Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/00075

 

 Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01250 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1450 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Т- ХХК

          Хариуцагч: ...банк ХХК

          Хариуцагч: МТЗ ТӨХК      

          Нэхэмжлэл: 7,734,196,058.49 төгрөгийг МТЗ ТӨХК-аас гаргуулах, гэрээт ажлын хөлсийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг ...банк ХХК-д даалгах тухай,

          Сөрөг нэхэмжлэл: 2011-04-25-ны өдрийн 1/008 тоот Хөрс хуулалтын ажлын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батдоржийн гомдлыг үндэслэн

        Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Т-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батдорж, өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагч “...банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзориг, Т.Пүрэвсүрэн, өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагч “МТЗ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энэрэлт, Б.Эрдэнэбаяр, өмгөөлөгч Л.Банзрагч, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: 2010 онд тухайн үеийн салбар хариуцсан сайд, бусад албан тушаалтнууд манай компанийн ажилтай танилцаад Шинэ төмөр зам төслийн бүтээн байгуулалтын ажилд ажиллах санал тавьсан. УИХ 2010-06-24-ний өдөр 32 дугаар тогтоол гаргаж Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсантай холбогдуулан Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан эхлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийг газарт \ЗГ\ даалгасан. ЗГ 2010-11-03-ны өдөр Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргаж эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо\ТӨХ\-д даалгасан байсан. Улмаар 2011-4-20-ны өдөр МТЗ ТӨХК \МТЗ ТӨХК\-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн 2-т МТЗ ТӨХК нь УИХ, ЗГ,ТӨХ, МТЗ ТӨХК-н ТУЗ зэрэг эрх бүхий байгууллагаас холбогдох шийдвэр гарсны дараа Т- ХХК-тай хамтран ажиллах талаар хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцээр хийж, холбогдох гэрээг байгуулна гэсний дагуу 2011-4-25-ны өдөр МТЗ ТӨХК болон Т- ХХК-ийн хооронд 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулж, үүгээр Т- ХХК нь МТЗ ТӨХК-ийн захиалгын дагуу Даланзадгад-Таван толгой-Цагаан суврага-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 км хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, МТЗ ТӨХК нь ажлын хөлсөнд нийт 5 156 130 705.49 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. МТЗ ТӨХК-ийн 2011-5-03-ны өдрийн 1/71 тоот албан бичгээр ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноор хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн. Манай компани нь Дорнод аймгийн Булган сумын нутаг дахь Зараа өртөөнөөс Хөөтийн чиглэлд баригдах 50 км төмөр замын хөрс хуулалтын ажлыг дээрх координатуудын хооронд батлагдсан зургийн дагуу 2011-5- 03-с мөн оны 07-18-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгсөн. Хөрс хуулалтын ажлын гэрээний дагуу ажлын хөлс нь нийт 5 156 130 705.94 төгрөг байна, гэрээний 16.1-д ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг Хөгжлийн Банкнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө, 16.2-д Ажлын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон Захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж тус тус харилцан тохиролцсон боловч захиалагч МТЗ ТӨХК нь өнөөдрийг хүртэл ажлын хөлс болон алданги огт төлөөгүй. Манай компани гэрээт ажлыг батлагдсан зургийн дагуу заасан хугацаанд, чанарын өндөр төвшинд бүрэн гүйцэтгэж, захиалагч МТЗ ТӨХК-д ажлын гүйцэтгэлийн тайлангаа хүргүүлсэн. Захиалагчийн төлөөлөгч газар дээр нь очиж ажлын гүйцэтгэлтэй танилцсан боловч ажил хүлээлцэх үүргээ биелүүлээгүй. УИХ 2011-2-10-ны өдрийн 15-р тогтоолын 1-д УИХ шийдвэрт заасан төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг ЗГ үүрэг болгож, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг уул зээлийн санхүүжилтэд хамааруулсан. Үүний дагуу ЗГ 2011-8-31-ний өдрийн 266-р тогтоол гарч Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн. Улмаар ЗГ 2013-01-26-ны өдөр 28-р тогтоол гаргаж, МТЗ ТӨХК болон Т- ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011-4-25-ний өдрийн 1/008-р Хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан боловч Хөгжлийн Банк нь Төрийн эрх барих дээд байгууллагуудын эдгээр тогтоол, шийдвэрүүдийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж өдий хүрсэн. Иймд МТЗ ТӨХК-аас хөрс хуулалтын ажлын хөлс 5 156 130 705.94 төгрөг, алданги 2 578 065 352.49 төгрөг, нийт 7 734 196 058.49 төгрөгийг гаргуулж, МТЗ ТӨХК болон Т- ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011-4-25-ны өдрийн 1/008-р Хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банк ХХК-д даалгаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн агуулга нь 2011-4-25-ны өдөр байгуулсан 1/008 дугаар гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлийг зөрчиж байгуулсан тул ИХ-н 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ИХ-н 56.1.1-д заасанчлан талууд хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж гэрээг байгуулаагүй ба хуульд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээнд заасны дагуу ажил үүргийг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. ТБОНӨХБАҮХАТХ-д заасны дагуу Т- ХХК-ийг сонгож гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран маргаан бүхий гэрээ нь агуулгын хувьд хууль тогтоомжид нийцсэн, уг хуульд заасан ажил үйлчилгээ гэх ойлголтод хөрс хуулалтын ажил хамаарахгүй, төрийн өмчийн компани хуулийн шаардлага биелүүлээгүйд манай буруу байхгүй. Иймд МТЗ ТӨХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч: “МТЗ” ТӨХК тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: ЗГ 2010 оны 283-р тогтоолоор олгосон төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийн дагуу манай компани Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан шинээр барих төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцад Т- ХХК-тай 2011-04-25-ны өдөр 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан 1/008-р гэрээний 16.1-т “...ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг Хөгжлийн банкнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж, 16.2-т ажлын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан гүйцэтгэлээр төлнө гэж заасан. Мөн гэрээний 13.3-т Гүйцэтгэгч тал ажлыг шалгасан, хүлээн зөвшөөрч авсан тухай мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаар гаргуулан хүлээлгэж өгнө гэж заасан. Т- ХХК нь хөрс хуулалтын ажлын гүйцэтгэгчийн хувьд гэрээний 13.3-т заасан үүргээ биелүүлж, ажлыг гэрээний 8-р зүйлд заасны дагуу, чанарын өндөр төвшинд бүрэн гүйцэтгэсэн болохоо баталгаажуулсан мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлсэн тохиолдолд хариуцагч манай компани нь төлбөр төлөх үүрэг үүсэхээр талууд тохиролцсон. Хөгжлийн банк дахь манай харилцах дансанд хөрс хуулалтын ажлын зориулалт, тэр тусмаа Т- ХХК-ийн ажлын хөлсний төлбөрийн зориулалтаар нэг ч удаа санхүүжилт орж ирээгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс МТЗ ТӨХК-аас гаргуулах ажлын хөлсийг гэрээний нийт үнийн дүнгээр тооцон, алдангийн хамт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хийсэн ажлынхаа үр дүнг хүлээлгэж өгөөгүй. 2013-12-26-ны өдөр ажил хийсэн гэх газар дээр 2 байгууллагын инженерүүд очиж, шалгалт явуулсан. Шалгалтаар нэхэмжлэгчийг 109 222.48 м.куб ажлыг хийсэн болохыг нотолсон. Тиймээс 2 тал энэ ажлын хэмжээг баталгаажуулж гарын үсэг зурсан. Хийсэн нийт 109 222.48 м.куб ажлын хэмжээн дээр тодорхой үнийн дүн ярих боломжтой. Алдангитай холбоотой асуудалд ажлыг хүлээлгэн өгөх хугацаа, гэрээний дуусах хугацаа тодорхойгүй тул алданги тооцох үндэслэлгүй. Хөрс хуулалтын ажлын гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахын тулд тухайн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх шаардлагатай. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад ТБОНӨХБАҮХАТХ-н 3.1-т заасан. Уг хуулийн 4.1.1-д төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийн 3.1.5-д заасан төсөл хэрэгжүүлэгч нь захиалагч байх бөгөөд захиалагч нь бараа үйлчилгээ худалдан авахдаа 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулахаар заасан. Хуулийн 53.1-д 4.1.2-т зааснаас бусад захиалагч энэ хуулийн 8.1.4-т заасан босго үнээс давсан үнэ бүхий бараа ажил үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна гэж заасан бөгөөд мөн хуулийн 42.1.1-т захиалагч гэрээ байгуулахдаа энэ хуулийн 53-д заасан зөвшөөрөл аваагүй бол Худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэж заасан. Түүнчлэн тендер ирүүлэх тендерийг хянаж үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах журмыг мөн хуулийн 27, 28, 29-т заасан. Гэтэл захиалагч энэ хуулийн 53.1, 27, 28, 29-т заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан. Ийнхүү талууд хууль зөрчиж хэлцэл хийсэн нь ИХ-н 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул 2011-4-25-ны өдрийн 1/008 тоот Хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

