Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/378

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

иргэний нэхэмжлэгч Б.Бат-Өлзий,

хохирогч Р.М, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч С.Тунбаяр,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Р.М, шүүгдэгч Л.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.Бд холбогдох 1806034821955 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Л-ын Б, 1968 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Завхан аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төрийн социологи судлаач мэргэжилтэй, “Шинэ-Очир” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гарам, 19 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, 

            Л.Б нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Р.Мтай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 43 тоот буюу 48.27 мкв орон сууцыг 65.164.500 худалдахаар тохиролцож, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дансаар 40.100.000 төгрөг авсан боловч уг байрыг Б.Бат-Өлзийд 60.000.000 төгрөгөөр зарж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Бг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Л.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Л.Бгээс нийт 35.100.000 /гучин таван сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч А овогт Р-ийн М /РД:ТД67033008/-д олгож, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Р.М Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс иргэний журмаар шаардах эрхтэй болохыг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Р.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие "Шинэ-Очир" ХХК-ийн барьж дуусаад улсын комисст хүлээлгэн өгөх гэж байсан, 35 дугаар байрны 2 дугаар давхрын 43 тоот орон сууцыг Л.Бгээс 65.164.500 төгрөгөөр худалдан авахаар болж, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тус компанийн инженер Б.Сүх-Очиртой худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг тус компанийн захирал Л.Б нь гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Дансаар урьдчилгаа болгон 20.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Ингээд гэрээнд заасан хугацааны дагуу төлбөрийг хэсэгчлэн төлсөөр нийт 40.000.000 төгрөгийг төлсөн.

Мөн захирал Л.Бтэй нэмэлт гэрээ байгуулж, үлдэгдэл 20.000.000 төгрөгөнд Л.Бгийн барьж байгаа барилга дээр нөхөр Ганбатын хүнд даацын, өөрөө буулгагч автомашинаар элс, хайрга зөөж, бартераар ажиллана гэж тохирсон. Нэмэлт гэрээнд 10.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сар хүртэл төлөх, үлдэгдэл 15.000.000 төгрөгийг компанийн 8 хувийн лизингэд хамруулж өгнө гэж тусгасан. Ингээд уг байранд 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нүүж орсноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Тэгтэл манай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Б.Бат-Өлзийгийн нэр дээр гаргаж өгсөн болохыг мэдсэн.

Өөрөөр хэлбэл, бид гэрээний дагуу төлбөрөө төлсөн байтал бидний худалдан авах орон сууцны гэрчилгээг бусдад гаргаж өгч байгаа нь биднийг анхнаасаа хуурч залилсан үйлдэл болсон.

Бид мөнгийг Л.Бгийн хүү болох Б.Сүх-Очирын “Хаан” банк дахь 5009630277 дугаартай данс руу шилжүүлэн өгч байсныг анхан шатны шүүх дүгнэн үзэлгүй орхигдуулсан нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Миний бие Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуульд жижүүрийн ажилтай бөгөөд сард 380.000 төгрөгийн цалин авдаг. Нөхөр Ганбат нь зуны цагт хүнд даацын өөрөө буулгагч автомашинаар ажил олж хийдэг. Бид 2 жилийн хугацаанд амьжиргааны бүхий л орлогоо орон сууцны төлбөрөөр Л.Бд төлж ирсэн боловч уг мөнгийг залилсан үйлдэлд анхан шатны шүүхээс бодит дүгнэлт хийлгүй орхигдуулж, Л.Б нь ял завшиж, хөнгөн ялаар шийтгүүлсэн гэж үзэж байна.

 Бид хүүхдийн хичээл сургууль, өөрийн ажилдаа ойрхон байрыг сонгон авч, 40.000.000 төгрөгийг урьдчилгаа болгон, 20.000.000 төгрөгийг сургуулийн жижүүрийн ажлыг тасралтгүй хийсэн цалингаа цуглуулан байж төлсөн. Гэрээний дагуу үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 2 жил хүрэхгүй хугацаанд төлсөн байтал өнөөдөр байр ч үгүй, мөнгө ч үгүй болж, бага насны хүүхдээ дагуулаад гудамжинд амьдрах болж, амьдралын эх үүсвэр болсон бүхий л хөрөнгөө алдаж, маш ихээр хохирсон байгааг давж заалдах шатны шүүх харгалзан үзнэ гэдэгт итгэлтэй байна.

