Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 01119

 

      Ө.А-ийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00827 дугаар шийдвэртэй, Ө.А-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК, “Г” ХХК-д холбогдох

Орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 19 320 000 төгрөг, алдангид 9 650 000 төгрөг, нийт 28 980 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Э” ХХК-ийн өмгөөлөгч, “Г” ХХК-ийн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Л.Т, “Э” ХХК-ийн өмгөөлөгч Л.Н, Д.Т, хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.А 2014 оны 06 дугаар сарын 23-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт баригдах Төмөр замчдын 66 айлын орон сууцны 3 давхарт 3 өрөө байр захиалан бариулах гэрээг “Э” ХХК, “Г” ХХК-иудтай байгуулан урьдчилгаанд 19 320 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 23-нд Худалдаа хөгжлийн банкны 454035574 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээнд зааснаар байр 2014 оны 09 дүгээр сард ашиглалтад орох байсан боловч ороогүй. Төмөр замаас төлөөлөгч томилон цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэний маргаан гээд хүлээж аваагүй. Иймд урьдчилгаанд шилжүүлсэн 19 320 000 төгрөг, алданги 9 650 000 төгрөг, нийт 28 980 000 төгрөгөөс хариуцагч “Э” ХХК-иас 14 490 000 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 14 490 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Л.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.А нь Улаанбаатар төмөр замын Замын-Үүд захиргаанаас олгосон зөвшөөрлөөр 66 айлын орон сууцны барилгад захиалагч тал болж 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 30 хувийн хөрөнгө оруулалт хийж, гэрээ байгуулсан. Захиалагч Замын-Үүд зангилааны шаардлага хангасан 66 ажилтан 30 хувийн хөрөнгө оруулалт удааширч мөн газар олголтын асуудал маргаантай байснаас барилга угсралтын ажил 2014 оны 08 дугаар сарын 01-нд бүрэн зогссон. Зангилаа болон Төмөр замын удирдлагаас хүлээх үүргийн биелэлттэй холбоотой асуудлаар гүйцэтгэгч нь захиалагч иргэний өмнө үүрэг хүлээхгүй тухай гэрээний 4.6-д заасан. “Г” ХХК 1,2 тэрбум төгрөгийг зөвхөн Замын-Үүд зангилаа, “Г” ХХК-ийн хөрөнгө гэж бүртгүүлсэн. Манай тал 150 000 000 орчим төгрөгийг барилгын ажилд оруулсан. 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Г” ХХК, “Д” ХХК-иуд хамтарсан хуралдаад олонхийн шийдвэрээр “Г” ХХК зээл өөрсдөө авч барилгыг гүйцээн бариулж, ашиглалтад өгөхөөр болсон тул барилгын 60 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээг “Г” ХХК-д шилжүүлснээр манай компани санхүүжилт хайх ажиллагаа зогсоосон.

    Улмаар 2015 оны 09 дүгээр сард Зангилаа, “Э” ХХК-ийн хооронд, “Э” ХХК, ажилтны хооронд байгуулсан гэрээг дүгнэх асуудлаар Зангилааны дарга О.М, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Ц, захилагчийг төлөөлж Ү.С, “Д” ХХК-ийн захирал Б.Н, “Г” ХХК-ийн захирал Г.Э, “Э” ХХК-ийн захирал Л.Т, ажилтны төлөөлөл 42 иргэн оролцсон хурлаар Замын-Үүд зангилаа, “Э” ХХК-тай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 03 дугаар сарын эхээр “Э” ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын-Үүд зангилаанд Төмөр замын ажилчдын 66 айлын орон сууц барина, танай компани хөрөнгө оруулаач гэсэн хүсэлт тавьсны дагуу манай компани 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Э” ХХК-тай Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Төмөр замчдын 66 айлын орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээгээр “Э” ХХК нь төслийн ерөнхий гүйцэтгэгч, “Г” ХХК нь хөрөнгө оруулагч гэж талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой заасан. Байрны захиалга өгсөн 52 айлын урьдчилгаа төлбөр 712 000 000 төгрөг болсон ба анх “Э” ХХК-ийн удирдлага 52 айлын байрны урьдчилгаа төлбөр 1 тэрбум төгрөг болно. Энэ мөнгөөр байрны гүйцэтгэлийг 90 хувьтай болгоод банкны барьцаанд тавьж, зээлээр бүрэн барьж дуусгана гэж байсан. Барилгын ажил 2014 оны 08 дугаар сард зогссон, 09 дүгээр сараас хойш “Э” ХХК банкны зээл хөөцөлдөж, бүтэхгүй болохоор нь 2015 оны 03 дугаар сард хурал хийж, манай компани банкнаас зээл авах боломжгүй болсон, “Г” ХХК-ийн нэр дээр банкнаас зээл авмаар байна гээд 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дуусгаагүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг компанийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Барилга угсралтын ажил 2014 оны 08 дугаар сард 60 хувийн гүйцэтгэлтэй зогссон бөгөөд Замын-Үүд зангилаа нь 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн барилгын хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгч, байр захиалагч 52 иргэний хамтарсан хурлаар барилга угсралтын ажил зогссон, гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр “Э” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан. Замын-Үүд зангилаанаас “Э” ХХК-ийг байр захиалагч иргэдтэй байгуулсан гэрээгээ 2015 оны 09 дүгээр сарын 19-ний байдлаар дүгнэ гэсэн шаардлага тавьсан. Дээрх хурлаас хойш барилга угсралтын ажлыг хэн үргэлжлүүлэн гүйцэтгэж дуусгах нь тодорхойгүй бөгөөд манай компани Замын-Үүд зангилаа, байр захиалагч иргэдтэй байгуулсан гэрээ байхгүй болно.

       Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгээс 2018 оны 01 дүгээр сард манай компанид танай талаас 450 000 000 төгрөг, манайхаас 712 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Бид өөрт ногдох хэсгийг ажилчдынхаа эрх, ашгийг хамгаалж авмаар байна гэх санал гаргасан. Үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлийнх юм. Тиймээс бэлэглэлийн гэрээ байгуулж, хөрөнгө оруулсан дүнгээр хуваарилан улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Иймд Ө.А-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.

         Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 9 665 000 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 9 665 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ө.А-д олгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 169 590 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

       Хариуцагч “Э” ХХК-ийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Зангилааны комиссын хурлын тэмдэглэл, 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ дүгнэсэн акт зэргээр захиалагч Замын-Үүд зангилаа нь "Э" ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, "Г” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэж түүний үр дүнд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар "Э" ХХК-тай байгуулсан гэрээ захиалагч, хөрөнгө оруулагч талуудын санаачилгаар цуцлагдаж, гэрээний үүрэг болон талуудын хөрөнгө оруулсан үл хөдлөх эд хөрөнгө “Г" ХХК-д шилжсэн байхад "Э" ХХК-иас 9 665 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ "Э" ХХК-иас “Г” ХХК-д шилжсэнийг, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд захиалагч болон хөрөнгө оруулагч 52 ажилтан "Г” ХХК нap хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа "Э" ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Ө.А, Б.Д-тэй хамтын амьдралтай байсныг тогтоосон шүүхийн шийдвэр, урьдчилгаа төлбөрийн тал хувийг Б.Д-гийн данснаас шилжүүлсэн нотлох баримт, тайлбарыг "52 ажилтны нэрс дунд Ө.А-ийн нэр байхгүй бөгөөд шүүхийн шийдвэрээр хамтын амьдралтай байсан нь тогтоогдсон Б.Д-гийн нэр уг ажилтны нэрсийн 43-т бичигдсэн байх бөгөөд байр захиалан бариулах гэрээг Ө.А байгуулсан, урьдчилгаа 19 330 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар тогтоогдсон" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд "Э" ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Замын-Үүд зангилааны "Хурлын тэмдэглэл", 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ дүгнэсэн акт зэргээр Замын-Үүд зангилааны санаачилгаар захиалагч Замын-Үүд зангилаа, ерөнхий гүйцэтгэгч "Э" ХХК, хөрөнгө оруулагч “Г" ХХК-ийн толгой компани болох “Г" ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдаж, гэрээний үүрэг дуусгавар болсон байхад "Г" ХХК-иас 9 665 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх “52 ажилтаны нэрс дунд Ө.Ариунгэрэлийн нэр байхгүй бөгөөд шүүхийн шийдвэрээр түүнтэй хамтын амьдралтай байсан нь тогтоогдсон Б.Д-гийн нэр 52 ажилтны нэрсийн 43-т бичигдсэн ба байр захиалан бариулах гэрээг Ө.А байгуулсан, урьдчилгаа 30 хувьтай тэнцэх 19 330 000 төгрөгийн төлбөрийг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн болох нь худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар тогтоогдсон" гэж дүгнэсэн байдлаасаа эсрэг агуулга бүхий Иргэний хуулийн 492 дугаарр зүйлийн 492.1.1-т зааснаар “Г" ХХК-иас 9 665 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүйн. Иймд “Г” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

      Нэхэмжлэгч Ө.А нь хариуцагч “Э” ХХК, “Г” ХХК-иудад холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн  19 320 000  төгрөг, алдангид 9 650 000 төгрөг, нийт 28 980 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

       Хариуцагч “Э” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа, “Г” ХХК-тай  Замын-Үүд зангилааны ажилчдын 66 айлын “Орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулах гэрээ”, мөн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Г” ХХК-тай “Орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ”-г тус тус байгуулж, хамтран ажиллахаар  тохиролцож, барилга угсралтын ажлын эхний үеийн санхүүжилт 750 000 000 төгрөгийн 60 хувь болох 450 000 000 төгрөгийг гаргасан байна. /хх 39-40, 69-70/

     Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч Ө.А нь хариуцагч “Э” ХХК, “Г” ХХК-иудтай 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 3 өрөө орон сууцыг 56 502 000 төгрөгөөр захиалан бариулах гэрээ байгуулж, урьдчилгаанд 16 950 000 төгрөг төлснөөр орон сууц өмчлөх эрх захиалагчид шилжих, гүйцэтгэгч барилгыг 2014 оны 09 дүгээр сард багтаан ажлын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцож, уг орон сууцны урьдчилгаа төлбөрт Ө.А 5 560 000 төгрөг, Б.Д 13 770 000 төгрөг, нийт 19 330 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байр захиалан бариулах гэрээ, Худалдаа хөгжлийн банкны 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрүүдийн дотоод шилжүүлгийн маягтын баримтуудаар тогтоогдсон, орон сууцыг хариуцагч байгууллагууд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх 5-8, 9/

Талуудын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг хүчин төгөлдөр гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөтэй холбоотой үндэслэлгүй хөрөнгөжихтэй үүргийн хүрээнд шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд буруу юм.

        Дээрх гэрээнд хариуцагч компаниудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, гэрээ байгуулагдсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч болсон бөгөөд орон сууцыг захиалан барьж, хүлээлгэн өгөх үүргийг хариуцагч “Э” ХХК, “Г” ХХК-иудын хэн алинаас нь нэхэмжлэгч Ө.А шаардах эрхтэй. Гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрх үүсчээ.

        Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нарт Б.Д-гээс 13 770 000 төгрөг, Ө.А-ээс 5 560 000 төгрөг тус тус шилжүүлсэн нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч Ө.А нь гэрээний дагуу өөрийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

       Харин Б.Д-гээс компанид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхийг нэхэмжлэгч Ө.А-д олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, Б.Д-гийн Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан шилжүүлсэн 13 770 000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.А өмнөөс нь шаардах эрхтэй гэх баримт байхгүй байхад уг мөнгийг Ө.А төлсөн гэж үзэж, хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болсон учраас холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

        Хариуцагч “Э” ХХК-ийн хувьд гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байхад гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх, үүргийг бусдад шилжүүлэх тохиолдолд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар анх гэрээ байгуулсан хэлбэрээр хэлцэл хийсэн байх ёстой бөгөөд нэхэмжлэгч Ө.А нь хариуцагч нарын хооронд үүрэг шилжүүлэх хэлцэл хийсэн, оролцсон талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд хариуцагч “Э” ХХК-ийн нэхэмжлэгч Ө.А-ийн өмнө хүлээсэн үүргийг өөр этгээдэд шилжсэн, дуусгавар болсон гэж үзэхгүй учраас гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн 50 хувийг хариуцагч “Э” ХХК хариуцна.

            Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар тэрээр хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас нь шаардах эрхтэй байдаг. Гэвч нэхэмжлэгч Ө.А нь 2 үүрэг гүйцэтгэгчээс тэнцүү хэмжээгээр шаардсан тул энэ үүргийг тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулах боломжтой.

       2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Гарьдын бүрд” ХХК болон “Г” ХХК, Улаанбаатар төмөр замын харьяа ДГА, Замын-Үүд өртөөний дарга Л.Б нар нь захиалагч 52 ажилтны төлөөлөлүүдийн хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-гээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт баригдсан Төмөр замчдын 66 /А/ орон сууцны орон сууцны дутуу хэсгийг шилжүүлсэн бөгөөд гэрээний хавсралтад орон сууцны төлбөрийг шилжүүлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтын 43-т Б.Д-гийн нэр бие даан орсон байна. /хх 36-37, 38/

       Тиймээс нэхэмжлэгч Ө.А-ийн өмнөөс Б.Д урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн 5 560 000 төгрөгийг хариуцагч нарт хуваан хариуцуулахад хариуцагч “Э” ХХК-иас 2 780 000 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 2 780 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 420 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан болно.

          Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00827 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 2 780 000 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 2 780 000 төгрөг нийт 5 560 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 420 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “169 590” гэснийг “59 430” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Э” ХХК-иас төлсөн 169 590 төгрөгийг, хариуцагч “Г” ХХК-иас төлсөн 170 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                             Г.ДАВААДОРЖ                         

                                                                                                           Д.БАЙГАЛМАА