Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00260

 

Си Эл Даблью Эйч ХХК-ийн нэхэмжлэлтэй

          иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01881 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1619 дүгээр магадлалтай,

 

Си Эл Даблью Эйч ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Цэнд-Аюуш, Г.Нямдорж нарт холбогдох,

 

46,922,012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, өмгөөлөгч Э.Ганбат, хариуцагч Г.Цэнд-Аюуш, Г.Нямдорж, өмгөөлөгч Г.Очбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Си Эл Даблью Эйч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Цэнд-Аюуш, Г.Нямдорж нар 2017 оны 10 дугаар сард манай эмнэлэгт хандаж, үр шилжүүлэн суулгуулахаар харилцан тохирсон ба 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үр шилжүүлэн суулгах ажилбарыг эхлүүлж, 2 ихэр үр тогтсон. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчаас ЭХО зураг авахад хэвлийд ямар нэгэн өөрчлөлт байгаагүй. Харин 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г.Цэнд-Аюуш хэвлийгээр өвдөж байна гэж эмнэлэг дээр ирсний дагуу үзлэг хийсэн бөгөөд олгой байх магадлалтай тул өөр эмнэлэгт үзүүлээд ир гэж хэлсэн. Гэвч Цэргийн төв эмнэлэгт 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үзүүлэхэд олгой биш гэж хэлээд буцаасан байсан. Үүний дараа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхийг санал болгосон. Гэвч тус эмнэлгийн эмч нар олгой биш үр шилжүүлэн суулгаснаас өндгөвч хэт сэтээгдсэн байна гэж үзсэн. Ингээд тус эмнэлэг 8 хоногийн турш эмчилгээ хийгээд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өвчтөний биеийн байдлын талаар ярилцаж зөвлөлдөхөд өндгөвчинд үрэвсэл байна, нээлттэй хагалгаа хийнэ, дурангийн хагалгаа хийх боломжгүй гэж үзсэн. Хагалгаагаар ургийн эрүүл мэндэд баталгаа өгч чадахгүй тухай бидэнд хэлсэн учраас манай эмнэлгийн эмч нар хуралдаж БНСУ-руу яаралтай авч явж эмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хариуцагчийг Солонгос улсын Жусоны их сургуулийн харьяа Сан Гиб төв эмнэлэгт үзүүлж, Монгол эмч нар эмэгтэйчүүдийн өвчин гэж оношлож байсныг үндэслэн эхлээд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн хэдий ч эмэгтэйчүүдтэй холбоогүй, харин мухар олгой хагарсан нь тогтоогдсон учраас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дурангийн мэс ажилбарт оруулсан ба манай эмнэлгийн буруутай ажиллагаанаас үүдэн хариуцагч ямар нэгэн өвчин тусаагүй гэдэг нь тогтоогдсон. Бид, эрүүл биш хүнд үр шилжүүлэн суулгахгүй, өндгөвч хэт сэдээгдсэн учраас олгой ургасан гэх баримтгүй, олгой хагарсан тул хэвлийн ус ихэдсэнээс гадна мөн халдвар орсон учраас шингэн улам их болсон. Үүнээс үзэхэд олгой эрт хагарсан байсан.

Иймд, хариуцагч Г.Цэнд-Аюушийн эмчилгээний зардал 35,112,012 төгрөг, хариуцагч нарын онгоцны тийзний үнэ 7,610,000 төгрөгийг тэдгээрийн өмнөөс эрх бүхий этгээдэд төлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 42,722,012 төгрөгийг нэхэмжлэхэд өмгөөлөгчийн зардалд 4,200,000 төгрөгийг төлсөн тул нийт 46,922,012 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Цэнд-Аюуш, Г.Нямдорж нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2017 оны 10 дугаар сард Си Эл Даблью Эйч ХХК-ийн эмнэлэгт очиж үр шилжүүлэн суулгахаар шинжилгээнд орсон бөгөөд тухайн үед бүтэн шинжилгээнд ороход бүх эрхтэн эрүүл байна гэсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сараас өндөр тунгаар дааврын эм хийж, өндгөвчний сэдээлт хийж эхэлсэн. Би, тэр үед эмчид миний өндгөвч маш хурдан сэдээгддэг шүү гэж сануулахад огт тоогоогүй, хэсэг хугацааны дараа 2 өндгөвчиндөө тариа тариулж, 6 дахь хоногоос эхлэн хэвлийгээр хүчтэй өвдсөн учраас эмчид үзүүлэхэд их хэмжээгээр өндгөн эс ялгаруулсан тул өвдөж байгаа гэсэн. Тухайн сардаа 23 өндгөн эсийг надаас соруулж авсан ба үүнээс 21 үр хөврөл бий болж, улмаар 2 эсийг суулгасан. Би амьдралын эрүүл хэмнэлтэй учраас миний биеийн байдал маш сайн байсан. Ийнхүү үр суулгаснаас хойш 8 хоногийн дараа эмнэлэг дээр очиж шинжилгээ өгөхөд 2 ихэр хүүхэдтэй болсон байсан боловч 2 дахь удаагийн шинжилгээ хийхэд миний хэвлий 4-5 сартай жирэмсэн хүнтэй адил томорсон байсан. Үүнийг тодруулахаар ЭХО-д харуулахад хэвлийд шингэн хуримтлагдсан байсныг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2 литр 200 гр ус соруулж авсан. Гэвч 5 хоногийн дараа дахиад л 2 литр орчим шингэн соруулсан ба ойролцоогоор хагалгаанд орохын өмнө нийт 8 литр шингэн авсан. Гэвч биеийн байдал дээрдэхгүй байсан тул эмч гаднаас халдвар орсон тул хэвлий үрэвссэн тул нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах хэрэгтэй гэж үзээд намайг Амгалан амаржих газар руу шилжүүлэх гэтэл уг эмнэлэг манай эмнэлэг ийм хүнд өвчтэй хүн авахгүй гэсэн хариу өгсөн. Үүний дараа Цэргийн госпитал дээр очиход жижүүр эмч нь олгой байх магадлалтай, гэхдээ одоогоор манайд хагалгааны заалт байхгүй гэсэн.

 Тэгээд Си Эл Даблью Эйч эмнэлэгт буцаж очсон бөгөөд тус эмнэлэг намайг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлж, шинжилгээ хийлгэхэд дурангаар эхлээд харна, тэгээд оношлогдохгүй бол нээлттэй хагалгаа хийнэ гэсэн. Гэвч нээлттэй хагалгаа хийсэн тохиолдолд ургийг аврах боломжгүй гэсэн учраас нэхэмжлэгч тал намайг БНСУ руу авч явсан. Би Солонгос улсад хагалгаанд ороход юу болсныг сайн мэдэхгүй, хагалгааны дараа өндгөвчний хэт сэдээлт гэж тайлбарласан. Би энэ хугацаанд сэтгэл санаа, бие эрхтнээрээ хохирсон, цаашид надад ямар сөрөг үр дагавар гарахыг мэдэхгүй. Нисэх дээр байхад нэхэмжлэгч Си Эл Даблью Эйч ХХК-ийн эмч нар өөрсдөө хэвлийн гаднаас халдвар орсон гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд Солонгос улсад очих эмнэлэг бол манай төв эмнэлэг, төлбөр мөнгө дээр та нар санаа зоволтгүй, битгий санаа зов гэж хэлснийг эмнэлгийн дарга болон орчуулагч нар гэрчилнэ. Хувь хүний биеийн онцлог өөр өөр байдаг, бид нар эмнэлэгт итгэж өнөөдрийг хүрсэн. Төлбөр мөнгөний талаар бид нарт нэг ч зүйл урьдчилж хэлээгүй, хэрвээ төлбөрийн талаар мэдэж байсан бол ийм их зардал гаргаж Солонгос улс руу явахгүй, мухар олгой гэдгийг мэдэж байсан бол Монгол Улсад авахуулж болох байсан. Хүүхдүүд эрүүл саруул төрсний дараа Си Эл Даблью Эйч эмнэлэг дээр очиход нэхэмжлэл өгсөн, гэвч энэ бол нэхэмжлэх болохоос зардлыг бодитоор төлсөн баримт биш. Эмчийн ёс зүйг зөрчсөн, мөнгөө төлсний дараа эмчилгээ хийдэг дэлхийн стандарт байдаг. Нэхэмжлэгч тал өөрсдөө Солонгос улс дахь манай төв эмнэлэг, төлбөрт санаа зовох шаардлагагүй гэж хэлсэн, өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаагаа мэдээд хугацаа алдалгүй арга хэмжээ авсан. Иймд, дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01881 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 496 угаар зүйлийн 496.1.1, 229 дүгээр зүйлийн 229.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Си Эл Даблью Эйч ХХК-ийн гаргасан Г.Цэнд-Аюуш, Г.Нямдорж нарт холбогдох 46,922,012.00 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392,565.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1619 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01881 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 496.1.1 гэснийг 496.1 гэж өөрчлөн, 229 дүгээр зүйлийн 229.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, өмгөөлөгч Э.Ганбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06-р сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01881 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 04-ны өдрийн дугаар 1619 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ... хэвлийд шингэн хуралдах, хоол хүнс, биеийн эсэргүүцэл гэх мэт олон шалтгаанаар мухайр олгой үрэвсэх боломжтой гэсэн хоёрдмол утга бүхий дүгнэлтийг үндэслэн эмнэлгийн буруугаас мухар олгой ургасан учраас мухар олгойг эмчлэх зардлыг хариуцах үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Олгой ургаж гэдсэнд бактер орсноос шингэн хуралдсан байхад эсрэгээрээ шингэн хуралдсанаас болж олгой ургасан гэж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Энэ талаар эмчлэгч эмч, анагаах ухааны доктор Чой Мён Ёб эмч Эх нялхасын эрүүл мэндийн эмнэлэгт шилжүүлэх үедээ хэлж, дүгнэсэн болох нь хавтаст хэрэгт байх бөгөөд тэрээр халдвар орсон байх магадлалтай гэж урьдчилсан онош тавьсан нь батлагдсан байдаг. Олгой томорч хагарсан явдал нь шингэн хуримтлагдах үндсэн шалтгаан байхад энэ талаар дурдсан мэргэжлийн Солонгос эмч нарын дүгнэлтийг үл ойшоож нэг ч удаа үр шилжүүлэн суулгаж үзээгүй шинжээч эмчийн яасан ч байж болно гэх шинжлэх ухаанч биш дүгнэлтээр хэргийг шийдвэрлэж байгаа нь Монголын шүүх гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлэг, эмч нарын олон жилийн шинжилгээ, судалгааг үгүйсгэж байгаа явдал юм. Манай эмнэлгийн буруугаас болж олгой ургасан гэх шинжлэх ухааны үндэслэлтэй нэг ч баримт байхгүй байхад хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд үнэхээр эмнэлэг мухар олгой ургуулсан эсэхийг нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт гаргуулсны дараа хэргийг шийдвэрлэх эсвэл хариуцагч нараас 42.722.012 төгрөгийг гаргуулж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09-р сарын 04-ны өдрийн 1619 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Си Эл Даблью Эйч ХХК нь Г.Цэнд-Аюуш, Г.Нямдорж нараас 46.922.012 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа эмчилгээний зардал 35.122.012 төгрөг, онгоцны тийзний үнэ 7.610.000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 4.200.000 төгрөг гэж тодорхойлжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

 

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...олгой томорч хагарсан явдал нь шингэн хуримтлагдах үндсэн шалтгаан байхад энэ талаар дурдсан мэргэжлийн солонгос эмчийн нарын дүгнэлтийг үл ойшоосон, манай эмнэлгийн буруугаас олгой ургасан гэх ямар ч баримт байхгүй... гэх агуулга дурджээ.

 

Хоёр шатны шүүх маргааны зүйлийг тодорхойлж чадаагүйгээс хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ...мухар олгойн цоорлоос үүдэлтэй хэвлийн гялтангийн үрэвсэл бий болсон тул мухар олгойг авч хэвлийн хөндийг цэвэрлэх эмчилгээ хийсэн, ...энэ нь үр шилжүүлэн суулгах ажиллагаанаас болоогүй, ...Г.Цэнд-Аюуш, Г.Нямдорж нар эмчилгээний төлбөр төлөөгүй тул тэдний өмнөөс төлсөн, ...хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэжээ.

 

Хариуцагч нар БНСУ-д эмчилгээ хийлгэснээ үгүйсгээгүй боловч учирсан гэм хорд нэхэмжлэгчийг буруутай гэж үзэж нэхэмжлэлээс татгалзахдаа ...өндгөвчийг хэт сэдээснээс хэвлийн хөндийд шингэн хуримтлагдаж, мухар олгойг үрэвсүүлсэн гэсэн тайлбар гаргажээ.

 

Зохигч талууд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, татгалзлаа өөр өөрөөр тайлбарлаж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Си Эл Даблью Эйч ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үр шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг байна.

 

Зохигч талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр Г.Цэнд-Аюушид 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үр шилжүүлэн суулгах мэс ажилбар хийгдэж, улмаар 2 ихэр үр тогтсон байх ба энэ талаар маргаагүй байна.

 

Үр тогтсоны дараа Г.Цэнд-Аюушид гэдэс дүүрэх, халуурах, хэвлийгээр өвдөх зэрэг зовиур илэрч, улмаар хэвлийд хатгалт хийж хуримтлагдсан шингэн авах ажилбар хийсэн боловч оношийг нарийн тодруулж чадаагүй тул БНСУ-д эмчлүүлжээ.

 

БНСУ-ын Жусоны их сургуулийн эмнэлгийн Тодорхойлолтод Г.Цэнд-Аюушид мухар олгойн цоорлоос үүдэлтэй хэвлийн гялтангийн үрэвслийн хагалгаа хийсэн, хэвлийн гялтангийн үрэвслийн гол шалтгаан нь мухар олгойн цоорлоос үүддэг өвчин тул эмэгтэйчүүдийн тасаг болон мэс заслын тасгийн эмчилгээтэй хамааралгүй гэжээ /1хх 21-27 дугаар тал/.

 

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд ...Г.Цэнд-Аюушид үр шилжүүлэн суулгах ажилбарын явцад өндгөвч хэт сэдээлтийн улмаас хэвлийд их хэмжээний шингэн үүссэн, хэвлийн шингэн соруулах ажилбарын явцад нянгийн халдвар авах боломжгүй, өндгөвч хэт сэдээлтийн улмаас хэвлийн хөндийд их хэмжээний шингэн хуралдсан нь мухар олгойг хоёрдогчоор үрэвсүүлэх боломжтой мөн хоол хүнс, биеийн эсэргүүцэл гэх мэт олон шалтгаанаар мухар олгой үрэвсэх боломжтой, хэвлийд их хэмжээний шингэн хуралдсаныг өвчний түүхэнд өндгөвч хэт сэдээлтийн хам шинж гэж оношилсон байна гэжээ /2хх 34-35 дугаар тал/.

 

Дээр дурдсанаас үзвэл, Г.Цэнд-Аюушид үр шилжүүлэн суулгах мэс ажилбар хийхдээ нэхэмжлэгч өндгөвчийг хэт сэдээсэн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх ...мухар олгойн хагалгаанд орох шалтгаан нь үр шилжүүлэн суулгахтай холбоотойгоор өндгөвч хэт сэдээлтийн улмаас хэвлийд их хэмжээний шингэн хуралдсанаас мухар олгойг хоёрдогчоор үрэвсүүлсэнтэй холбоотой... гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслээгүй байна.

 

Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан БНСУ-ын Жусоны Их сургуулийн эмнэлгийн баримтад дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж зөвтгөөгүй нь буруу.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зүйлийн 497.2-т заасан ба зохигч талууд энэ талаар маргаж мэтгэлцээгүй байна.

 

Хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар болон шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх асуудлаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

  Шүүх хэргийг шийдвэрлэхдээ, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглэж, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01881 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1619 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 371.561 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Г.ЦАГААНЦООЖ

 

  Д.ЦОЛМОН