Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 107

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Галсангийнхан овогт Дансрангийн Ганчимэг / РД: МТ-69021508/-ийн нэхэмжлэлтэй

 

         Хариуцагч: “ХАС” банк ХХК-ний /Сэлэнгэ салбар/ -т холбогдох

 

        “2008 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 59000049 тоот зээлийн гэрээг дуусгавар болгуулах, барьцаанд байгаа орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх

        “ХАС” банк ХХК /Сэлэнгэ салбар/-ний Д.Ганчимэг, Д.Энхбат нарт холбогдуулан гаргасан “11.300.06 ам доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туяа, Х.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.                               

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд өгсөн тайлбартаа: 

         ... Иргэн Д.Ганчимэг би Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар байрны 20 тоотод байрлах 37.78 м.кв талбайтай улсын бүртгэлийн 000055927 дугаартай, гэрчилгээний 1317001040 дугаартай, 28.000.000 /хорин найман сая/ төгрөгийн үнэтэй орон сууцыг худалдан авах болсон юм. Би өөрөө хувиасаа 8.000.000 /найман сая/ төгрөг гаргаж байр худалдсан хүнд өгөөд үлдэгдэл 20.000.000 төгрөгийг Сэлэнгэ аймаг дахь “ХАС” банкнаас 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж зээлээд өгсөн юм. Банк зээл өгөхдөө АНУ-ын долларын зээл өгнө гээд 20.000.000 төгрөгийг долларт шилжүүлж 17.138.0 доллар олгож 50 сарын хугацаатай зээлүүлсэн юм. Банк зээл олгохдоо 20.000.000 төгрөгөөс шимтгэл авсан гээд надад 19.839.000 төгрөг олгоод зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргаж өгсөн юм. Тус хуваарьт заахдаа 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 37.126.560 төгрөгийг төлж зээл бүрэн төлөгдөхөөр заасан юм.

         Би зээлээ хугацаанаас нь өмнө төлөхөөр хичээн ажиллаж тус эргэн төлөлтийн хуваарьт заасан сар бүр төлөх ёстой мөнгөнөөс илүү хэмжээгээр төлж явсаар нийт төлөх төлбөр болох 37.126.560 төгрөгийг хугацаанаас нь өмнө бүрэн төлж дууссан юм.

         Гэтэл банк таны зээл бүрэн төлөгдөж дуусаагүй байна гэсэн тул би 37.126.560 төгрөгийг бүрэн төлсний дараа 4 сар үргэлжлүүлэн зээлийг илүү төлөөд нийтдээ 40.682.000 төгрөгийг төлсөн байна.

        “ХАС” банкнаас над руу яриад та банкин дээр ирээд долларын зээлээ Монгол мөнгөнд шилжүүлж гэрээ хийх хэрэгтэй байна гэсэн юм. Тэгээд би банкин дээр очоод зээлээ бүгдийг төлсөн, 4 сар илүү төлбөр хийсэн гэж хэлсэн юм.

         Гэтэл банк таны зээлийн үлдэгдлийг шалгаж үзэхэд та одоогийн байдлаар 11.000 доллар төлөх үлдэгдэлтэй байна, Монгол мөнгөөр бодоход 25.000.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна.

         Иймд та одоо 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийнэ гэж бодвол гэрээний хугацаанд дахин 40.000.000 төгрөг төлөх юм байна гэж “ХАС” банкны дарга нь хэлж байгаад их гомдолтой байна.

         “ХАС” банк надад анх 20.000.000 төгрөг олгосон. Гэтэл би банкинд одоогийн байдлаар 40.682.000 төгрөгийг төлсөн байна. АНУ-ын доллараар бодож үзэхэд 17.138.0 доллар зээлж аваад 33.800.0 доллар болгож төлсөн байна.

Тэгэхэд одоо 25.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэдэг бол үндэслэлгүй юм. Би банкнаас 20.000.000 төгрөгийг 10 жилийн хугацаатай зээлж авсан. Тэгээд би 9 жил зээл төлж байхад одоо анх зээлж авсан 20.000.000 төгрөгнөөс хасагдаагүй харин 5.000.000 төгрөг нэмэгдэж 25.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэдэг нь намайг маш их хохироож байна. Банкны даргын хэлснээр зээлийн гэрээг хэрвээ 5 жилийн хугацаатай болговол гэрээний хугацаанд дахиад 40.000.000 төгрөг төлөх болж байна. Хэрвээ ингэж төлвөл би одоо төлсөн байгаа 40.682.000 төгрөгтэй нийлээд 80.000.000 төгрөг төлөх болж байна. Миний биеийн эрүүл мэнд муу, эмчилгээтэй байдаг боловч зээлээ төлж дуусгаад эмчилгээгээ бүрэн хийлгэнэ гэсэн зорилт тавьж ажиллаад хугацаанаас нь өмнө зээлээ бүрэн төлж дуусгасан билээ.

        Гэтэл “ХАС” банк зээлийн гэрээг дуусгавар болгохгүй, орон сууцны гэрчилгээг барьцаанаас чөлөөлж өгөхгүй, одоо 25.000.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна гээд байгааг би шударга бус зүйл гэж үзэж зөвшөөрөхгүй байгаа тул банктай байгуулсан зээлийн гэрээг дуусгавар болгож миний орон сууцны гэрчилгээг банкнаас гаргуулж надад олгож өгнө үү! гэжээ. 

Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ:

... Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар өөрчилж байгааг хүлэн авна уу.

1. Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь “ХАС” банкны захирал гэснийг Сэлэнгэ аймаг дахь “ХАС” банк

2. Нэхэмжлэлийн шаардлагад: Барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгуулах, банкны барьцаанд байгаа орон сууцны гэрчилгээг авах гэснийг барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгуулах, барьцаанд байгаа орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх гэж тус тус өөрчилж байна. Миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

          Хариуцагч “ХАС” банкны Сэлэнгэ салбар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

        ... Д.Ганчимэгийн нэхэмжлэлтэй “ХАС” банкинд холбогдох зээлийн гэрээг дуусгавар болгуулах, орон сууцны гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад энэхүү тайлбарыг гаргаж байна.

          Хас банкны зүгээс энэхүү шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

          Учир нь: Банк Д.Ганчимэгтэй 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59000049 тоот гэрээгээр 17.138 ам.долларын барьцаат зээлийн гэрээ байгуулж харилцагч Ганчимэгийн төгрөгийн 20100091 тоот дансанд төгрөг рүү хөрвүүлэн банкнаас 20.039.463 төгрөг шилжүүлсэн. Мөн зээлийн 17.137 ам.долларын эргэн төлөлтийг 2018 оны 12 дугаар сарыг дуустал гүйцэтгэхээр хуваарьт заасан бөгөөд гэрээний 1.12 дахь хэсэгт заасан “АНУ-ын долларын зээлийг төгрөгөөр олговол ханшийг банкны тухайн өдрийн доллар худалдан авах ханшаар, зээлийн эргэн төлөлтийг төгрөгөөр хийвэл ханшийг тухайн өдөр банкны доллар худалдаж буй ханшаар тооцно”, 1.8 дахь хэсэгт “Банк нь зах зээлийн хүү, төлбөрийг энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад заасны дагуу сар бүрийн 25-ны өдөр, хэрэв энэ нь амралтын, бүх нийтээр амрах баярын өдөр бол түүний өмнөх ажлын өдөр төлөх ба зээлийн үндсэн төлбөр нь хуанлийн нэг жилд сар бүр тэнцүү хэмжээтэй байна” гэж тус тус заасанчлан төгрөгөөр төлсөн зээлийн эргэн төлөлтийг Д.Ганчимэгийн “Зээл эргэн төлсөн график”-аас тухайн өдрийн доллар худалдаж буй ханшаар ам.долларт шилжүүлж зээлийн төлбөрөөс хасч тооцсоныг харж болохоор байна.

           Нөгөөтэйгүүр ямар хэмжээний зээл, хэдэн хувийн хүүтэйгээр, ямар хугацаатайгаар ямар валютаар авч байгаа буюу АНУ-ын доллар эсхүл төгрөгөөр авч байгаа, эргэн төлөлтийг ямар валютаар гүйцэтгэх, түүний хуваарь гэх мэт гол нөхцөл бүхий гэрээ байгуулах санал болгосныг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр бичгээр бэлтгэсэн барьцаат зээлийн гэрээг Д.Ганчимэг уншиж танилцан байгуулсан ба талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд талуудын хооронд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

          Гэрээний 3.3.1-т “ Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн болон бүрэн төлөөгүй” бол 3.5-д “гэрээний 3.3-т заасны дагуу зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөх банкны шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд банк барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, худалдсан үнээс тэргүүн ээлжид банкны зээлийн нийт төлбөр, барьцаа хөрөнгийг худалдах болон гэрээний үүргийг хангахтай холбогдон гарсан бусад зардлыг төлүүлнэ” гэсний дагуу Д.Ганчимэгээс үлдэгдэл 11297.6 ам долларыг биелүүлэхийг шаардах эрхтэй.

