Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2019/ДШМ/26

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 27 өдөр                            

      2019/ДШМ/26                                                              Зуунмод

Б.Г, Д.Н, Х.Ц, Т.У  нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхболд,             

Шүүгдэгч Б.Г, Д.Н, Х.Ц, Т.У 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Г.Нарантуяа, Ч.Хүрэлбаатар, Д.Батбаяр,

Иргэний нэхэмжлэгч Д.Түвшинзаяа,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Г, Д.Н, Х.Ц, Т.У  нарт холбогдох 1834007130356 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Гүенгийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Д.Н-н өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Х.Ц-н өмгөөлөгч Г.Нарантуяа, шүүгдэгч Т.У-н өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Д.Н , Т.У , Х.Ц , Б.Г нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн Д.Н , Улаанбаатар хотод 1998 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, АШУҮИС-ийн .... оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: УК9...4,

 

Монгол Улсын иргэн Х.Ц , Орхон аймагт 1999 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, АШУҮИС-ийн ... оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч ихэр дүүгийн хамт Орхон аймаг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ФБ...3,

 

Монгол Улсын иргэн Т.У , Улаанбаатар хотод 1999 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, АШУҮИС-... оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянгол ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: УЮ....15,

 

Монгол Улсын иргэн Б.Г , 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн .. оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: УС..17,

 

Шүүгдэгч Д.Н  нь Х.Ц , Б.Гүен, Т.У  нартай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 00 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Шүүгдэгч Х.Ц  нь Д.Н , Б.Гүен, Т.У  нартай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Шүүгдэгч Т.У  нь Х.Ц , Д.Н , Б.Г нартай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Шүүгдэгч Б.Г нь Х.Ц , Д.Н , Т.У  нартай бүлэглэн2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.             

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г, Д.Н, Х.Ц, Т.У  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч Д.Н , Х.Ц , Т.У , Б.Г  нарыг бүлэглэж, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус  тус тооцож,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Х.Ц , Т.У , Б.Г  нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг,

шүүгдэгч Х.Ц , Т.У , Б.Г  нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Шүүгдэгч Д.Н , Х.Ц , Т.У , Б.Г  нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

            шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Toyota Prius-30” маркийн 17-88 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч ЦГ69073118 дугаарын регистртэй, Орхон түшээ гүн овгийн Донхооны Түвшинзаяад олгохыг тус тус дурдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн гялгар ууттай, Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвсийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Н , Х.Ц , Т.У , Б.Г  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Д.Түвшинзаяагийн эзэмшлийн “Toyota Prius-30” маркийн 17-88 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 12.547.920 /арван хоёр сая таван зуун дөчин долоон мянга есөн зуун хорь/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 3.136.980 /гурван сая нэг зуун гучин зургаан мянга есөн зуун ная/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

  Шүүгдэгч Б.Гүенгийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие эрүүгийн 1834007130356 дугаартай хэрэгт холбогдогч Буянтогтох овогтой Гүенд хууль эрх зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр ажиллаж байгаа ба Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 40 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 1. Миний үйлчлүүлэгч Б.Гүенд анхан шатны шүүх хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Учир нь миний үйлчлүүлэгч Б.Г нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн хэргийн талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлж үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлж байсан болно. Анхан шатны шүүх ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал миний үйлчлүүлэгчид байна гэж үзэж байна. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5-р зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ анхнаасаа үнэн зөв мэдүүлж ирсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд шүүх миний үйлчлүүлэгч Б.Гүенд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг хэрэглэх тодруулбал: "Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон, гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх..." гэсэн заалтыг хэрэглэх бүрэн боломжтой байсан.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй миний үйлчлүүлэгчийн хуулиар олгосон эрхийг эдлүүлэлгүйгээр Б.Гүенд 1 жилийн хорих ял оногдуулсан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд Б.Гүенд оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31-ны өдрийн 40 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

  Шүүгдэгч Д.Н-н өмгөөлөгч Н.Цэцэгмаа гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Д.Н ыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, хэргийн бүрдлийн тухайд маргах, мэтгэлцэх зүйлгүй бөгөөд, мөн анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хүндэдсэн гэж үзэж байна. Гагцхүү миний үйлчлүүлэгч Д.Н  нь анх удаа Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, уг гэмт хэргийг үйлдсэн эхний өдрөөс гэм буруугаа хүлээж үнэн шударгаар мэдүүлэг өгч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн. Д.Н ыг 4 настай байхад нь эцэг эх нь салж, ээж нь гадаад явж өөр хүнтэй гэр бүл болж, улмаар 11 нас хүртэл эцгийн хамт хоёулхнаа өнчрөл хагацал дунд амьдарч байгаад, 11 настайд нь эцэг нь гэр бүлтэй болж амьдарсан байдаг. Энэхүү нөхцөл байдалд нь Д.Н-н сэтгэл зүйд зохих хэмжээгээр нөлөөлж, хар бага наснаасаа ганцаардал, өнчрөлийг өөрийн биеэр үзэж туулсан нь сэтгэлийн хямралд оруулснаас гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Д.Н  нь өөрийн болчимгүй хөнгөмсөг үйлдлийн улмаас зөвхөн өөрийн төдийгүй найз нөхдийнхөө амьдралд хар толбо суулгаж шоронгийн хаалга татуулсандаа чин сэтгэлээсээ харамсан гэмшиж байгаа болно. Тэрээр архи, тамхи хэрэглэдэггүй, урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Түүний эцэг Д.Дорж нь 65 настай, өндөр насны тэтгэвэрт, цусны даралт ихсэх өвчний улмаас эмчийн хяналтад байнга байдаг, гэр бүлийнхээ асрамжинд амьдардаг. Д.Н  нь одоо анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эмчилгээний 3 дугаар дамжаанд сурдаг бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэргээс нь нийгэмд учруулсан бодит хохиролгүй, цаашид аливаа мансууруулах төрлийн бодис, ургамал зэргийг огт сонирхохгүй, хэрэглэхгүй гэдгээ амлаж, тайлбарлаж байгаа. Эцгийнх нь биеийн байдал тааруу байдаг зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан хорих ялаас чөлөөлөн тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авч өгнө үү.” гэжээ.

 

   Шүүгдэгч Х.Ц-н өмгөөлөгч Г.Нарантуяа гаргасан давж заалдах гомдолдоо: Х.Ц  нь Д.Н , Т.У , Б.Г нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис"-ийг /тухайн үед өвсний нэршлийг мэдээгүй/ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэм буруугаа анх гэрчээр асуугдах үеэсээ эхлэн /хх-25,98-99/ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Х.Ц  нь 1999 онд төрсөн, 19 настай, ял шийтгэлгүй, одоо АШУҮИС-ийн 3 дугаар курсийн оюутан, хүүхэд байхаасаа хичээл сурлагадаа сайн, хүмүүжил сайтай байсан тухай баримтууд /хх-177-189/ авагдсан байгаа. Ирээдүй хойч үеийн залуус маань гэнэн томоогүй, саваагүй зангаасаа болж ийм асуудалд оролцсон нь туйлын харамсалтай байна. Анхан шатны шүүх хурлаас хойш cap гаруй цагдан хоригдох хугацаандаа улам ихийг ухаарч, хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшиж байгаа. Мөн хичээл сургуульдаа үргэлжлүүлэн сурах чин хүсэлтэй байгааг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ...тэнсэж үүрэг хүлээлгэх ...арга хэмжээг авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хичээнгүйлэн хүсье гэжээ.

 

   Шүүгдэгч Т.У-н өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “ Өмгөөлөгч болон шүүгдэгч Т.У-н зүгээс гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа ба “анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" гэсэн үндэслэлээр, шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар.

1.1. Шүүгдэгч Т.У г "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлджээ " гэж үзэж болохоор байхад анхан шатны шүүх "хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй" гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-д заасан "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

1.2. Шүүгдэгч Т.У  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, учруулсан хохирол, хор уршиг байдаггүй, айлын том хүүхэд, оюутан, өсвөр насандаа яваа, хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшдэг, хувийн байдлын хувьд хорих ял оногдуулахгүйгээр засарч хүмүүжих боломжтой, түүний үйлдсэн гэмт хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-ийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-д заасан "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

2. Шүүгдэгч Т.У  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ маш их гэмшдэг, хоригдож байх энэ хугацаанд маш их зүйлийг ойлгосон, шүүх одоо боломж олговол гаргасан алдаагаа дахин давтахгүй, өөрийн зорилго болох хүн ардынхаа эрүүл энхийг хамгаалах үйл хэргийн төлөө хичээнгүйлэн сурч, боловсорч, их зүйлийг мэдэж, энэ алдсан алдаагаа цайруулна гэж хэлж ярьж байгаа. Төрийн хуулийн шийтгэх, биеэр ял эдлүүлэх зарчмыг биш түүний нөгөө нэг тал болох энэрэнгүй зарчмыг шүүх баримталж, нийгэм, сургууль, хамт олныхоо дунд үргэлжлүүлэн сурч боловсорч, хүмүүжиж, хийсэн алдаагаа засах боломж олгож өгөөч гэсэн хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан тавьж байгаа юм. Иймд Шүүгдэгч Т.У д оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан "тэнсэж" хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Шүүгдэгч Д.Н  гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч Д.Н  намайг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн зүйл хэсгийн тухайд маргах зүйлгүй. Мөн анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хүндэдсэн гэж үзэхгүй байна. Шүүгдэгч Д.Н  би анх удаа Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, уг гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн эхний өдрөөс гэм буруугаа хүлээж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, үнэн шударгаар мэдүүлгээ өгч ирсэн. Д.Н  намайг 4 настай байхад эцэг, эх салж, ээж аав бид хоёрыг орхин явж Солонгос улсад өөр хүнтэй гэр бүл болсон бөгөөд би 11 нас хүртлээ аавынхаа хамт хоёулхнаа өнчрөл хагацал дунд өссөн. Намайг 11 настай байхад аав хойд эх Л.Нямсүрэнтэй гэр бүл болж, тэр хүний ачаар би өнөөдрийг хүртэл элэг бүтэн өссөн боловч ээжийгээ санах сэтгэлд нөлөөлж, хямралд оруулснаас буруу зүйл сонирхож улмаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн. Гэвч би өөрийн буруу үйлдэл, гэм буруу, шийдвэрээ бусдад огт нялзаахгүй бөгөөд, өөрийн хөнгөмсөг үйлдлээс болж өөртөө төдийгүй найз, нөхдийнхөө амьдралд хар толбо суулгаж, шоронгийн хаалга татуулсандаа, мөн хөгшин настай, бие муу эцэг эхээ, ах дүү, найз нараа зовоосондоо чин сэтгэлээсээ харамсаж гэмшиж байна. Миний аав О.Дорж насаараа боловсролын байгууллагад ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Одоо 65 настай, цусны даралт ихсэх өвчний улмаас эмчийн байнгын хяналтад, гэр бүлийнхээ асрамжид амьдардаг. Д.Н  миний бие одоогоор АШУҮИС-ийн 3 дугаар курсэд сурдаг. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, цаашид аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадахаа төрийн өмнө, шүүхийн өмнө амлаж, тангараглаж байгаа зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Т.У  гаргасан давж заалдах гомдолдоо: “ Миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа бөгөөд эцэг, эх, найз, нөхдийнхөө итгэлийг алдаж, дүү нартаа буруу үлгэр дуурайлал үзүүлсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Мөн их дээд сургуулиа амжилттай төгсөж, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болон боловсрох их хүсэл эрмэлзэл надад бий. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд цаашид ямар нэгэн гэмт хэрэгт дахин холбогдохгүй гэдгээ тангараглаж байна. Миний хийсэн болчимгүй алдааг минь өршөөн цаашид сургуульдаа үргэлжүүлж суралцах, ирээдүйд эцэг, эх, эх орондоо ээлтэй боловсон хүчин болоход минь боломж олгож, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Х.Ц  гаргасан давж заалдах гомдолдоо: “ Миний бие АШУҮИС-ийн 3-р дамжаанд өдгөө хүртэл амжилттай суралцаж ирсэн. Өөрийн хийсэн болчимгүй үйлдэлдээ гүнээ гэмшиж байна. Эцэг минь насаараа улсын байгууллагад эмч мэргэжлээр ажиллаж байгаа ба ээж минь бас насаараа эмч мэргэжлээр ажилласан ба саяхан өндөр насны тэтгэвэртээ гарсан. Х.