Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01023

 

С.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийдвэр

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр магадлалтай

С.С-гийн нэхэмжлэлтэй

Я.Л-д холбогдох

Гэм хор учруулсны хохирол 3 085 000 төгрөг гаргуулах,

Хурдан удмын морины үнэ 3 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Я.Л-, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2017 оны 07 дугаар сарын 26-наасс27-нд шилжих шөнө 24 цагийн орчим осол болсон. ...Энэ морь нь зам дээр зогсож байгаагүй зам хөндлөн давхиад өнгөрч байсан морь аргамжаандаа татагдаж буцаж миний машин дээр унасан. Морь өндөр амьтан жижиг машины копудан дээр унах нь тодорхой. Миний машин болон би өөрөө жолоочийн хариуцлагын даатгалтай мал машин хоёрын ослын үед даатгалын компани ирж асуудлыг шийдэх хуулийн заалт байхгүй юм байна. Тийм учраас автын цагдаа нар ослын үед даатгал дууд гэж хэлээгүй гэж ойлгож байгаа. Хуульд зааснаар өөрийнх нь буруу гэдгийг ойлгуулж 20 000 төгрөгөөр торгосон байхад ойлгохгүй намайг танил талаараа шийдсэн, хүнтэй уулзах гэж яарч явсан, эрхийн үнэмлэхгүй, даатгалгүй, хурд хэтрүүлж явж морийг минь дайрч алсан гэх зэргээр гүтгэж ярьж байгаад маш их гомдолтой байна. Морины эзэн морио тэр урт аргамжаагаар нь сайн бат бөх уяагүй, хариуцлагагүй, хашаагүй, эзнийх нь буруугаас болсон. Миний үнэлгээний компаниас гаргасан хохирлын мөнгө 3 085 000 төгрөгийг үнэн зөвөөр шийдэж морины эзэн Я.Л-гээс гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч Я.Л- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие энэ ослоос болж ард түмнийг баясгаж байсан, үнэ цэнэтэй хайртай хурдан хүлгээ машинд дайруулж их хэмжээний хохирол амссан. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Сэлэмт хөшөө гэх газрын цанх дор буюу Төгсөө булаг гэдэг газар морьдуудаа уяж байсан. ...Тухайн үед С.С-гийн барьж явсан машинаас өөр ямар ч тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоогүй байсан. Дэндүү хурдтай явсан болоод морь түүний машины копуд дээр гарч ирнэ шүү дээ, хурд багатай буюу зогсох арга хэмжээ авсан бол дайрагдахгүй байх боломжтой. С.С- болон түүний нөхөр Ганбаа нар нь рублийн ченж хийдэг, цагдаа шүүхээр явж сурсан танил тал ихтэй гэдгийг хүн бүхэн мэднэ. Энэ байдлаараа гэм зэмгүй надаар машиныхаа хохирлыг төлүүлэх гэж байгаад харин ч би гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Я.Л- сөрөг нэхэмжлэлдээ: ... 2017 оны 07 дугаар сарын 26-ны шөнө хурдан морио өвстэй газар идүүлж хонох зорилгоор гурвуулаа Алтанбулаг сумын Төгсгөө булаг гэх газарт аргамжиж, хонож байтал гэнэт морьд юманд үргэж аргамжаатай байсан морь тасарч миний борлог морь аргамжаанаасаа алдарсан. Араас нь Нямка, Билгүүн, Борхүү нар мордсон. Би хойноос нь тухайн үед мордох боломжгүй нуруу өвчтэй байсан бөгөөд тухайн хүмүүс удаад байхаар нь арга буюу хойноос нь мордсон боловч хайгаад олоогүй. Харин Нямка бургасны хаяанаас өөрийнхөө азаргыг оллоо гэхээр дахин тэр чигт явсан боловч хайгаад олоогүй гэтэл цагдаа Бүрнээ морь чинь машинд дайрагдсан байна гэж хэл өгсөн. Тухайн цаг хугацаанд миний морийг дайрсан хүмүүс, цагдаа надад огт хэл өгөөгүй. Яагаад хэлэхгүй хэргийн газрын үзлэг хийж дуусчихсан хойно надад хэлсэнд л гол учир байгаа. Илтэд жолоочийн талд ажиллаа гэж би гомдолтой байна. ...Тухайн хүний машин даатгагдсан бол даатгалын байгууллагаасаа хохирлоо авахгүй яагаад надаас хохирол нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.

Хэрэв С.С- машин барьж явсан бол өөрөө цагдаагийн байгууллага руу утасдахгүй, хүү Д.М дуудлага өгсөн байдаг. Энэ нь хүү нь машиныг барьж явсан гэсэн олны үг ортой байна. Түүнчлэн тухайн морь дайрсан гэх машин хурдтай явсан болоод морийг шууд дайрч хол газар замын шороон замын цаад талын өвсөн дээр шидэгдсэн байсан. Уг замын өргөн 6 метр, замын 2 талын шороон зах 2 метрийн өргөнтэй гэж үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн байна. Ингээд үзвэл ямар хол газар морь шидэгдсэн болох нь тодорхой. Хэрэв машин С.С-гийн тайлбарт бичигдсэнээр 40-50 км цагийн хурд багатай явж байсан, зогссон бол морь дайрагдахгүй байх боломжтой, мөргүүлээд тэр дороо морь нь ч амьд байна, машинд нь ч гэмтэл учрахгүй байна. Морины аргамжаан дээр дугуй гарч татагдсан ч тийм урт /18 метр/ аргамжаа татагдлаа гэхэд морь машины копуд дээр унах тохиолдол гарахгүй. Тиймээс жолооч хурдтай явж хурдаа хасаж чадаагүйгээс засмал зам хөндлөн гарч явсан морийг минь дайрсан. Би ч жолооч хүн, болсон асуудлыг эргэцүүлэн бодсон ч морь аргамжаанд огт татагдаагүй тийм байхгүй харин хурдаа хасаж чадаагүйгээс осол болсон нь тодорхой.. Тиймээс тухайн үед машин жолоодож явсан гэх С.С-гийн буруутай үйлдлээс болж миний хурдан морь машинд дайрагдсаны улмаас үхсэн юм. Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийн ж хэсэгт зам хөндлөн гарч байгаа малыг үргээхийг хориглосон байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 дахь заалт нь засмал замаас 50 метрээс дотогш хариуцлагагүй мал байлгахыг хориглоно гэсэн заалт нь малчид дээрх зайнаас дотогш малаа хариулахгүй байхыг л анхааруулсан заалт. Гэтэл мал шөнийн цагаар зам хөндлөн гарч явбал малыг нь жолооч нар дайраад байхыг зөвшөөрсөн заалт биш гэдгийг ямар ч хүн өөрийн оюун бодлоороо, болсон нөхцөл байдалд тохируулан ойлгох ёстой бус уу. Мөн 9.1 дүгээр зүйлийн жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзүүлэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй явах, заалт 9.2-т заалт жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авах ёстой байсан. Замын хөдөлгөөний дүрмийн олон заалтыг жолооч С.С-, Д.М нар нь зөрчсөн байхад зөвхөн малчны буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Үнэлгээнд харьцуулсан үнэлгээний жагсаалтыг хавсаргаагүй байна. Иймд би мориныхоо өртгийг тухайн үед осол гаргасан 94-49 улсын дугаартай приус маркийн машины жолооч С.С-, Д.М нараас нэхэмжлэхээр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд С.С-гаас үнэлгээний комисс үнэлсэн 3 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Уг адууг Сүхбаатар аймгийн хурдан удамтай уяачаас авсан. Миний морь суманд нэг удаа айрагдсан болохоор 3 500 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байгаа. Учир нь иргэдийн хурлын тогтоолоор суманд нэг удаа айрагдсан морийг 3 500 000-4 500 000 төгрөгөөр үнэлнэ гэж тогтоосон байдаг гэжээ.

Нэхэмжлэгч С.С- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Я.Л- намайг хурдтай явж байгаад морийг нь алсан мэтээр яриад байна. Машиныхаа урд хэсгээр мөргөсөн зүйл огт байхгүй. Морь замын хажуугаар гарсан мөртлөө буцаад миний машины копудан дээр л унасан. Хурд багатай явж байсан болохоор тормозны мөр гараагүй байсан гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Я.Л- нь хохирол төлөхөөс зориуд санаатай зайлсхийх зорилгоор осол гаргах үед С.С-гийн хүүхэд Д.М машин жолоодож явсан гэх яриа сонссон гэж намайг гүтгэж байна. Тэр осол гаргах үед Сүхбаатар суманд өөрийн гарааш дээрээ юм хийгээд байж байтал ээж утсаар би осолд орчихлоо гэж хэлэхэд нь сандраад тэр даруйд нь явж очсон. Очиход ээж маань маш их сандарсан, бие нь тааруу байсан тул би цагдаагийн байгууллагад осол гарсан талаар мэдэгдсэн. Дуудлага өгсөн гэсэн үндэслэлээр намайг хариуцагчаар татсаныг гайхаж байна. Машины үнэлгээний хувьд ээж маань ажилтай учраас би ээжийнхээ оронд очиж дүгнэлт гаргуулсан. Иймд би хариуцагч болох ямар ч үндэслэлгүй тул Я.Л-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Я.Л-гээс 2 655 000 төгрөг гаргуулан С.С-д олгож, үлдэх 430 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Я.Л-гийн С.С-, Д.М нарт холбогдуулан морины өртөг 3 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч С.С-гийн 64 310 төгрөг, сөрөг нэхэмжлэгч Я.Л-гийн 71 000 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Л-гээс 57 430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-д олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр магадлалаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 64 430 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

...анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд хэрэгт авагдсан нотлох баримтад нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг хэрхэн үнэлсэн болон үнэлэхгүй орхиж байгаа нөхцөл шалтгааны талаар шийдвэртээ огт дүгнэлт хийгээгүй, шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх түүнийг хэвээр нь үлдээж байгаа нь бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй гэж үзэж байна.

...өмгөөлөгчийн зүгээс шүүхэд хүсэлт гаргаж дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийг газар дээр нь очиж үзэж бодит дүгнэлтийг гаргуулах хүсэлтийг шүүх хангасан боловч 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 117 тоот шинжээчийн дүгнэлт нь зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг зэргийг үндэслэн гаргав гэсэн байдаг. Гэтэл бид газар дээр очиж дахин үзлэг хийж осол гарсан газарт мал анхаар тэмдэглэл, асфальтан зам дээр хурд хас гэж хар дээр цагаан будгаар тэмдэглэгээ хийсэн байдаг. Тэр үед замын осол дээр ирсэн автын байцаагч нар эргэн тойрны нөхцөл байдал, тэмдэг, тэмдэглэгээ зэргийг огт дүгнэлтдээ бичээгүй орхигдуулсан учир газар дээр очиж дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч газар дээр нь очиж үзээгүйгээс болж дүгнэлт үндэслэлтэй гарч чадаагүй юм. Ямар ч тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч саад тохиолдох үед зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй, дэндүү хурдтай явсан болохоор зогсох арга хэмжээ авч чадаагүй байдал тогтоогдоно.

   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 зүйлд санаатай болон болгоомжгүй эс үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгө, амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсан бол хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Энэ нөхцөл байдлаас үзэхэд энэ 2 үйлдлийн аль аль нь Я.Л-гийн хувьд тогтоогдохгүй. Хүний хүсэл зоригоос шалтгаалаагүй бий болсон үзэгдэл юм.

Хэрэв морь бөөнөөрөө үргэж зугтаж аргамжаагаа чирч зугтаагаагүй бол морь аргамжаатай газраа уяатай л байх байсан. Энэ явдал байгалийн гэнэтийн  үзэгдлээс болсон болохоос эзний санаатай үйлдэл, эс үйлдлээс огт болоогүй юм.

Харин жолооч энэ ослыг гаргахгүй байх бүрэн боломжтой байсан.

...Шүүх уг машин хэний эзэмшлийн машин гэдэг нь тогтоогдохгүй байхад С.С-гийн эзэмшлийн гэж үзэж байгаа нь буруу, мөн уг осол гаргасан машин зарагдаж Д.Алтангэрэлийн эзэмшилд очсон баримт Авто тээврийн үндэсний төвөөс ирсээр байхад шүүх ийм дүгнэлт хийсэн нь буруу юм. Уг машин шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө өөр хүний эзэмшилд очсон байгаа.

2018 оны 02 сарын 28-ны өдрийн 14 дугаар магадлалын үндэслэх хэсэгт автомашины эзэмшигч шилжсэн эсэх, даатгагдсан эсэх, осол гарсан шалтгаан нөхцөл, зохигчдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан, гэм буруутай үйлдэлтэй хамааралгүй гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болно. Дээрх баримтуудад хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Учир нь нэхэмжлэл гаргах эрхтэй хүн мөн эсэхийг тогтоох.

Даатгуулсан бол даатгалын байгууллагаас төлбөрөө авч дахин хүнээс хохирол гаргуулж байгаа эсэхэд дүгнэлт хийхэд нөлөөлөх нотлох баримт юм.

С.С- анх шүүхэд тайлбар гаргахдаа даатгуулсан гэж бичсэн байсан сүүлдээ даатгуулаагүй гэж хэлдэг. Олон даатгалын байгууллага байгаа болохоор хаана, даатгуулсан гэдгийг тогтоох боломжгүй байдал хариуцагч талд учирч байгаа.

Хэрэгт цугларсан Сэлэнгэ аймгийн зам засварын “АЗЗА”ХХК-ийн тооллогын бүртгэл авагдсан байгаа. Энэ бүртгэлээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Алтанбулаг сумын /хил хүртэл/ “Мал анхаар” анхааруулах тэмдэг 5 ширхэг тавигдсан байдаг бөгөөд яг осол гарсан газарт байсан анхааруулах тэмдгийг шинжээч нарт үзүүлэх талаар хэлсний дараахан алга болсон. Түүнийг нотлох үүднээс энэ баримтыг хэрэгт бэхжүүлсэн боловч шүүх үүнийг хэрхэн үнэлж байгаа эсвэл яагаад үнэлэхгүй байгаа талаар дүгнэлт хийгээгүй.

Шүүх гэрчийн мэдүүлгүүдийг хэргийн үйл баримтыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь нотлох баримтыг үнэлэх дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтээр: ЗХД-ийн 3.7 дахь заалтаар морины эзнийг замын хажууд болон замаар мал тууж явсан мэтээр дүгнэлт гаргасан огтоос буруу дүгнэлт болсон. Осол болсон газар морины эзэн Я.Л- нарын морь уяж идээшлүүлж байсан газар хүртэл ойролцоогоор 8-9 км газар, үүнийг ч шинжээч нар тогтоогоогүй байдаг.

Дээрх байдлуудаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглэх асуудал дээр зөрчил гаргасан байхад түүнийг засуулахгүйгээр хэвээр нь үлдээсэн нь буруу юм.

Алтанбулаг сумаас ирэх 3-н гэрчийн нэг нь ирэх боломжгүй тул татгалзсан. Тэрнээс би автын цагдаа Сүхбаатарыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзаагүй байхад түүнийг асуух хүсэлтийг хангасан байтлаа гэрчээр асуугаагүй болох нь тогтоогдсон нь процессийн зөрчил болсон.

Я.Л-гийн сөрөг нэхэмжлэлийн хувьд аль ч шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаар уг морь хурдан гэдэг нь тогтоогдсон, шагнал урамшуулал гардан авч байгаа зураг, ИТХ-ын тогтоол, үнэлгээ энэ бүхэн хэрэгт авагдсан.

Анхан шатны шүүх өөрөө нотлох баримтаа цуглуулах үүрэгтэй. Д.М, С.С нарын тайлбарыг няцааж чадаагүй гэсэн үндэслэлээр ханган шийдвэрлэх боломжгүй гэсэн өгүүлбэрээр хангахаас татгалзсан нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нарын нотлох баримт зөрчлийн хэргээс татаж авсан баримт тэгвэл яагаад адилхан татаж авсан баримтуудаас С.С-д холбогдолтой гомдлыг шийдвэрлэхдээ тухайн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгочихоод Я.Л-гийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ уг нотлох баримтыг үнэлэхгүй байгааг ойлгохгүй байна. Зохигчид бүгд л тэгш эрхтэй байх ёстой. Тиймээс миний үйлчлүүлэгчийн илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэдэг гомдол ч үүнтэй холбоотой .

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгох эсвэл шийдвэрт өөрчлөлт оруулж Я.Л-гийн сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.С- хариуцагч Я.Л-д холбогдуулан гэм хорын хохиролд 3 085 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, морины үнэ 3 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2017 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутагт Алтанбулагаас Сүхбаатар чиглэлийн төв асфальтан зам дээр С.С- нь Т.Приус маркийн 94-49 СБА дугаартай автомашин жолоодож явахдаа нэг тооны адуу дайрч зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогджээ.

Ослын улмаас С.С-гийн жолоодож явсан авто машинд  3 085 000 төгрөгийн хохирол учирч, Я.Л-гийн 3 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн хурдан удмын адуу үхсэн байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс “...хэрэг учрал болсон газарт тэмдэг, тэмдэглэгээ байсаар байхад хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд энэ талаар огт тусгаагүй гэх үндэслэлээр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасан атлаа шинжээч томилсон тогтоолд энэ талаар заалгүй, орхигдуулж, зөвхөн нэхэмжлэгчид холбогдох асуултыг тавьж хариуг авсан, хэргийн газрын үзлэг хийсэн байцаагч Сүхбаатарыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангасан тогтоолын заалт биелэгдээгүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нь хариуцагчийн нотлох баримтаа бүрдүүлж, мэтгэлцэх эрхийг зөрчсөн, шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг дахин гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, нэхэмжлэгч С.С- нь “Монгол даатгал” ХХК-иас бусад даатгалын компанид жолоочийн хариуцлагын болон авто тээврийн хэрэгслийн даатгалтай эсэхийг, даатгалын нөхөн төлбөр авсан эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулалгүй орхигдуулсан, осол гаргасан тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар нь хэрэгт хавсаргах тухай тогтоолын заалт тус тус биелэгдээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч биш этгээдэд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, гуравдагч этгээдийг хариуцагчаар татсан байх бөгөөд “сөрөг нэхэмжлэлийн хариуцагч” гэх хуульд байхгүй нэр томьёог хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 1681.7. дахь заалтыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг хяналтын шатны шүүхээс зөвтгөж, хэрэгт авагдсан баримтад үндэслэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х. СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД