Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 964

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын гудамж, Баясах трейд ХХК-ийн байрны 308 тоотод орших, Баясах Атлас ХХК /РД: 5152925/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Кекүшю цамхаг, 1304 тоотод орших, Омни шиппинг ХХК /РД: 5904986/-д холбогдох,

Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний үүрэгт 15,661.5 ам.доллар буюу 38,276,706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мандахзул, Э.Гэрэлт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баясах атлас ХХК-ийнн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мандахзул, Э.Гэрэлт-Од нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2007 онд үүсгэн байгуулагдсан, барилгын материал импортлох, худалдах, барилгын гадна фасадны засварын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр манай компани нь хариуцагч Омни шиппинг ХХК-тай Тээврийн зуучийн үйлчилгээний 2017/016 тоот гэрээ байгуулан тээврээ хийлгэж байсан. 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Хэбэй муж, Чинхандао хотын Qinhuangdao Guangyu Fiberglass ХХК-иас 20 тонн чингэлэг ачааг /барилгын шавардлагын тор/ 2,060 ам.доллароор тээвэрлүүлэх захиалга өгсөн. Дээрх захиалга өгсөн ачааны төлбөр болох 16,525.5 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нийлүүлэгч тал руу шилжүүлсэн байсан. Ачаа 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр чингэлэгт ачигдаж бэлэн болсон. Омини шиппинг ХХХК-иас бидэнд өгсөн мэдээллээр бол 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Хятадын тээвэр зуучийн компани руу 2,100 ам.доллар шилжүүлсэн, Хятадын тээвэр зуучийн компани ачааг Эрээнд ирэх үед нэмж 6,000 ам.доллар шаардсанаар ачаа саатсан гэж тайлбарласан. Ачаа 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Эрээн хотод ирсэн боловч одоог хүртэл манай талд ирээгүй байна. Талуудын хооронд байгуулсан 2017/016 тоот тээврийн зуучийн үйлчилгээний гэрээний 2.1.11-т тээвэрлэлтийн явцад өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа нэмэлт зардлыг хариуцан барагдуулна гэж заасны дагуу манай компанийн ачааны үнэ болох 16,562.5 ам.доллар буюу 40,694,062 төгрөгийг хариуцагч Омни шиппинг ХХК-иас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

 

Харин зарим бараа чингэлэгт багтаагүй учраас тэндээ үлдсэн, үлдэгдэл ачааны хөлс 990 ам.долларыг хассан. Ачаа саатсан учир бид олон арга хэмжээ авсан. Нэхэмжлэлээ шүүхэд гаргах үеийн ханш буюу 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн ханшаар буюу 1 ам.долларыг 2,440 төгрөгөөр тооцож нэхэмжлэлээ гаргасан. Мөнгөө шилжүүлсэн үеийн ханшаар тооцсон бол илүү дүн гарах байсан. Иймд хариуцагч Омни шиппинг ХХК-иас 15,661.5 ам.доллар буюу 38,276,706 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Омни шиппинг ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Манай компани нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тээвэр зуучийн үйлчилгээг олон харилцагч, үйлчлүүлэгч нарт хүргэж ирлээ. Нэхэмжлэгч Баясах атлас ХХК-д тээвэр зуучийн үйлчилгээг 2015 оноос хойш хүргэж ирсэн бөгөөд тус компанийн Чинхуандо хотоос авах 20 тонн барилгын шавардлагын тор тээвэрлэх саналыг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр авч Хятадын олон тээвэр зуучийн компанийг судлан хамгийн боломжит үнийн саналыг Циндао Лианг стар компаниас авч нэхэмжлэгч Баясах атлас ХХК-д санал болгосон. Баясах атлас ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тээвэр хийлгэх санал ирсэн, мөн өдрөө Циндао Лианг Стар компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, тээвэрлэлтийн ажлыг эхлүүлсэн. Циндао Лианг Стар компани нь Зенгзоу дахь компанид мөнгөө төлөөгүй, Зенгзоу дахь конпани Шензен Нептүүнэ агентад тээврийн хөлсийг төлөөгүйн улмаас Баясах атлас ХХК-ийн ачааг ачсан гэх чингэлэг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс хойш Эрээн хотод гацсан байдалтай байна. Дээрх шалтгаануудын улмаас манай компани нь Циндао Лианг стар болон Зенгзоу дахь залилан хийдэг компанийн хохирогч болсон тул уг асуудалд буруутай гэж үзэхгүй байна гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баясах атлас ХХК нь хариуцагч Омни шиппинг ХХК-д холбогдуулан тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний үүрэгт 16,562.5 ам.доллар буюу 40,694,062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 990 ам.доллар багасгаж, 15,661.5 ам.доллар буюу 38,276,706 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

 

Хариуцагч Омни шиппинг ХХК нь манай байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа Хятадын тээвэрлэлийн компанид залилуулсан, уг асуудлыг Монголын цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, өмгөөлөгч Г.Баяржаргал нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан арга, хэрэгслээр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Баясах атлас ХХК, хариуцагч Омни шиппинг ХХК нарын хооронд 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээг бичгээр байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Баясах атлас ХХК-ийн Бүгд Найрамдах Хятад Ард улсын Хэбэй мужийн Чинхандао хотын Qinhuangdao Guangyu Fiberglass компаниас худалдан авч буй 20 тоннын чингэлэгтэй барилгын шавардлагын торыг тээвэрлэхэд хариуцагч Омни шиппинг ХХК зуучлах, зуучлуулагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүрэг хүлээснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зуучлалын гэрээ байгуулагдсан, гэрээ Иргэний хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч Баясах атлас ХХК-ийн Бүгд Найрамдах Хятад Ард улсын Хэбэй мужийн Чинхандао хотын Qinhuangdao Guangyu Fiberglass компаниас 20 тоннын чингэлэгтэй барилгын шавардлагын торыг худалдан авч, 16,562.50 ам.долларыг шилжүүлсэн болох нь Худалдаан хөгжлийн банкны 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн гадаад шилжүүлгийн даалгавараар тогтоогдож байна. Харин хариуцагч Омни шиппинг ХХК нь дээрх чингэлэгтэй барааг тээвэрлүүлэхээр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Циндао Лианг Стар компанид 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр захиалга өгч, хамтран ажиллах гэрээ байгуулж, тээврийг эхлүүлсэн гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч баримтаар нотлоогүй, харин Хятадын компанид залилуулсан гэх асуудлаа цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа болох нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2018 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн 14/1491 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

Гэвч энэ нь хариуцагч Омни шиппинг ХХК-ийг нэхэмжлэгч Баясах атлас ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2017/06 тоот Тээврийн зуучийн гэрээний 2.1.11-т тээвэрлэлтийн явцад өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа нэмэлт зардлыг хариуцан барагдуулна гэжээ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Омни шиппинг ХХК-иас 15,661.5 ам.доллар буюу 38,276,706 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Баясах атлас ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед 1 ам.доллар 2,440 төгрөгтэй тэнцэх байсан болох нь МонголБанкнаас зарласан ханшийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан хариуцагч Омни шиппинг ХХК-иас 15,661.5 ам.доллар буюу 38,276,706 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Баясах атлас ХХК-д олго сугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 96,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР