Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо,48-р байрны 09 тоотод байрлах, Рояал шүр ХХК-д холбогдох

түрээсийн  гэрээг цуцалж, түрээсийн төлбөр 25 999 541 төгрөгийг гаргуулах, түрээсийн зүйлийн хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх  болон 149 928 800 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагч Рояал шүр ХХК-ийн захирал Д.Мөнхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч С.Одгариг, гэрч Б.Золжаргал, Д.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан ногоон зоорь, 19, 33 дугаар дэлгүүрийг байрыг түрээслэсэн   түрээсийн  гэрээнүүдийг цуцалж, түрээсийн төлбөр, ашиглалтын зардал  25 999 541 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, түүний эзэмшлээс түрээсийн зүйлүүдийг чөлөөлүүлэхээр,  хариуцагч  дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр буст тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, шүүх хуралдаан дээр дэмжсэн шаардлага болох түрээслэсэн обьектод хийсэн засварын зардал 149 928 800 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагуудыг хэлэлцлээ.

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Тус нийгэмлэг нь Рояал шүр ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 19 дүгээр дэлгүүр, УБТЗ ХНН-ийн Тээш худалдааны төвийн ногоон зоорь, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүр зэргийг түрээслүүлдэг бөгөөд хариуцагч түрээсийн төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн, зөрчлөө засахыг мэдэгдэхэд үл тоож биелүүлэхгүй байгаа тул түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн гэрээг цуцлах, дутуу төлсөн 25 999 541 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч нь УБТЗ ХНН-ийн  Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 19 дүгээр дэлгүүрийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15/2-36 дугаартай гэрээгээр сарын 6 000 000 төгрөгөөр түрээслэдэг бөгөөд хариуцагч ашиглалтын зардлыг цаг хугацаанд нь төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн болно

 Мөн хариуцагч нь УБТЗ ХНН-ийн Тээш худалдааны төвийн ногоон зоорийг 2014 оны 09 сарын 15 өдрийн 14/2-53 тоот гэрээгээр сарын 7 000 000 төгрөгөөр түрээслэсэн боловч 2016 оны 05  сараас эхлэн түрээсийн төлбөрийг 5 000 000 төгрөгөөр төлж ,  сар бүр 2 000 000 төгрөгийг дутуу төлж ирсэн байна. Түрээсийн гэрээнд заасан зориулалтын дагуу түрээсийн зүйлийг ашиглалгүй хүнсний ногооны зоорийг авто зогсоол болгож гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болно.

 Мөн хариуцагч  УБТЗ ХНН-ийн худалдааны төвийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 33 дугаар байрны нутагт 380 м.кв талбай бүхий дэлгүүрийг сарын 4 940 000 төгрөгөөр түрээслэн ажилладаг бөгөөд түрээсийн гэрээнд заасан ашиглалтын зардлыг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байх зэргээр удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Эдгээр гэрээнүүдийг байгуулахдаа УБТЗ ХНН-ийн хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээ байгуулах журмын дагуу эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй сонгон шалгаруулалт хийгээгүй байна.

Компанийн захирал Д.Мөнхжаргал  Тээш худалдааны төвийн эрх бүхий ажилтнуудыг удаа дараа дарамтлах, галын аюулгүй байдлыг хангах үүргээ зөрчин түрээсийн зүйлд хохирол учруулсан  ба түрээсийн гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөс хойш түрээсийн хөрөнгийг УБТЗ ХНН буцаан шилжүүлээгүй болно.

 Иймд түрээсийн гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасны дагуу цуцалж, түрээсийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гүйцэтгээгүй үүрэг болох 25 999 541 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд нэхэмжлэлийг гаргахдаа нэхэмжлэлийн үнэ 29 999 541 төгрөгийг 25 999 541 төгрөг гэж бичиглэлийн  алдаа гаргасан байна.

Хариуцагч байгууллага нь ногоон зоорины түрээсийн төлбөр 18 000 000 төгрөг, ашиглалтын зардал 7 656 201 төгрөг  төлөөгүй, мөн 19 дүгээр дэлгүүрийн ашиглалтын зардал 159 740 төгрөгийг төлөөгүй тул түрээсийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Ногоон зооринд гал гарсан тул галын аюулгүй байдлыг хангах шаардлага тавихад хүлээж авдаггүй. Иймд манай байгууллага Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу өөртөө туслах үйл ажиллагаа явуулсан. УБТЗ ХНН нь өөрийн ажилтнуудаа хэвийн, аюулгүй ажиллах нөхцлийг хангах үүрэгтэй. Д.Мөнхжаргал нь бусад түрээслэгч нарыг оруулахгүй гээд байгааг цагдаагийн байгууллага хянаж ажиллаж байгаа. Мөн Рояал шүр ХХК-д гэрээ цуцлах талаар 2017 оны 1, 2, 3 дугаар сард мэдэгдлүүд өгсөн. Хариуцагч байгууллагын захирал шүүх хуралд гаргасан тайлбараар түрээсийн төлбөрөөс 1 жил чөлөөлөгдөж байснаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Ногоон зоорь, 19 дүгээр дэлгүүрийн түрээсийг цуцалъя гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. 33 дугаар байрны дэлгүүрийн түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдсөн байгаа тул үйл ажиллагаа явуулж байгаа юм байна гэж ойлголоо. Иргэний хуулийн 198, 206, 204, 318 дугаар зүйлийн 318.3 дэх хэсэгт заасан арга хэмжээ авагдсан, түрээсийн гэрээ цуцлах хууль зүйн шалгуур хангагдсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээний үгийн утгыг тайлбарлахад талууд аливаа асуудлыг эв эеэр шийдвэрлэнэ гэж гэрээнд заасан. Гэрээний нэг тал болох Рояал шүр ХХК нь УБТЗ ХНН-ийн ажилтнуудыг заналхийлэх, дарамтлах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх замаар харилцаж байсан. Иймд түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй тул 2017 оны 3 дугаар сарын 22-нд нэхэмжлэл гаргаснаар цуцалж байгаа юм.   2015 онд гэрээг бүртгүүлээрэй гэж, гэрээний 3.1, 3.6, 4.1-д заасан мэдэгдлийг Рояал шүр ХХК-д өгч байсан. Ногоон зооринд хийсэн засвар нь 2013, 2014 онд хийгдсэн гэдгийг гэрч нотлосон. Энэ гэрээ байгуулагдах үед ийм ажил хийсэн гэдгийг гэрээний 4.2.16 дахь хэсэгт зааснаар нотлосон. Үүний дараа засвар хийсэнтэй холбоотой эргэж нэхэмжлэхгүй тухай Рояал шүр ХХК-ийн албан бичгүүд хавтаст хэрэгт 4 удаа авагдсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй. Одоо УБТЗ ХНН болон Рояал шүр ХХК-иудын хооронд иргэний эрх зүйн харилцаа нэгэнт байхгүй болсон гэдэг нь нотлогдсон. Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн дагуу,  хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаанаар гэрээнээс татгалзаж, цуцалж байгаа ба шүүхээс дээрх гэрээнүүдийг цуцалсанд тооцож, түрээсийн объектуудыг нэн даруй чөлөөлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад УБТЗ ХНН-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, УБТЗ-ын ажилчидтай зүй бус харилцахгүй байхыг даалгасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

            Хариуцагч тайлбартаа: Рояал шүр ХХК түрээсийн гэрээний дагуу өнөөдрийг болтол ажиллаж ирэх хугацаандаа УБТЗ ХНН-ийн итгэл найдварыг алдалгүй түрээслэж буй объектуудынхаа түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа төлж, чирэгдэлгүй ажиллаж ирсэн.

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай УБТЗ-ын харъяа ногоон зоорины ерөнхий түрээслэгчээр 2013 оны 06  сарын 01 өдрөөс ажиллаж эхэлсэн. Түрээсийн төлбөр сар бүр 1 000 000 төгрөгөөр тохирсон. Мөн 2014 оны 10  сарын 01 өдрөөс түрээсийн төлбөрийг 7 000 000 төгрөг болгож хийхдээ тухайн гэрээнд  нэхэмжлэгч байгууллагын харуул хамгаалалтын ажилтны 3 хүний цалинг нэмж олгохоор тохирч, түрээсийн төлбөрийн 7 000 000 төгрөгт оруулан тооцож байхаар  хийсэн. Тухайн харуул хамгаалалт ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, хариуцлагагүй байдлаас манай компани давхар харуул хамгаалалтыг цалинжуулан ажиллуулж байсан. Иймээс харуул хамгаалалтыг  өөрөө хариуцах хүсэлтийг удаа дараа нэхэмжлэгчид гаргасан. Ингээд манай  хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн авч 2016 оны 05 сарын 01 өдрөөс 2021 оны 05  сарын 01 өдөр хүртэл хугацаатайгаар гэрээг шинэчилсэн. Гэрээнд   харуул хамгаалалтын зардлыг хасч, түрээсийн гэрээний төлбөрийг 5 000 000 төгрөгөөр тохирсон.

