Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00493

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 458 дугаар шийдвэр,

          Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Х.Б-

          Хариуцагч: “Ашид...” ХХК-д холбогдох

          Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ...-р баг, ...-р байр, ... тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг ээж, хүү нарын хамт хамтран өмчилдөг. Миний бие нь банкнаас мөнгө зээлсэн ба зээлдэгч нь шүүхэд хандсан учраас шүүхийн шийдвэр гарч уг үл хөдлөх хөрөнгөд үнэлгээг “Ашид...” ХХК-иар тогтоолгосон. Уг үнэлгээ нь хууль болон бодит байдалтай нийцээгүй үнэлгээ гарсан тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үл хөдлөх хөрөнгийг 50,978,000 төгрөгөөр үнэлсэн нь буруу байна. Дээрх орон сууцыг 2013-08-23-ны өдөр Д.Бадарч гэдэг хүнээс худалдах- худалдан авах гэрээ хийж 60сая төгрөгөөр авсан ба мөн тус байранд 10 гаруй сая төгрөгийн засвар хийсэн байхад бодит үнэнтэй нийцээгүй үнэлгээг гаргасан байна. Мөн уг орон сууцыг зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тооцоолохдоо нийт талбайг 49.5 м.кв гэсэн ба гэрчилгээ дээр 28.95 м.кв гэсэн байхад ямар учраас зөрүү гараад байгаа мөн хөрөнгө үнэлсэн тухай баримтанд 26.95 м.кв гэсэн нь аль талбайн эзэлхүүнийг авч үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл 1 м.кв-ын үнийг 1,050,505 төгрөгөөр үнэлээд үүндээ нийцүүлэх гээд ямар ч баримтгүй нийт талбайг гаргасан нь дутагдалтай байна. ...Үнэлгээ хийсэн үнэлгээчин нь дээрх орон сууцанд ямар ч хэмжилт хийгээгүй зөвхөн зургийг нь дараад явсан болно. Иймд 2017-09-28-ны өдрийн №ТХҮ-217-35 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч тайлбартаа: Манай байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа өртгийн хандлага болон орлогын хандлага, зах зээлийн хандлага гэсэн 3 төрлийн хандлагын дагуу хийдэг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2017-09-28-ны өдөр үнэлж тогтоосон. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээрээ 26.95 м.кв гэж бичсэн боловч энэ нь хуучин гэрчилгээгээр тогтоосон хэмжээ. Орчин үед байшингийн талбайг нийтэд нь үнэлэх ёстой гэсэн стандартын дагуу нийт талбай нь 49.5 м.кв болж түүнийгээ дүйцүүлж барилга хот байгуулалтын сайдын 2016-12-28-ны өдрийн 203-р тушаалын 2-р хавсралтын дагуу энэ үнэлгээг гаргасан. Өөрөөр хэлбэл тухайн байрыг үнэлэхдээ өртгийн аргыг 3%-р ашиглаж, зах зээлийн хандлагыг 97%-р ашиглаж гаргасан. Х.Б-ийн байрыг үнэлж байх үед тухайн байрны нэг орцонд байрлах ... тоот байр 52 сая төгрөгөөр зарагдаж байсан. Манай байгууллага Х.Б-ийн байрыг эд хөрөнгийн үнэлгээ хийх тухай хуульд нийцүүлэн гаргасан тул нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 458 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсэн байна.

         Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

    Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг иргэний хэрэг үүсгээд ажиллагаа явуулсан нь буруу гэж үзсэн хэрнээ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүйгээр хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн нь ойлгомжгүй байна. Мөн 2017-09-28-ны өдрийн үнэлгээ нь маш тодорхой бус хийгдсэн, зах зээлийн ханшийг судлаагүйгээр шууд дүгнэлт гаргасан. Уг орон сууцыг зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тооцоолохдоо нийт талбайг 49.5 м.кв гэсэн ба харин гэрчилгээ дээр 28.95 м.кв гэсэн нь ойлгомжгүй, ямар учраас зөрүү гараад байгаа нь тодорхойгүй байхад шүүх энэ талаар үндэслэлтэй тайлбар хийгээгүй байна. Мөн шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, тогтоох хэсэгт удаа дараа үнэлгээний зүйлийн хэмжээг 26.5мкв гэж байгаа нь дээрх орон сууцыг 28.95мкв гэж үзсэн хэмжээнээс ч багасгасан нь шүүгч хэргийн материалтай сайтар танилцаж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэдэгт эргэлзэж байна. Энэ хэрэгт Дээд шүүхийн Тогтоол гарсан ба энэ тогтоолын агуулгыг бүрэн хэрэгжүүлээгүй, хариуцагч нь үнэлгээний байгууллага юм уу, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага юм уу гэдэгт дүгнэлт өгөөгүй. Шүүх илт нэг талыг барьж шийдвэрийг гаргаж байна. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлтэд гомдол гаргахдаа 7 хоног хэтрүүлсэн гэж үзсэн ба хэрвээ анхнаасаа энэ асуудлыг мэдэж байсан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, миний бие энэ талаарх баримт болон нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх боломжтой байсан. Хэрвээ үнэлгээний байгууллагыг хариуцагч биш гэж үзэх юм бол энэ хэргийн хариуцагч хэн болох эсэх дээр дүгнэлт өгөөгүй, хэрвээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргана гэж үзэх юм бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг гаргаагүй зэрэг эргэлзээтэй байдлууд үүссэн байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Х.Б- 2017-10-27-ны өдөр “Ашид...” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ. 

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, хэвээр үлдээсэн байна. 

         Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-30-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр Х.Б- 48,931,956 төгрөгийг “Голомт банк” ХХК-ийн Сэлэнгэ дэх тооцооны төвд төлөхөөр болсон бөгөөд төлбөрийг сайн дураар эс биелүүлвэл үүргийн гүйцэтгэлийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ... дугаар баг ... тоотод байрлах орон сууцаар хангуулахаар шийдвэрт заасан байна. 

        Төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар төлөөгүй тул Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016-10-06-ны өдрийн 881 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум .. дугаар баг ... тоотод байрлах, Х.Б-, Ш.Б-, Ж.М- нарын өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг битүүмжлэн, хураан авчээ. 

        Х.Б-, Ш.Б-, Ж.М- нар дурдсан эд хөрөнгийг 61,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан, Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017-09-12-ны өдөр шинжээчээр “Ашид...” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчөөгүй бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

         Хариуцагч дүгнэлт гаргахдаа Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017-09-12-ны өдрийн “шинжээч томилох тухай” тогтоолыг үндэслэсэн байна. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх ажиллагаанд шинжээчийг оролцуулах нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хэрэгжүүлэх арга хэмжээ тул шинжээчийн үнэлгээтэй холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан гаргана. Иймд шүүх “Ашид...” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.9, 44.7, 21 дүгээр зүйлийн 21.4, 301 дүгээр зүйлд нийцжээ.   

         Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 458 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