Миний бие мөнгөө авах эсвэл байрны гэрчилгээг өөрийн нэр шилжүүлэн авах саналтай байгаа бөгөөд байрны төлбөрийн үлдэгдэл 25.000.000 төгрөг болон надад буцаан өгсөн 5.000.000 төгрөг миний дансанд бэлэн байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь хохирогч Р.М миний амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол учруулсан тул хуульд заасны дагуу Л.Бд оногдуулсан ял шийтгэлийг хохирогчид ноцтой хохирол учруулсан үндэслэлээр шийдвэрлэж өгнө үү. Миний бие мөнгөө авах эсвэл байрны гэрчилгээг авах саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Б миний биед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ял оногдуулсныг эсэргүүцэж, гомдол гаргаж байна. Миний бие залилангийн гэмт хэрэг үйлдээгүй болох нь дараах байдлуудаас хангалттай нотлогдоно.

1. Хохирогч Р.Мтай миний бие барилгын компанийн захирлын хувьд урьдчилгаа төлбөр авч, байр захиалгын гэрээ хийсэн боловч хохирогч өөрөө гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй. Иймд үйл ажиллагаагаа явуулахын тулд 2016 оны 8 дугаар сард иргэний нэхэмжлэгч Б.Бат-Өлзийтэй ярилцан тохиролцож, автомашиныг нь шилжүүлэн авч, оронд нь уг байрны гэрчилгээг гарган өгч, түр зуур барьцаанд тавьж, Р.Мг мөнгөө өгөхөд нь Б.Бат-Өлзийгийн нэр дээр гарсан гэрчилгээг Р.Мд өгөхөөр тохиролцсон. Ийм учраас Б.Бат-Өлзийг хохирогчоор тогтоогоогүй болно.

2. Р.М нь юугаар хохирсон нь ойлгоход хэцүү байна. Р.М уг байранд одоог хүртэл амьдарч байгаа. Би Б.Бат-Өлзийд гэрчилгээ гаргаж өгсөн нь Р.Мгаас авах үлдэгдэл мөнгөө хурдан гаргуулж авахын тулд хийсэн үйлдэл юм. Учир нь, Р.М үлдэгдэл төлбөрөө төлөхгүй удаад байхаар нь Б.Бат-Өлзийгийн нэр дээр байрны гэрчилгээг гаргаад, хөөж туувал үлдэгдэл төлбөрөө хурдан төлөх болов уу гэсэн байдлаас энэ байдал үүслээ. Энэ нь удаа дараа Р.М болон нөхөртэй нь ярьж, үлдэгдэл мөнгөө төлчихвөл гэрчилгээг Р.Мд шилжүүлэх байсан юм.

3. Хууль сайн мэдэхгүй миний хувьд иргэн Р.М бид хоёр гэрээ байгуулж, гэрээний гүйцэтгэл бүрэн биелэгдээгүй байхад байрны гэрчилгээг Р.Мд шилжүүлэх боломжгүй юм. Миний бодлоор Р.М бид хоёрын асуудал нь иргэний хэрэг, иргэд хоорондын гэрээний эрх зүйн маргаан гэж үзэж байна.

Би өөрийн ар гэрийнхнийг Б.Бат-Өлзийгийн төлбөрийг барагдуулж, гэрчилгээг чөлөөлж өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлж, шүүхэд хандахыг хүссэн. Хэрвээ Б.Бат-Өлзий нэхэмжлэх зүйлгүй болбол Р.М надад өглөгтэй болж, би ялтан хэрнээ Р.Мгаас авлагатай байдал үүсэх болоод байна. Миний бие “Шинэ-Очир” ХХК-ийн захирал бөгөөд урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй.

...Уг хэрэг анхнаасаа иргэний хэрэг байсан бөгөөд хэрэгт маш олон зүйл тодруулах байсан. Хохирогч одоо хүртэл тухайн байранд амьдарч байгаа ба тус байрыг 8 хувийн зээлд хамруулах гэж хичээсэн боловч Засгийн газраас 8 хувийн зээлийг түр хаасан байсан. Мөн хохирогч гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөрөө төлж барагдуулаагүй. Би удаа дараа хохирогчоос мөнгөө өгөхийг шаардсан.

Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж намайг цагаатгаж өгнө үү.” гэв.

Хохирогч Р.Мгын өмгөөлөгч Т.Цэен-Ойдов тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Б.Бат-Өлзийтэй байгуулж, харин 2015 онд хохирогч Р.Мтай гэрээг байгуулсан. Хохирогч Р.М уг гэрээний үүргийн дагуу буюу нэмэлт гэрээнд заасны дагуу төлбөрт 20.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 2017 оны 10 дугаар сард 40.000.000 төгрөгийг төлж дууссан байхаар гэрээ байгуулсан байдаг. Хохирогч Р.М нь анх гэрээ байгуулахдаа 20.000.000 төгрөгийг төлж, гэрээ байгуулснаас хойш 2017 оны 10 дугаар сар хүртэл 20.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлж дуусгасан баримт хавтас хэрэгт авагдсан байдаг.

Гэрээний хугацаа дуусаж, 2018 оны эхээр Б.Бат-Өлзий хохирогч Р.Мгийн амьдарч байгаа байшинд ирж, хохирогч Р.Мд “...Та байрыг чөлөөлж өг, энэ миний байр, гарахгүй бол шүүхийн журмаар явж таныг гаргуулна. ...” гэж хэлсэн. Хохирогч гайхаад асуухад, Б.Бат-Өлзий нь “...2016 онд уг байр миний нэр дээр шилжсэн. ...” гээд байрны гэрчилгээг үзүүлсэн. Шүүхээс хохирогчийг 4 дүгээр сараас эхлэн дуудсан. Б.Бат-Өлзий нь “...Байрыг албадан чөлөөлж өгнө үү. ...” гэж шүүхэд хандсан байдаг. Хохирогч Р.М мөн шүүхэд хандсан. Хохирогч гэрээг зөрчөөгүй бөгөөд нэмэлт гэрээний дагуу 2017 оны 10 дугаар сар хүртэл 40.000.000 төгрөгийг төлсөн байсан. ...Гэрээний дагуу 25.000.000 төгрөгийн бартерын ажлыг болиод бэлэн мөнгийг төлье гэсэн. Тухайн үед Б.Бат-Өлзий ирээгүй байсан бол хохирогч нэмээд 25.000.000 төгрөгийг өгч, нийт 65.000.000 төгрөгийн хохирол яригдахаар байсан. Тэгэхээр нэг үл хөдлөх хөрөнгийг хоёр гэрээгээр бусдад шилжүүлэн өгсөн.

Жижүүрийн ажил хийж, сард 380.000 төгрөгийн цалин авдаг хохирогч уг 40.100.000 төгрөгийг цуглуулж, шүүгдэгч Л.Бд өгсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нь хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгөнд шүүгдэгч Л.Б хохирол учруулсан. Гэтэл шүүгдэгч уг үйлдэлдээ дүгнэлт хийгээгүйгээр анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өөрийгөө гэм буруугүй гэж ярьж байна.

Уг байр бусдын өмч бөгөөд хохирогч хүний байранд амьдарч байгаа болно. 31.500.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа. Иймд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилж өгнө үү.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 9 дүгээр сард хохирогчийн гэрт очиж “Уг байр миний нэр дээр байгаа. Байрыг чөлөөлж өг. ...” гэж хэлэхэд чөлөөлж өгөөгүй. Тэгэхээр нь би шүүхэд өргөдөл өгсөн. Тухайн үед Л.Б надад 30.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Харин үлдэгдэл мөнгийг Р.М нь Р.Баатархүүд өгсөн. Одоо надаас Сүхбаатар гэдэг хүн нэмэгдсэн өртгийн албан татвар нэхэж байна. Би тэрийг өгөх ёсгүй. Би эдгээр хүмүүсээс мөнгөө авмаар байна.” гэв.

Шүүгдэгч Л.Бгийн өмгөөлөгч С.Тунбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг хэрэг нь иргэний асуудал бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Бат-Өлзий нь Л.Бгээс 60.000.000 төгрөгийн авлагатай байсан. Б.Бат-Өлзий Л.Бгээс мөнгөө нэхэх үед, Л.Б мөнгийг өгч чадахгүй болохоор Б.Бат-Өлзийгийн нэр дээр Р.Мгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн. Б.Бат-Өлзий нь 2018 оны 1 дүгээр сар хүртэл цагдаагийн байгууллагад хандаагүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь барьцаа хэлбэрээр Б.Бат-Өлзийгийн нэр дээр байсан. Б.Бат-Өлзий нь мөнгөө авч чадахгүй болохоор хохирогч Р.Мд байрыг чөлөөлж өг гэж хэлсэн.

