Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00388

 

“ОСНААУГ” ОНӨААТГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01915 дугаар шийдвэр,

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1940 дүгээр магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: “ОСНААУГ” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар / ОНӨААТГ /

          Хариуцагч: “О...” ХХК

          Хариуцагч: “Ж...” ХХК

 

          нэхэмжлэл: Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1 болон 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар 2019-12-23-ны өдөр хариуцагч нараас гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, “О...” ХХК-ийн төлөөлөгч Д.Альгэрмаа, өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, “Ж...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цэрэндулам,өмгөөлөгч З.Сүхбаатар, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

 

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 118 тогтоол, Засгийн газрын 2014 оны 263 тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын Яамны захиалгаар Дэд бүтэц төслийн хүрээнд Буянт-Ухаа-1, 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын \НИТХ\-ын тэргүүлэгчдийн 2016-09-16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчид бүртгэн авсан. Нийслэлийн Засаг даргын 2016-10-06-ны өдрийн А/705 захирамжийн дагуу ашиглалт үйлчилгээг хүлээн авах комисс ажиллаж 2016/03 тоот актаар үндсэн хөрөнгийг манай балансад шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл “О...” ХХК болон “Ж...” ХХК зэрэг компаниуд нь Нийслэлийн өмчийн ус, дулаан дамжуулах төв болон шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээг ямар ч гэрээ болон эрх зүйн баримт бичиггүйгээр эзэмшиж үйл ажиллагааг явуулсаар байна. Иймд мэргэжлийн байгууллага болох манайд ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

          Хариуцагч “О...” ХХК тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Тус компани инженерийн шугам сүлжээ болон ус дулаан дамжуулах төвийн ашиглалт засвар, үйлчилгээг хариуцан ажиллах мэргэжлийн байгууллагыг сонгох Төрийн орон сууцны корпораци \ТОСК\-ын сонгон шалгаруулалтаар сонгогдон Ус дулаан дамжуулах төв-5-ийг хариуцан үйл ажиллагаа явуулж байна. Уг сонгон шалгаруулалт Монгол Улсын холбогдох хуулиудын дагуу явагдсан. Ус, дулаан дамжуулах төв болон шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээг улсын, хувийн ямар ч компани гүйцэтгэж болдог. Гэтэл нэхэмжлэгч өөрийгөө дан ганц мэргэжлийн байгууллага мэтээр бичсэн нь үндэслэлгүй. Манай компани орон сууц, нийтийн аж ахуйн системд 20-30 жил ажилласан мэргэжлийн боловсон хүчинтэй, зохих ажлын байр, машин техник тоног төхөөрөмжтэй мэргэжлийн байгууллага юм. Бид энэхүү төвийнхөө үйл ажиллагааг маш хүнд хэцүү үеэс нь эхлэн улмаар жигдрүүлж 1764 өрхийн 6000 гаруй хэрэглэгчдийг ус, дулаан, цахилгаанаар ханган 4 жил ажиллаж байна. Гэтэл нэхэмжлэгч одоо хүнд үе нь өнгөрч үйл ажиллагаа жигдрэхээр тус төвийг авах гэж байгаа нь зохисгүй юм. Тус төвд хамааралтай эд хөрөнгө нь оршин суугчдын нийтийн эзэмшлийн, хувийн, тус компанийн эд хөрөнгөөс бүрдэж байгаа байгаа тул нийслэлийн өмчид бүрэн шилжих ч ёсгүй юм. НИТХ-ын тэргүүлэгчдийн 2016-09-19-ний 25 дугаар тогтоолын 2 дахь заалт, хавсралтын 5-д заасан хэсгийг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч “Ж...” ХХК тайлбартаа: Манай контор нь 2015-09-14-ний ТОСК ТӨҮГ-аас зарласан орон сууцны хорооллын УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон Буянт-Ухаа II орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ болон УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах болж, 2016-02-18-ны өдөр ТОСК ТӨҮГ-тай Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ байгуулан, Буянт-Ухаа II орон сууцны хорооллын 30 байрны 1620 өрх, 240 хүүхдийн цэцэрлэгийг ус, дулаанаар хангах, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хэвийн явуулсаар ирсэн. Хамтран ажиллах гэрээг 2016-02-18-с 2017-02-18-г хүртэл байгуулсан нь Барилгын тухай хуулийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад тохируулах, зүгшрүүлэх хугацаа 1 жил гэсний дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, гэрээ байгуулсан ашиглагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор тогтоосон хугацаа юм. Нэхэмжлэгч нь Буянт-Ухаа II орон сууцны ашиглалт үйлчилгээг манай байгууллага хүлээн авахаас өмнө хариуцан ажиллаж байсан бөгөөд үйл ажиллагаа нь доголдон хариуцан ажиллах боломжгүй, алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар ТОСК ТӨҮГ-аас II орон сууцны хорооллын ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар хариуцан ажиллах байгууллагыг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгарсан манай конторт хариуцуулан өгсөн. Гэтэл үйл ажиллагааг хэвийн болгох хүртэл ажилласан бидний хөдөлмөрийг үл ойшоон үйл ажиллагаа нь хэвийн болсон хойно төрийн байгууллагын шийдвэрийг үндэслэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 25 дугаар тогтоолын 2 дахь заалт болон хавсралт-5 хүчингүй болгосон тул шаардах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 183/ШШ2019/01915 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “О...” ХХК, “Ж...” ХХК нарт холбогдох Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1, 2 дугаар хорооллын Ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэн авах тухай “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1940 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01915 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосон байна.

