Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 08

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                                        Хэргийн индекс: 148/2017/00566/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                                 Б.Батзориг

                             Шүүгчид                                           С.Оюунцэцэг

                                                                                      Г.Давааренчин

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй “******* *******” ХХК-д холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 02 дугаар  сарын  15-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Миний бие нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, ******* дугаар байр, ******* тоотод байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг ээж *******, хүү ******* нарын хамт хамтран өмчилдөг. Миний бие нь банкнаас мөнгө зээлсэн ба зээлдэгч нь шүүхэд хандсан учраас шүүхийн шийдвэр гарч уг шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба дээрх үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээг “******* *******” ХХК-иар тогтоолгосон. Уг үнэлгээ нь хууль болон бодит байдалтай нийцээгүй үнэлгээ гарсан тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, ******* дугаар байр, ******* тоотод байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг 50.978.000 төгрөгөөр үнэлсэн нь буруу байна. Учир нь дээрх орон сууцыг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* гэдэг хүнээс худалдах, худалдан авах гэрээ хийж 60.000.000 төгрөгөөр авсан ба мөн тус байранд 10 гаруй сая төгрөгийн засвар хийсэн байхад бодит үнэнтэй нийцээгүй үнэлгээг гаргасан байна. Мөн уг орон сууцыг зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тооцоолохдоо нийт талбайг 49.5 м.кв гэсэн ба дугаартай гэрчилгээ дээр 28.95 м.кв гэсэн байхад ямар учраас зөрүү гараад байгаа мөн хөрөнгө үнэлсэн тухай баримтанд *******.95 м.кв гэсэн нь аль талбайн эзлэхүүнийг авч үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл 1 м.кв-ын үнийг 1.050.505 төгрөгөөр үнэлээд үүндээ нийцүүлэх гээд ямар ч баримтгүй нийт талбайг гаргасан нь учир дутагдалтай байна. Уул нь үнэлгээний байгууллага нь зах зээлийн аргаар судлахдаа ижил төстэй байрнуудыг жишиг аргаар судалдаг байхад яг ямар орон сууц зах зээлийн ханштай дүйцүүлэн гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Үнэлгээнд ... үнэлүүлж буй хөрөнгөд биет үзлэг хийж хэмжилтийг хийсэн ... гэдэг нь үнэнд нийцэхгүй байна. Үнэлгээ хийсэн шинжээч нь дээрх орон сууцанд ямар ч хэмжилт хийгээгүй зөвхөн зургийг нь дараад явсан болно.

Иймд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн № дугаартай үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа өртгийн хандлага болон орлогын хандлага, зах зээлийн хандлага гэсэн 3 төрлийн хандлагын дагуу хийдэг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үнэлж тогтоосон. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээрээ *******.95 м.кв гэж бичсэн боловч энэ нь хуучин гэрчилгээгээр тогтоосон хэмжээ. Орчин үед байшингийн талбайг нийтэд нь үнэлэх ёстой гэсэн стандартын дагуу нийт талбай нь 49.5 м.кв болж түүнийгээ дүйцүүлж барилга хот байгуулалтын сайдын 20******* оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын дагуу л энэ үнэлгээг гаргасан. Өөрөөр хэлбэл тухайн байрыг үнэлэхдээ өртгийн аргыг 3 хувиар ашиглаж, зах зээлийн хандлагыг 97 хувиар ашиглаж гаргасан. *******ийн байрыг үнэлж байх үед тухайн байрны нэг орцонд байрлах 29 тоот байр 52.000.000 төгрөгөөр зарагдаж байсан. Манай байгууллага *******ийн байрыг эд хөрөнгийн үнэлгээ хийх тухай хуульд нийцүүлэн гаргасан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  хянан хэлэлцээд 31 дугаартай шийдвэрээр:

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар *******ийн “******* *******” ХХК-нд холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг *******-******* тоотод байрлах *******.95 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Шүүх нотлох баримтыг бүрэн анхаарч үзэлгүйгээр хэргийг хариуцагч талд шийдвэрлэсэн байна. Учир нь дээрх орон сууцыг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* гэдэг хүнээс худалдах худалдан авах гэрээ хийж 60.000.000 төгрөгөөр авсан ба мөн тус байранд 10 гаруй сая төгрөгийн засвар хийсэн байхад бодит үнэтэй нийцээгүй үнэлгээг гаргасан. Мөн уг орон сууцыг зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тооцоолохдоо нийт талбайг 49.5мкв гэсэн ба дугаартай гэрчилгээ дээр 28.95 м.кв гэсэн байхад ямар учраас зөрүү гараад байгаа мөн хөрөнгө үнэлсэн тухай баримтад *******.95м кв гэсэн нь аль талбайн эзлэхүүнийг авч үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл 1мкв ын үнийг 1.050.505 төгрөгөөр үнэлээд үүндээ нийцүүлэх гээд ямар ч баримтгүй нийт талбайг гаргасан нь учир дутагдалтай байна.

Уул нь үнэлгээний байгууллага нь зах зээлийн аргаар судлахдаа ижил төстэй байрнуудыг жишиг аргаар судалдаг байхад яг ямар орон сууц зах зээлийн ханштай дүйцүүлэн гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Үнэлгээнд ...үнэлүүлж буй хөрөнгөнд биет үзлэг хийж хэмжилтийг хийсэн... гэдэг нь үнэнд нийцэхгүй байна. Үнэлгээ хийсэн үнэлгээчин нь дээрх орон сууцанд ямар ч хэмжилт хийгээгүй зөвхөн зургийг нь дараад явсан юм. Миний зүгээс шүүхэд гаргаж өгсөн баримтанд тус орон сууцыг 1981 онд ашиглалтад орсон гэсэн байхад шинжээч 1960 онд ашиглалтад орсон гэж үзсэн нь үнэлгээ зөрүүтэй гарах үндэслэл болсныг шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01-р сарын 17-ны өдрийн 31 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь  хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хөрөнгө үнэлгээний “******* *******” ХХК-д холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 71 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 357 дугаар шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад төлбөр төлөгч *******ийн өмчлөлд байгаа Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг ******* дугаар байр ******* тоот 28.95 м.кв ******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд  үнэлгээ тогтоолгох зорилгоор 2017 оны 09 сарын 12-ны өдрийн тогтоолоор хөрөнгө үнэлгээний  “******* *******” ХХК-ийг шинжээчээр  томилсон байна.

 

 Уг тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээний “******* *******” ХХК нь  нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон байна.

 

Дээрх үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч  ******* нь хариуцагчийг  үнэлгээ тогтоосон “******* *******” ХХК гэж тодорхойлсон боловч түүний гаргасан гомдол нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол буюу

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан эд хөрөнгийн үнэлгээний талаархи  гаргасан гомдол гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагчийг үнэлгээг хууль болон бодит байдалтай  нийцүүлэлгүй дүгнэлт гаргасан гэж маргаж байгаа боловч  хариуцагч нь ямар хуулийг зөрчсөн болон бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээ нотлоогүй, үл хөдлөх хөрөнгийн одоогийн  зах зээлийн ханшийн судалгаа болон эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээний талаар бодит мэдээлэл баримт зэргийг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрх ашгийн зөрчөөгүй, “******* *******” ХХК нь тус хэргийн хариуцагч биш байх тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  01 сарын 17-ны өдрийн 31 дугаартай шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                           С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН