлүүлж байгаа гэх газар нь 2-3 удаа хайж очоод олоогүй. Энэ олоогүй учир нь Я.Лхагвасүрэн нь морио тэр шөнө идээлүүлж хоносон гэх нь худал гэдгийг нотолж байгаа нь тодорхой юмаа хэлж, хамгийн бага торгууль болох 20,000 төгрөгөөр торголоо гэж хэлж торгосон нь багадсан учраас огт ойлгоогүй байна гэж үзэж байна. Надад үнэлгээний компаниас гаргасан хохирлын үнэлгээнээс гадна эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материал цаг хугацаа зардал мөнгө их гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хуульд заасны дагуу энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан байгаа, танил талаар хөөцөлдсөн зүйл огт байхгүй, намайг чи машин барих эрхтэй юу гэж хүртэл хэлж байсан. Би В, С, Д ангилалтай 15 жил жолоо барьж байгаа жолоодох эрхтэй жолооч хүн 100 метр байтугай ойрын үзэгдэх орчны саад бартааг харж арга хэмжээ авах хэмжээний туршлага надад байгаа гэж бодож байна. Энэ морь нь зам дээр зогсож байгаагүй зам хөндлөн давхиад өнгөрч байсан морь аргамжаандаа татагдаж буцаж миний машин дээр унасан. Морь өндөр амьтан тул жижиг машины копутан дээр унах нь тодорхой. Миний машин болон би өөрөө жолоочийн хариуцлагын даатгалтай, мал машин 2-ын ослын үед даатгалын компани ирж асуудлыг шийдэх хуулийн заалт байхгүй юм байна. Тийм учраас автын цагдаа нар ослын үед даатгал дууд гэж хэлээгүй гэж ойлгож байгаа. Хуульд зааснаар өөрийнх нь буруу гэдгийг ойлгуулж 20,000 төгрөгөөр торгосон байхад ойлгохгүй намайг танил талаараа шийдсэн, хүнтэй уулзах гэж яарч явсан, эрхийн үнэмлэхгүй, даатгалгүй хурд хэтрүүлэн явж морийг минь дайрч алсан гэх зэргээр гүтгэж ярьж байгаад маш их гомдолтой байна. Бас хав харанхуй шөнө энэ гэнэтийн ослын үед эмэгтэй хүн хурд багатай явж байснаар өөр ноцтой асуудал, эрүүл мэнд амь насанд аюул учирсангүй машин техникт нь их хэмжээний эвдрэл гэмтэл гарсангүй гэж огт бодохгүй байгаад харамсаж байна. Морины эзэн морио тэр урт аргамжаагаар нь сайн бат бөх уяагүй хариулгагүй хашаагүй эзнийх нь буруугаас болсон. Миний үнэлгээний компаниас гаргасан хохирлын мөнгө 3,085,000 төгрөгийг үнэн зөвөөр шийдэж морины эзэн болох Я.Лхагвасүрэнгээс гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: 2017.07.26-ны шөнө хурдан морио өвстэй газар идүүлж хонох зорилгоор гурвуулаа Алтанбулаг сумын Төгсгөө булаг гэх газарт аргамжиж хонож байтал гэнэт морьд юманд үргэгдэж аргамжаатай байсан морь тасарч Нямкагийн халтар азарга миний борлог морь аргамжаанаасаа алдарсан. Араас нь Нямка, Билгүүн, Борхүү нар мордсон. Би хойноос нь тухайн үед мордох боломжгүй нуруу өвчтэй байсан бөгөөд тухайн хүмүүс удаад байхаар нь арга буюу хойноос нь мордсон боловч хайгаад олоогүй. Харин Нямка бургасны хаяанаас өөрийнхөө азаргыг оллоо гэхээр дахин тэр чигт явсан боловч хайгаад олоогүй. Сэлэнгэтуяагийн буруутай үйлдлээс болж миний хурдан морь машинд дайрагдсаны улмаас үхсэн. Олон түмнийгээ баясгаж цэнгүүлж байсан олны бахархал болж байсан морь минь байхгүй болсонд миний бие туйлын ихээр харамсаж байна. Уг адууг Сүхбаатар аймгийн хурдан удамтай уяачаас авсан. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Харин сөрөг нэхэмжлэлийн тухайд бол миний дайруулсан морь хурдан удамтай морь байсан. Осол гарсны дараа өөрийн морио үнэлүүлэхэд суманд нэг удаа айрагдсан морь 3,500,000 төгрөгийн үнэлгээтэй гэж гарсан. Тийм учраас өөрийн морины үнэлгээ болох 3,500,000 төгрөгийг С.Сэлэнгэтуяагаас гаргуулахаар нэхэмжилсэн гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөншагай сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Я.Лхагвасүрэн намайг хурдтай явж байгаад морийг нь алсан мэтээр яриад байна. Машиныхаа урд хэсгээр мөргөсөн зүйл огт байхгүй. Морь замын хажуугаар гарсан мөртлөө буцаад миний машины копутан дээр л унасан. Хурд багатай явж байсан болохоор тормозны мөр гарахааргүй байсан. Я.Лхагвасүрэн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж засмал замд хариулгагүй мал байлгаж осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн болох нь Тээврийн цагдаагийн 2019.12.23-ны өдрийн 558 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шөнийн 12 цаг өнгөрч байхад малаа хариулгагүй үлдээсэн нь хариуцагчийн буруу гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 134 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Лхагвасүрэнгээс 2,655,000 төгрөг гаргуулан С.Сэлэнгэтуяад олгож, үлдэх 430,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, С.Сэлэнгэтуяагаас 3,500,000 төгрөг гаргуулан сөрөг нэхэмжлэгч Я.Лхагвасүрэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяагийн 64,310 төгрөг, Я.Лхагвасүрэнгийн 71,000 төгрөгийг тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Лхагвасүрэнгээс 57,430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, С.Сэлэнгэтуяагаас 71,000 төгрөг гаргуулж Я.Лхагвасүрэнд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 134 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 77,830 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөншагай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 32 дугаартай магадлалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-д заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг хэрэглэвэл зохих байсныг хэрэглээгүй учир шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Энэ хэргийг шийдвэрлэх явцад шинжээчийн дүгнэлтүүд олон удаа гарсан билээ. Энэ бүх дүгнэлтүүд бүгдээрээ нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяа буруугүй байна, замын хөдөлгөөний хууль журмыг зөрчөөгүй байна, хариуцагч Я.Лхагвасүрэн нь хууль зөрчсөн буруутай байна гэж гарсан юм. Хамгийн сүүлд гэхэд л 2019.12.23-ны өдөр Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын техникийн шинжээч нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 558 дугаартай дүгнэлт гарч нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяа хууль зөрчөөгүй байна, харин хариуцагч Я.Лхагвасүрэн нь засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан юм. Ийм нотлох баримтууд хэргийн материалд байгаа тул хууль ёсны дагуу цугларсан үндэслэл бүхий эдгээр нотлох баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв үнэлж дүгнээгүй юм. Шүүх хэрвээ нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн бол манай нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэлтэй байсан юм. Яагаад гэвэл энэ хэргийг шийдвэрлэхийн тулд нийт 5 удаа шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд 4 удаагийн шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэгч Б.Сэлэнгэтуяа замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэж гарсан. Харин нэг удаа Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 23 тоот дүгнэлт нь 3 хүний бүрэлдэхүүнтэй гарсан бөгөөд нэхэмжлэгч хариуцагч хоёрыг хоёулаа буруутай гэж үзсэн байдаг. Энэ дүгнэлт нь үндэслэлгүй юм. Учир нь Энэ 23 тоот дүгнэлтийн дараа Улаанбаатар хотын Тээврийн Цагдаагийн албаны 558 тоот дүгнэлт 5 хүний бүрэлдэхүүнтэй гарсан бөгөөд тус дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Сэлэнгэтуяаг буруугүй байна, Я.Лхагвасүрэнг буруутай байна гэж гарсан юм. Хамгийн сүүлд гарсан энэ 558 тоот дүгнэлт болон урьд нь 3 удаа Б.Сэлэнгэтуяаг буруугүй байна гэж гарсан 85 тоот, 117 тоот, 52 тоот дүгнэлтүүдийг шүүх баримтлах ёстой байтал баримтлахгүй олон удаа гарсан шинжээч нарын дүгнэлтүүдээс Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дүгнэлтийг зөвхөн шилж авч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шинжээч нар олон удаа дүгнэлт гаргахдаа тус тусдаа, бие даасан дүгнэлтүүд гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх шинжээч нарын дүгнэлтүүдийг буруу тайлбарлаж, олон удаагийн дүгнэлтүүд гарч байсан боловч энэ дүгнэлтүүд нь харилцан зөрүүтэй гарч байгаагүй, зөвхөн гаргасан дүгнэлтээ батлах байдлаар гарсан дүгнэлтүүд юм гэж дүгнэж шүүхийн шийдвэр, магадлалдаа зааж бичсэн нь огт үндэслэлгүй юм. Шинжээч нарын дүгнэлтийг уншаад үзэхэд л Я.Лхагвасүрэнг буруутай гэж бичсэн нь тодорхой байгаа билээ. Шүүх тодорхой зүйлийг илэрхий буруу тайлбарлаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Хариуцагч нь бидний хохирлыг барагдуулахгүй 2 жил илүү хугацаа өнгөрч байна. Шүүх шударга үнэн шийдвэр гаргаж хохирогч бидний хохирлыг арилгуулж өгнө гэдэгт итгэсээр байна. Бидний гаргаж байгаа энэ гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.13-ны өдрийн 134 тоот шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 32 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү. Шинжээч нарын 4 удаагийн дүгнэлтүүдээр хариуцагч Я.Лхагвасүрэнг хууль зөрчсөн буруутай гэж дүгнэсэн учир хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяа хариуцагч Я.Лхагвасүрэнд холбогдуулан гэм хор учруулсны хохирол 3,085,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, морины үнэ 3,500,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 2,655,000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.   2017.07.27-ны шөнө 00.20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг, Алтанбулаг-Сүхбаатар чиглэлийн төв асфальтан зам дээр нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяа Тоёото приус маркийн 9449 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн Я.Лхагвасүрэнгийн 1 тооны адууг дайрсан зам тээврийн осол гарсан байх бөгөөд тус зам тээврийн осолд иргэн Я.Лхагвасүрэн малаа хариулгагүй байлгасан буруутай үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1. дэх хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж шийтгэгджээ.

 

Дээрх ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд 3,085,000 төгрөгийн хохирол учирсан үндэслэлээр хариуцагчаас дээрх хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хурдан удмын морь дайрсан үндэслэлээр морины үнэ 3,500,000 төгрөгийг нэхэмжилж, сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алиныг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шууд хохирлын хэмжээгээр тооцож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

2.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянавал хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зохигчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д зохицуулжээ.

 

3.   Зохигч гэм буруугийн талаар маргаж байгаа бөгөөд зам тээврийн осолд зохигчийн хэн нь, ямар буруутай болохыг тогтоосон 5 шинжээчийн дүгнэлт авагджээ.

 

Үүнд: 1. Зам тээврийн ослыг шалгах явцад гарсан шинжээч Г.Насанжаргалын буюу 2017.08.02-ны өдрийн №52 дугаартай дүгнэлтээр ...жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, ...малчин Я.Лхагвасүрэн ЗХД-ийн 23.7 Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно... гэсэн заалтыг зөрчсөн гэж,

2. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч Л.Мөнххундага, Н.Даваатулга, Д.Мөнхбат нарын 2017.12.15-ны өдрийн №117 дүгнэлтээр ...жолооч С.Сэлэнгэтуяа ЗХД-ийн 9.2., 9.4.б заалтыг зөрчөөгүй байна... гэж,

3. хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах-ыг хүссэн хүсэлтийг үндэслэн шүүхээс томилогдсон шинжээч Д.Мөнхбат, С.Энхтүвшин, С.Батболд нарын 2018.12.21-ний өдрийн №85 дугаартай дүгнэлтээр ...жолооч С.Сэлэнгэтуяа ЗХД-ийн заалт зөрчөөгүй байна, малчин Я.Лхагвасүрэн ЗХД-ийн 23.7. дахь заалтыг зөрчсөн. Малчин Я.Лхагвасүрэн ЗХД зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн... гэж,

4. хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Х.Ганболд, Б.Амаржаргал, Х.Мөнхбат, Б.Нямцогт, Д.Үнэнболд нарын 2019.04.30-ны өдрийн №23 дугаартай дүгнэлтээр жолооч С.Сэлэнгэтуяа ЗХД-ийн 9.1.-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдны энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 9.2.-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалт зөрчсөн, малчин Я.Лхагвасүрэн ЗХД-ийн 23.7.-д засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн дүрмийн заалт зөрчсөн,... гэж,

5. дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан нь эргэлзээ төлүүлж байна гэх нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх дахин шинжээч томилсноор Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын техникийн шинжээч М.Гарьд, Б.Анхбаяр, Х.Амартүвшин, Д.Ганбат, Б.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй 2019.12.23-ны өдрийн №558 дүгнэлтээр ...жолооч С.Сэлэнгэтуяа ЗХД-ийн 9.1., 9.2., 9.4 заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна, адуу харж байсан Я.Лхагвасүрэн ЗХД-ийн 23.7. ...Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно... гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна... гэж тус тусын дүгнэлтийг гаргажээ.

 

Анхан шатны шүүх дээрх дүгнэлтүүдийг шинжлэн судлаад ...2019.04.30-ны №23 тоот шинжээчийн дүгнэлтийг бусад дүгнэлтүүд үгүйсгэж чадаагүй тул энэхүү дүгнэлтийг үндэслэн зохигчдын гэм буруугийн байдлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй... гэсэн дүгнэлт хийж, зохигчийг хэн алиныг нь гэм буруутай гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүхээс шинжээч томилохдоо өмнө гарсан дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар шинжээчид асуулт тавиагүй бөгөөд зам тээврийн осолд зохигч замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоох агуулгатай асуулт тавьсан, шинжээч шүүхийн тавьсан асуултад хариулсан нь дээрх дүгнэлтүүдэд тусгагдсан байна.

 

Түүнчлэн, хэрэв дээрх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн бол бусад дүгнэлтийг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тодорхой заагаагүй, улмаар дээрх дүгнэлт бусад ямар баримтаар давхар нотлогдож байгаа талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн зохицуулалтад нийцээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг засалгүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

4.   Хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүхийн нотлох баримт үнэлэх журам зөрчсөн алдааг засч, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

2019.04.30-ны өдрийн №23 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийг замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тогтоосон боловч дээрх дүгнэлт хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй тул дан ганц дээрх дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

 

Харин С.Сэлэнгэтуяад холбогдуулан нээсэн зам тээврийн ослын Зөрчлийн хэрэгт Я.Лхагвасүрэнг буруутай болохыг тогтоож, түүнд Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулсанд Я.Лхагвасүрэн гомдол гаргаагүй, шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон, улмаар С.Сэлэнгэтуяа зам тээврийн осол гарахад Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болох нь дээрх 4 шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоноор тэрээр гэм буруугүй болох нь нотлогдсон гэж үзэхээр байна.

 

5.   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 

Иймд нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяа нь хариуцагчид учирсан гэм хорыг хариуцахгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч зам тээврийн ослоос автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг засуулах шууд бус хохирлын зардлыг баримтаар нотлоогүй тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон шууд хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.

 

6.   Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 134 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 497.2., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Я.Лхагвасүрэнгээс 2,655,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяад олгож, нэхэмжлэлийн үлдэх 430,000 төгрөгийг болон хариуцагч Я.Лхагвасүрэнгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Я.Лхагвасүрэнгээс 57,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,310 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,000 төгрөгийг тус тус төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөнжагайн гомдлын заримыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөнжагайгаас 2020.04.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.СОНИНБАЯР

 

Х.ЭРДЭНЭСУВД