Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 00110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, Гранд плаза цогцолбор, 8-801 тоотод байрлах, МХХК/РД: 2682354/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам 56, Цома оффис 703 тоотод байрлах, БХХК/РД: 5775558/-д холбогдох,

 

121 903 885 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг, О.Лхагвадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч БХХК хуучнаар “Алтан дорнод майнинг сервис” ХХК-тай 2014 оны 06 сарын 02-ны өдрийн МЕ- БОО/14/32 тоот “ӨНДӨР ДАРАЛТЫН ГИДР ШЛАНГ, ХОЛБОХ ХЭРЭГСЛҮҮД НИЙЛҮҮЛЭХ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ”-г байгуулан барааг нийлүүлж ажилласан.

Нэхэмжлэгч МХХК нь гэрээ болон харилцан тохиролцсны дагуу дээрх бараануудыг 2015 оны 06 сарын 22-ны өдөр, 2016 оны 05 сарын 10-ны өдөр, 2017 оны 08 сарын 15-ны өдрийн бараа хүлээн авсан баримтуудаар хариуцагч талд хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн баталгааг 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллага нэг бүрчлэн нийлж үзэхэд хариуцагч 121,903,885 төгрөгийн өглөг, авлагатайг харилцан баталсан болно.

Хариуцагч барааны төлбөрөөс төлөлт огт хийгээгүй, нэхэмжлэгч барааг гэрээ болон харилцан тохиролцсны дагуу баримтаар нийлүүлж, тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан бөгөөд барааны төлбөр 121,903,885 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хариуцагчаас барааны төлбөрийг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч БХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч БХХК-тай 2014 оны 06-р сарын 02-ны өдөр МЕ-БОО/14/32 дугаартай “Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-ний үүрэгт 121 903 885 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байгааг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

1. Хариуцагч БХХК нь 2014 оны 06-р сарын 02-ны өдөр МЕ-БОО/14/32 дугаартай “Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байдаг.

Энэхүү гэрээг үндэслэн гэрээний үүргийн гүйцэтгэлд 380 285 515 төгрөгийг нэхэмжилсэн байдаг.

Дээрх маргаан бүхий нэхэмжлэлд 2016 оны 7-р сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2016/02016 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Ийнхүү 2016 оны 11-р сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01272 дугаартай шийдвэрээр иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн 2014 оны 06-р сарын 02-ны өдөр байгуулсан МЕ-БОО/14/32 дугаартай “Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-ний үүрэгт 330,285,515 төгрөгийг гаргуулан МХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Энэ хэрэг маргаанаас хойш буюу 2017 оны 8-р сарын 15-ны өдөр бичигдсэн зарлагын падаанаар БХХК нь 114 нэр төрлийн бараа, ажил үйлчилгээг хүлээж аваагүй байхад МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь удаа дараа дарамталж, айлган сүрдүүлэх замаар зарлагын падаан, тооцоо нийлсэн актад хүчээр гарын үсэг зуруулан авч явсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ХХК-иас 114 нэр төрлийн сэлбэгийг албан ёсоор хүлээн аваагүй /хэзээ, хаана, хэн, хэнд хүлээлгэн өгсөн гэх ямар ч анхан шатны баримтгүй/ байхад, мөн нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа явдал нь илт үндэслэлгүй байна.

2. Талуудын хооронд байгуулсан МЕ-БОО/14/32 дугаартай “Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-ний 1.2-т “Энэхүү гэрээ нь 24 сарын хугацаанд хүчинтэй байна” гэж заасан. Энэхүү гэрээгээр хүлээх үүрэг 2016 оны 6-р сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Гэрээний хүчин төгөлдөр хугацаанд нийлүүлсэн бараа материалаа МХХК нь 2016 оны 7-р сард нэхэмжлэл гарган шүүхээр шийдвэрлүүлсэн гэж ойлгож байсан.

Тодруулбал 2017 оны 6-р сарьн 01-ний өдрөөс 2017 оны 10-р сарын 02-ны өдрийн хооронд ямар ч бараа, материал авч хэрэглээгүй байна.

Тиймээс ч нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссан, гэрээний 5.3 дахь хэсэгт зааснаар дахин сунгах талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй байхад гэрээ хэлцэлгүйгээр дур мэдэн сэлбэг хэрэгсэл нийлүүлсэн мэтээр баримт бичиг үйлдэж шүүхээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

                 3. Манай компаний хувьд 2014 онд 5,147,040.87 төгрөгийн, 2015 онд 33,448,253.84 төгрөгийн, 2016 онд 12,757,646.19 төгрөгийн, нийт 51,352,940.90 төгрөгийн холбох хэрэгсэл, шлангийг хэрэглэсэн байдаг.

Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 6-р сарын 1-ний өдрөөс 2017 оны 10-р сарын 02-ны өдрийг хүртэлх 4 сарын хугацаанд 121 сая төгрөгийн холбох хэрэгсэл, шлангийг хэрэглсэн гэж нэхэмжлэх нь илтэд үндэслэлгүй байгаа нь харагдаж байна.

