| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/00835/И |
| Дугаар | 138/ШШ2018/00142 |
| Огноо | 2018-02-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2018/00142
| 2018 оны 02 сарын 08 өдөр | Дугаар 138/ШШ2018/00142 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: /РД:*******/ ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: /РД:*******/ ******* овогт *******ийн *******д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн
Нэхэмжлэгч Б.******* түүний өмгөөлөгч Д.Урансувд
Хариуцагч Д.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1999 онд Д.*******тэй танилцаж, гэр бүл болон 2006 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Гэр бүл болон хамтран амьдрах хугацаанд 2001 онд охин Б.*******, 2004 онд охин Б., 2013 онд охин , 2015 онд хүү Б.нарыг төрүүлэн өсгөсөн. 2007 оноос эхлэн бидний хооронд таарамжгүй харилцаа үүсч, бие биенээ ойлгохгүй болж гэрийн дотор маргаан үүссэн учир 2007 онд өөрийн ээжийнхээ гэрт очиж амьдарсан. Гэтэл ******* хүүхдүүдээ бодоод эргэж хамт амьдарна гээд гуйж ирсэн учир дахин нэг гэрт хамт амьдарсан. Гэвч нөхөр маань удалгүй намайг зодож, цохин дарамтлах болсон. 2016 оноос хойш тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд Д.******* нь үр хүүхдүүдтэй маань уулзуулдаггүй. Хүүхдүүд маань эцгийнхээ асрамжид байгаа нэртэй боловч үр хүүхдүүдээ өөрөө харж асран халамжилдаггүй хүүхдүүд түүний эцэг, эх дээр л байдаг. Манайх өөрийн гэсэн малтай учир үр хүүхдүүдээ асран хамгаалах чадвартай. Төрүүлж өсгөсөн үр хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч үр хүүхэдтэйгээ амгалан тайван амьдрах хүсэлтэй байна.
Иймээс гэр бүлийн хүчирхийлэлд үр хүүхдүүдээ өсгөх хүсэлгүй байгаа учир гэрлэлтээ цуцлуулж, 4 хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Бидний хооронд хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй, 2 бага хүүхдийнхээ тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулан авна. Харин 2 том хүүхэддээ тэтгэлэг авахгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Б.******* нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа учраас гэрлэлтийг гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, 14.7-д заасны дагуу цуцлах боломжтой гэж үзэж байна. Талууд хүүхдийн асрамжийн талаар маргаантай байгаа учир шинжээчийн дүгнэлт гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Б.******* нь өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ өөрийн асрамжинд аваагүй шалтгаан нь Д.******* болон түүний эцэг, эх нь дарамтлаад түүнийг зодож, хүүхдүүдийг өгөхгүй байгаатай холбоотой. 2017 оны 8 сарын 8-ны өдөр Б.*******ийг дарамталж, бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн асуудлаар Д.*******д шүүхийн шийтгэврээр 14 хоног баривчлах арга хэмжээ авч байсан зэргээс харахад гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж байсныг нотлож байна. Хүүхдүүдийн саналыг асуухад охин Б.******* ээждээ хайртай гэдгээ илэрхийлсэн гэхдээ аавтайгаа амьдарна гэсэн санал гаргасан байдаг. Харин охин Б. нь ээжтэйгээ хамт амьдарна, дүү нараасаа салахгүй гэсэн санал өгсөн байдаг. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсээс гарган өгсөн шинжээчийн дүгнэлтэнд хүүхдүүд нь эхдээ илүү их ойр дотно сэтгэлтэй, ээждээ илүү их хайртай юм гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Б.******* гэр бүлийн дундын хөрөнгийн талаар маргаан гаргаагүй. Гэрлэгчид амьдарч байх хугацаандаа өөрийн гэсэн хашаа байшинтай болсон байдаг. Иймээс Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 40 дугаар зүйлийн 40.1 зааснаар эцэг Д.*******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Б.******* аавтайгаа хамт амьдарна гэсэн санал өгсөн боловч гэр бүлийн хамтын халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн хувьд ээждээ илүү хайртай байгаа зэргээс шалтгаалан дөрвөн хүүхдүүдийг салгахгүй нэг гэрт өсч хүмүүжих боломж олгох зөв гэж үзэж байна гэв.
Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна. Б.******* нь зарим зүйлийн талаар огт худлаа ярьж байна. Бидний хооронд үл ойлголцол маргаан байдаг байсан боловч эхнэрээ зодож байсан удаа байхгүй. Б.******* нь төлбөрийн чадваргүй, ажил хийдэггүй учир үр хүүхдүүдээ авч явах чадваргүй. Б.******* нь өөрийн гэсэн малтай гэж буй боловч түүнд өөрийн гэсэн мал байхгүй айлын мал хардаг юм. Тэгээд ч Б.******* нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай түүнтэйгээ хамт амьдарч байгаа. Би өөрийн хүүхдүүдээ хойт эцгийн гар харуулахгүй өөрөө өсгөж, хүмүүжүүлнэ.
Иймээс хүүхдүүдээ Б.*******т өгөхгүй, бидний хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй болно гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь Б.******* нь Д.*******гээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Д.******* Б.******* нар нь 2006 оны 05 сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 11 сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1038 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид 1999 оноос 2016 он хүртэл хамтран амьдрах хугацаанд 2001 оны 02 сарын 12-ны өдөр охин Б.*******, 2004 оны 02 сарын 02-ны өдөр охин Б., 2013 оны 10 сарын 29-ний өдөр охин Б., 2015 оны 12 сарын 25-ны өдөр хүү Б.нарыг төрүүлэн өсгөсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй талаар Дорнод аймгийн Хэрлэн сумын асралт үйлс өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт зохигч талуудын тайлбараар батлагдаж байна.
Гэрлэгчид нь гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж 2016 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль цаашид хамт амьдрах хүсэл, сэтгэлгүй болсон, эхнэр болох Б.******* нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болон хамт амьдарч байгаа байдлуудыг харгалзан Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдүүдийг хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцоогүй байх тул гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6,14.7-д зааснаар хүүхдүүдийн насны байдал, эцэг эхийн хайр, халамж, ахуйн нөхцөл, бололцоо, хүүхдийн эрхийг хамгаалах хуульд зааснаар хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй гэсний дагуу хүүхдүүдийн /насанд хүрсэн 2 хүүхдийн санал асуусан/ өөрийнх санал асуусан байдал зэргийг харгалзан, хүүхдүүдийг бие биенээс нь салгалгүй нэг дор эхийн асрамжинд өсч торних нь зүйтэй гэж дүгнэв.
Одоогийн байдлаар хүүхдүүд эцэг Д.*******гийн асрамжинд байгаа гэх боловч Д.******* нь хүүхдүүдтэйгээ хамт амьдарч, анхаарал халамж тавих талаар тааруухан хүүхдүүд өвөө, эмээгийн хамт амьдардаг байна.
Иймээс 2001 оны 02 сарын 12-ны өдөр төрсөн охин Б.*******, 2004 оны 02 сарын 02-ны өдөр төрсөн охин Б., 2013 оны 10 сарын 29-ний өдөр төрсөн охин Б., 2015 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.нарыг эх Б.*******ийн хууль ёсны асрамжинд үлдээх зүйтэй байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 4 хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасныг шүүх хүлээн авч 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.
Иймээс хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр тооцон улсын тэмдэгтийн хураамж гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.Б, Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 02 сарын 12-ны өдөр төрсөн охин Б.М, 2004 оны 02 сарын 02-ны өдөр төрсөн охин Б.С, 2013 оны 10 сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Н, 2015 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг эх Б.Б-ийн хууль ёсны асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 10 сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Н, 2015 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Д.Б-ээс сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.
4.Зохигч талууд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч 2001 оны 02 сарын 12-ны өдөр төрсөн Б.М, 2004 оны 02 сарын 02-ны өдөр төрсөн Б.С нарт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
6. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2-д зааснаар хариуцагч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 188758 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.
9. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч талууд эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