Ц  би удам дамжсан алтан гартай эмч болохыг багаасаа маш их хүсч байна. Шүүх, төрийн өмнө аливаа гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадахаа амлан тангараглаж байна. Төр өршөөн үзэж, сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж, эрдэм мэдлэг бүхий алтан гарт эмч болж, ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд зогсох боломж олгож, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Энхболд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бичигдсэн байна. Өмгөөлөгч, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгөөч гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь давж заалдах шатны шүүхийн эрх, хэмжээний асуудал байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч/Д.Н /-ийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа гаргасан тайлбартаа: Гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Оногдуулсан хорих ялыг хүндэдсэн гэж үзэхгүй байна. Гагцхүү хувийн байдлын хувьд Д.Н ыг 4 настай байхад нь ээж гадаад яваад өөр хүнтэй сууж, ааваас нь салсан. Аавтайгаа хоёулхнаа амьдарч байгаад аав нь түүнийг 11 настай байхад нь өөр хүнтэй гэр бүл болсон. Энэ байдал нь Д.Н-н сэтгэл санаанд нөлөөлж хямралд оруулсан байж болох талтай. Давж заалдах шатны шүүхэд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тэнсэн эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Энэ гомдлоо дэмжиж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч/Х.Ц /-ийн өмгөөлөгч Г.Нарантуяа гаргасан тайлбартаа: Гэм бурууд маргахгүй. Х.Ц  үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гомдол гаргасан. Анхнаасаа ямар нэгэн санаа зорилгогүйгээр сонирхоод л явсан байдаг. 19 настай хүүхэд. АУШУҮИСургуулийн 3-р дамжааны оюутан. Энэ хүүхдүүд үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн юм болов уу гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 –г хэрэглэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд бий. 2 сар хоригдохдоо энэ хүүхдүүд их зүйлийг ойлгосон байхаа. Тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч/Б.Гүен/-ийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн автомашины үнийг шүүх хуралдаанаас өмнө хийх гэсэн боловч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй учраас дансны дугаар өгөх боломжгүй гэсэн. Энэ мөнгийг хийхэд бэлэн байгаа гэдгийг хэлье гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч/Т.У /-ийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар гаргасан тайлбартаа: Т.У г тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа. 2 сар орчим цагдан хоригдсон. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа. Энэ хүмүүс бүгдээрээ оюутан. Улсын яллагчийн дүгнэлтээс дүгнэлтээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг шүүх хэрэглэхэд татгалзахгүй юм байна гэж ойлголоо. Иймд заавал хорих биш нийгэмшүүлэх талаас нь шүүх бүрэлдэхүүн харж үзээчээ гэж хүсье гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би ШУТИС-ийн 3-р дамжаанд суралцдаг. Цаашид дахин хэрэгт холбогдохгүйгээ тангараглаж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.У  гаргасан тайлбартаа: Болчимгүй үйлдэл хийж хэрэгт холбогдсондоо, аав ээжийнхээ итгэлийг алдаж, гурван дүүдээ муу үлгэр дуурайлал үзүүлсэндээ харамсаж байна. Төрийн энэрэнгүй байдлыг гаргаж тэнсэж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Н  гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа. Мөн найз нарыгаа ийм хэрэгт холбогдуулсандаа харамсаж байна. Миний аав их сургуульд олон жил багшилж байгаад тэтгэвэртээ гарсан. Бие нь өвчтэй учраас байнгын эмчийн хяналтад байдаг. Аавыгаа харж хандаж байхын оронд ийм зүйлд холбогдсондоо харамсаж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Ц  гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Аав ээж хоёрыгоо зовоож байгаадаа харамсаж байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд маш их зүйлийг ойлгож, гэмшлээ. Хорих ялыг тэнсэж өгнө үү. Сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж, ирээдүйд сайн эмч болно гэдгээ тангараглаж байна гэв.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Н , Х.Ц , Б.Гүен, Т.У  нарт  холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Д.Н , Х.Ц , Б.Гүен, Т.У  нар бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 00 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн иргэний нэхэмжлэгч Д.Түвшинзаяагийн /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч Т.