4. Гэрээний 2 дугаар зүйл буюу 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар бараа материалыг хүлээлгэн өгөх, хүлээн авах, хүлээлцэх талаар тодорхой заажээ. Энэхүү заалтад дурьдсанаар “Бараа материал хүлээлцэх акт” үйлдэж, техникийн нарийн үзлэг хийн биет байдлын доголдол илрээгүй нөхцөлд хүлээлгэн өгнө гэжээ. Харин талуудын хооронд энэхүү маргаан сэлбэг материал хүлээлцсэн акт үйлдэгдээгүй буюу нэхэмжлэгчээс хариуцагч бараа материал хүлээж аваагүй байна.

5. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь хэсэгт “Нийлүүлэгчид барааны захиалга гаргахдаа тодорхой мэдээллээр захиалга гаргана” гэж захиалга, бараа нийлүүлэлтийг зохицулсан байдаг. Гэвч 2017 оны 6-р сараас 10 дугаар сарын хооронд БХХК-ийн зүгээс МХХК-д хандан захиалга өгөөгүй.

6. Нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн гэх сэлбэг бараа материал гэж чухам ямар нэртэй ямар зориулалттай, ямар маркын, аль улсад үйлдвэрлэгдсэн гэсэн ямар ч мэдээлэл, баримтгүй байна. Өөрөөр хэлбэл нягтлан бодогч гэж гарын үсэг зурсан А.Мөнхжаргал нь айсандаа юу авсан болохыг нь ч сайн ойлголгүй гарын үсгээ зурсан байна.

Иймээс ямар зориулалттай, хаана, хэзээ үйлдвэрлэсэн, ямар хэмжээ, хэлбэртэй эд зүйлийг хүлээлгэн өгсөн гэдэг нь тодорхойгүй, гэрээ хэлцэл ч байгуулаагүй байхад БХХК-иас төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч МХХК хариуцагч БХХК-д холбогдуулан барааны төлбөр 121 903 885/нэг зуун хорин нэгэн сая есөн зуун гурван мянга найман зуун наян тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч БХХК нь гэрээ хэлцэл ч байгуулаагүй байхад төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

          Зохигчид 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр № МЕ-БОО/14/32 “Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Тус Гэрээний 1-ийн 1.1, 4-ийн 4.1, 4.4-т зааснаар нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөргүйгээр өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүдийг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь нэхэмжлэх хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор төлбөрийг шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу ... тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч үнийг төлөхөөс өмнө өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүдийг шилжүүлэх, хариуцагч нь Гэрээнд заасны дагуу үнийг хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх тул Зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т “Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана:” гэж заасан.

 

Зохигчид Гэрээнд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журмыг тусгаагүй болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд ... эд хөрөнгийн үнийг төлнө.” гэж заасан.

 

Зохигчид Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан нөхцлийг Гэрээнд тусгаагүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх заалтад зааснаар Гэрээг байгуулсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 6 сарын 22-ны өдөр, 2016 оны 5 сарын 10-ны өдөр, 2017 оны 8 сарын 15-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүдийн үнэ нийт 121 903 885/нэг зуун хорин нэгэн сая есөн зуун гурван мянга найман зуун наян тав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч нь Гэрээгээр хүлээх үүрэг 2016 оны 6-р сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон, нийлүүлсэн бараа материалаа нэхэмжлэгч нь 2016 оны 7-р сард нэхэмжлэл гарган шүүхээр шийдвэрлүүлсэн гэж маргаж байна.

 

Зохигчид Гэрээг 24/хорин дөрөв/ сарын хугацаатай байгуулсан байх ба Гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болохоор байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар Гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байх ба Гэрээний хугацаа нэхэмжлэгч нь хариуцагчид эд хөрөнгийг нийлүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгагдсан гэж үзнэ.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид нийт 121 903 885/2966920+18903720+100033245=121903885/ /нэг зуун хорин нэгэн сая есөн зуун гурван мянга найман зуун наян тав/ төгрөгийн үнэ бүхий өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүдийг шилжүүлсэн болох нь зарлагын падаануудын болон тооцооны үлдэгдлийн баталгаанд бичигдсэн үнийн дүнгээр буюу 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн болон 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Зарлагын падааны хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Зарлагын падааны хуулбар, зохигчийн 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэгч нь нийлүүлсэн бараа материалаа 2016 оны 7-р сард нэхэмжлэл гарган шүүхээр шийдвэрлүүлсэн гэх тайлбар нь тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1272 дугаар шийдвэрийн хуулбараар үгүйсгэгдэж байх ба 1272 дугаар шийдвэрт зааснаар нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нийлүүлсэн эд хөрөнгийн үнийг нэхэмжлээгүй болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн болон 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Зарлагын падааны хуулбар гадаад хэл дээр үйлдэгдсэн үнэлэх боломжгүй гэж маргаж байх боловч тус баримтууд нь Монгол, Англи хэл дээр үйлдэгдсэн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүдийн үнэд нийт 121 903 885/нэг зуун хорин нэгэн сая есөн зуун гурван мянга найман зуун наян тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БХХК-иас бүгд 121 903 885/нэг зуун хорин нэгэн сая есөн зуун гурван мянга найман зуун наян тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БХХК-иас бүгд 121 903 885/нэг зуун хорин нэгэн сая есөн зуун гурван мянга найман зуун наян тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч МХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 767 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 767 470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч БХХК энэхүү шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