Уг хэргийг иргэний хэрэг үзэж байгаа шалтгаан нь Б.Бат-Өлзийтэй гэрээ байгуулаагүй бөгөөд анхнаасаа Р.Мтай гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар хохирогч Р.Мд 35.100.000 төгрөгийн хохирол учирсан. Иргэний хуулийн 212 дугаар зүйлд “Эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжинэ” гэж заасан. Анхан шатны шүүхээс 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлснээр шүүгдэгч Л.Бг залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Р.М 2017 оны 10 дугаар сар хүртэл 40.100.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 25.000.000 төгрөгийг төлөөгүй байсан. Л.Б нь хохирогч Р.Мгаас 25.000.000 төгрөгөө авахын тулд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Б.Бат-Өлзийн нэр дээр шилжүүлж, үлдэгдэл мөнгийг Б.Бат-Өзлийгөөр нэхүүлж, хохирогч Р.М төлбөрөө төлөхөөр нь Б.Бат-Өлзийд мөнгийг өгнө гэсэн бодолтой байсан.

2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний 4.5 дахь хэсэгт “100 хувь мөнгө шилжсэний дараа өмчлөх эрх үүснэ” гэж заасан. Гэтэл хохирогч Р.М нь төлбөрийг бүрэн төлөөгүй учир өмчлөх эрх шилжих боломжгүй болсон. Хохирогч Р.М 65.000.000 төгрөгийг Л.Бд бүрэн төлчихөөд байхад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Р.Мгийн нэр дээр шилжүүлж өгөөгүй бол залилах гэмт хэрэг болох байсан ба шаардах эрх нь үүссэн байна. Уг хэрэгт шаардах эрх үүсээгүй. Тэгэхээр Л.Б нь өөрийн эзэмшлийн зүйлийг дур мэдэн зарцуулсан.

Хавтас хэргийн 113 дугаар хуудсанд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шилжсэн баримт нь байгаа. Гэрээг 2015 онд хийсэн гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дуусах бөгөөд 2016 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжсэн гэж үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх талаар анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт гаргаагүй. Уг хэрэгт иргэний нэхэмжлэгчийг хохирогчоор тооцоогүй бөгөөд Б.Бат-Өлзий нь уг хэрэгт хохирогчоор тооцогдох ёстой байсан.

Хохирогч Р.М нь байрандаа амьдарч байгаа бөгөөд байрны төлбөрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй учир уг хэрэг иргэний маргаан мөн. Л.Бгийн ар гэрийн зүгээс иргэний нэхэмжлэгч Б.Бат-Өлзийд 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн учраас уг хэрэгт Л.Б ямар ч хамааралгүй. Бид нарын зүгээс нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх боломжтой ба нэмэгдсэн өртгийн албан татвар нь иргэний маргаан хэлэлцэх үед төлөх ёстой. Иймд Р.Баатархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Л.Б нь хохирогч Р.Мгийн байрыг нь биш, 40.100.000 төгрөгийг нь залилсан. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулан тохиролцож, хохирогчоос 40.100.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сар хүртэл цувуулан авсан байдаг. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Р.Мгаас мөнгө авч байх хугацаандаа Б.Бат-Өлзий гэх хүнтэй тохиролцож, уг орон сууцыг Б.Бат-Өлзийгөөс авсан автомашиныхаа төлбөрт шилжүүлсэн. Үүнд анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт өгч шийдвэр гаргасан бөгөөд иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж прокурорын зүгээс үзэж байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад: Л.Б нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Р.Мтай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 43 тоот, 48.27 мкв орон сууцыг 65.164.500 худалдахаар тохиролцож, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дансаар 40.100.000 төгрөг авсан боловч уг байрыг Б.Бат-Өлзийд 60.000.000 төгрөгөөр зарж залилсан болох нь:

хохирогч Р.Мгийн "...Миний нөхөр П.Ганбат бид хоёр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай "Шинэ-Очир" ХХК-ийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэж өгөх гэж байсан 35 дугаар байрны 43 тоотод байрлах 48.27 мкв байрыг 65.164.500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 40.000.000 төгрөгийг бэлнээр өгч, худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын сүүлээр захирал Л.Бтэй холбогдож, үлдсэн 25.165.000 төгрөгийг өгөөд “...Байрны гэрчилгээгээ авъя. ...” гэхэд Л.Б “...Энэ байрыг барьцаанд тавьсан байгаа, учрыг нь олж өгнө. ...” гэж хэлсэн боловч сүүлийн үед утсаа авахаа больсон. 2018 оны 4 дүгээр сарын эхээр манай гэрт гэрчилгээ барьсан Б.Бат-Өлзий гэдэг хүн орж ирсэн бөгөөд байраа чөлөөлж өгөхийг хүссэн. ..." /хх 6/,

иргэний нэхэмжлэгч Б.Бат-Өлзийгийн "... Галаа гэж хүнд автомашинаа заруулахаар өгсөн бөгөөд Галаа Л.Бд автомашин өгчихсөн байсан ба мөнгө нэхсэн чинь оронд нь энэ байрыг ав гээд гэрчилгээг нь надад өгсөн. ...Би Л.Б гэгчийг сайн танихгүй бөгөөд тухайн үед би Е300 загварын автомашиныг заруулах гээд найз Галаа гэгчид өгчихсөн байсан. Тэгсэн Галаа цаашаа Л.Б гэгчид автомашиныг 50.000.000 төгрөгт бодоод өгсөн байсан бөгөөд би Л.Бгээс мөнгө нэхсэн чинь оронд нь энэ байрыг ав гээд гэрчилгээг надад гаргаж өгсөн. Тухайн үед надтай хамт 8 хүн гэрчилгээ гаргуулж авч байсан. ..." /хх 88, 92/,

гэрч Б.Сүх-Очирын "...2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр компанийг төлөөлж иргэн Р.Мтай 43 тоотод байрлах орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед компанийн данс хаагдсан байсан учир миний дансаар мөнгө орж байсан. Миний дансаар мөнгө төгрөг орж байсан боловч би компанийн захирал болох Л.Бд шилжүүлж өгдөг байсан..." /хх 9/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Р.Мгаас байрны төлбөр төлсөн баримт, банкны дансны хуулга /хх 11-24/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 8/676 дугаартай "Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол /13321/, 35 дугаар байрны 43 тоот орон сууц нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083326 дугаарт иргэн Б.Бат-Өлзий /ХБ78031472/ өмчлөлд анхны өмчлөгчөөр бүртгэлтэй...” /хх 44/ гэх албан бичиг, Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримтууд /хх 13-24/, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх 25-26/, нэмэлт гэрээ /хх 27/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 16631 дугаартай шүүгчийн захирамж /хх 73-75/, Л.Бгийн Хаан банкны хуулга /хх 91-108/, Эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх 109-112/, Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх 113-115/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 117/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Л.Б нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 43 тоот, 48.27 мкв орон сууцыг иргэн Р.Мд 65.164.500 худалдахаар тохиролцож, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээнд заасан төлбөр төлөх хугацааны дагуу нийт 40.100.000 төгрөг авсны дараа 2017 оны 10 дугаар сард гэрээний дагуу төлөх төлбөрийн талаар дахин тохиролцож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахаар үлдэгдэл 15 сая төгрөгийг авахаар тохирчээ.

Дээрх гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа дуусаагүй, гэрээний нөхцөл хангагдаагүй байхад буюу 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 43 тоот, 48.27 мкв орон сууцыг иргэн Б.Бат-Өлзийд худалдаж, уг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр гарган өгчээ.

Шүүгдэгч Л.Б нь Р.Мтай 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээ хийж, гэрээний дагуу тодорхой хэмжээний төлбөр авснаа мэдсээр байж, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 43 тоот, 48.27 мкв орон сууцыг иргэн Б.Бат-Өлзийд худалдаж, гэрчилгээ гарган өгснийхөө дараа нэмэлт гэрээ гэх зүйлийг 2017 оны 10 дугаар сард хийж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахаар үлдэгдэл 15 сая төгрөгийг төлөхөөр тохирч түүнийг хууран мэхэлсэн байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Л.Б нь гэрээгээр халхавчлан иргэн Р.Мг хуурч,  40.100.000 төгрөгийн хохирол учруулсан түүний үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний нэхэмжлэгч Б.Бат-Өлзийгийн хувьд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 43 тоот, 48.27 мкв орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Л.Бгээс худалдан авахдаа Л.Б, Р.М нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээ хийгдэж, гэрээний дагуу тодорхой хэмжээний төлбөр төлөгдсөн байдлыг мэдсэн байдал тогтоогдоогүй бөгөөд түүний Л.Бгээс уг байрыг худалдан авсан үйлдэлд хууль зөрчсөн байдал байхгүй байх тул өмчлөх эрхийн асуудлыг хөндөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Л.Бгийн гэрээгээр халхавчлан иргэн Р.Мг хуурч,  40.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйлд заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Хохирогч Р.Мгийн “...Л.Б нь бидний амьдралын 2 жилийн эх үүсвэр болон цалин, орлогыг залилан авсан байхад анхан шатны шүүхээс энэхүү байдалд бодит дүгнэлт хийлгүй орхигдуулсан тул Л.Б нь ял завшиж, хөнгөн ялаар шийтгүүлсэн гэж үзэж байна. ...Иймд миний бие мөнгөө авах эсвэл байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах саналтай байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Р.М нь хохирлын төлбөрт тооцож шүүгдэгч Л.Бгээс 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан баримт /хх 165/ авагджээ.

Шүүгдэгч Л.Бг гэрээгээр халхавчлан иргэн Р.Мг хуурч,  40.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн тул Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 43 тоот, 48.27 мкв орон сууцыг Б.Бат-Өлзийгийн өмчлөлд үлдээж, Л.Бгээс 35.100.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Мд олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Б “...Хохирогч Р.Мтай миний бие барилгын компанийн захирлын хувьд урьдчилгаа төлбөр авч, байр захиалгын гэрээ хийсэн боловч хохирогч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй. Иймд үйл ажиллагаагаа явуулахын тулд 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэний нэхэмжлэгч Б.Бат-Өлзийтэй ярилцан тохиролцож, автомашиныг нь шилжүүлэн авч, оронд нь уг байрны гэрчилгээг гарган өгч, түр зуур барьцаанд тавьж, Р.Мг мөнгөө өгөхөд нь Б.Бат-Өлзийгийн нэр дээр гарсан гэрчилгээг Р.Мд өгөхөөр тохиролцсон. ...Миний бодлоор Р.М бид хоёрын асуудал нь иргэний хэрэг, иргэд хоорондын гэрээний эрх зүйн маргаан гэж үзэж байна. ...Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж намайг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Л.Б нь Р.Мтай 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээ хийж, гэрээний дагуу тодорхой хэмжээний төлбөр авснаа мэдсээр байж, 2016 оны 8 дугаар сард 43 тоот, 48.27 мкв орон сууцыг иргэн Б.Бат-Өлзийд худалдаж, гэрчилгээ гарган өгснийхөө дараа нэмэлт гэрээ гэх зүйлийг 2017 оны 10 дугаар сард хийж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахаар үлдэгдэл 15 сая төгрөгийг төлөхөөр тохирч түүнийг хууран мэхэлсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас Р.М нь уг байрыг өмчлөх эрхээ алдаж, уг байрыг худалдан авах төлбөрт тооцож өгсөн 40.100.000 төгрөгөөр хохирсон байна.

Иймд, шүүгдэгч Л.Бгийн уг хууль бус үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин анхан шатны шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт холбогдох орон сууцны өмчлөх эрх болон хохирлын асуудлыг шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Хохирогч Р.М Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс иргэний журмаар шаардах эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.” гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.Бг бусдыг хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон иргэний нэхэмжлэгчийн өмчлөх эрх болон хохирогчийн хохирлыг хангаж шийдвэрлэсэн атлаа дахин уг асуудлаар маргаан гарвал иргэний журмаар шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хохирогч Р.Мгийн “байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх” гэсэн гомдлыг болон шүүгдэгч Л.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Р.Мгийн “байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх” гэсэн гомдлыг болон шүүгдэгч Л.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