Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00833

 

Б.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн      

          2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 139/ШШ2019/00478 дугаар шийдвэр,

          Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 218/МА2020/00002 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.П-

          Хариуцагч: “...эф” ХХК

          12,495,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвабаярын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ...эф ХХК-д 2016-05-27-с эхлэн Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн уурхайн экскаваторын оператораар түр тушаалаар ажилд орж улмаар 2016-08 сард жинхэлж, хөдөлмөрийн гэрээг 2016-08-15-ны өдөр байгуулсан. Сарын үндсэн цалин 801,000 төгрөг ба ажиллаж байх хугацаанд буюу 2017-07-01-с уг компани сул зогсолт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 56-д зааснаар cap бүр үндсэн цалингийн 60%-тай тэнцэх олговор олгож байхаар захирлын тушаал гарсан байсан. Иймд тус компаниас 2017-07 сараас эхлэн 2019 оны 9 cap дуустал хугацааны сул зогсолтын мөнгө 26 сараар тооцож 12,495,600 төгрөгийг гаргуулна гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: Манай компанийн төв УБ хотод байрладаг байхад нэхэмжлэлээ Дундговь аймгийн шүүхэд гаргасан байна. Дундговь аймагт байрлах манай уурхайн үйл ажиллагаа 2016 оны сүүлээс хойш хаагдсан ба үйл ажиллагаа огт явуулахгүй байгаа болно. Тиймээс хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хэмээн үзэж байна. Мөн тус ажилтан нь өөрийн сул зогсолтод хамрагдсан тушаал, хавсралтаа өгөөгүй байна..урьдчилан хянан шийдвэрлэх журмаар компанийн гүйцэтгэх захирал болох С.Оюунбат болон компани, компанийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст огт хандаагүй тул нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй. Мөн сул зогсолт зарласан тушаалыг гаргасан гэх Ян Жин Гуан гэгч нь энэ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон улсын бүртгэлийн баримт байхгүй байх бөгөөд тушаал нь хуулийн хүчин төгөлдөр бус байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 139/ШШ2019/00478 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.11, 56.2-т заасныг баримтлан ...эф ХХК-с 12,495,600 төгрөг гаргуулан Б.П-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 212500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.П-гээс 2380 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 214,880 төгрөг гаргуулж Б.П-д олгохоор шийдвэрлэсэн байна.

          Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 218/МА2020/00002 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 139/ШШ2019/00478 тоот шийдвэрийг хэвээр үлдээж,хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 144,680 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвабаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримт болон Хөдөлмөрийн тухай хууль, ИХШХШТХ-д нийцээгүй байна. Тодруулбал, хариуцагчийн зүгээс сул зогсолтын олговор олгох тушаалыг гаргах эрхгүй этгээд гаргасан нь ямар нэг эрх зүйн үр дагаврыг агуулахгүй тухай гомдолдоо үндэслэл бүхий хангалттай тодорхой дурдсан бөгөөд тус этгээд нь хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд байсан болохыг нотлон “...эф” ХХК-н бүртгэлийн лавлагааг өгсөн. “Итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн тухай мэдээлэл” хэсэгт /хх78/ тушаал гаргасан БНХАУ-н иргэн Ян Жин Гуан гэх хүний нэр байхгүй бөгөөд энэ нь нөхцөл байдлыг нотолсон баримт юм. Уг баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байх тул шүүхийн зүгээс ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэн ИХШХШТХ-н 40.2-н зохицуулалтын хүрээнд  нотлох баримтыг дутуу үнэлэн, үндэслэлгүй шийдвэр гаргасан байдлыг давж заалдах шатны шүүх залруулна гэж итгэж байсан. Түүнчлэн, магадлалд нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн тухай үйл баримтыг нэлээдгүй дурдсан хэдий ч хариуцагч компанийн нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрхийг сэргээх, холбогдох үйл ажиллагааг явуулах боломж бололцоо нь хариуцагчид бүрэн байгаа эсэх, түүнтэй холбоотой бусад үйл баримтыг бүрэн тогтоож, хууль заасны дагуу эрх тэгш байх зарчмыг баримтлаагүй. Иймд магадлал залруулах ёстой байсан шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. “...эф” ХХК-н ажилтан Ян Жин Гуаны гаргасан тушаал нь хуульд заасан шаардлага хангаагүй. 2017-06 сараас эхлэн “...эф” ХХК-н Уулын баяжуулах салхит үйлдвэрт явуулж байсан ашигт малтмал олборлох, баяжуулах үйл ажиллагаа нь тодорхой шалтгааны улмаас бүхэлдээ зогссон байдаг. Харин энэ үед компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох Ян Жин Гуан нь сул зогсолт зарласан байх боловч энэхүү тушаал нь хуульд заасны дагуу гараагүй буюу ямар ч эрх зүйн үр дагаваргүй тушаал болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 56.1, 56.2 “..ажилтны үндсэн цалингийн 60 хувь, ..доогуур байж болохгүй.’’ гэж заасан байх ба хуульд заасан сул зогсолтын Компанийн тухай хуулийн 83.1, 83.2, 83.3 дахь заалтуудад тусгагдсан компанийн гүйцэтгэх захирал буюу хууль тогтоомжид заасан компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гаргаж байж энэхүү тушаал нь хуулийн хүчин төгөлдөр болох юм. Өөрөөр хэлбэл дээрх тушаалыг зөвхөн компанийн хууль ёсны гүйцэтгэх захирал, төлөөлөх эрхтэй этгээд гаргасан тохиолдолд эрх зүйн үр дагавар агуулж улмаар хуульд заасан сул зогсолтын олговрыг олгох нөхцөл байдал бий болно. Гэвч 2017-07-01-ний өдрийн №17/53 тушаал нь “...эф” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд бус харин тухайн үеийн компанийн ажилтан байсан БНХАУ-н иргэн Ян Жин Гуан гаргасан тул энэ нь уг тушаал нь ямар нэг эрх зүйн үр дагаваргүй байх атал шүүх тухайн нотлох баримтыг үнэлэн хэргийн шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.1, 10.1.10, Компанийн тухай хуулийн 83.1, 83.2, , 83.3, 83.8-г үзвэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр компанийн гүйцэтгэх удирдлагын эрхийг эдэлж холбогдох, тушаал, шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж байж тэдгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох талаар заасан байна. Тухайн үед буюу маргаан бүхий сул зогсолт заралсан тушаал гаргасан үе болох 2017-07-01-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд бичигдсэнээр 2015-05-08-с 2017-07-08-г хүртэл БНХАУ-н иргэн Жин Жиан мин /Jin Jian Min/ байсан бөгөөд улмаар 2017-07-08-с Монгол Улсын иргэн Г.Жаргалан, тус оны 07-27-ны өдрөөс одоогийн компанийн гүйцэтгэх захирал С.Оюунбат тус тус бүртгэгдсэн байдаг. Үүнээс үзвэл сул зогсолт зарласан тушаал гаргасан БНХАУ-н иргэн Ян Жин Гуан нь “...эф” ХХК-г итгэмжлэлгүйгээр хэрэгжүүлэх эрх бүхий этгээд биш болох нь тодорхой юм. Гэвч 2017-07-01-ний өдрийн 17/53 дугаартай сул зогсолт зарлах тухай захирлын тушаалыг Ян Жин Гуан гаргасан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудад нийцэхгүй байх тул дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх зүйн үр дагаврыг бий болгохгүй тул шүүх дээрх шийдвэрт үндэслэн шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй байна. Гурав. Хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж дүгнэсэн тухайд. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019-09-25-ны өдөр Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Дундговь аймаг дахь СДИХАШШүүхийн 2018-08-17-ны өдрийн №579 дугаартай хэрэгт сул зогсолт хийх тухай тушаалыг хавсралтын хамт хуулбарлан авах хүсэлтэй байна” гэх хүсэлтийг гаргаж улмаар тус шүүхийн шүүгчийн 2019-09-26-ны өдрийн 139/Ш32019/01428 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэж “...эф” ХХК-н захирлын 2017-07-01-ны өдрийн №17/53 дугаартай “Сул зогсолт зарлах тухай” тушаалыг гурван хуудас бүхий хавсралтын хамт нотлох баримтаар ирүүлжээ. Энэхүү нотлох баримтыг задлан шинжилбэл захирлын тушаал хэсэгт “...эф” ХХК-н ажилтан гэх Ян Жин Гуан, түүний гарын үсэг болон тамга дарагдсан байна. Гэвч тус нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй юм. Тодруулбал, 2017-07-01-ний өдрийн 17/53 дугаар тушаалын ард талын хуудаснуудыг харвал компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гаргасан эсэх, мөн ямар тоот тушаалын хавсралт болохыг мэдэх боломжгүй буюу тухайн хавсралтын зүүн дээд буланд “тоот тушаалын хавсралт” гэхээс өөр ямар нэг бичгэн тэмдэглэгээ, компанийн тамга тэмдэг байхгүй байна. Дээрх хавсралт гэх 3 хуудас материалыг дурын этгээд “Мicrosoft excel” програм дээр шивж шүүхэд өгч болох хэдий ч шүүхийн зүгээс тус баримтыг хуульд заасан нотлох баримтыг шаардлага хангасан эсэхийг нарийвчлан тогтоох, нотлох баримтыг үнэлэхдээ анхаарах шаардлагатай байсан. ИХШХШТХ-н 37.1,37.2, 44.1, 44.2-т ..ач холбогдол бүхий бичгэн нотлох баримт гэдэгт юуг ойлгох, мөн түүнийг хэрхэн бүрдүүлж, баталгаажуулан шүүхэд өгөх тухай маш тодорхой тусгасан байдаг. Харин өмнө дурдсан 17/53 дугаар тушаалын хавсралт гэх 3 хуудас материал нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд хэний гаргасан, ямар тушаалын хавсралт гэдэг нь тодорхойгүй байдаг. Мөн нотлох баримтыг 2018-08-17-ны өдрийн 139/ШШ2018/00579 дугаартай шийдвэртэй иргэний хэргээс ирүүлсэн гэдэг нь үнэн боловч уг нотлох баримтыг тухайн хэрэгт хэн гаргаж өгсөн нь тодорхойгүй байна. Түүнчлэн уг баримтыг 17/53 дугаар тушаалын хавсралт мөн гэж үзэж байгаа бол нотариатаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлагатай. Гэтэл хавсралт гэх энэхүү 3 хуудас баримт нь дээрх шаардлагуудын алийг ч нь хангаагүй байх бөгөөд тухайн тушаалын хавсралтын эх хувь биш, мөн ямар нэг байдлаар нотариатаар гэрчлүүлээгүй зэрэг нь дээрх хавсралт гэх 3 хуудас материал дээр зөвхөн Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн архивын тамга дарагдсан байгаа нь Төрийн болон төрийн бус байгууллага. хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэх заалтын дагуу уг шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан байх бөгөөд энэхүү тэмдэг нь тухайн баримт нь шүүхийн архивт байсан нь үнэн гэдгийг нотлохоос бус уг баримтын эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн нь үнэн болно гэдгийг батлахгүй юм. Иймд уг 17/53 дугаар тушаалын хавсралт гэх 3 хуудас бүхий баримт нь ИХШХШТХ-н 44.2, 38.5-г зөрчсөн хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт байх тул энэхүү нотлох баримт нь ХХША-нд ямар нэг нөлөөлөл үзүүлэхгүй бөгөөд нотлох чадваргүй нотлох чадвараа алдахаар байна. Ийнхүү дээрх нотлох баримт нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул ИХШХШТХ-н 38.5-д заасны дагуу ямар нэг байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй боловч анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү нотлох баримтын үнэлэн шийдвэр гаргасан нь хууль хэрэглээний алдаатай, хэргийг тал бүрээс нь харж, үндэслэл бүхий гарсан гэж үзэх боломжгүй шийдвэр болжээ. Дөрөв. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг бүрэн тодорхойлж чадаагүй тухайд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын уурхайн үйл ажиллагаа нь 2017-06 сараас эхлэн хууль болон шүүхийн байгууллагуудын шийдвэрийн улмаас зогссон бөгөөд улмаар 2018-12-29-ний өдрийн Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийн А/591 дугаар захирамжаар орон нутгийн хамгаалалтад авагдсан. Улмаар компанийн удирдлагууд тухайн цаг үеэс хойш уурхайд нэвтрэх боломжгүй болсон бөгөөд уурхайд үйл ажиллагаа явуулах нь бүү хэл, өөрийн өмчлөлийн уурхайд нэвтрэх боломжгүй болоод байгаа билээ. Энэхүү нөхцөл байдалд өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд 2017-06 сараас хойш компани ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулж, ашиг, орлого олоогүй болно. Компанийн тухай хуулийн 3.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ. ” гэж заасан байдаг бөгөөд манай компанийн үндсэн зорилго нь мөн л ашиг олох юм. Гэвч өмнө дурдсанчлан 2017-06 сараас эхлэн үйл ажиллагаа нь бүрэн зогссон бөгөөд тухайн үеэс эхлэн үндсэн зорилгоо хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүрсэн билээ. Нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацаанд компани ямар ч үйл ажиллагаа явуулаагүй буюу уг хугацаанд ашиг, орлого олоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай шийдвэр болсон болохыг харуулж байна. Ийм магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Б.П- 2018-10-05-ны өдөр шүүхэд хандаж, 12,495,600 төгрөгийг гаргуулахыг шаардахдаа “...Уулын баяжуулах Салхит үйлдвэрт уурхайн экскаваторын оператораар ажилласан... байгууллага 2017-07-01-с сул зогсолт хийсэн тул 2017-07 сараас эхлэн 2019 оны 9 cap дуустал хугацааны сул зогсолтын мөнгө авна..” гэжээ. 

           Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...компанийн төв УБ хотод байрладаг байхад Дундговь аймгийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл юм... манай уурхай 2016 оны сүүлээс хойш хаагдаж үйл ажиллагаа явуулахгүй байгаа...ажилтан сул зогсолтод хамрагдсан тушаалаа өгөөгүй... захирал болон компанийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй...” гэжээ. 

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

          Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          1. ...эф ХХК-ийн захирал 2017-07-01-ний өдөр “Сул зогсолт зарлах тухай” 17/53 дугаартай тушаал /хх-ийн 216-219 -рт/ гаргасан байх бөгөөд уг тушаалаар 2017-07-01-с эхлэн компанийн хэвийн үйл ажиллагаа эргэн сэргэх хүртэл сул зогсолт зарлаж, нэр бүхий ажилчдад сул зогсолтын үеийн олговорыг үндсэн цалингийн 60 хувиар бодож олгохыг компанийн нягтлан бодогчид даалгасан байна.

         Сул зогсолт бий болсон бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан журмаар ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно. Ийнхүү өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол сул зогсолтын хугацаанд ажилтанд олговор олгох эсэхийг шийднэ.

          Ажилтан, ажил олгогч нар хоорондоо хамтын гэрээгээ байгуулах үедээ сул зогсолтын хугацаанд ажилтанд олгох олговорын хэмжээг тохирч болно. Хамтын гэрээгээр тодорхойлоогүй, байгуулаагүй бол ажилтны үндсэн цалингийн 60 хувиар сул зогсолтын олговорыг ажил олгогч олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг зөрчихгүй юм. 

         Иймд шүүх ажил олгогчийн 2017-07-01-ний өдрийн 17/53 дугаар тушаалыг  нэхэмжлэлийг хангах нөхцөл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 33,56 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

         2. Ажил олгогчийн 2017-07-01-ний өдрийн 17/53 дугаар тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй талаарх хариуцагчийн тайлбарыг нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүх ажил олгогчийн уг шийдвэрийг нэхэмжлэлийг хангах нөхцөл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

        Түүнчлэн, ажил олгогч байгууллагын дотоод асуудлыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 56 дугаар зүйлийн 56.3-д нийцэхгүй болно.  

        3. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

        Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 139/ШШ2019/00478 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 218/МА2020/00002 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 214,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