Бат-Эрдэнийн /хх-ийн 39-р хуудас/, яллагдагч Д.Н-н /хх-ийн 89-90, 91-92-р хуудас/, яллагдагч Х.Ц-н /хх-ийн 96-97, 98-99-р хуудас/, яллагдагч Т.У-н /хх-ийн 103-105-р хуудас/, яллагдагч Б.Гүенгийн /хх-ийн 109-110-р хуудас/ гэсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4-р хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21-р хуудас/, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9810 дугаартай шинжээчийн дүгнэлт, 9810 тоот шинжилгээний зургууд /хх-ийн 41-44-р хуудас/, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9809 дугаартай дүгнэлт, 9809 тоот гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-48-р хуудас/, яллагдагч Д.Н-н сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 812 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/, яллагдагч Б.Гүенгийн сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 813 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54-р хуудас/, яллагдагч Х.Ц-н сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 860 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-57-р хуудас/, яллагдагч Т.У-н сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 859 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60-р хуудас/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09/27 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх-ийн 62-67-р хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 26, 29, 31, 33, 111-122, 125-189, 194-217, 219-248-р хуудас/ зэрэг мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Д.Н , Х.Ц , Б.Гүен, Т.У  нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Н , Х.Ц , Т.У , Б.Г нарыг бүлэглэж, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Н , Х.Ц , Т.У , Б.Г нарын бүлэглэн үйлдсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг мөн боловч гэрч Т.Бат-Эрдэнийн: ...би 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын нутаг мэндийн үзүүр гэх газар эргүүлийн үүрэг гүйцэтгэн явах хугацаанд 17-88 УНЛ улсын дугаартай мөнгөлөг өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл замын хажууд зогсож байхаар нь очиж шалгахад Улаанбаатар хотын харьяат Хэнчбишийн Цогнаран, Доржийн Нямжаргал, Буянтогтохын Гүен, Түвшинзаяагийн Уртнасан нар байсан ба шалгахад хар өнгийн хогны уутанд хар тамхины төрлийн ургамал болох канабис гэх ургамал ойролцоогоор 1 кг орчмыг түүсэн байсныг илрүүлсэн... тэд нар түүсэн өвсөө хар өнгийн уутанд хийсэн байсан. Тухайн ургамал түүсэн этгээдүүд хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй гаднаас нь харахад хэрэглэсэн шинж тэмдэг байгаагүй... /хх-ийн 39 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9810 дугаартай дүгнэлт “ 1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Д.Н  20 нас/эр гэсэн хаягтай шээс, “Т.У  19 нас/ эр” гэсэн хаягтай шээс, “Б.Г 20 нас/эр” гэсэн хаягтай шээс, “Х.Ц  19нас/эр” гэсэн хаягтай шээс зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ийг хэрэглээгүй болох нь нотлогдсон, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үед 19-20 настай байсан, бүгдээрээ оюутнууд буюу Д.Н , Х.Ц , Т.У  нар ЭМШУИС, Б.Г нь ШУТИС-ийн 3-р дамжаанд суралцдаг. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “ тэнсэж өгөхийг хүссэн” гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь ... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, шүүгдэгч нарыг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Г, Д.Н, Х.Ц, Т.У   шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Цэцэгмаа, Г.Нарантуяа, Ч.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н ,  Х.Ц , Т.У , Б.Г  нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тус тус тогтоосугай.” гэж өөрчилж,  

- 3 дугаар заалтыг хүчингүй болгож,

- Шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн заалтыг нэмсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н ,  Х.Ц , Т.У , Б.Г  нарыг суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

4. Шүүгдэгч нараар хувийн баталгааг бичгээр гаргуулж, гарын үсгийг нь зуруулж авахыг шүүгчийн туслах Ц.Эрдэнэчимэгт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Г, Д.Н, Х.Ц, Т.У   шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Цэцэгмаа, Г.Нарантуяа, Ч.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

 

                   ШҮҮГЧИД                                                                     Т.ЭНХМАА

 

                                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