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байрны 1 давхарт 380 м.кв дэлгүүрийн зориулалттай ажлын байрыг 2015 оны 03  сарын 01 өдрөөс 2018 оны 03  сарын 01 өдөр хүртэл түрээслэхээр  гэрээ хийхдээ өөрийн 100% хөрөнгө оруулалтаар тус объектын засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн тул эхний 1 жилийн түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөж, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс сард 4 940 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр дэлгүүрийг түрээслэхээр 2015 оны 12  сарын 31 өдөр хүртэл хугацаатай гэрээ хийгдсэн. Өнөөдрийг хүртэл автоматаар гэрээ үргэлжилж яваа. Сар бүр 600 000 төгрөг төлж байхаар түрээсийн гэрээнд тусгагдсан. Иймд нэхэмжлээд байгаа мөнгөн дүн ор үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ногоон зоорийг эмх замбараагүй байсныг өөрчилж, эзэнтэй болгоод, газрыг нь эргэлтэнд оруулсан, анх модон склад байсныг нурааж хүнд машин механизм оруулж гаргадаг болсон. Эдийн засгийн эргэлтгүй, гэмт хэргийн уурхай болсон газар байсан. 2016 оны 01 сараас эхлэн 12 дугаар сар хүртэл ашиглалтын зардал болох 5 526 000 төгрөгийг  өнгөрсөн хавар төлсөн. Түрээсийн төлбөрөө байнга төлдөг. 33 дугаар байрны дэлгүүрийн хувьд тухайн үеийн дарга Д.Батхуяг намайг дуудаад энэ газар маш бохир бөгөөд түрээсээ төлдөггүй газар, чи энд засвар үйлчилгээ хийгээд түрээсийн төлбөр төлж чадах уу? гэхэд нь би чадна гээд 114,000,000 төгрөгийн засвар хийсэн учир намайг 1 жилийн түрээсийн төлбөрөөс чөлөөлж байсан. Миний хувьд эдгээр объектуудын түрээс болон ашиглалтын зардлыг  хугацаа хоцроож байгаагүй. Намайг УБТЗ-ын ажилтан, албан хаагчидтай зүй бусаар харьцдаг гэж байгаа боловч тийм зүйл байхгүй. Би 2 охин, 1 хүүтэй байж байгаад хүүгээ хүний гарт алуулчихсан хүн. УБТЗ-ынхан үүгээр маань намайг доромжилж байна гэж үзэж байна. УБТЗ-ын дотоод аудитын дарга н.Пунцаг гэдэг хүнд би түрээслэгч нарыг яагаад айлгаад байгаа талаар асуухад тэр надад та насаараа бизнес хийсэн хүн, хоёулаа тохиръё гэж, өөрөөр хэлбэл, надаас мөнгө нэхэхэд нь би зөвшөөрөхгүй гэж хэлээд гарсан. Үүнээс болоод гэрээний хугацаа дуусаагүй байхад үндэслэлгүйгээр гэрээ цуцлах гээд байна гэж үзэж байна. Хүний хөдөлмөр гэж байдаг. Хүнээр хамаг заваан, хог новшийн ажлаа хийлгүүлчихээд, нэг албан тушаалтан надтай зохиц гэснийг нь хүлээн зөвшөөрөөгүйн төлөө гэрээг цуцлах гээд байна. Иргэний хүмүүнлэг, ардчилсан нийгэмд хүний бүтээсэн зүйлийг булаах гээд байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Би 3 объектынхоо түрээсийн төлбөрийг цаг тухайд нь өгч байсан. УБТЗ-ын ажилчид өөрсдөө зүй бус харьцаатай. 33 дугаар дэлгүүрийн гэрээний хугацаа дуусах болоогүй байна. Энэ хугацаа дуусахад гэрээгээ үргэлжлүүлэхгүй гэвэл мэдэгдэх хуудсаа албан ёсоор өгөх нь хүн ёсны соёл юм. УБТЗ-ын гэрээ байгуулах дотоод журам гэж яриад байна. УБТЗ нь тусгаар тогтносон вант улс биш юм. Намайг ингэж гүтгэж гүжирдэж байгаа нь хууль зөрчиж байгаа тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Тус компани нь УБТЗ ХНН-ийн Улаанбаатар дахь худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний төвтэй гэрээ байгуулан Баянгол дүүрэгт 19 дүгээр дэлгүүрийг ажиллуулж байхдаа сантехникийн болон цахилгааны шугамыг шинэчилж засварласан. Гэтэл УБТЗ ХНН нь түрээсийн гэрээг цуцлахаар  нэхэмжлэл гаргажээ. Рояал Шүр ХХК нь дэлгүүрт түрээсийн хугацаанд оруулсан хөрөнгө   23 928 800 төгрөгийг  УБТЗ ХНН-ээс гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн бид худалдааны төвийн ногоон зоорийн хашааг түрээслэхдээ уг газрын хог хаягдлыг цэвэрлэж, ухсан нүхнүүдийг шороогоор дүүргэж газрыг тэгшлэн, ашиглах боломжтой болгох, ашиглалтын хугацаа дууссан ногоон зоорийг буулгах, хашааны хаалгыг гүйдэг хаалгаар солих зэргээр тохижуулсан болно. Эдгээр ажлуудыг тухайн үед хувь хүмүүсээр хийлгэж, мөнгийг нь бэлнээр өгч байсан. Иймд түрээсийн хугацаанд оруулсан хөрөнгө  126 000 000 төгрөгийг, нийт 149,928,800 төгрөгийг УБТЗ ХНН-ээс гаргуулж өгнө үү. Түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцуулахаар гаргасан шаардлагаа манайх дэмжихгүй байгаа  гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 09 сарын 15-ны өдрийн 147/2-53 гэрээний 4.2.1-д түрээсийн талбайг гэрээнд заагдсан зориулалтын дагуу ашиглаж, гадна дотор  ойр орчмын цэвэрлэгээ, үйлчилгээ, эмх цэгц, эрүүл ахуйн байдал, хотын гүйцэтгэх захиргааны захирамжийг биелүүлж, орчны цэвэрлэгээнд оролцоно гэж заасан. Түрээсийн гэрээний 4.2.4-т ... түрээсийн талбайг актаар хүлээн авсан өдрөөс хойш бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллана, 4.2.8-д түрээсийн тохижилтийн ажил хийх шаардлагатай бол түрээслүүлэгчид бичгээр урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авч харилцан зөвшилцсөний үндсэн дээр хийнэ гэж заасан бөгөөд өнөөдрийн байдлаар засвар үйлчилгээ хийх мэдэгдэл огт ирж байгаагүй болно. Мөн түрээсийн гэрээний 4.2.16-д түрээслэгч нь ногоон зоорины ашиглагдаагүй үүдний хэсгийн талбайд ус тогтдог хэсэг, хуучин автопүү болон барилгын ухсан суурь нүхийг өөрийн хүч, хөрөнгө машин механизмаар бөглөн тэгшлэж, уг талбайг цаашид ашиглах хэмжээнд сэргээн засварлах, хашаанд орох автомашин орж гарах хуучин хаалгыг 10 метр орчим урттай орчин үеийн гүйдэг хаалгаар шинээр солих, ажилчдын хувцас солих, амрах байранд урсгал засвар хийх, ханан пийшинг шинээр тоосгоор өрж засварлах, пийшин солих ажлыг өөрийн хөрөнгөөр хийхээр тохирсон. Тохижилтийн ажилд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх үүднээс анх гэрээгээр хийсэн түрээсийн сарын төлбөрийг өөрчлөхгүй мөрдөнө. Уг гэрээнд түрээслүүлэгч тал өөрчлөлт оруулсан тохиолдолд эрсдлийг хариуцна гэж заасан тул мөнгө нэхэмжлэх ямар ч эрхгүй болно. Мөн   19 дүгээр дэлгүүрт тохижилтын ажил хийсэн зардал 23 928 800 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ дэлгүүрийг түрээслүүлэх тухай 2015 оны түрээсийн гэрээний 4.2.9-д түрээсийн байранд зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээ тохижилтыг түрээслэгч тал хариуцна гэж заасан бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн засвар хийх зөвшөөрөл хүссэн хүсэлт ирж байгаагүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, УБТЗ ХНН-ийн ажилтан албан хаагчдыг удаа дараа заналхийлэх, айлган сүрдүүлэх, дарамтлах үйл ажиллагаа явуулж, тэднийг албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болгож байгаа Рояал шүр ХХК-тай байгуулсан гэрээнүүдийг цуцлан, УБТЗ ХНН-ийн ажилтнуудын хэвийн ажиллах амьдрах нөхцлийг бүрдүүлж өгнө үү гэв.

            Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, авлагын тооцоолол, түрээсийн гэрээнүүд, албан бичгүүд, түрээслүүлсэн обьектийн зураг, тооцооны үлдэгдлийн баталгаа, түрээсийн гэрээг шалгасан тухай тайлан, илтгэх хуудсууд, ярианы бичлэгийн тэмдэглэл, мэдэгдэл, түрээсийн төлбөр, ашиглалтын зардал төлсөн баримтууд, гэрээ байгуулах журам, нэхэмжлэгч байгууллагын дүрэм, 2016 онд хийсэн засварын ажлын тайлан, Д.Агиймаагийн харилцах дансны хуулгууд, нэхэмжлэхүүд, хамтран ажиллах гэрээ, төлбөр  төлсөн баримтууд, ногоон зооринд хийж гүйцэтгэсэн ажил, засвар үйлчилгээний тайлан, зарлагын баримтууд,,тушаал, газар ашиглах эрхийн гэрчилгээ, барилга байгууламжийн бүртгэл, эд хөрөнгийн бүртгэлийн карт, барилгын хувийн хэрэг, УБТЗ-ын Улаанбаатар дахь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн албан бичгүүд, төлбөр төлсөн баримтууд, CD дээрх яриаг буулгасан  тэмдэглэл,  түүнд хийсэн үзлэг, гэрч Б.Золжаргал, Д.Батхуяг нарын мэдүүлгүүд  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж, нэхэмжлэлийн бусад хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.      

