Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
Хэргийн индекс | 183/2017/02519/И |
Дугаар | 2434 |
Огноо | 2017-11-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2434
2017 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2017/02434 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ривер гарден 1 хотхон, 318 дугаар байр, 203 тоотод оршин суух, Хэх овогт Д.З-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Шаравын гудамж, 43 дугаар байр, 22 тоотод оршин суух, Арш овогт Ж.Э-т дхолбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа, түүний өмгөөлөгч Б.Жавхланбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Сүмбэр Эрдэнэ” урлангийн захирал Ж.Этай хөөрөг хийлгэх ажил гүйцэтгэх гээрэ байгуулсан бөгөөд ажлын үр дүнг Ж.Эын зүгээс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний нөхцөлийн дагуу хөөрөг нь даваа толгой, алтан нуух ноён сэрвээ, зааны ясан халбатай, бөгс нь 33-35 мм диаметрийн толгой тавих ямар нэг сэвгүй, толбогүй цагаан хаш байх шаардлагыг хангасан байх ёстой байсан. Дээрх хөөргийг хийлгэх ажлын хөлсийг 20 000 000 төгрөг байхаар тохиролцож, захиалагч миний зүгээс 2015 оны 5 дугаар сарын 21-нд 3 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 23-нд 7 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 03-нд 10 000 000 төгрөгийг тус тус өөрийн нэр дээр Голомт банкны 1170000970 төгрөгийн данснаас хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Гэрээний дагуу Ж.Э нь хөөргийг захиалсан шаардлагын дагуу тохирсон хугацаанд хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Гэрээний үүргийг биелүүлэх хугацаа өнгөрөөд 2 гаруй жил болсон байхад хариуцагчийн зүгээс хөөргийг хийж эхэлсэн талаар огт мэдэгдэл байхгүй, удаа дараа шаардлага тавьсан ч үүргийн гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл огт биелүүлэхгүй байгаа, мөн залгасан ч утсаа авахгүй байгаа нь гэрээний үүргээ ерөөс биелүүлэхгүй гэж үзэх үндэслэл болж байна. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т заасны дагуу хэрвээ ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй бол захиалагч ажлын хөлсийг төлөхөөс татгалзах эрхтэй байдаг. Гэвч миний зүгээс хөлсийг нэгэнт төлсөн байгаа учраас Иргэний хуулийн 355.1-д заасан үндэслэлээр гэрээг цуцалж, Ж.Эад хөөрөг хийх гэрээний ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Түүнчлэн миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн эрх зүйн туслалцаа авч байгаа бөгөөд өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 2 000 000 төгрөг төлсөн болно. Иймд хариуцагч Ж.Эаас хөөрөг хийх гэрээний ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн 2 000 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.Э нь “Сүмбэр Эрдэнэ” урланг ажиллуулахаар 8 жилийг ардаа орхилоо. Д.З бид 2 нэг нутаг, урьд нь ч бас надаас хөөрөг авч өгөлцөж байсан. Сайн ах дүүгийн харилцаатай байсан. Дүү Д.З нь их гарын цагаан хаш хөөрөгтэй болох гэсэн чинь их үнэтэй байна нутгийн ах дүүдээ боломжийн хөөрөгтэй болгож өгч чадах уу гэхээр нь болно гэхдээ чулуу их ховор байгаа яарахгүй бол болох байлгүй гэсэн юм. Яарах юу байхав гээд бид 2 тохирч хөөрөг хийх чулууг өөрт нь үзүүлээд үнэ ханшаа тохирсон юм. Эхлээд 13 000 000 төгрөгөөр хаш чулуу аваад 33-ын амтай хаш хөөрөг хийж өгөхөд түүнийг авч яваад маргааш нь голоод буцааж авчирч өгсөн. Дараа нь дахиад 8 000 000 хаш чулуу аваад 35-тай хөөрөг хийж өгсөн бас түүнийг авч яваад буцааж өгсөн. Би хүмүүст үзүүлнэ надад таалагдахгүй байна гэсэн. Тэгэхээр нь ах нь чамд 2 хөөрөг хийж өглөө чи авсангүй учраас сайн чулуу олдтол хүлээж бай, зөвхөн 1 хөөрөгний чулуу 30 000 000-50 000 000 төгрөг гээд байна яарахгүй бол гайгүй чулуу ороод ирдэг юм одоо тэгвэл хүлээ гэж хэлсэн. Төд удалгүй дүүдээ та хөөргөөр ч хамаагүй төлж бай гэхээр нь за гэсэн. Гадуур хаш хөөрөг сайн нь 100 сая-200 сая хооронд байна гэж хэлсэн. Ингээд төлж эхлэхээр болсон. Үүнд.
1.Гадагшаа явах гэж байна 1 000 000 төгрөг,
2.Дараа нь /эхнэрийнх дансанд/ 1 500 000 төгрөг,
3.Унтлагын өрөөний сет-1 ш 880 000 төгрөг,
4.Орос хаш чулуу 2 хөөрөг хийхэд нийт 21 000 000 төгрөг болсон.
5.Болор хөөрөг-1 ш, 26-тай 8 000 000 төгрөг,
6.Барын нүдэн хөөрөг дунд гарын-1 ш 1 500 000 төгрөг,
7.Жижиг гарын цагаан хаш хөөрөг-1 ш 3 500 000 төгрөг,
8.Өөрөө орос ногоон хаш чулуугаар 1 хөөрөг хийгээд өг гээд ажлын хөлс нь 1 500 000 төгрөг болсон хөөргийг хийж өгсөн. Би энэ хүнд өөрийнх нь хүссэнээр боломжоороо хандаж, байхад надад ингэж хандаж байгаад маш их гомдож байна. төрийн албанд ажилд орсон гэхээр нь өөрийн хийдэг төрийн сүлд хүртэл бэлэглэж байлаа. Удаа дараа уучлалт гуйж ирсэн гэтэл эрүүл, согтуу үедээ элдэв хэл амаар доромжилж, дарамталдаг болсон. Ийм учраас утсаа авахад хэцүү байдаг болсон. Би хэлсэн бүгдэнгийг нь өгөөд ирсэн надад өр байхгүй байх гэж бодож байна. Би хүний мөнгийг идэж уусан зүйл байхгүй тус болсоор өдий хүрсэн. Иймд та бүхэн надад үүсээд байгаа асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Ж.Эад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөөрөг хийх гэрээ байгуулж, даваа толгой, алтан нуух ноён сэрвээ, зааны ясан халбагатай, бөгс нь 33-35 мм диаметртэй, ямар нэгэн сэвгүй, толбогүй их гарын цагаан хаш хөөрөг хийлгэх, хөөргийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор багтаан хийж өгөх, 2015.10.15-ны өдрөөс хойш сарын 5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож Захиалагч Д.З, гүйцэтгэгч Ж.Э нарын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгыг илэрхийлж байна. /х.х-ийн 4 дүгээр тал/
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан хөөрөг хийх гэрээг талууд 2015 оны 5 дугаар сарын 21-нд амаар байгуулж, гэрээний дагуу гүйцэтгэгчийн дансанд гэрээний урьдчилгаа төлбөрийг 2015.05.21-ний өдөр 3 000 000 төгрөг, 2015.06.24-ний өдөр 7 000 000 төгрөг, 2015.07.03-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж, хөөргийг хүлээлгэж өгөх өдөр буюу 2015.10.15-ны өдрөөр гэрээ дуусгавар болсон боловч гүйцэтгэгч Ж.Э гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. /х.х-ийн 11,13 дугаар тал/
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал болсон ийнхүү хүндэтгэн үзэх үндэслэл байгаа талаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч гэрээ цуцлах эрхтэй ба гэрээ цуцалснаас үүсэх үр дагаварыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүүхэд асрагч А.Ариунжаргалд 1 000 000 төгрөг өгсөн гэх тайлбар, 1 000 000 төгрөгийг А.Ариунжаргалын дансанд шилжүүлсэн болох нь хаан банкны дансны хуулгаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж үлдэх 19 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Эаас гаргуулах нь зүйтэй./хх-43 дугаар тал/
Харин нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчид 2 000 000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авах үйлчилгээ нь нэхэмжлэгч өөртөө авч буй үйлчилгээ тул өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Ж.Эаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Зт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 267 950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Ж.Эаас 252 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