          Хариуцагч “...банк” ХХК тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмнө  Хөгжлийн банк ХХК үүрэг хүлээгээгүй, үүнтэй холбоотойгоор үүргээ биелүүлэх тухай ойлголт байхгүйн зэрэгцээ нэхэмжлэлд Т- ХХК-ийн өмнө хууль буюу гэрээнд заасан ямар үүрэг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тухай тодорхой дурдаагүй тул Хөгжлийн банк ХХК-ийг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй. Төслийн санхүүжилттэй холбоотой төрийн байгууллагуудын шийдвэрүүдийг үзвэл: 1. Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ 2011-2-10-ны өдрийн 15-р тогтоолоор Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг ЗГ-т үүрэг болгосон. 2. Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай ЗГ 2011-8-31-ний өдрийн 266-р тогтоолоор Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн. 3. Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013-01-26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Энэхүү тогтоолын 1-р хавсралтад заасан ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх, 2013 онд гүйцэтгэх 2 дугаар хавсралтад заасан ажлыг холбогдох журмын дагуу хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгаж, Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасан ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг ЗГ 2011 оны 266-р тогтоолын дагуу олгохыг Хөгжлийн банкны ТУЗ зөвшөөрч, Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасан байдаг. Мөн уг тогтоолын 1-р хавсралтад заасан Туршилтын хөрс хуулалт хэсгийн 1-д МТЗ ТӨХК, Т- ХХК-тай 2011-4-25-ны өдөр байгуулсан 1/008 дугаар гэрээ, нийт үнийн дүнг 5 156 130 705.94 төгрөгөөр гэж заасан. Дээрх шийдвэрүүдээс үзэхэд Хөгжлийн банк ХХК-д үүрэг болгосон заалтууд байдаггүй бөгөөд, зохих журмын дагуу шийдвэрлэхийг зөвшөөрсөн, ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх, холбогдох журмын дагуу хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авах зөвшөөрөл олгосон байдаг. Хөгжлийн банк ХХК-ийн үйл ажиллагааг зохицуулахад Хөгжлийн банкны тухай хууль үйлчилдэг бөгөөд уг хуулийн 6.1.3-д Хөгжлийн банк ХХК нь ашигтай ажиллах зарчмыг, 8.2-т Зээл олгох шийдвэрийг Хөгжлийн банкны актив-пассивийн болон эрсдэлийн удирдлагын нэгжийн дүгнэлтийг үндэслэн зээлийн хороо гаргана, 8.3-т Хөгжлийн банкнаас олгох зээл нь банкнуудын зээлийн дундаж хүүгээс доогуур хүүтэй байх, зөвхөн мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэсэн байх, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь үр ашигтай байх, зээлийн эргэн төлөгдөх хуваарь тодорхой байх, зээл нь барьцаа, баталгаа болон үүргийн гүйцэтгэлийн бусад арга хэрэгслээр хангагдсан байх, зээл хөнгөлөлттэй нөхцөлтэй байх шаардлагыг, мөн 10.1-д Хөгжлийн банкнаас сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь Засгийн газрын баталсан ...тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарах, төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, техник, эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эсхүл олон улсын болон Европын холбооны стандартын шаардлагад нийцсэн экспортын болон импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх, зээлийн эрсдэлийн үнэлгээ, зээл авах үндэслэл, төсөл, хөтөлбөрийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг олон улсад тогтсон мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх, төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон хөрөнгийг тухайн зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл зээлийн барьцаа хөрөнгөнд тооцсон байх шаардлага хангасан байх ёстой. Эндээс үзэхэд УИХ, ЗГ зөвшөөрсөн шийдвэрүүд гарсны дараа хуульд заасан болзол шалгуур хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай асуудлыг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн Хөгжлийн банк ХХК-ийн Зээлийн хороо, ТУЗ-с шийдвэрлэдэг. Төрийн байгууллагын аливаа шийдвэрээр санхүүжүүлэх үүргийг Хөгжлийн банк ХХК-д хүлээлгэх боломжгүй. Хөгжлийн банк ХХК, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, МТЗ ТӨХК нарын хооронд 55 сая ам.долларын үнийн дүнтэй, З-ТЗ-Б 2013-5 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ 2013-2-20-ны өдөр байгуулагдсан. 1. Гэрээний дагуу ашиглагдаагүй санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан: Энэхүү гэрээний 2.1.15-д Санхүүжилт олгох боломжит хугацаа: 2013-12-31-ний өдөр дуустал санхүүжилтийг олгох боломжтой. Олгох боломжит хугацаа дууссаны дараа ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдана гэж заасан. Түүнчлэн уг гэрээний 3.1.4-д Төсөл хэрэгжүүлэгч (МТЗ ТӨХК) нь Гэрээлэгчийн хийсэн ажлыг хүлээн авч, Гэрээлэгчид төлөх төлбөрийг Зам тээврийн яамаар батлуулж ирүүлсэн байх гэж, 4.1-д Хөгжлийн банк нь Төсөл хэрэгжүүлэгчийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулсныг үндэслэн Хавсралт 1-д заасан олголтын хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн харилцах дансанд шилжүүлнэ гэж, 7.1-д МТЗ ТӨХК нь Төслийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлын хэрэгжилт, барилгын ажлын явц, тайлан мэдээллийг Зам тээврийн яамаар баталгаажуулж энэхүү гэрээний 4.1-д заасан олголтын хуваарът өдрөөс ажлын 10 хоногийн өмнө Хөгжлийн банканд хүргүүлнэ гэж тус тус заасан. Гэтэл энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш төсөл хэрэгжүүлэгчээс Т- ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэлийг баталгаажуулсан тухай хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалуудыг ирүүлээгүй. Харин Зам, тээврийн яамнаас 2012-12-10-ны өдрийн 3/2111 дугаар албан бичгээр Т- ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлж байсан боловч төсөл хэрэгжүүлэгчээс холбогдох тайлан, баримтаа ирүүлээгүй учир шийдвэрлэх боломжгүй болсон. Ийнхүү Хөгжлийн банк ХХК-аас уг ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан тул ажлын гүйцэтгэл баталгаажсан ч уг ажлыг гэрээний хүрээнд Хөгжлийн банк ХХК-аас санхүүжүүлэх боломжгүй болсон. 2. Санхүүжилтийн эргэн төлөлт баталгаажаагүй. Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээний дагуу Хөгжлийн банк ХХК-аас 55сая хүртэл ам.долларыг санхүүжүүлэх боломжтой ч гэрээний хугацаанд шаардлага хангасан болон Зам тээврийн яам, МТЗ ТӨХК-ийн баталгаажуулсан дараах ажлуудад нийт 22 517 000 ам.долларын Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээний дагуу санхүүжүүлсэн хөрөнгийн эргэн төлөлтийг хангах, төсөвт тусган батлуулах, бүхий л үйл явцад оролцон хяналт тавих, Хөгжлийн банк ХХК-д төлбөрийг төлөх үүргийг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байсан боловч уг яам татан буугдаж, Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээнд орсон. Сангийн яам, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, Хөгжлийн банк ХХК, МТЗ ТӨХК нь Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, З-ТЗ-Б 2015-5/1 дугаартай гэрээг 2014-12-03-ны өдөр байгуулж, хавсралтаар Хөгжлийн банк ХХК-аас "Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулан санхүүжүүлсэн дүн болох 22 517 000 ам.доллараар санхүүжилт олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталсан. Өнөөдрийн байдлаар Сангийн яам нь энэхүү эргэн төлөлтийн хуваарийн дагуу санхүүжилтийн хүүгийн төлбөрийг Хөгжлийн банк ХХК-д төлж байна. 2015 оноос эхлэн Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг жил бүрийн төсвийн тухай хуулиар баталдаг болсон. 2015 оны төсвийн тухай хуулийн 3-р хавсралтаар баталсан Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулсан санхүүжилт тусгагдаагүй. Эдгээр үндэслэлээр Т- ХХК-ийн нэхэмжлэлээс Хөгжлийн банк ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 181/ШШ2019/01250 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг баримтлан 2011-04-25-ны өдрийн 1/008 тоот гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, МТЗ ТӨХК-с 4,523,250,000 төгрөг гаргуулж Т- ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,210,946,058.49 төгрөгт холбогдох хэсгийг ...банк ХХК-д холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 38,828,930 төгрөг, МТЗ ТӨХК-аас төлсөн 25,938,603.53 төгрөгөөс 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, улсын орлогоос 25,868,403.53 төгрөгийг буцаан гаргуулж МТЗ ТӨХК-д, МТЗ ТӨХК-аас 22,774,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1450 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-05-27-ны өдрийн 181/ШШ2019/01250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Т- ХХК-с төлсөн 11,536,275 төгрөгийг, МТЗ ТӨХК-с төлсөн 22,774,200 төгрөгийг тус тус буцаан олгохоор заасан байна.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Батдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  1.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж ИХ-н 56.1.1, 186.1, 492.1.1-д заасан үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон гэж үзэж байна.Давж заалдах шатны шүүх хэргийн бодит үйл баримт болон нотлох баримтыг үнэлээгүй шийдвэрийг хүчингүй, дахин нотлох баримт бүрдүүлэх буюу хэрэгт хамааралгүй үйл баримтыг тогтоолгох талаар дүгнэлт хийж, энэ нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн талаар дурдаж шийдвэрийг хүчингүй болгосон нь мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт дээрхи гэрээ болон санхүүжилттэй холбоотой нотлох баримт хангалттай авагдсан бөгөөд энэ талаар хэргийн оролцогч нарт маргаан байхгүй, гагцхүү гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг шаардсан. Гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаж байхад маргаан бүхий үйл баримт, нотлох баримтад хууль зүйн дагуу дүгнэлт хийгээгүй. 2. МТЗ ТӨХК болон Т- ХХК-ийн хооронд байгуулсан 2011-04-25-ны өдрийн 1/008 дугаар гэрээний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банк ХХК-д даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар: 2.1. Анхан шатны шүүх Хөгжлийн банк ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохигч нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 9.1-д зааснаар Хөгжлийн банк нь УИХ баталсан ...томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн. “Шинэ төмөр зам төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажил нь УИХ баталсан ...томоохон төсөл, хөтөлбөрт хамаарах учраас Хөгжлийн банк нь хуулийн 8.1, 9.1-д заасны дагуу МТЗ ТӨХК болон Т- ХХК-ийн хооронд байгуулсан 2011-04-25-ны өдрийн 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний ажлыг санхүүжүүлэх үүрэгтэй.Энэ нь хэрэгт авагдсан төрийн эрх барих дээд байгууллагуудын тогтоол, шийдвэр, зөвлөмж, Хөгжлийн банк, Эдийн Засгийн Хөгжлийн яам, Зам тээврийн яам, МТЗ ТӨХК-ийн хооронд байгуулсан 2013-02-20-ны өдрийн 3- ТЗ-Б 2013-5 тоот “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай” гэрээ , Хөгжлийн банкны 2012-05-03-ны өдрийн 3/250 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Хөгжлийн банк ХХК нь зохигчдын хооронд байгуулсан “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний оролцогч тал биш боловч УИХ баталсан ...томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүргийг хуулиар хүлээсэн.Иймд Траснкон ХХК болон Хөгжлийн банк ХХК-ийн хооронд ИХ-н 8.1.8-р иргэний эрх зүйн харилцаа үүссэн. ИХ-н 8.1.8-д заасан “иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл” гэдэгт Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 9.1-д заасан “Хөгжлийн банк нь УИХ баталсан ...томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ” гэсэн үндэслэл хамаарна. Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг тодорхойлохдоо хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, ИХ-н 8.1.3-д заасныг баримтлан зөвхөн хариу тайлбарт дурдсан үндэслэлд хязгаарлагдаж шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2.2. Анхан шатны шүүх “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банк ХХК-д даалгах нэхэмжлэлийг “Т- ХХК болон Хөгжлийн банк ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо Хөгжлийн банк, 2011-2-10-ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32-р зөвлөмж, УИХ-ын 2010 оны 32-р тогтоолоор “Шинэ төмөр зам төсөл”-ийг баталсан. Засгийн газрын 2010 оны 283, 2011 оны 266, 2013 оны 28-р тогтоолоор “Шинэ төмөр зам төсөл”-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкинд даалгасан Улсын Эдийн Засгийн Хөгжлийн яам, Монгол Улсын Зам тээврийн яам, МТЗ ТӨХК-ийн хооронд байгуулсан 2013-02-20-ны өдрийн 3- ТЗ-Б 2013-5 тоот “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай” гэрээг анхааран үзээгүй байна. Дээр дурдсан Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээг Засгийн газрын 2011-8-31-ний өдрийн 266, 2012-11-03-ны өдрийн 121, 2013-1-26-ны өдрийн 28-р тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын I, II үе шатны төмөр замын суурь бүтцийг барих төслийг санхүүжүүлэх, санхүүжилтийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний үндэслэл болсон Засгийн газрын 2013-01-26-ны өдрийн 28-р тогтоолын 1-р хавсралтаар МТЗ ТӨХК болон Т- ХХК-ийн хооронд байгуулсан 2011-04-25-ны өдрийн 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан учраас “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний санхүүжилт “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ”-нд бүрэн хамаарна. Хөгжлийн банк “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний ажлын гүйцэтгэлийг санхүүжүүлэхээр “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ”-г байгуулсан байх тул зохигчдын хооронд ИХ-н 8.1.1-д заасан үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх: “..хууль болон гэрээгээр үүсээгүй үүргийг шүүх нэхэмжлэгчийн шаардлагаар хариуцагчид ногдуулах боломжгүй” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2.3. Шүүх “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөгжлийн банк ХХК-д холбогдох шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй байна. Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 9.1-д заасны дагуу УИХ-н 2010-6-24-ний өдөр 32-р тогтоол, Засгийн газрын 2011-08-31-ний өдрийн 266, 2010-11-3-ны өдөр 283, 2013-1-26-ны өдрийн 28-р тогтоол зэрэг төрийн эрх барих дээд байгууллагын тогтоол шийдвэрээр “МТЗ” ТӨХК болон “Т-” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011-04-25-ны өдрийн 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний төлбөрийг санхүүжүүлэх үүрэг бүхий этгээд Хөгжлийн банк ХХК болохыг тодорхойлсон. Хөгжлийн банк Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-н баталсан ...томоохон төсөл, хөтөлбөрт хамаарах “Шинэ төмөр зам төсөл”-д өөрийн хөрөнгөөр оролцсон үндэсний 33 /35 компаниас 33 компани санхүүжилтээ авсан. Т- ХХК, Кэй Эйч Эн Ар ХХК санхүүжилтээ аваагүй хохироод байна,компани болон гадаадын зөвлөх үйлчилгээний 11 компанийн ажлыг холбогдох журмын дагуу санхүүжүүлсэн атлаа Т- ХХК-ийн өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний ажлыг санхүүжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Т- ХХК Хөгжлийн банк ХХК-д холбогдуулан хуулиар хүлээсэн санхүүжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан байхад “... 4 тал гэрээний агуулгаас үзэхэд Хөгжлийн банк ХХК нь Т- ХХК-ийн өмнө санхүүжилт олгох үүрэг хүлээгээгүй”, “... Т- ХХК дээрх гэрээний тал биш”, “нэхэмжлэгч нь Хөгжлийн банк ХХК-иас хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилтийг шийдвэрлэхийг болон уг гэрээний үүргийг шаардах эрхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг буруу тодорхойлсон байна. Нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь үүрэг гүйцэтгэгч хууль буюу гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагаар зөрчил гаргагч этгээд хүлээсэн үүргээ бодитой, зохих ёсоор гүйцэтгэхийг шаарддаг ИХ-н 9.4.3-д заасан “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх хамгаалалтын арга”- аар хамгаалагдах учраас шүүх ИХ-н 9.4.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хангах бүрэн үндэслэлтэй юм. 2.4. Анхан шатны шүүх “Хөгжлийн банкны тухай хуулийн 22.1 дэх хэсэгт Хөгжлийн банкны талаарх Засгийн газрын бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд ямар нэгэн хуулийн этгээдийн өмнө санхүүжилт хийх үүргийг ногдуулах эрхийг Засгийн газарт олгоогүй болно” гэсэн нь Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 9.1, 16.1, 16.2, 22.1.5 болон Засгийн газрын тухай хуулийн 7.1-д заасныг ноцтой зөрчсөн. Хөгжлийн банкны тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаас үзэхэд Хөгжлийн банк нь УИХ-н баталсан ...томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн. Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч нь Засгийн газар байх бөгөөд Хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд Хөгжлийн банкны зээлийн бодлого, түүний хэрэгжилттэй холбоотой асуудлаар банк, эрх бүхий бусад байгууллагатай шууд харилцаж, байр сууриа илэрхийлэх бүрэн эрхтэй байхаар заасан байх тул “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэхийг Хөгжлийн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32-р зөвлөмж, УИХ-ын 2010 оны 32-р тогтоол банкны ТУЗ-д даалгасан Засгийн газрын тогтоол, шийдвэрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан хууль ёсны шийдвэр гэж үзэж байна. Засгийн газар “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгаж шийдвэрлэсэн нь Засгийн газрын тухай хуулийн 7-д заасан хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаархи Засгийн газрын бүрэн эрхэд хамаарна. “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан ЗГ тогтоол хүчинтэй байгаа бөгөөд эдгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар зохигчид маргаагүй байхад давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-н 13-д заасан хэргийн харъяаллыг ноцтой зөрчиж, Засгийн газрын тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар хууль бус дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Т- ХХК нь 2016-07-25-ны өдөр шүүхэд хандаж, МТЗ Төрийн өмчит хувьцаат компани /цаашид МТЗ гэх /-с 2011-04-25-ны өдрийн 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ” –н үүрэг 5.156.130.705,94 төгрөг, алданги 2.578.065.352,49 төгрөг нийт 7.734.196.058 төгрөг гаргуулах, гэрээг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг ...банк ХХК-д даалгах шаардлага тавьжээ.  

         Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж, МТЗ ТӨХК болон Хөгжлийн банк тайлбараа шүүхэд гаргаж өгсөн байна. МТЗ ТӨХК сөрөг нэхэмжлэл гаргаж, 2011-04-25-ны өдрийн 1/008 тоот Хөрс хуулалтын ажлын гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохыг шаарджээ.

        Анхан шатны шүүх МТЗ ТӨХК-аас 4,523,250,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг, ...банк ХХК-д холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. 

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа, гэрээний үүрэгт хамаарах үйл баримтыг нэхэмжлэлийг хангах нөхцөл болгосон нь Иргэний хуулийн 56,343 дугаар зүйлийг зөрчсөн байна.  

        Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлд “...бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн..” талаарх заасан байгааг анхаарч үзээгүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

        Хэргийг хянан шийдвэрлэхэд шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, бодит ажлын хөлсийг мэргэжлийн шинжээчээр тогтоолгох нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байхад шүүх энэ тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна. 

        Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.   

      Шүүх хэрэгт байгаа баримтуудыг харьцуулан үзсэний эцэст нэхэмжлэлийг талаар дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1450 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 38,828,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