Нэхэмжлэгч нь хариуцагч Рояал шүр ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 19 дүгээр дэлгүүр, УБТЗ ХНН-ийн тээш худалдааны төвийн ногоон зоорь, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүрийн байрыг түрээсийн гэрээний дагуу эзэмшүүлдэг байх бөгөөд ногоон зоорины түрээсийн төлбөр 18 000 000 төгрөг, ашиглалтын зардал 7 656 201 төгрөг , мөн 19 дүгээр дэлгүүрийн ашиглалтын зардал 159 740 төгрөгийг хариуцагч төлөөгүй, УБТЗ ХНН-ийн ажилтнуудын хэвийн, аюулгүй ажиллах нөхцлийг алдагдуулж, ажилтнуудыг доромжилсон, дарамтласан, түрээсийг зүйлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зориулалтыг өөрчилж, автомашины дулаан зогсоол болгож ашиглаж, гал гаргасан,  дамжуулан түрээслэсэн шалтгаануудаар хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээнүүдийг цуцалж, түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг гаргуулах, түрээсээр эзэмшүүлсэн хөрөнгүүдийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр, хариуцагч нь 19 дүгээр дэлгүүрийг ажиллуулахдаа  хийсэн  шинэчлэл, засварын ажлын зардал 23 928 800 төгрөг,  ногоон зоорийг буулгах,   тохижуулахад гарсан зардал 126 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар тус тус шаардсан байна.

Нэхэмжлэгч дээрх байдлын улмаас түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай мэдэгдлийг 2017-01-06, 2017-03-17 өдөр, 2017-04-05 өдрүүдэд  хариуцагчид хүргүүлсэн байна./хх- 41, 70, 87/ 

            1.Зохигч  2014 оны 09  сарын 15  өдөр түрээсийн 14/2-53 тоот гэрээг байгуулж,  УБТЗ ХНН  нь Баянгол дүүрэг, Тээвэрчдийн гудамж, Улаанбаатар дахь Худалдаа үйлдвэр үйлчилгээний төвийн ногоон зоорины хашааны талбай, төмс, байцаа, манжингийн зоорь, модон зоорь, ажилчдын байрыг  төмс, хүнсний ногоо, барилгын материал хадгалах, хашаанд түрээслэгч өөрийн контейнерийг байршуулан барилгын материал хадгалах, худалдаа явуулах зориулалтаар хариуцагч Рояал шүр ХХК-д 2014-10-01 өдрөөс 2017-10-01 өдрийг хүртэл хугацаанд сард 7 000 000 төгрөгийн  төлбөртэйгээр эзэмшүүлэхээр тохирч, нэхэмжлэгч түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, хариуцагч 2015-05-21 өдөр УБТЗ-ын Тээш худалдааны төвтэй, 2018-05-21 өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг 7 000 000 төгрөг байхаар 15/2-53 дугаартай гэрээг байгуулсан, үүний дараа хариуцагч 2016-05-01 өдөр 2021-05-01 өдрийг хүртэл хугацаатай түрээсийн гэрээ байгуулах хүртлээ   түрээсийн төлбөрийг  сар бүр 7 000 000  төгрөгөөр төлсөөр ирсэн талаар зохигч маргахгүй байна.

 Гэрээний талууд  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулж, талуудын эрх бүхий албан тушаалтнууд  гарын үсэг, тамга тэмдгээр  баталгаажуулсан байна.

Түрээсийн гэрээний зүйл болох ногоон зоорийн хашаа нь ажилчдын амрах байр, аж ахуйн материал хадгалах модон саравч, төмөр бетон хийцтэй 3 зоорь, модон зоорь 1, ачих буулгах салаа төмөр зам бүхий обьект байсан байх  бөгөөд  үүнээс хариуцагчид хашааны талбай, төмс, байцаа, манжингийн зоорь, модон зоорийг төмс хүнсний ногоо хадгалах, хашаанд өөрийн контейнерийг байршуулан барилгын материал хадгалах, худалдаа явуулах, ажилчдын байрыг үйл ажиллагаанд нь ашиглуулахаар тохирсон байх тул хашаан доторх обьектийн заримыг түрээслүүлсэн уг гэрээг Иргэний хуулийн хуулийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу  Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт  бүртгүүлэх боломжгүй учраас зохигчийн байгуулсан дээрх түрээсийн   гэрээнүүд  хуульд заасан хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, хүчин төгөлдөр байна.

Иймээс талууд энэ тухайд шүүхэд  гаргаж байсан тайлбар, шаардлагуудаа дэмжээгүй, гэрээний үүргийн шаардлагуудаа  дэмжсэнийг шүүх  хэлэлцсэн  болно.

Түрээсийн гэрээний 7.3 дахь хэсэгт ”түрээсийн гэрээг жил бүрийн эцэст 2 тал харилцан дүгнэж, цаашид гэрээг сунгах эсэх, түрээсийн төлбөрийг шинэчлэн тогтоох, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг харилцан тохиролцож гэрээг шинэчлэн байгуулна” гэж заасан байх бөгөөд 2015-05-21  өдөр УБТЗ-ын тээш худалдааны төвтэй 15/2-53 тоот түрээсийн гэрээг өмнөх гэрээний нөхцлөөр, 2016 оны 05 сарын 01 өдөр дээрх гэрээг талууд шинэчлэн , түрээсийн төлбөрийг 5 000 000 төгрөг байхаар, мөн гэрээний хугацааг 2021 оны 05 сарын 01  өдөр хүртэл хугацаатайгаар  тохирсоноос  нэхэмжлэгчийн төлөөлөгч түрээсийн төлбөрийг 5 000 000 төгрөгөөр тохирсон 2016-05-01 өдөр байгуулсан гэрээг эс зөвшөөрч, гэрээ байгуулахдаа тус байгууллагад тогтоосон гэрээ байгуулах журмыг зөрчиж, хууль зүйн албаар хянуулж дугаар аваагүй учир   хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа байх боловч нэхэмжлэгч байгууллагын бие даасан аж ахуйн нэгж болох Улаанбаатар дахь Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвийн дарга Д.Батхуяг түрээсийн  гэрээг байгуулахдаа түрээслүүлэгчийн зохих эрх бүхий удирдлагаас зөвшөөрөл авсан нь УБТЗ ХНН-ийн Улаанбаатар дахь Худалдаа үйлдвэр, үйлчилгээний төвийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичиг, түүн дээрх  цохолтоор  тогтоогдож байна. /хх- 30/

Түрээслүүлэгч байгууллагын дотоодод  мөрддөг гэрээг хууль зүйн албаар хянуулах, гэрээнд дугаар авах журмыг тус байгууллагаас олгосон  гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөрдөөгүй явдалд  түрээслэгч Рояал шүр ХХК-ийг буруутгах үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэлд энэ шаардлага  хамаарахгүй  юм.

 Иймд  түрээслэгч 2016-05-01 өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2016-05-01 өдрөөс түрээсийн төлбөрийг сард 5 000 000 төгрөгөөр төлсөн нь үндэслэлтэй байх тул 9 сарын хугацаанд түрээсийн төлбөрт дутуу төлсөн гэж нэхэмжилсэн 18 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Түрээсийн гэрээний 3.1-д  хэрэглэсэн цахилгааны зардлыг түрээслэгч төлөхөөр тохирсон байх бөгөөд 2016 оны эцэс, 2017 оны 01-03 саруудад төлөгдөөгүй байсан ашиглалтын зардалд хариуцагчаас 7 656 201 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч төлж барагдуулсан нь  хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул түрээсийн гэрээний дагуу хүлээсэн түрээсийн төлбөр төлөх, ашиглалтын зардал төлөх үүргээ хариуцагчийг  зөрчөөгүй гэж үзлээ.

 Түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зоорийг буулгаж, газрыг тэгшилсэн, аж ахуйн зориулалттай модон сарайг  буулгасан,  автомашины зогсоол ажиллуулсан, төмөр бетонон зоорийг дулаан зогсоол болгон ашиглаж, ил зуух хийсэн, ил зуухнаас гал алдаж, гал түймэр гаргаж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, вагон ачих буулгах үед төмөр замын ажилчид, түрээслэгч /ачигч, жолооч/ нарын хооронд үл ойлголцол  гарч төмөр замын ажилчдын аюулгүй байдлыг хангах шаардлагатай болсон  тухай   тайлбараа  нотлохоор нэхэмжлэгч Тээш худалдааны төвийн албан бичиг, УБТЗ ХНН-ийн Дотоод аудитын хяналт шалгалтын аудиторын албан шаардлага, түрээсийн гэрээнүүдэд хийсэн аудитын тайлан, УБТЗ Тээш худалдааны төвийн мэдэгдэл, УБТЗ-ын Хууль зүйн албанд хандсан түрээсийн маргаан шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны албан бичиг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх  30, 34-38, 41, 42, 44, 46/

Нотлох баримтыг дүгнэхэд түрээслэгч түрээсийн зүйлийг гэрээнд заасан зориулалтынх нь дагуу төмс хүнсний ногоо хадгалах, барилгын материал хадгалах, худалдаа, үйлчилгээ эрхлэх  зориулалтаар ашигласан нь тогтоогдоогүй бөгөөд УБТЗ ХХН-ийн Улаанбаатар дахь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн дарга Д.Батхуягийн 2014-12-04 өдрийн 17/213, 2014-10-21 өдрийн 17/159, 2015-10-13 өдрийн 17/421 тоот албан бичгүүдээр өгсөн сонгины зоорь, байцааны зоорь, аж ахуйн зориулалтаар ашиглаж байсан модон сарайг түрээслэгч өөрийн хөрөнгөөр буулгах, эдгээрийн газрыг тэгшлэж, түрээслэгч ашиглахыг зөвшөөрсөн зөвшөөрлийн дагуу  түрээсийн зүйлийн дээрх хэсгүүдийг буулгаж, газрыг тэгшилж, контейнер байршуулсан, машины  зогсоолын зориулалтаар ашигласан байна.

Мөн хариуцагч төмөр бетон хийцтэй зоориудыг галлагаатай, автомашины дулаан зогсоол болгож ашиглаж, үүний тулд  ердийн галлагаатай ил зуух тавьж, янданг агааржуулалтын модон хоолойгоор гаргаснаас төөнөлт үүсч, 2016-12-09  шөнө гал гарч, түрээслүүлэгчийн төвийн эд хөрөнгөд 2 039 000 төгрөгийн хохирол учруулсан  зөрчил гаргасан, ажил үүргээ гүйцэтгэж байгаа УБТЗ-ыг ажилчидтай зүй бусаар харьцаж, шаардлагатай үйл ажиллагаагаа явуулахад саад учруулсан  байдал тогтоогдож байна.

Эдгээр байдлын улмаас нэхэмжлэгч түрээсийн гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасны дагуу  цуцлах тухай 2017-01-06, 2017-03-17 өдөр, 2017-04-05 өдрүүдийн мэдэгдлийг  хариуцагчид хүргүүлсэн байна.

Төмөр замын байгууллагын ажлын онцлогийг үл харгалзан түрээслэгчээс үүсгэсэн дээрх нөхцөл байдлын улмаас түрээслүүлэгч түрээсийн гэрээг хугацаанаас өмнө  цуцлахад Иргэний хуулийн  320 дугаар зүйлийн 320.4 дэх хэсэгт заасан журмыг мөрдөх  тул  2016-05-01 өдөр байгуулсан гэрээг  түрээсийн тухайн жилийн эцэс болох 2017-05-01 өдрөөс хойш нэг сарын дотор цуцлах эрхтэй тул ногоон зоорийг түрээслэх гэрээ 2017-06-01 өдрөөс цуцлах  үндэслэлтэй байна.Иймд Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

2. Талуудын хооронд байгуулагдсан   2015 оны 05 сарын 01  өдрийн 15/2-36 тоот түрээсийн гэрээгээр түрээслэгч Рояал шүр ХХК нь түрээслүүлэгч УБТЗ ХНН-ийн эзэмшил дэх Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 давхарт байрлах 19 дүгээр дэлгүүрийг  албан өрөө, агуулах, зоорийн үйлчилгээний газрын зориулалтаар 1 сард  600 000 төгрөгийн төлбөртэйгээр, ашиглалтын зардлаа түрээслэгч хариуцах нөхцөлтэйгөөр 2015 оны 12  сарын 31 өдрийг хүртэл хугацаатайгаар түрээслүүлэхээр тохирсон  байна.

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон түрээсийн гэрээний нөхцөл, хугацаа, түрээсийн төлбөрийн талаар маргаагүй.

 Харин 2017 онд төлөгдөөгүй үлдсэн ашиглалтын зардал 159 740 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэж, гэрээг цуцлахаар  нэхэмжлэгч шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан төлбөрийн тайлангаар 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2 дугаар саруудад түрээслэгч төлбөрийн үлдэгдэлтэй гэж гарсан байх  боловч хэрэгт авагдсан талуудын нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 19 дүгээр дэлгүүр  2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар ямар нэг төлбөргүй болохыг баталсан  байна. /2-р хх 112/

Түрээсийн гэрээний хугацаа 2015-12-31 өдөр дууссан боловч гэрээний талууд гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 296  зүйлийн 296.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашиглахыг түрээслүүлэгч зөвшөөрч , түрээслэгч хөлс төлөх үүргээ биелүүлсээр нэг жил гаруй хугацаанд ашигласаар ирсэн байх тул түрээсийн гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох хуулийн үндэслэлтэй.

Түрээсийн  тодорхой бус хугацаатай гэрээг  Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь хэсэгт заасны дагуу буюу түрээсийн жил дууссан 2016-12-31 өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2017-01-30 өдрийн дотор түрээслүүлэгч гэрээг цуцлах эрхтэй  байна.

Түрээсийн гэрээ Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.4-т заасан   дуусгавар болох  учраас нэхэмжлэгч Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн зүйл болох дэлгүүрийг байрыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 3. Нэхэмжлэгч УБТЗ ХНН нь  хариуцагчид  Баянгол дүүрэг, 33 дугаар байр дахь 380 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг 2015-03-01 өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2018-03-01 өдрийг хүртэл сард 4 940 000 төгрөгийг төлбөртэйгээр эзэмшүүлэхээр тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч гэрээг цуцлахаар шаардсан байна.

Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх бөгөөд түрээсийн  гэрээний хугацаа   2018-03-01 өдөр дуусахаар байх тул  түрээслүүлэгч уг хугацаанаас өмнө гэрээг цуцлах  үндэслэл, хүндэтгэн үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.    

 Иймд  33 дугаар дэлгүүрийг түрээслүүлсэн түрээсийн  хугацаатай гэрээг хугацаанаас өмнө цуцлах, гэрээний  дагуу хүлээлгэн өгсөн түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхгүй  байна.

 

4.  Хариуцагч Рояал шүр ХХК нь нэхэмжлэгч УБТЗ ХНН-ээс түрээсийн зүйл болох 19 дүгээр дэлгүүрт 2016 онд хийсэн засварын ажлын зардалд 23 928 800 төгрөг, ногоон зооринд 2013-2015 онд засвар хийсэн зардалд 126 000 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэнийг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрсөн байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэх бөгөөд мөн хуулийн 289 дугаар зүйлийн 289.2.5 дахь хэсэгт гэрээгээр талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зүйлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгч шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

 Хариуцагч Рояал шүр ХХК нь түрээслүүлэгч УБТЗ ХНН-ээс 19 дүгээр дэлгүүрийг түрээслэсэн түрээсийн 2015-05-01 өдрийн гэрээ, ногоон зоорийг түрээслэх 2016-05-01 өдрийн гэрээний 4.1.11 /4.1.7/-д  түрээслэгч тал түрээслэж буй байранд салгаж үл болох засвар тохижилтын ажил хийх тохиолдолд түүнийг судалж түрээслүүлэгч зөвшөөрөл өгөх, 4.2.8-д түрээсийн байранд өөрсдийн ажлын онцлогт тохирсон салгаж үл болох өөрчлөлт болон тохижилтын ажил хийх шаардлагатай бол түрээслэгч түрээслүүлэгчид бичгээр урьдчилж мэдэгдэж, зөвшөөрөл авч, харилцан зөвшилцсөний үндсэн дээр хийнэ,...зардлыг түрээслэгч бүрэн хариуцна, 4.2.16-д Түрээслэгч ногоон зоорины ашиглагддаггүй байсан үүдний хэсгийн талбайд ус тогтдог хэсэг, хуучин автопүү болон барилгын ухсан нүхнүүдийг өөрийн хүн хүч, 100 хувийн хөрөнгө, машин механизмээр бөглөн тэгшилж, нийт талбайг цаашид ашиглах хэмжээнд сэргээн засварласан, хашаанд машин орж гарах хуучин хаалгыг 10 метрийн урттай орчин үеийн гүйдэг хаалгаар шинээр солих, ажилчдын хувцас солих, амрах байранд урсгал засвар хийж, ханан пийшинг буулган шинээр тоосгоор өрж засварлан пийшинг шинэчлэн сольсон, 1000 тн-ын 2 зоорины 4 хаалгыг шинэчлэн доторх засвар үйлчилгээг 100 хувь хийж гүйцэтгэсэн, хааш хаашаагаа 25 м хэмжээтэй аж ахуйн аргаар  барьж гүйцэтгэсэн ашиглалтын хугацаа бүрэн дууссан складны байшинг, мөн ашиглалтын хугацаа дууссан актлагдсан зооринуудыг буулгаж, түүнээс гарсан моднуудыг түрээслүүлэгч талд хүлээлгэн өгч, гарсан хог, шороог өөрийн зардлаар хогийн цэг рүү ачуулсан, мөн бусад засвар үйлчилгээнүүдийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж, тохижилтын ажилд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх үүднээс гэрээгээр хийсэн сарын төлбөрийг өөрчлөхгүйгээр мөрдөх, гэрээнд түрээслүүлэгч тал өөрчлөлт оруулсан тохиолдолд эрсдэлийг хариуцна гэж тохирсон байна.

Хариуцагч 19-р дэлгүүрт хийсэн засварын ажилд нэхэмжлэгчээс зөвшөөрөл авсан нь тогтоогдоогүй бөгөөд ногоон зоорины хашаанд хийсэн засварыг нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр  хийсэн нь тогтоогдож байна.

Сөрөг нэхэмжлэлээ нотлохоор фото зургууд, засварын ажлын тайлан, хамтран ажиллах гэрээ, зарлагын баримтууд зэрэг  хариуцагч талаас ирүүлсэн  нотлох баримтаар хэдийд хийсэн засвар болох нь тодорхойгүй, тайлан гэх хариуцагчийн өөрийн гаргасан жагсаалт нь хөндлөнгийн санхүүгийн баримт тайлангаар бүрэн тогтоогдохгүй, гэрч Г.Мөнгөнсүхийн мэдүүлгээр түүний хийсэн ажил нь маргаан бүхий гэрээтэй цаг хугацааны хувьд хамааралгүй, зарлагын баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн анхан шатны баримт бичгийн шаардлага хангаагүй, хэнд хамааралтай баримт болох нь тогтоогдохгүй байх бөгөөд  түрээслэгч өөрийн явуулах үйл ажиллагаанд шаардагдах   засварыг   түрээсийн зүйлд  хийсэн  зардлыг өөрөө  бүрэн хариуцахаар гэрээгээр тохирсон, түүнтэй холбоотойгоор түрээсийн хөлсөө зохигч тохирсон нь тогтоогдож  байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 307 948 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 1 135 699 төгрөгийг тус тус  улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон