Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00126

 

 

 

2021 02 04 001/ХТ2021/00126

 

 

 

Жон Ми Жэ /Jung Mi Je/-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01229 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1508 дугаар магадлалтай,

Жон Ми Жэ /Jung Mi Je/-гийн нэхэмжлэлтэй,

Ким Жү Сон /Kim Joosung/-д холбогдох

 

394,119,995.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: БНСУ-ын иргэн Жон Ми Жэ нь 2014.11.16-наас 17-нд шилжих шөнө Монгол Улсад ирэхдээ өөрийн компанид хөрөнгө оруулалт хийхээр 47,000,000 иенийг гаалийн мэдүүлэг бөглөн, албан ёсоор оруулж ирсэн бөгөөд тухайн үед Юу Эм Ди ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан БНСУ-ын иргэн Ким Жү Сонд хадгалуулах зориулалтаар хүлээлгэн өгсөн. Гэтэл Ким Жү Сон нь дээрх 47,000,000 иенийг 2014.11.17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Юу Эм Ди ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах нэрээр зарцуулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, Нийслэлийн прокурорын газрын 2017.04.12-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Ким Жү Сон нь бусдын өр төлбөрийг төлүүлэх зорилгоор итгэмжлэн өгсөн мөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу 6 сарын хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ч 269,782,735 төгрөгийг Ким Жү Сон хувьдаа завшсан ньтогтоогдсон гэж үзэн Ким Бён Жу, Ким Уг Сүн, Юу Син Ван, Чой Кён Хи нарт зээлийн төлбөрт төлсөн гэх нэрийдлээр 269,782,735 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон тул бусдад учирсан гэм хорыг арилгуулах зорилгоор эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 269,782,735 төгрөгийг Ким Жү Соноос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч тал дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлж байна. 2014.11.17-ны өдөр буюу Юу Эм Ди ХХК-ийн ерөнхий захирал Жон Ми Жэ 47,000,000 иенийг Монгол Улсад оруулж ирсэн 2014.11.17-ны өдөр Ким Жү Сон Суваргын дэл ББСБ ХХК-иар 31,710,000 иенийг /ханш 16.22 төгрөг/ солиулж 514,336,000 төгрөг болсон, уг мөнгөнөөс 70.000 ам.доллар /ханш 1883 төгрөг/ 131,810,000 төгрөгөөр худалдан авч Ким Жү Соны мэдэлд бэлнээр 382,526,200 төгрөг, 70.000 ам.доллар 15,290,000 иен байсан байна. Ким Жү Сон нь дээрх бэлэн мөнгөнүүдээс н.Цэцэгээд 166,663,925 төгрөг, н.Ариунсанаад 32,930,650 төгрөг, н.Энхжинд 9,383,230 төгрөг, Сильвер элеватор ХХК-д 20.000 ам.доллар, нийт 208,977,805 төгрөг төлж, зарцуулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа ба үүнээс үлдсэн мөнгө нь 173,548,395 төгрөг 50.000 ам.доллар, 15,290,000 иень үлдсэн байна. Ким Жү Сон нь БНСУ-руу явахаасаа өмнө Юу Эм Ди ХХК-ийн Хаан банк дахь дансанд 100,000,000 төгрөг хийсэн. 10.000 ам.доллар буюу 19,000,000 төгрөгийг компанийн сейфэнд бэлнээр үлдээсэн ба үүнээс БНСУ-руу явахдаа 15,290,000 иень буюу /ханш 16.4 төгрөг/ 245,251,600 төгрөг, 40.000 ам.доллар буюу /ханш 1883 төгрөг/ 75,320,000 төгрөг, 73,548,395 төгрөг, нийт 394,119,995 төгрөгийг бэлнээр авч явсан гэж үзэж байна. Ким Жү Сон нь дээрх 47,000,000 иентэй цаг хугацааны хувьд хамааралгүй, уг мөнгөнөөс төлөгдөөгүй, н.Навчаа, Юу Сын Ван, н.Тогтохбаяр, Кан Сон Дэ нарын компани өр төлбөргүй этгээдүүдийн мөнгийг өгсөн мэтээр тайлбарладаг бөгөөд Юу Эм Ди ХХК дээрх нэр бүхий этгээдэд аливаа өр төлбөргүй, энэ талаар анхан шатны санхүүгийн баримтгүй ба Алаг-Уул финанс аудит ХХК-ийн аудитын байгууллага Юу Эм Ди ХХК нь аливаа хэлбэрээр өр төлбөргүй талаар дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар гарган өгч байсан. Иймд нэхэмжлэгч талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзсэн 269,782,735 төгрөгийг 124,337,260 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 394,119,995 төгрөгийг хариуцагч Ким Жү Соноос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Ким Жү Сонд холбогдох эрүүгийн хэрэгт Ким Жү Соноос мөнгө авсан зарим хүмүүс Монгол Улсад байгаагүй зэрэг шалтгаанаар шалгавал зохих бүхий л асуудлыг тогтоогоогүй, хохирлын тооцооллыг буруу дутуу хийсэн байдаг. Энэ тооцоололд үндэслэн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Жон Ми Жэ нь 47,000,000 иенийг Юу Эм Ди ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор компанид шилжүүлсэн бөгөөд Ким Жү Сон гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсны хувьд төлбөр тооцоо хийх эрхийг итгэмжлэн олгосон байдаг тул Жон Ми Жэ нь нэхэмжлэх эрх бүхий этгээд биш юм. Компанийн төлбөр тооцоотой холбоотой өглөг, авлага байгаа бол түүнийг Юу Эм Ди ХХК нэхэмжлэх нь иргэний хуульд нийцнэ. 2014.11.16-ны өдөр Жон Ми Жэ-гийн Монгол Улсад оруулж ирсэн 47,000,000 иен буюу 762,340,000 төгрөгөөс 100,000,000 төгрөг, 10.000 ам.доллар буюу 19,000,000 төгрөг, нийт 119,000,000 төгрөгийг Жон Ми Жэ бэлнээр авч үлдсэн, н.Цэцгээд 166,663,925 төгрөг, н.Ариунсанаад 32,930,650 төгрөг, н.Энхжинд 9,383,230 төгрөг, Силвер элеватор ХХК-д 20.000 ам.доллар буюу 36,400,000 төгрөг, нийт 364,377,805 төгрөгийг зөвшөөрч 394,119,995 төгрөгийг завшсан гэж нэхэмжилжээ. Жон Ми Жэ-гийн гомдлоор үүсгэж шалгасан эргүүгийн хэргийн явцад шинжээч томилсон байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.08.02-ны өдрийн 148 дугаар Шинжээчийн дүгнэлт гарсан, дүгнэлтэд Ким Жү Сон хувьдаа мөнгө завшсан талаар нотлогдохгүй байна гэж дүгнэснийг дурдахын сацуу Алаг уул аудит ХХК-ийн гаргасан зээлийн тооцоо, эргэн төлөлтийг хавсралт 1-ээр үзүүлжээ. Шинжээчийн дүгнэлтийг Алагуул финанс аудит ХХК-ийн дүгнэлтэд үндэслэн хийсэн. Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн зөвшөөрч байгааг хасахад дараах зээлийг Ким Жү Сон эргэн төлсөн нь тогтоогдож, төлсөн нь нийт 203,422,831 төгрөг болж байна. Баримтаар нотлогдож буй дээрх хоёр хэсэг төлбөрийг тооцоход 428,626,266 төгрөг болох ба нэхэмжилж буй дүнгээс 34,506,271 төгрөг илүү гарч байна. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлагаа эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 269,782,735 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон. Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019.01.30-ны өдөр болсон шүүх хуралдааны үеэр гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш, зориулалтын бусаар зарцуулж, мөнгө завшсан гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн үндэслэл нь гэм хор, үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу завшсан аль нь болох нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01229 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БНСУ-ын иргэн Ким Жү Сон-гоос 209,129,835 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Жон Ми Жэ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 184,990,160 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Жон Ми Жэ-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 779,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 303,260 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Ким Жү Сон-оос улсын тэмдэгтийн хураамжид 1,203,599 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жон Ми Жэ-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1508 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01229 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БНСУ-ын иргэн Ким Жү Сон-оос /Kim Joosung/ 269,782,735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жон Ми Жэ-д /Jung Mi Je/ олгож, 124,337,260 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөх, шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ...хариуцагч Ким Жү Соноос 1,203,599 төгрөг гаргуулан... гэснийг 1,506,863.68 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жон Ми Жэ-д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.14 -ний 1508 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн үнийн дүнг нэмж шийдвэрлэхдээ эргэн төлөгдсөн мөнгийг бүрэн тооцоолж, түүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт хамааралтай, тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж чадсангүй гэж үзэж байна. Ким Жү Соноос компанийн өрөнд өгсөн тооцооллыг дараах байдлаар хийж байна. Үүнд: Хариуцагч Ким Жү Сон нь Жон Ми Жэд 269,782,735 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан болох нь Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017/04/12-ны 48 дугаар тогтоолоор нотлогдсон гэж дүгнэсэн. Ким Жү Сонд холбогдох эрүүгийн 201601000100 дугаартай хэргийг эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй, харин тухайн зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон байх, 2.5 дугаар зүйлийн 5-д гэмт хэргийн хохирол, хор уршгийг шүүх тодорхойлох тухай зохицуулалттай атал анхан болон давж заалдах шатны шүүх прокурорын тогтоолоор Ким Жү Соны бусдад гэм хорын хохирол учруулсан болох нь тогтоогдож байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

1. Мөрдөн байцаагч Д.Дамдинсүрэнгийн хохирлын тооцоолол хийсэн баримтаар нотлогдсон гэжээ. Мөрдөн байцаагчийн хийсэн тооцоолол нь илэрхий алдаатай, дутуу хийгдсэн талаар шүүх хурлын шатанд хариуцагчаас нэг бүрчлэн тайлбарласан боловч анхан ба давж заалдах шатны шүүх үүнийг шалгаагүй. Тухайлбал, Ц.Ариунсанаад 32,930,650 төгрөгийн зээл төлсөн нь тогтоогдоогүй гэж хохирлын тооцоололд заасан. Гэтэл Р.Оюун 2016.05.06-нд өгсөн тайлбартаа Би тодорхой хэмжээний мөнгийг тарааж өгөхөд байлцсан нь үнэн. Бүх хүмүүсийг мэдэхгүй байгаа ч Цэцгээ эгч, Энхжин, Ариунсанаа нарт мөнгө өгөх үед нь байсан гэж, В.Одонгэрэл 2016.05.04-нд өгсөн тайлбартаа би өөрийн найз Ариунсанаагаас 4 билүү 5 хувийн хүүтэй мөнгө зээлсэн гэж мэдүүлсэн. Шилүүс лоу групп ХХН-ийн 2016.11.09-ний Э/55 дугаартай гомдол гаргах тухай албан бичигт Ким Жу Сон нь Ариунсанаад 32,930,650 төгрөг зарцуулсан байгааг хохирогч талаас хүлээн зөвшөөрч байна гэж бичээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, өмгөөлөгч Н.Мандах нар нь өөрсдөө гарын үсгээ зурсан байдаг. Цаашилбал, Юу Эм Ди ХХК-иас 2014/11/17-ны өдөр 32,930,645 төгрөгийг зээл, зээлийн хүүнд Ц.Ариунсанаад төлснийг нотлох кассын зарлагын ордерийг эрүүгийн хэргээс авч нотлох баримтаар хавсаргасан байхад шүүх эдгээрийг анхаарсангүй, нотлох баримтыг нэг бүрчлэн шалгах, үнэлэхээс залхуурч зөвхөн мөрдөн байцаагчийн тооцоололд үндэслэн шийдвэр гаргасан.

Хохирлын тооцооллын 3-т Энхжин /В.Одонгэрэл/-д 9,382,230 төгрөг төлсөн нь тогтоогдсон гэдэг. Гэтэл В.Одонгэрэл 2016.05.20-нд өгсөн тайлбартаа нэмж хэлэхэд би өөрийн хувийн зүгээс Юу эм ди ХХК-д эхний ээлжинд 2014 оны 7 сард 8,000,000 төгрөг, үүний дараа 2014 оны 9 сард 20,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлж байсан. Гэхдээ би өөрөө тус байгууллагад ажилладаг мөртлөө байгууллагадаа хүүтэй мөнгө зээлнэ гэхээр санаа зовоод Энхжин гэж хүний нэр дээр бичүүлж байсан юм. Энэхүү мөнгийг би хүүгийн хамт буцааж авсан гэсэн. Үүнийг тооцож үзвэл: 2014-7 сараас 2014-11 сар хүртэл 8,0 сая төгрөгийн 4% /320,000*5 сар/ 1,600,000=9,600,000, 2014-8 сараас 2014-11 сар хүртэл 20,0 саяын 4% /800,000*4 сар/ 3,200,000=23,200,000. Нийт 32,800,000 төгрөг авсан тооцоо гарч байгаа мөрдөн байцаагчийн хийсэн тооцоололтой тохирохгүй байгаа юм. Эдгээр байдлыг шүүх нягтлан шалгаагүй, дүгнэлт хийхгүйгээр мөрдөн байцаагчийн тооцооллыг туйлын үнэн зөв мэтээр шууд үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь алдаатай дүгнэлт болжээ.

2. Ким Жү Соны тайлбар, мэдүүлэг, Р.Оюуны тайлбар, И Ён Сүгийн тайлбар, В.Одонгэрэлийн тайлбар, гэрчээр байцаагдсан П.Урнаагийн мэдүүлгээр нотлогдоно гэж үздэг. Эдгээр хүмүүсийн тайлбар, мэдүүлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн нотлох баримтууд биш, эсрэгээрээ үгүйсгэсэн утга агуулгатай байдаг. И Ён Суг 2016.05.20-нд өгсөн тайлбартаа Юу Эм Ди ХХК-д 50,000,000 төгрөг зээлдүүлсэн үүнээс 3,000 ам.доллар дутуу, бусдыг авсан, 38,520,800 төгрөг авсан зүйл байхгүй гэж мэдүүлсэн. 3,000 доллар х 1883=5,649,000 төгрөгийг 50,000,000-аас хасахад 44,351,000 төгрөг авсан байна. Үүнээс тогтоогдсон гэж байгаа 18,200,000 хасахад 26,151,000 төгрөгийн зөрүү хохирлын тооцоололд гарна. Р.Оюун, В.Одонгэрэл нарын тайлбар, мэдүүлэгт өмнө өгүүлсэнчлэн Ким Жү Сон Ц.Ариунсанаад мөнгө болохыг баталж мэдүүлсэн байхаас Ким Жү Соныг буруутгасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц мэдүүлэг байхгүй юм. П.Урнаа 2016.08.05-нд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ намайг ажилд орсноос хойш Ким Бён Жу, Ким Жу Сон нар өөрсдөөсөө мөнгө гаргах, эсхүл бараа авах зэргээр компанидаа зээлүүлж байсан баримт нь өдөр тутмын орлого зарлага хөтөлдөг дэвтрээс харагдана, 2016.09.05-нд гэрчийн мэдүүлэг өгөхдөө таныг ажиллаж байх хугацаанд өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааны талаар бичдэг ямар дэвтэр байсан юм бэ, энэхүү дэвтэр одоо хаана байна вэ гэсэн асуултад тэр дэвтэр дээр байгууллагын өдөр тутмын санхүүгийн орлого зарлагын тайлан солонгос хэл дээр хийгддэг байсан. Энэхүү дэвтрийг би сар болгон багцалж үдэж цэгцлээд архивладаг байсан. Энэхүү дэвтэр дээр бусдаас авсан өр болон бусдад тараасан нэрс бүгд байгаа энэхүү дэвтэр Юу Эм Ди ХХК-д байгаа гэж мэдүүлж байжээ. Дээрх тайлбар, мэдүүлгийн чухам аль хэсэг нь хэрхэн Ким Жү Соны бусдад гэм хор учруулсан болохыг нотолж байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

3. Алаг уул финанс аудит ХХК-ийн аудиторын дүгнэлтээр нотлогддог гэж үзсэн. Эрүүгийн хэргийг шалгах явцад хийгдсэн дүгнэлтийг иргэний хэргийг шийдвэрлэхэд үндэслэлээ болгож байгаа нь буруу бөгөөд аудитын дүгнэлтийг тодруулах зорилгоор шүүх шинжээч томилох эрх нь нээлттэй юм.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар холбогдох нотлох баримтыг өөрөө нотолж, нотлох баримтыг цуглуулан шүүхэд гаргаж өгөөгүй гэдэг. Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНСУ-ын хоорондын гэрээний дагуу Ким Бён Жу, Ким Уг Сүн, Кэ Сен Хүн нараас албан ёсоор тайлбар авахуулахаар 2018.02.02-нд тус шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх татгалзсан тул тэдгээр хүмүүсийн өөрсдөө бичиж, нотариатаар батлуулсан баримтыг хэрэгт хавсаргасан. Гэтэл шүүх эдгээр баримтыг үнэлэлгүйгээр хариуцагч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ. Мөрдөн байцаагчийн хохирлын тооцооллыг давхар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, эсрэгээрээ үгйүсгэсэн баримтууд хангалттай авагдсан байгаа. Нэгэнт Ким Жү Сон нэхэмжлэгчээс өгсөн мөнгийг Ким Жү Сон өөрт авч ашиглаагүй, мөнгийг компанийн зээлийн өрөнд төлж, үлдсэн хэсгийг компанийн дансанд болон бэлнээр үлдээсэн гэж маргадаг бөгөөд энэ байдлыг тогтоох шаардлагатай байгаа нөхцөлд П.Урнаагийн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан байгууллагын санхүүгийн өдөр тутмын орлого, зарлагын тайланг хэрэгт зайлшгүй нотлох баримтаар авч үнэлэх ёстой байсан. Хариуцагч 2018.03.05-ны өдөр Юу Эм Ди ХХК-ийн 2014 оны санхүүгийн орлого, зарлагын тайлан хөтөлсөн дэвтрийг гаргуулах хүсэлт тавьсан. Гэтэл нэхэмжлэгч ийм дэвтэр байхгүй гэсэн тайлбарт үндэслэн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Мөн Ким Жү Сон нь дээрх мөнгөний зарцуулалтын талаар цахим шуудангаар илгээж байсан тухай гэрчүүд мэдүүлдэг тул уг байдлыг шалгуулахаар цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлтийг байгууллагын хаяг биш, хэн эзэмшдэг нь тодорхойгүй гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарт үндэслэн хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ хэнээс хэнд ямар захиа ирсэн нь тодорхойгүй гэсэн ойлгомжгүй үндэслэл дурдсан. Гэтэл уг хүсэлтээ дэмжиж шүүх хуралд гаргасан тайлбартаа хариуцагчийн төлөөлөгчөөс хэнээс хэнд ямар агуулга бүхий захиаг хэзээ явуулсан талаар тодорхой тайлбарлаж хэлсэн.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.14-ний өдрийн 1508 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Жон Ми Жэ хариуцагч БНСУ-ын иргэн Ким Жү Сонд холбогдуулан гэм хорын хохирол гэж 269,782,735 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагыг нэмэгдүүлж, 394,119,995 төгрөг болгожээ.

