Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 7

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр /онлайнаар оролцов/

         Шүүгдэгч  Ц.А , Ч.Б     

          Шүүгдэгч Ц.А ийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Шүүгдэгч Ч.Б ын өмгөөлөгч И.Олонмөнх                                       

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч И.Олонмөнх нарын  давж заалдах гомдлоор Ц.А , Ч.Б  нарт холбогдох 1829000000050 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

  Монгол улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, .................... тоотод оршин суух, урьд 1999 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн шүүхийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ял, Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ч.Б  /РД: ......................./

Монгол улсын иргэн 1979 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, нүүрс тээврийн машины жолоочийн ажил эрхэлж байсан, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ............................ гэх газар оршин суух, урьд Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Халиучин овгийн Ц.А /РД:....................../

        Шүүгдэгч Ц.А , Ч.Б  нар нь 2018 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн М.Э ыг зодож, амь насыг хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

       Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас Ц.А , Ч.Б  нарт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-т зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

         Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Халиучин овгийн Ц.А , Сартуул овгийн Ч.Б  нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар шүүгдэгч Ч.Б д 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.А эд 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А , Ч.Б  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Ц.А , Ч.Б  нарын цагдан хоригдсон 263 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Б , Ц.А  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 4.992.852 /дөрвөн сая есөн зуун ерэн хоёр мянга найман зуун тавин хоёр төгрөг/-ийг гаргуулан Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо, ...................... оршин суух Тайвс овгийн М.Э  /РД:...................... Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн ................ оршин суух Боржигон овгийн Д.П /РД:................../ нарт олгож, шүүгдэгч Ц.А  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,5 литрийн Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, 0,75 литрийн Ерөөл нэртэй архины шил 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д  зааснаар хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь 263 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П , М.Э  нар нь ажилгүй байсан хугацааны цалин болон хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 381.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

          Өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Ч.Б ыг Ц.А тэй бүлэглэн хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 13 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хууль буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

          Мөн Бу  нар нь Хөвсгөлийн залуу Ц.А тэй  2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тааралдахдаа...чи тийм хөгшин хүнийг тэгтлээ зодчихдоо яадаг юм арай дэндүүлсэн байна гэхэд тэр залуу зодоогүй гэхээр нь би чамайг хүмүүс харсан байна лээ Бо  ах тэгтлээ тасартлаа согтоогүй чамд зодуулснаа мэдэж байна гэж тулгаж хэлэхэд тэр ах чинь өөрөө эхлээд намайг 2 цохиод авсан. Би зөрүүлээд хоёр, гурав балбаад хаячихсан...гэж Бо  ахыг зодсон талаараа тэр залуу хэлсэн. Хөвсгөлийн гэх залуу Бо  ахыг зодсон талаар бид цагдаа нарт хэлсэн. Тэгээд тэр залууг цагдаа нартай хамт хайж Цагаан хад хавиар хэсэг явсан боловч олж чадаагүй... гэж мэдүүлсэн байдаг.

          Ц.А  нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Бу  нартай уулзаж учир байдлыг мэдээд нуугдаж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цагт баригдаад гэрчээр мэдүүлэхдээ Ч.Б ыг Э-Бо ын нүүрний баруун талын хэсэгт зүүн талын хөлөөрөө 1 өшиглөж байсныг харсан би цээж хавьд нь өшиглөсөн гэж мэдүүлсэн нь талийгаачийн амь насанд хохирсон гэмтлийг би учруулаагүй гэсэн санаа явж байгаа харагдаж байна.

          Мөн тухайн хэрэг учрал гарах үеийн цагийн байдал орчны үзэгдэх гэрэл гэгээ ямар байсан машин тэрэгний байрлал талийгаач машинаас хэр зайтай хэвтэж байсан харагдах орчин зэргийг шалгаж тогтоогоогүй нь гэрч Ба ийн хоёр дахь удаагийн мэдүүлгийг хэрхэн дүгнэж байгаа болон бусад гэрч болох Бу , Эн , Ма, Са нарт хууль сануулан өгсөн мэдүүлгийг хэрхэн дүгнэсэн талаар үндэслэх хэсэгтээ дурдаагүй байж анхан шатны шүүх зөвхөн холбогдогч Ц.А ийн мэдүүлгийг үндэслэн Ч.Б , Ц.А  нар нь бүлэглэж үйлдсэн байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн шинжилж судалж дүгнэж үзээгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

          Иймд  Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолоор  Ч.Б ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

          Шүүгдэгч Ч.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Миний бие энэ хэргийг үйлдээгүй тул оногдуулсан ялыг эс зөвшөөрч гомдол гаргасан.

          ...Хөвсгөлийн залуу  буюу Ц.А эд гүтгүүлэн хүн алсан гэмт хэрэгт холбогдоод байна. Хэрэв энэ хэрэгт оролцож өшиглөж зодсон бол Ц.А эд зодуулснаа санаж байгаа хүн намайг санаж тэр үед бариулах байсан. Би маш их гомдолтой байна. Энд хоригдож эхэлснээс хойш одоог хүртэл хуулийн байгууллагыг үнэн зөвийг олж өгнө гэдэгт итгэсээр одоог хүрлээ. Ц.А  яагаад ингэж намайг худлаа яриад хэрэгт холбогдолтой мэтээр гэрчлээд мэдүүлээд байгааг ойлгохгүй байна. Нэг цаг үед нэг газар болсон үйл явдлын талаар өөр өөр тайлбарлаж мэдүүлсэн байна. Энэ мэт үйл явдлыг үнэн зөвөөр тодруулж гаргах нь хэргийн үнэн зөв байдал харагдах байх гэж би ойлгож байна. Иймд дахин тодруулж шалгуулах хүсэлтэй байна. Миний бие гүтгүүлэн хэлмэгдэж байгаа гомдлыг хүлээн авч, хэргийг дахин шалгаж өгнө үү” гэжээ.

          Прокурор В.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.А , Ч.Б  нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болох нь Ба ийн мэдүүлэгт тухайн үед болсон талаар харсан хараагүй юү гэж асуухад харсан кабины хойд талд суугаад жижиг цонхоор харсан зүйлийнхээ талаар дэлгэрэнгүй мэдүүлэхдээ шүүгдэгч нар нь бүлэглэж, талийгаачийг зодсоны улмаас талийгаач нас барсан гэж дэлгэрэнгүй мэдүүлдэг. Энэ гэмт хэрэг нь бусдын амь насыг бүлэглэж, хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           Шүүгдэгч Ц.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед талийгаачтай архи ууж байхад нүүр нь хавдсан байсан. Өмнө хүнд зодуулсан юм биш байгаа, олон хоног архи ууссаных юм уу нүд нь үзэгдэхгүй их хавдартай байсан. Өмнө өдөр нь Ба э нь гутлаараа зодож байсан. Цагдан хорих байранд зурвас оруулах, зурвас бичих боломжгүй гэв.

          Шүүгдэгч Ч.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаачид хүрсэн зүйл байхгүй. Би талийгаачийг мөрнөөс нь 2 татсан. Би зодсон зүйл бол байхгүй. Би энэ хүнд наад хүнээ оруулаарай гэж хэлсэн. Би талийгаачийг хөшиглөсөн зүйл байхгүй. Би гар хүрээгүй. Хэрэв зодсон бол талийгаач цагдаад хэлэх байсан. Миний буруу гэвэл пааскийг авч яваад буцаагаад өгсөн. Би талийгаачийг зодоогүй. Намайг камерт хоригдож байхад та хэдэн төгрөг өгчих, хохирлоо төлвөл таныг өшиглөөгүй гэж хэлнэ гэсэн. Хоригдож байхад нэг зурвас ирсэн. Зурвасын утга нь хохирлоо төлвөл өшиглөөгүй гэж хэлнэ. Өмгөөлөгчөөсөө зөвлөгөө ав, сайн бод гэсэн утгатай ирсэн. Би холбогдолгүй, миний эрх ашиг сонирхол зөрчигдөх ёсгүй гэв.

          Шүүгдэгч Ц.А ийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Ч.Б ын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан давж заалдах гомдлын гол үндэслэл нь гомдлыг хүлээж аваад, хэргийг дахин шалгуулж өгнө үү гэсэн хүсэлтээр гаргадаг. Ч.Б д холбогдуулан дахин хэргийг шалгуулах нь давж заалдах шатны шүүх нь эрх хэмжээний хүрээнд хуульд зохицуулаагүй. Давж заалдах гомдолдоо яг ямар зүйлийг шалгуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Ц.А ийг хүн гүтгэж байна гэж яриад байгаа боловч гомдлын үндэслэл нь хавтаст хэргийн хүрээнд авагдсан ямар нотлох баримтыг, ямар баримтай дүйцүүлэх, эсхүл тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэдэг ч юм уу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Хуульд заасан үндэслэлээр гомдлын үндэслэл нь тодорхой байх ёстой. Ч.Б ын гомдол нь тодорхойгүй байгаа учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. И.Олонмөнхийн гаргасан давж заалдах гомдол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан үндэслэлийг заагаагүй. Гомдолдоо дурдсан нөхцөлөө хуультай холбож тайлбарлаж чадсангүй. Хоригдож байгаа ялтнууд, яллагдагч нар хоорондоо захидлаар харилцаж дарамталсан гэж хэллээ. Хэрэв үнэхээр дарамтлуулсан бол Цагдан хорих байрны даргад гомдлоо тухайн үед яагаад гаргаагүй юм бэ. Үүнд би эргэлзэж байна. Гомдлоо хуулийн зүйл заалттай холбож тайлбарлаж чадсангүй, давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

          Шүүгдэгч Ч.Б ын өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:     Ч.Б ын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад дамжмал байдлаар нотолж байгаа гэрч нарын мэдүүлгээр талийгаач амьд байхдаа хэлсэн мэдүүлэгт хэн таны эрх чөлөөнд халдсан бэ гэхэд Хөвсгөлийн залуу халдсан гэж талийгаачийн хэлж байгаа мэдүүлгээр Ч.Б ын үйлдэл, холбогдол бүрэн тогтоогдохгүй байна. Ц.А ийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа учраас Ц.А ийн мэдүүлгээр ял халдааж энэ хоёр хүнийг бүлэглэж хүний амь насыг хохироосон гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Ч.Б д хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй байх тул ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.                            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаачийг аймаар зодсон байсан. 2 хүн зодсон гэж хэлэхэд багадна. Өндөр машинаас унагасан бол толгой  тархиндаа гэмтэл авсан юм бол уу эсхүл Хөвсгөлийн бөх залуу гарынхаа чилээг гаргах гэж зодсон байх.  Талийгаачийг бүлэглэж зодсон гэж үзэж байна гэв.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

       

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           Шүүгдэгч Ц.А , Ч.Б  нар нь 2018 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн М.Э ыг зодож, амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.

Ц.А , Ч.Б  нарын гаргасан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

          Шүүгдэгч Ц.А , Ч.Б  нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-т заасан хорих ялын хэмжээнд нийцүүлэн анхан шатны шүүхээс ял шийтгэсэн нь гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын  хувийн байдалд нийцжээ.

          Шүүгдэгч Ц.А , Ч.Б  нар нь 2018 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн М.Э ыг зодож, амь насыг хохироосон болох нь шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж хэргийн нөхцөл байдал, тухайн үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П , М.Э  нар нь хамтран 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, /2-р хавтасны 225/, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр /3-р хавтасны 22-23/ тус тус нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 4992852 төгрөгийг гаргуулан М.Э , Д.П  нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.                                                                         Хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд шүүгдэгч Ч.Б ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах болон хэргийг дахин шалгуулах  нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн  “гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хэргийг дахин шалгуулах тухай давж заалдах гомдлуудыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч И.Олонмөнх нарын “гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, хэргийг дахин шалгуулах тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож,  Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Ц.А , Ч.Б  нарыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш цагдан хоригдсон 85 /наян таван/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

           3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                   ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                        Ц.ОТГОНЦЭЦЭГ