Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 31

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 1 дүгээр хэсэг 16 дугаар байр 26 тоотод оршин суух, Боржигон овогт Хаянхярваагийн Бадамгэрэл /МЮ-73041468/ нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ашид билгүүн” ХХК-нд холбогдох

 

        “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг, иргэдийн төлөөлөгч Д.Энхбат, нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Х.Бадамгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

           ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 дугаар байр, 26 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1317000205 дугаартай үл хөдлөх хөрөнгийг ээж Ш.Батсүх, хүү Ж.Мөнхбадрал нарын хамт хамтран өмчилдөг. Миний бие нь банкнаас мөнгө зээлсэн ба зээлдэгч нь шүүхэд хандсан учраас шүүхийн шийдвэр гарч уг шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба дээрх үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээг “Ашид билгүүн” ХХК-иар тогтоолгосон. Уг үнэлгээ нь хууль болон бодит байдалтай нийцээгүй үнэлгээ гарсан тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, 16 дугаар байр, 26 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1317000205 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 50.978.000 төгрөгөөр үнэлсэн нь буруу байна.

Учир нь дээрх орон сууцыг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Д.Бадарч гэдэг хүнээс худалдах, худалдан авах гэрээ хийж 60.000.000 төгрөгөөр авсан ба мөн тус байранд 10 гаруй сая т өгрөгийн засвар хийсэн байхад бодит үнэнтэй нийцээгүй үнэлгээг гаргасан байна.

Мөн уг орон сууцыг зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тооцоолохдоо нийт талбайг 49.5 м.кв гэсэн ба 000225217 дугаартай гэрчилгээ дээр 28.95 м.кв гэсэн байхад ямар учраас зөрүү гараад байгаа мөн хөрөнгө үнэлсэн тухай баримтанд 26.95 м.кв гэсэн нь аль талбайн эзэлхүүнийг авч үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл 1 м.кв-ын үнийг 1.050.505 төгрөгөөр үнэлээд үүндээ нийцүүлэх гээд ямар ч баримтгүй нийт талбайг гаргасан нь учир дутагдалтай байна.

Уул нь үнэлгээний байгууллага нь зах зээлийн аргаар судлахдаа ижил төстэй байрнуудыг жишиг аргаар судалдаг байхад яг ямар орон сууц зах зээлийн ханштай дүйцүүлэн гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Үнэлгээнд ... үнэлүүлж буй хөрөнгөд биет үзлэг хийж хэмжилтийг хийсэн ... гэдэг нь үнэнд нийцэхгүй байна.

Үнэлгээ хийсэн үнэлгээчин нь дээрх орон сууцанд ямар ч хэмжилт хийгээгүй зөвхөн зургийг нь дараад явсан болно.

Иймд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №ТХҮ-217-35 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү! гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батчимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа өртгийн хандлага болон орлогын хандлага, зах зээлийн хандлага гэсэн 3 төрлийн хандлагын дагуу хийдэг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үнэлж тогтоосон. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээрээ 26.95 м.кв гэж бичсэн боловч энэ нь хуучин гэрчилгээгээр тогтоосон хэмжээ.

 Орчин үед байшингийн талбайг нийтэд нь үнэлэх ёстой гэсэн стандартын дагуу нийт талбай нь 49.5 м.кв болж түүнийгээ дүйцүүлж барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын дагуу л энэ үнэлгээг гаргасан.

Өөрөөр хэлбэл тухайн байрыг үнэлэхдээ өртгийн аргыг 3 хувиар ашиглаж, зах зээлийн хандлагыг 97 хувиар ашиглаж гаргасан.

 Х.Бадамгэрэлийн байрыг үнэлж байх үед тухайн байрны нэг орцонд байрлах 29 тоот байр 52.000.000 төгрөгөөр зарагдаж байсан. Манай байгууллага Х.Бадамгэрэлийн байрыг эд хөрөнгийн үнэлгээ хийх тухай хуульд нийцүүлэн гаргасан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэв. 

 

        Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Бадамгэрэл нь хариуцагч “Ашид билгүүн” ХХК-нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Ашид билгүүн” ХХК нь ... манай байгууллага Х.Бадамгэрэлийн байрыг эд хөрөнгийн үнэлгээ хийх тухай хуульд нийцүүлэн гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 357 дугаар шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад төлбөр төлөгч Х.Бадамгэрэлийн өмчлөлд байгаа Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг 16 дугаар байр 26 тоот 28.95 м.кв Ү-1317000205 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд мэргэжлийн үнэлгээ тогтоолгохоор “Ашид билгүүн” ХХК-ийн 16012104 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ бүхий шинжээч Ч.Жамъянг томилсон байна.

          Уг тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг 16-26 тоотод байрлах, 26.95 м.кв талбайтай орон сууцыг 50.980.000 төгрөгөөр үнэлж, баримтыг шүүхэд ирүүлсэн болох нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн “Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний №ТХҮ-217-35 дугаартай “Үнэлгээний тайлан”-аар нотлогдож байна.

            Дээрх баримтуудаас үзэхэд Х.Бадамгэрэлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, уг орон сууцыг 60.000.000 төгрөгөөр худалдаж авсан тус байрандаа 10 сая гаруй төгрөгийн  засвар хийсэн байхад бодит үнэнд нийцээгүй үнэлгээ гаргасан, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, бодит үнэнтэй нийцээгүй үнэлгээ гаргасан гэж нэхэмжлэлдээ дурьдсан байгаа боловч “Ашид билгүүн” ХХК-ний орон сууцанд хийсэн үнэлгээ нь мэргэшсэн эрх бүхий шинжээч үнэлгээ гаргасан болох нь үнэлгээний тайлангаар нотлогдож, энэ нь үнэлгээний тухай хуульд нийцсэн байна.

           Иймд Х.Бадамгэрэлийн “Ашид билгүүн” ХХК-нд холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг 16-26 тоотод байрлах 26.95 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Х.Бадамгэрэл нь хариуцагч “Ашид билгүүн” ХХК-нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагт хийхээр товлосон боловч нэхэмжлэгч Х.Бадамгэрэл нь шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргаж түүний хүсэлтээр шүүх хуралдаан 2018 оны оны 01 дүгээр сарын 05-ны 10 цаг хүртэлх хугацаагаар хойшилсон боловч шүүх хуралдаанд “шүүх хуралдаанд очих боломжгүй байна, манай ээжийн бие муу эмнэлэгт сахиж байна” гэснээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагт хийхээр товлосон ч мөн л шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд тэрээр “ар гэрийн гачигдлийн улмаас өөрийн биеэр оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр өмгөөлөгчийг оролцуулан шүүх хурлыг хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Х.Бадамгэрэлийн “Ашид билгүүн” ХХК-нд холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг 16-26 тоотод байрлах 26.95 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Бадамгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                           

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА

                                                 ШҮҮГЧИД                           Д.МӨНХЦЭЦЭГ

                                                                                             Б.МӨНХЗУЛ