Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2018/00120

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр

         Дугаар 153/ШШ2018/00120

                              Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн ТОСК-ын Б байрны 23 тоотод оршин суух, ПЮ94020949 дугаарын регистртэй, Ширээт овогт Ганзоригийн Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд их сургуульд холбогдох, Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, гэрч Б.Цэрэндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 6 дугаар сард Ховд их сургуулийн Төрийн захиргааны менежментийн ангийг төгссөн. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх, нийгмийн ухааны тэнхимд Төрийн захиргааны менежментийн гэрээт багшаар ажилд орсон. Гэрээт багш гэдэг нь гэрээний хугацаанд магистр хамгаалсан тохиолдолд дадлагажигч багшаар дэвшүүлэн ажиллах учиртай. Би гэрээний хугацаанд багшлахын зэрэгцээ 2017 оны 6 дугаар сарын 9-нд төрийн захиргааны удирдлагын магистр хамгаалсан. Ингээд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон. Гэтэл Ховд их сургуулийн захиралын үүрэг гүйцэтгэгч В.Сайнбаяр 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалаар Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалыг хүчингүй болгож миний Монгол улсын үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Би тус сургуульд багшлах хугацаандаа багшийн ёс зүй болон Ховд их сургуулийн дотоод дүрэм, журмыг зөрчөөгүй, ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээгээгүй. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг гаргахдаа намайг Ховд их сургуулийн багшид тавигдах нийтлэг шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр амарч байх хугацаанд ажлаас халсан. Би Ховд их сургуулийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон тул багш сонгон шалгаруулалтад орох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тус сургуулийн Төрийн захиргааны Менежментийн ангид 4 жил суралцаж төгссөн. Гэрээт багшаар ажиллаж байх хугацаандаа төрийн захиргааны менежментийн магистрын зэрэг хамгаалсан. Намайг авто осолд орж 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ач заяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед 2017 оны 8 дугаар сарын 23-нд намайг ирж уулз гэж дуудуулсан байсан. Би эмнэлэгт хэвтэж байгаа очих боломжгүй гараад очиж уулзана гэж хэлсэн. Гэтэл Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч В.Сайнбаяр 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Иймд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

            Хариуцагчийн төлөөлөгч В.Сайнбаяр нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Г.Номин-Эрдэнэ нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/137 дугаартай тушаалаар дадлагажигч багшаар томилогдсон байх бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр магистрийн зэрэг хамгаалсан нь дадлагажигч багшаар томилогдох үедээ магистрын зэрэг хамгаалаагүй, их дээд сургуулийн багшид тавигдах шаардлага хангаагүй гэж үзэж байна. Их дээд сургуулийн багш нь багшлах эрхийн үнэмлэхтэй, магистраас доошгүй зэрэгтэй байх ёстой. Мөн нэхэмжлэгч нь ямар нэгэн сонгон шалгаруулалтанд орохгүйгээр Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/137 дугаар тушаалаар дадлагажигч багшаар томилогдсон. Хөдөлмөрийн тухай хуульд ажилд авах, сонгон шалгаруулалт явуулах талаар тодорхой заагаагүй учир салбарын яамны сайдын тушаалаар баталсан зааврын дагуу Ховд их сургууль нь өндөр мэргэшил, мэргэжилтэй хүнийг урилгаар, бусад багш ажилтныг Ховд их сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын дагуу жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхэнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зарын сонин бусад мэдээлэл түгээх хэрэгслээр сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтын дүнг үндэслэн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ажилд авдаг. Нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ өөрт ногдох амралтыг эдэлсэн. Багш шинээр авах асуудлыг Ховд их сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д Их дээд сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна., 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар магистраас доошгүй зэрэгтэй хүний сонгон шалгаруулалтын оноог үндэслэн, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулдаг онцлог бүхий ажлын байр юм. Гэтэл нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь дээрхи хуулийн шаардлыг хангаагүй. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага мөн адил үндэслэлгүй юм” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн шаардах эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.

Хариуцагч Ховд их сургууль нь нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийг “... дадлагажигч багшаар томилогдох үедээ магистрын зэрэг хамгаалаагүй байсан, багшийн сонгон шалгаруулалтад ороогүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй хариуцагч Ховд их сургуульд  холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт цугларсан баримтаар дараах байдал тогтоогдлоо.