 

Хариуцагч Ким Жү Сон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, мөнгийг зориулалтын дагуу Жон Ми Жэ-д өөрт нь болон Юу Эм Ди ХХК-ийн бусдад төлвөл зохих төлбөрт шилжүүлсэн гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 209,129,835 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 184,990,160 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 269,782,735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн байна.

 

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

 

1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

 

Нэхэмжлэгч нь Юу Эм Ди ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх ба хариуцагч нь түүний өгсөн 47,000,000 иен буюу 762,340,000 \ханш 16.22 төгрөг\-ийг тус компанийн барилгын ажилд зарцуулсан гэж маргасан байна.

 

Хэргийн баримтаар 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид 47,000,000 иенийг хадгалуулахаар өгснийг хариуцагч завшсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй боловч хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 48 тоот Прокурорын тогтоолоор хариуцагч Ким Жү Сонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд тус тогтоолд заасан 269,782,735 төгрөгийн хохирлын хэмжээгээр Жон Ми Жэ анх нэхэмжлэл гарсан байна.

 

Түүнчлэн хариуцагчийг Юу Эм Ди ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гэж нэхэмжлэлд дурдсан, Юу Эм Ди ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 2014 оны 11 сарын 05-ны өдрийн хурлын 14/004 шийдвэрээр Ким Жү Соныг гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлэхийг даалгасан, хариуцагчийн зарим хувь хүн болон хуулийн этгээдэд компанийн өр гэж шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. / I-хх-1,12,16,17,56,88, II-xx-1,2,26,27/

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, нэхэмжлэгчийн ...хадгалуулахаар өгсөн мөнгийг зөвшөөрөлгүй захиран зарцуулсан гэсэн тайлбар болон прокурорын 48 тоот тогтоолд заасан дүнгээр дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийг буюу Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх заалтыг хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгоно.

 

2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн 492.1.1, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд зөв боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэснээс гадна хариуцагчийн хууль бус үйлдлээс гэм хор учирсан гэж тодорхойлсон боловч хариуцагчийн гэм буруу тогтоогдоогүй тул шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчтой болжээ.

 

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгчийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан.

 

Нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөг, 10,000 ам.долларыг буцаан авсан ба харин хариуцагчийн зүгээс Ким Бён Жүд 21,000,000 вон, төрсөн эх Ким Уг Сүнд 22,920,000 вон, Юу Сэн Ванд 59,781,658 воныг зээлийн төлбөрт тус тус өгсөн гэх боловч Юу Эм Ди ХХК нь тухайн иргэдээс хэзээ зээлсэн нь тодорхойгүй, дээрх мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх байдал хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдоогүй байна. /I-xx-12-14/

 

Талууд шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь дээрх 3 этгээдээс компанид зориулж зээл авч ашигласан, энэ зээлийг нэхэмжлэгчээс авсан мөнгөнөөс буцаан төлсөн гэх тайлбараа нотолж чадаагүй, талуудын хооронд энэ талаар үүрэг үүссэн нь тогтоогдоогүй тул хариуцагчийг 103,701,658 вон буюу 177,329,836 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

3. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1508 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01229 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 209,129,835 төгрөг гэснийг 177,329,836 төгрөг гэж, 184,990,160 төгрөгийг гэснийг 216,790,159 төгрөгийг гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 1,203,599 гэснийг 1,044,599 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,507,000.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ Д.ЦОЛМОН