 

        Хариуцагч “О...” ХХК-ийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг солих, гуравдагч этгээд оролцуулах эсэх зэрэг асуудлуудыг ИХШХШТХ-н болон энэхүү иргэний хэргийг үүний өмнө хянан шийдвэрлэсэн дээд шатны шүүхүүдийн шийдвэрийн заалтуудын дагуу шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг өөрөө санаачлан оролцогчдыг тодорхойлох, ХХША-нд оролцуулах байсан мэтээр заасан нь буруу юм. 2. ИХШХШТХ-н 3-т Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй талаар заасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасныг буруутгаж болохгүй ч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “Орон сууц, нийтийн аж ахуйн газар” ОНӨААТҮГ-ын ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхол манай компаниас шалтгаалж хөндөгдөөгүй нь хангалттай тогтоогдсон болно. Ер нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болсон НИТХ-н тэргүүлэгчдийн 2016-09-16-ны өдрийн 25 дугаар тогтоолын 2 дахь заалт захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон нь “Орон сууц, нийтийн аж ахуйн газар” ОНӨААТҮГ-ыг нэхэмжлэл гаргах боломжгүй болгосон. 3. Давж заалдах шатны шүүх хэрэгт байхгүй нотлох баримт, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт заагаагүй үндэслэлийг баримталж буруу дүгнэлт хийсэн байна. Энэ нь магадлалд “Ус, дулаан дамжуулах төв 6, 11- ийн тоног төхөөрөмж нь Нийслэлийн өмчлөлд бүртгэлтэйг зохигч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй” гэж болон “анхан шатны шүүх “шүүхийн шийдвэр гарахад дээрх 2 байгууллагын эрх ашиг хөндөгдөхгүй” гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалд нийцээгүй” гэж дүгнэлт хийснээс харагдаж байна. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

       Хариуцагч “Ж...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэг. “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрыг тус тус гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүх “шүүхийн шийдвэр гарахад дээрх 2 байгууллагын эрх ашиг хөндөгдөхгүй...” гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалд нийцээгүй, ИХШХШТХ-ийн 29.3-г зөрчсөн байхаас гадна уг хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн тухайд: “ОСНААУГ” ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагаа “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016-09-19-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Нийслэлийн өмч буюу орон нутгийн өмчид бүртгэн авсан Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт-Ухаа-1, 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т шилжүүлэх” гэж тодорхойлсон. ИХШХШТХ-н 29.3-д “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар ХХША-нд оролцуулж болно” гэж зохицуулсан байх бөгөөд уг нэхэмжлэлийн улмаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй, мөн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 2019-08-21-ний өдрийн 183/Ш32019/09488 дугаар захирамжаар “Нэхэмжлэгч тал НИТХ-ыг жинхэнэ нэхэмжлэгчээр солих тухай хүсэлтээ дэмжиж байгаа эсэхийг тодруулах ажиллагааг гүйцэтгэхээр нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрыг тус тус гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргажээ. Шүүхийн шийдвэр гарахад дээрх 2 байгууллагын эрх ашиг хөндөгдөхгүй” гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016-09-16-ны өдрийн 25 дугаар тогтоолын Нийслэлийн өмчид бүртгэсэн заалт хүчин төгөлдөр байх бөгөөд үүнтэй холбоотойгоор дээрх байгууллагыг ИХШХШТХ-н 28.1-д заасны дагуу нэхэмжлэгчээр сольж болохоор хуульд зохицуулсан байтал нэхэмжлэгчээс шүүхэд дээрх үндэслэлээр уг хоёр байгууллагыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй бөгөөд ИХШХШТХ-н 29.3-г зөрчсөн гэж үзэхээргүй байна. Түүнчлэн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхээ эдлэхийг хүсвэл шүүхээс үл хамааран эрхээ хэрэгжүүлэх эрх нь нээлттэй бөгөөд тусдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжтой. Хоёр. “Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодруулалгүйгээр ИХ-н 8.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв болж чадаагүй ” гэж дүгнэсэн тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018-09-13-ны өдрийн 128/ШШ2018/0562 дугаар шийдвэрээр уг тогтоолын 2 дахь буюу ашиглалт хамгаалалт үйлчилгээг хариуцан ажиллахыг үүрэг болгосон заалтыг хавсралтын 5-д заасан Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа II орон сууцны хорооллыг Ус дулаанаар хангаж буй Ус, дулаан дамжуулах төв-11-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Ийнхүү хүчингүй болгосноор нэхэмжлэгч нь орон сууцны хорооллын ашиглалт хамгаалалт, үйлчилгээг хариуцан ажиллах үүрэггүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд төрийн өмч эзгүйдсэн, мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага гэж тайлбарлан нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэнтэй санал нэг байна. “ОСНААУГ” ОНӨААТҮГ нь 2018-12-13-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ИХШХШИХ-н 28.1-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг жинхэнэ нэхэмжлэгчээр солиулах тухай хүсэлт гаргасан бөгөөд мөн өдрөө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай газар 2017-08 сард “О...” ХХК, “Ж...” ХХК-иудаас дээрх хөрөнгийг шилжүүлэн авах тухай нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тус газар орон нутгийн өмчийг эзэмших талаар нэхэмжлэл гаргах эрхгүй болоод байна. Иймд ... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон нутгийн өмчийг хувийн хэвшлээс шаардах нэхэмжлэгчээр оролцож манай нэхэмжлэлийг дэмжиж өгөхийг хүсье” гэх хүсэлтийг гаргасан байна. Дээрхээс үзэхэд “ОСНААУГ” ОНӨААТҮГ нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        “ОСНААУГ” ОНӨААТГ нь 2017-08-11-ний өдөр  “О...” ХХК, “Ж...” ХХК-д холбогдуулан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Буянт Ухаа 1 болон 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэхийг шаардсан байна.   Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

        Магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэл бүхий байна.

        Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч даруй шийдвэрлэнэ. 

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулах” тухай хүсэлт гаргасан /хх- 209/ бөгөөд шүүх уг хүсэлтийг хэлэлцэж дүгнэлт хийсэн атлаа энэ талаар захирамжид заагаагүй буюу шийдвэр /хх215/ гаргаагүй байна.

  

       Иймд хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй орхисон нөхцөл байдлыг  давж заалдах шатны шүүх хуульд нийцээгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 29 дүгээр зүйлийн 29.1,168 дугаар зүйлийн 168.1.3-г зөрчөөгүй байна.

 

       2. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг “тодорхой бус” гэж үзсэн нь дутагдалтай байгааг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.    

 

      “ОСНААУГ” ОНӨААТГ нь өөрийн шаардлагын үндэслэлийг нотолж чадаагүй гэж анхан шатны шүүх үзсэн байхад давж заалдах шатны шүүх уг нөхцөл байдлыг “нэхэмжлэл тодорхой бус” гэсэн нь баримтгүй байна.  

 

      3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээдийг оролцуулах  эсэхийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн талаар хэргийн оролцогчийг мэтгэлцүүлж, нотлох баримт, талуудын тайлбарыг үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1940 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.

 

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “О...” ХХК-с төлсөн 70,200 төгрөг, ”Ж...” ХХК-с төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД,                           П.ЗОЛЗАЯА 

                                                                                                 Б.УНДРАХ

                                                                                                 Д.ЦОЛМОН