Г.Номин-Эрдэнэ нь Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимд төрийн захиргааны менежментийн багшаар томилогдон ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийн 01248981 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6 хуудас/, Ховд их сургуулийн D201621516 дугаартай бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 7-8 дугаар хуудас/, Ховд их сургуулийн Е20173570 дугаартай магистрын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Ховд их сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/140 дугаар “Гэрээт багшаар ажиллуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 54 дүгээр хуудас/, Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаар “Дадлагажигч багшаар ажиллуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 53 дугаар хуудас/, хугацаатай хөдөлмөрийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 55-56 дугаар хуудас/ зэрэг баримтууд болон зохигчын тайлбараар тогтоогдож байна.

Ажил олгогч Ховд их сургууль нь ажилтан Г.Номин-Эрдэнийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу /хх-ийн 55-56 дугаар хуудас/ ажилтан Г.Номин-Эрдэнэ нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж, энэ хугацааны цалин олговороо зохих журмаар авсан, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /бичилт хийсэн байдал хх-ийн 6 дугаар хуудас/ цалингийн цэс /бичилт хийсэн байдал хх-ийн 57-58 дугаар хуудас/, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Мөн ажилтан нь Ховд их сургуульд ажиллаж байхдаа магистрын зэрэг хамгаалсан болох нь гэрч Б.Цэрэндаваагийн мэдүүлэг болон 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Ховд их сургуулийн Төрийн захиргааны удирдлагын ухаанаар магистр хамгаалуулах зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-ийн 71-73 дугаар хуудас/ баримтуудаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг ажил олгогч заавал баримталж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг тодорхой зааж, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримтлан тушаал гаргах хуулийн заалтыг ажил олгогч Ховд их сургууль нь баримтлаагүй байна.

Өөрөөр хэлбэл 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” Ховд их сургуулийн захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.

Ажилтны ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, тамга дарагдсан байна. /хх-ийн 55-56 дугаар хуудас/

Нэхэмжлэгчийн их дээд сургуулийн багшийн албан тушаалд тавигдах нийтлэг шаардлагад тэнцээгүй, ажилтны багшлах эрхийн үнэмлэхгүй, Ховд их сургуулийн багшийн сонгон шалгаруулалтад ороогүй зэрэг үүрэг нь ажил олгогчид буюу Ховд их сургуульд ногдсон байхад энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан Г.Номин-Эрдэнэ нь буруугүй байна.

Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.

Иймд ажил олгогчийн ажилтан Г.Номин-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 7 сар 27 хоног буюу 181 хоног ажилгүй байжээ. Ажилтанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн /хх-ийн 6 хуудас/ 2017 оны 6,7,8 сарын бичилтийг үндэслэн тооцвол нэг өдрийн дундаж цалин хөлсний хэмжээ 21039 төгрөг байх ба олговрын нийт хэмжээ / 21,039*181/ 3,808,059 /гурван сая найман зуун найман мянга тавин ес/ төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор 3,808,059 /гурван сая найман зуун найман мянга тавин ес/ төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.

Энэ нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Ховд их сургуулиас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, 3,808,059 /гурван сая найман зуун найман мянга тавин ес/ төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 75,878 /далан таван мянга найман зуун далан найм/ төгрөг нийт 146,078 /нэг зуун дөчин зургаан мянга далан найм/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116. 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 тушаалын Г.Номин-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийг Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх нийгмийн ухааны тэнхимд төрийн захиргааны менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,808,059 /гурван сая найман зуун найман мянга тавин ес/ төгрөгийг хариуцагч Ховд их сургуулиас гаргуулан олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 3,808,059 /гурван сая найман зуун найман мянга тавин ес/ төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд их сургуульд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Ховд их сургуулиас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, цалин хөлсийн олговор 3,808,059 /гурван сая найман зуун найман мянга тавин ес/ төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 75,878 /далан таван мянга найман зуун далан найм/ төгрөг нийт 146,078 /нэг зуун дөчин зургаан мянга далан найм/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ОЮУН-ЭРДЭНЭ