          Иймээс нэхэмжлэгч Д.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

          “ХАС” банк Сэлэнгэ салбар нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           ... Хариуцагч Д.Ганчимэг, Д.Энхбат нар нь манай банкнаас 2008 оны 2 дугаар сарын 14-ны өдөр 59000049 тоот зээлийн гэрээг байгуулан 17.138 долларын зээлийг 10 жилийн хугацаатай 365 холногт 14.35 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар авсан бөгөөд банк системийн өөрчлөлт хийснээр 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлийн дансны дугаар 1100000785 тоот болж өөрчлөгдсөн болно.

          Зээлийн барьцаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар байрны 20 тоот байршилтай орон сууцны зориулалттай 37.78 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө байдаг.

          Зээлдэгч банктай байгуулсан 1100000785 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн буюу үүрэг хариуцлагаа зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй 1917 хоног хугацаа хэтэрч 2018 оны  2 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгчтэй байгуулсан 1100000785 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 1130006 доллар төлөхөөр байна.

          Зээлдэгч нь тус шүүхэд зээлийг дуусгавар болсныг тогтоож барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаараа зээлийг цаашид төлөхгүй нь тодорхой болсон тул зээлийн гэрээгээ цуцалж, зээлийн хугацаа хэтэрсэн болон үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байна.

          Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

         1. Зээлдэгчтэй байгуулсан 1100000785 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн нийт төлбөр болох 11.30006 доллар бусад зардал 6.000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

         2. Төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү! гэжээ. 

         Хариуцагч Д.Ганчимэг, Д.Энхбат нар нь 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

          ... Хас банк нь биднээс зээлийн нийт төлбөрт 11.30006 доллар, зардал 6000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Бид ХАС банкны зүгээс бидэнд гаргаж өгсөн зээл төлөх хуваарийн дагуу бид 9 жил зээлийг төлөөд яваад байхад мөн тус хуваарийн дагуу төлөөд байсан мөнгийг хүлээж аваад байсан атлаа шүүхэд дуудагдаад ирэхээрээ наад хувиар чинь албан ёсны хуваарь биш  манай банкны ажилтан л өгсөн байна гэж шүүхийн өмнө хэлж байгаа нь иргэн иргэн бидний хөдөлмөр зүтгэлийг үнэлэхгүй дорд үзсэн явдал гэж үзэж байна.

        Манай гэр бүл 20.000.000 төгрөгийн зээл аваад 9 жилийн хугацаанд 40.682.000 төлчхөөд байхад зээлээс хасагдахгүй харин 25.000.000 төгрөг болж 5.000.000  төгрөгөөр нэмэгдсэн байгаа нь дэндүү шударга бус зүйл юм. Банк хохироогүй, харин ч банк их ашигтай байгаа юм. Гэтэл одоо сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа 11.30006 доллар нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. Бид эргэн төлөлтийн дагуу зээлээ бүрэн төлж дууссан тул “ХАС” банкны сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

 

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь “ХАС” банкны Сэлэнгэ салбарт холбогдуулан “барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгуулах, барьцаанд байгаа орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх”- ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

       

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Ганчимэг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгуулж, барьцаанд байгаа орон сууцыг Хас банкны Сэлэнгэ салбарын барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардаж байна.

          Хариуцагч Хас банкны Сэлэнгэ салбар нь нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба  11.30006 ам долларыг төгрөгийг Д.Ганчимэг, Д.Энхбат нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 

          Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

          Талуудын хооронд 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар байрны 20 тоотод байрлах 37.78 м.кв орон сууцыг зээлээр худалдан авах талаар тохиролцсон гэрээ“ байгуулагдан нотариатаар гэрчлэгдэн баталгаажсан байна.

  Уг гэрээгээр банк 17138.0 долларыг 50 сарын хугацаатай, жилийн 10.15 хувийн хүүтэй Д.Ганчимэг болон хамтран зээлдэгч Д.Энхбат нарт зээлдүүлэхээр, гэрээний үүргийн барьцаа болгож эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1317001040 дугаарт бүртгэгдсэн 37.78 м.кв талбайтай орон сууцыг барьцаалахаар  зохигчид харилцан тохиролцжээ. 

  Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Би банкнаас 20.000.000 төгрөгийг 10 жилийн хугацаатай зээлж авсан. Тэгээд би 9 жил зээл төлж байхад одоо анх зээлж авсан 20.000.000 төгрөгөөс хасагдаагүй харин 5.000.000 төгрөг нэмэгдэж 25.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэдэг нь намайг маш их хохироож байна. Банкны даргын хэлснээр зээлийн гэрээг хэрвээ 5 жилийн хугацаатай болговол гэрээний хугацаанд дахиад 40.000.000 төгрөг төлөх болж байна. Хэрвээ ингэж төлвөл би одоо төлсөн байгаа 40.682.000 төгрөгтэй нийлээд 80.000.000 төгрөг төлөх болж байна. Миний биеийн эрүүл мэнд муу, эмчилгээтэй байдаг боловч зээлээ төлж дуусгаад эмчилгээгээ бүрэн хийлгэнэ гэсэн зорилт тавьж ажиллаад хугацаанаас нь өмнө зээлээ бүрэн төлж дуусгасан билээ.

            Гэтэл “ХАС” банк зээлийн гэрээг дуусгавар болгохгүй, орон сууцны гэрчилгээг барьцаанаас чөлөөлж өгөхгүй, одоо 25.000.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна гээд байгааг би шударга бус зүйл гэж үзэж зөвшөөрөхгүй байгаа тул банктай байгуулсан зээлийн гэрээг дуусгавар болгож миний орон сууцны гэрчилгээг банкнаас гаргуулж надад олгож өгнө үү гэсэн бол нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа... Барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгуулах, банкны барьцаанд байгаа орон сууцны гэрчилгээг авах гэснийг барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгуулж, барьцаанд байгаа орон сууцыг хас банкны барьцаанаас чөлөөлүүлнэ” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.  

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй.

  Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.5 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч татгалзаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэх эрхтэй хэдий ч дээрх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

  Иймд нэхэмжлэгч Д.Ганчимэгийн “барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгуулах, барьцаанд байгаа орон сууцыг “ХАС” банкны Сэлэнгэ салбарын барьцаанаас чөлөөлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

          Хариуцагч “ХАС” банкны Сэлэнгэ салбар нь нэхэмжлэгч Д.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба “ХАС” банк  нь Д.Ганчимэг, хамтран зээлдэгч Д.Энхбат нарт холбогдуулан 11.30006 ам доллар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

          Зохигчид 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг барьцааны гэрээг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар “Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэсний дагуу Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэн, 17138.0 долларын зээлийг 50 сарын хугацаатай, жилийн 10.15 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, дээрх зээлийн гэрээний үүргийн барьцаа болгож эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1317001040 дугаарт бүртгэгдсэн 37.78 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан байх ба зээлдэгч нар нь зээлийн  төлөлтийг 2014 оны 01-р сарын 24-нөөс эхлэн зөрчиж, 11.30006 долларын зээл төлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн чанартай баримт болон зохигчийн тайлбараар  тогтоогдож байна.

  Тухайлбал: Зээлийн гэрээний хугацаа 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт гэрээний хугацаанд 317.99798 төгрөгийг төлж,  гэрээгээр хүлээсэн бусад  үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул  нэхэмжлэгчид  2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргийг хариуцагчаар гүйцэтгүүлэхээр, зээлийн гэрээний үүргийг барьцааны эд хөрөнгөөр хангуулах  шаардах эрх үүссэн байх ба зээлдэгч зээлд 40.225.12231 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 11.30006 доллар буюу 27.287.83690 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

   Мөн түүнчлэн хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1317001040 дугаарт бүртгэгдсэн 37.78 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

   Иймд  хариуцагчаас гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл  11.300 06 ам доллар буюу 27.289.14090 төгрөг гаргуулан “ХАС” банкны Сэлэнгэ салбарт олгож, 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн № 59000049 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-нд заагдсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар байрны 20 тоотод байрлах Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000055927 дугаартай Ү-1317001040 дугаарын бүртгэлтэй 37.78 мкв орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Д.Ганчимэгийн 70.200 төгрөг, “ХАС” банкны 295.874 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганчимэг, Д.Энхбат нараас 295.874 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХАС” банкны Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд  заасныг  удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан Д.Ганчимэгийн “ХАС банк”-ны Сэлэнгэ салбарт холбогдуулан гаргасан “Барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгуулах, барьцаанд байгаа орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д.Ганчимэг, Д.Энхбат нараас “11.30006 ам доллар буюу 27.287.83690 төгрөг гаргуулж, “ХАС” банкны Сэлэнгэ салбарт олгосугай. 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийг баримтлан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1317001040 дугаарт бүртгэгдсэн 37.78 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, 11.30006 ам доллар буюу 27.287.83690 төгрөгийг төлөх үүргийг хангуулсугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №59000049 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-нд заагдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1317001040 дугаарт бүртгэгдсэн 37.78 м.кв талбайтай орон сууцыгалбадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4. Иргэнийхэрэгшүүхэдхянан шийдвэрлэхтухайхуулийн57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн Д.Ганчимэгийн 70.200 төгрөг, ХАС банкны Сэлэнгэ салбарын 295.874 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганчимэг, Д.Энхбат нараас 295.874 төгрөг гаргуулж “ХАС” банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол гаргах  эрхтэй.

   

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МӨНХЗУЛ