Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00147

 

 Ц.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.А-чимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/01411 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1560 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ц.А-

          Хариуцагч: Г.А-

          Хариуцагч: “А-” ХХК

           30,000 ам.доллар буюу 79,919,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч Г.А-гийн төлөөлөгч С.Анастасияагийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Г.А-гийн төлөөлөгч С.Анастасия, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Ичинхорлоо, Г.Урантогос, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Г.А-гаас Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2-р хороонд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 1052 дугаартай 4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 40,000 ам.доллараар худалдаж авахаар тохиролцон 2014-09-01-ний өдөр 202-54 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тухайн өдөр буюу 2014-9-1-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 30,000 ам.долларыг Г.А-гийн төлөөлөгч С.Анастасияд бэлнээр төлсөн билээ. Гэтэл миний санхүүгийн байдал эрс муудаж үлдэгдэл 10,000 ам.долларыг төлөх боломжгүй болсон тул энэ тухайгаа Г.А-д 2016-11-17-ны өдөр мэдэгдэж гэрээ цуцлах санал гаргасан боловч Г.А-гаас урьдчилгаа төлбөрт төлсөн 30,000 ам.долларыг буцаан олгох боломжгүй гэсэн хариуг 2016-12-03-ны өдөр ирүүлсэн. Г.А- нь Ц.А-т худалдсан талбайг шилжүүлж өгөхгүй, тус талбайд удаан хугацааны түрээсийн гэрээтэй хүн байгаа учраас түрээсийн хугацааг дуустал шилжүүлж өгөхгүй, өөр лангуун дээр байж бай гэж хэлсээр 2 жилийн хугацаа өнгөрсөн. Ц.А- нь өөрийн мөнгө төлсөн хөрөнгөө эзэмшиж, ашиглаж чадахгүй 1062 тоот лангуунд түрээс төлж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 1052 тоот лангуу руу шилжсэн боловч, 1 м.кв-д сарын 100,000 төгрөгийг төлж байгаа. Энэ нь шударга биш бөгөөд бид нэгэнт ИХ-н 205.1-д заасан нөхцөлөөр гэрээнээсээ татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд 2014-9-1-ний өдөр 202-54 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд төлсөн 30,000 ам.долларыг 2019-01-09-ний өдрийн Монголбанкны ханшаар тооцож, нийт 79,919,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч “А-” ХХК тайлбартаа: Тухайн үед байгуулагдсан гэрээнд худалдах, худалдан авах гэрээндээ талууд гэрээг цуцалж, мөнгийг буцаахгүй гэсэн заалт байдаг. Үүнийг үндэслэн Г.А- захирал нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаачлан тухайн тоот гэрээг цуцлах боломжгүй гэх агуулгатай хариуг өгүүл гэж байсан. Нэхэмжлэгч мөнгөө буцааж авъя гэдэг. Гэтэл лангууг худалдан аваад 2011 оноос хойш ашиглаж, хохиролгүй, алдагдалгүй ажиллаж байгаа мөртлөө одоо ашигласны дараа мөнгө авъя гэж байгаа нь үндэслэлгүй байна. Бид нар мөнгийг нь аваад хөөж гаргаад үйл ажиллагааг нь зогсоосон зүйл байхгүй. Манайх гэрээний нэг тал биш тул хариуцагч биш гэжээ.

         Хариуцагч Г.А-гийн төлөөлөгч С.Анастасия тайлбартаа: Гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй байхаар гэрээ байгуулсан. Иргэний хуульд зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар заасан. Г.А- нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа. Нэхэмжлэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй мөртөө маргаан бүхий талбайг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглаж, ашиг орлого олсоор байгаа.Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоо дууссанаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ Ц.А-ын нэр дээр гарах боломжтой. Үлдэгдэл 10,000 ам.долларыг төлсөн тохиолдолд гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж, өмчлөлийг шилжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсээр байгаа болно. Ц.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 183/ШШ2019/01411 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014-09-01-ний өдрийн  202-54 дугаартай, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж,  Г.А-гаас 30,000 ам.доллар буюу 79,919,400 төгрөг гаргуулан Ц.А-т олгож, Алтжин санаа ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 630,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.А-гаас 557,545 төгрөг гаргуулан Ц.А-т олгохоор шийдвэрлэжээ.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1560 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/01411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Г.А-гийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.А-гаас төлсөн 630,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

    Хариуцагч Г.А-гийн төлөөлөгч С.Анастасия хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “худалдагч нь ...хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэснээр Г.А- нь гэрээгээр тохирсон эд хөрөнгө болох 1052 тоот лангууг хүлээлгэж өгөөгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэхээр байх ба адил төрлийн лангуу ашиглуулж байсныг уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Г.А-, Ц.А- нар нь харилцан тохиролцож 2014-09-01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 40,000 ам.долларын төлбөрийг бүрэн төлөх боломжгүй гээд урьдчилгаа төлбөр 30,000 ам.долларыг төлсөн. Г.А- нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй мөртлөө маргаан бүхий талбайг Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглаж, ашиг орлого олсоор байгаа болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоо дууссанаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ А-ын нэр дээр гарах боломжтой бөгөөд үлдэгдэл 10,000 ам.долларыг төлсөн тохиолдолд гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж, өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон. Худалдах худалдан авах гэрээний 2.3-т “...үлдэгдэл 25 хувийн төлбөр болох 10,000 ам.долларыг 2015-04-01-нд гүйцэтгэх”-ээр тохиролцож, 2.8-д “...тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5%-ийн алданги төлөх”-өөр тусгасан. Худалдан авагч тал үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл төлөөгүй. Мөн гэрээний 3.1-т “Худалдан авагч гэрээнд заагдсан төлбөрийг 100 хувь гүйцэтгэснээс хойш худалдагч худалдан авсан талбайг тодорхой акт үйлдэн хүлээлгэж өгнө” гэж заасан боловч худалдагч тал олон худалдан авагчдын нөхцөл байдлыг харгалзан үзээд урьдчилгаа төлбөр төлсний дараа үйл ажиллагаа явуулах ашиг орлого олох боломжоор хангаж лангуу гаргаж өгсөн. Энэ тохиролцоо нь Иргэний хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлснээр түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад бэлэн юм. Гэтэл шүүх талуудын хооронд тохиролцсон тохиролцоог анхаарч үзээгүй, 1052 лангууг хүлээлгэж өгөөгүй гэж үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. 1052 дугаар лангууг өнөөдрийг хүртэл Ц.А- ашиглаж байгаа нь тогтоогддог. Ц.А- нь төлбөрийхөө ихэнхийг төлчихсөн, лангууг ашиглаж, ашиг орлого олсоор байж гэрээ цуцлах хууль зүйн болоод гэрээнд заасан үндэслэлгүй юм. Худалдан авагч тал 5 жилийн хугацаанд лангууг ашигласан байж талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үнэд төлсөн мөнгийг худалдагч талаас гаргуулахаар шаардаж байгаа тохиолдолд худалдагч талд учирсан хохирлыг нөхөн төлөх, арилгах, гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцаах үүрэгтэй. Шүүхийн шийдвэр, магадлалд гэрээнээс татгалзах, гэрээг цуцалснаас үүсэх үр дагаварын талаар дурьдаагүй. 2. Иргэний хуулийн 243.1-д зааснаар худалдагч нь эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх харилцан хүлээх үүргийг гэрээний талууд хүлээсэн. Талуудын гэрээндээ үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжих талаар заасан нь Иргэний хуулийн 112.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд худалдан авагч тал төлбөрийн үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд худалдагч тал эд хөрөнгө шилжүүлээгүй байгаа, үнэ төлөгдөөгүй хэсгээр буюу 1 м.кв талбайг ашиглуулснаар зэх зээлийн ханшнаас харьцангүй багаар түрээсийн төлбөр авч байгааг нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. 3. 2016-12-12-ны өдөр Ц.А- Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 30,000 ам.доллар буюу 73,789,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба 2019-01-09-ны өдөр нэхэмжлэлээ өөрчлөн худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 79,919,400 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа долларыг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож 73,789,800 төгрөг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 218.1-г анхаарч үзэлгүй 79,919,400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. 4. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, 30,000 ам доллар гаргуулахаар нэхэмжлэлээ өөрчлөн гаргасан. Гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй байхаар гэрээ байгуулсан. Иргэний хуульд зааснаар “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” байхаар заасан. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах хууль болон гэрээнд заасан үндэслэл байхгүй, түүний гэрээний үүргээ зөрчсөн явдалд худалдагч тал буруугүй байхад энэ байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. 5. Мөн анхан шатны шүүх хариуцагч талын өмгөөлөгч гадаад улсад ажлаар явсан талаарх баримтаа хүргүүлэн хүсэлт гаргасан байхад хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэхгүйгээр ИХШХШТХ, Үндсэн хуульд заасан эрхийг ноцтой зөрчин, шүүхийн өмнө эрх тэгш байх, хуульд захирагдах, мэтгэлцэх зарчмыг хангалгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлан зөрчиж, үндэслэлгүйгээр өмгөөлөгчийн хүсэлтийг хангалгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд биечлэн ирсэн мөртөө төлөөлөгчтэй хамт оролцоно, төлөөлөгчийн хурал давхардсан шалтгаанаар шүүх хуралдааныг дараалан олон удаа хойшлуулах хүсэлт гаргахад хангаж шийдвэрлэсэн мөртөө хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт ирүүлсэн, өмгөөлөгч гадаад улс руу явсан хойгуур шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмуудыг зөрчин хэргийн оролцогч нарт ялгавартай хандсан. 6. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасан байхад шүүх хуралдаан дээр хариуцагчийг тайлбар хэлүүлэхгүй, зөвхөн гомдолд бичигдсэн үг, өгүүлбэрийг ярь хэмээн тайлбар гаргах эрхийг хязгаарласан явдалд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ц.А- 2016-12-13-ны өдөр Г.А-, А- ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2014-09-01-ний өдрийн 202-54 дугаартай худалдах-худалдан авах гэрээний дагуу төлсөн 30,000 ам.доллар буюу 79,919,400 төгрөг шаардахдаа “...гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүй тул гэрээг цуцлах санал хүргүүлж байсан ч мөнгөө буцааж авч чадахгүй байна...” гэсэн үндэслэл заасныг, хариуцагч нар эс зөвшөөрсөн байна.

      Анхан шатны шүүх Г.А-д холбогдох нэхэмжлэлийг бүрэн хангаж, А- ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан Г.А-гийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ц.А-, Г.А- нар 2014-09-01-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр Г.А- нь  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 1052 дугаар бүхий 4 м.кв талбайг худалдах, нэхэмжлэгч 40,000 ам.доллар төлөхөөр тохиролцсон байна. 

       Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч 30,000 ам.доллар төлсөн байх бөгөөд “гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүй” гэсэн үндэслэлээр 2016-11-17-ны өдөр гэрээгээ цуцлах талаар худалдагчид мэдэгдсэн талаар зохигчид маргаагүй байна.

       Талууд гэрээгээр ямар үүрэг хүлээхээр тохиролцсон байна тэр үүргийг л гүйцэтгэх ёстой бөгөөд энэ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-г зөрчихгүй. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

         Нэхэмжлэлийн шаардлагын талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаарх гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         2. Шүүх ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцоогүй талаарх хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй байна.

Шүүх Г.А-д холбогдох нэхэмжлэлийг хангахдаа ам.долларын монгол төгрөгтэй харьцах харьцааг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцоолоогүй нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д заасан зохицуулалтын агуулгыг зөрчжээ.

Төлбөрийг үүрэг үүсэх үеийн үнэлгээгээр гүйцэтгэх зарчмыг Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зохицуулсан байх тул ам.долларын ханшийг Ц.А- шүүхэд нэхэмжлэл гаргах 2016-12-13-ны өдрөөр тооцон Г.А-гаас 30,000 ам.доллар буюу  73,789,800 төгрөг гаргуулах өөрчлөлтийг шийдвэр,магадлалд оруулна. 

     3. Ц.А- нь 30,000 ам.доллар гаргуулах нэхэмжлэл гаргахдаа “...худалдагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалсан..” гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлага мэт тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь дутагдалтай байгаа ч энэ нь шийдвэр,магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

    4. Хэргийн оролцогч нэхэмжлэл, хариу тайлбараа өөрөө нотлох үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийн 243,225,205 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох Г.А-гийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1560 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/01411 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.А-гаас 30,000 ам.доллар буюу 73,789,800 төгрөг гаргуулж Ц.А-т олгож, нэхэмжлэлээс 6,129,600 төгрөгийг А- ХХК-д холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосугай...” гэж, хоёр дахь заалтын “...557 545 төгрөг..” гэснийг “...526,899 төгрөг...” гэж өөрчлөн шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 630,210 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