Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 1033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Т.Гандиймаа, Г.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10 дугаар байрны 20 тоотод байрлах,  регистрийн дугаар 2556103, Пума Сервис ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 4 дүгээр байрны 158 тоотод байрлах, регистрийн дугаар Х5267587, Баялаг Коллект ХХКомпанид  холбогдох

 

Гэм хорын хохиролд 305 027 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Г.Мандухай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Пума Сервис ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх Баялаг Коллект ХХКомпанитай харилцан тохиролцож өөрийн үйлдвэр, ажлын байрыг 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан түрээслүүлсэн.Баялаг Коллект ХХКомпани түрээсийн гэрээний дагуу тухайн үйлдвэр, ажлын байрыг түрээслэж байх хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө гал гарч үйлдвэр, ажлын байр шатсаны улмаас манай компанийн үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмж эд зүйлс устаж 305 027 000 төгрөгийн хохирол учирсан болох нь Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3/4 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтээр тогтоогдож тухайн галыг санаатай тавьсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, учирсан хохирлоо иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх тухай 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаартай Прокурорын тогтоол гарсан.Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д “Түрээслэгч нь ажлын байрны ашиглалтын байдалд ямагт анхаарч санаачлага гаргасан ажиллах ба хөрөнгөд ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмшин, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд өөрийн буруутай үйл ажиллагаатай холбогдон гарах хохирлыг бие даан хариуцана” гэж заасан тул Пума Сервис ХХКомпанид хохирол болох 305 027 000 төгрөгийг Баялаг Коллект ХХКомпаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Шинжээчийн дүгнэлтэд гал гарсан нь гадны хүчин зүйлээс нөлөөлөөгүй гэсэн боловч цахилгааны богино холболт хэт ачаалал үүссэнээс болж гал гарсан гэсэн.Баялаг Коллект ХХКомпанийн дотоод холболтыг өөрсдөө хууль бусаар хийж, богино холболтууд үүсгэсэн гэж үзэж байгаа бөгөөд гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.Огт цахилгааны мэдлэггүй, мэргэжил эзэмшээгүй Хятад улсын иргэн холболтыг хийсэн.Шитнээс олон тоног төхөөрөмж рүү утсыг салаалуулж, хэт их ачаалал үүсгэснээс болж гал гарсан тухай онцгой байдлын галын үзлэгт оролцсон гал сөнөөгч нарын хэрэгт мэдүүлсэн мэдүүлгээс харагдана.Баялаг Коллект ХХКомпани нь Пума Сервис ХХКомпанийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг ашиглаж байгаад шатаасан.Баялаг Коллект ХХКомпанийн тоног төхөөрөмж шатсан гэх үнэлгээ тогтоосон акт гараагүй.Иймд Баялаг Коллект ХХКомпанийн цахилгааны буруу холболт, хэт их ачаалалтай ажиллуулсанаас болж гал гарсан тул Пума Сервис ХХКомпанид хохирол учирсан байгаа.Баялаг Коллект ХХКомпани байрыг дулаан байлгах гэж байгаад гал гаргасан байж болох магадлалтай гэв.

 

Хариуцагч Баялаг Коллект ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Прокурорын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 398 дугаартай тогтоол болон Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд манай байгууллага болон миний буруутай үйл ажиллагаанаас болж гал түймэр гараагүй, мөн гэм буруутай гэж тогтоогдоогүй гэж ойлгож байгаа учраас Пума Сервис ХХКомпани 305 027 000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.Манай компанийн хувьд үйлдвэрт хэвлэгдэж байсан 8 дамжлага бүхий тоног төхөөрөмж, бараа материал бүгд галд өртөж шатсан тул би ч хохирогч болсон.Би Пума Сервис ХХКомпанийн нэхэмжилсэн 305 027 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баялаг Коллект ХХКомпани нь Пума Сервис ХХКомпанийн байрыг түрээслэж, үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн.Тэгэхдээ галын дүгнэлт нь цахилгаан болон цахилгааны богино холболтоос гэж гарсан бөгөөд Баялаг Коллект ХХКомпанийн буруутай үйл ажиллагаанаас болж гал гарсан гэх дүгнэлт гараагүй, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний шүүхэд хандах эрхтэй гэсэн.Манайх одоо болтол Пума Сервис ХХКомпаниас үлдсэн эд зүйлсээ авч чадаагүй, зарим нь алга болсон байна. Баялаг Коллект ХХКомпанид үнэлгээгээр 85 129 500 төгрөгийн хохирол учирсан байгаа.Надаас хохирол гэж нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.Пума Сервис ХХКомпани гал гарахаас 1 сарын өмнө цахилгаанаа янзлуулсан бөгөөд манай компанийн шитнээс 2 давхарынхаа тогыг авдаг байхад нь утсаа авахыг шаарддаг байсан боловч цахилгааны утсаа авдаггүй байсан.Би цагдаад энэ байдлаас болж гал гарсан гэж удаа дараа мэдүүлэг өгсөн.Би сард 3.000.000 төгрөгөөр түрээслэж үйл ажиллагаа явлуулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл хийсэн ажилгүй, үлдсэн тоног төхөөрөмжөө авч чадахгүй, ажлаа үргэлжлүүлж, үйл ажиллагаа явуулж чадахгүй байна.Нэхэмжлэгч над руу дайрч, тоног төхөөрөмж нь Пума Сервис ХХКомпанийнх байсан гэж худлаа ярьж байна.Тоног төхөөрөмж бол нэхэмжлэгч компанийн хөрөнгө биш, манай компанийн хөрөнгө байсан.Би Пума Сервис ХХКомпани шиг хүний хөрөнгүүдийг хүртэл худлаа ярьж, үнэлүүлээгүй бөгөөд манайх том эд зүйлсүүдээ л үнэлүүлсэн.Би ч гэсэн хохирогч болоод байхад миний үлдсэн эд зүйлсүүдийг өгөхгүй байгааг гайхаж байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Пума Сервис ХХКомпани хариуцагч Баялаг Коллект ХХКоманид холбогдуулан гэм хорын хохиролд болон бусад зардлын 305 027 000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Пума Сервис ХХКомпани Баялаг Коллект ХХКомпанийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх гэрээний 1.2-т Пума Сервис ХХКомпани нь үүсгэн байгуулагч Санмери ХХКомпанийн эзэмшлийн 986 метр квадрат газар, 11 агуулахын 40,6 метр квадрат, 12 үйлдвэрийн 63 метр квадрат, 13 үйлдвэрийн 132 метр квадрат нийт 235,6 метр квадрат ажлын байрыг Баялаг Коллект ХХКомпанид 1 жилийн хугацаатай түрээслүүлж, сар бүрийн төлбөрт 3 000 000 төгрөгийг Баялаг Коллект ХХКомпани төлж байхаар талууд тохиролцон улмаар түрээслэгч байгууллага тухайн ажлын байранд үйл ажиллагаа явуулж байсан тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Баялаг Коллект ХХКомпанийн түрээслэн эзэмшиж байсан ажлын байранд 2014 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө гал гарсан болох нь Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 9/62 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Уг шинжээчийн дүгнэлтэд “тухайн гал түймэр нь угсралт болон техникийн гэмтлээс /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл/ үүдэлтэй гарсан гэж шинжээчийн бүрэлдэхүүн үзэж байна, геологийн төв лабороторийн МИН 2015/0010 захиалгын дугаарын дагуу шинжилгээ хийсэн лаб №117 тэмдэглэгээтэй шинжилгээний дүнд зэс утасны шинжилгээгээр зэсийн исэл илэрсэн нь угсралт болон техникийн гэмтлээс гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна.Хэргийн газарт  хийсэн үзлэг, гал сөнөөгч нарын тайлбараас үзэхэд тухайн гал түймэр нь зуухнаас болж гарсан гэх үндэслэлгүй байна.Гал түймэр 1 дүгээр зурагт харуулсан тухайн хэсгээс эхлэн гарч тархан дэлгэрсэн гэж үзэж байна.Тухайн гал түймэр хүний хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн гэх үндэслэл илрээгүй”  гэжээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 398 дугаар тогтоолоор 2014260006363 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх тогтоолд:Пума Сервис ХХКомпани болон Баялаг Коллект ХХКомпанийн албан тушаалтанууд нь галын аюулгүй байдлын тухай хуулийн дагуу галаас урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны холболт, үйл ажиллагаа явагдах үед галаас урьдчилан сэргийлэх талаар зохих ажиллага явуулж байсан ч гал гарсан нөхцлийг урьдчилан мэдэх боломжтой байсан эсэх, галыг аливаа зорилгоор санаатай тавьсан гэх баримтууд тогтоогдохгүй, эрүүгийн хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна” гэжээ.

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар Баялаг Коллект ХХКомпанийн түрээсээр эзэмшиж байсан ажлын байранд 2014 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө гал гарсан үйл баримтад түрээслэгч байгууллагын буруутай үйлдэл, үйл ажиллагаа шууд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл тухайн гал түймэр хариуцагч байгууллагын гэм буруутай үйл ажиллагааны улмаас техникийн гэмтэл буюу богино холболт үүссэн, хэт ачаалалтай байсан гэх үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Тухайн өдөр хариуцагч байгууллагын ажилчид эрт тарсан, гал түймэр шөнө дундын үед гарсан болох нь эрүүгийн хэрэгт хохирогч болон гэрчээр байцаагдсан Д.Анхтуяа, В.Бямбадорж, П.Баярсайхан, Ц.Доржготов нарын мэдүүлэгээр нотлогдож байна.

 

Нөгөө талаар энэхүү түрээсийн гэрээнд дурдсан Баялаг Коллект ХХКомпанид түрээслүүлж байсан 235,6 метр квадрат талбайтай ажлын байр буюу үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч Пума Сервис ХХКомпанийн өмчлөлийн хөрөнгө болох нь баримтаар нотлогдоогүй байна.

 

Баянгол дүргийн 4 дүгээр хороо 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2 тоот хаягт байршилтай 2016 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Дашдоржийн Анхтуяад 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000345458 дугаартай гэрчилгээг олгосон байна.

 

Мөн Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн 73 нэр төрлийн эд хөрөнгүүд нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн хөрөнгө болох нь тухайн байгууллагын хөрөнгийн бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй байна.

 

Иймд Пума Сервис ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Баялаг Коллект ХХКомпаниас 305 027 000 /гурван зуун таван сая хорин долоон мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн Пума Сервис ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 683 085 /нэг сая зургаан зуун наян гурван мянга наян таван/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН

                       ШҮҮГЧИД                                            Т.ГАНДИЙМАА

                                                                                    Г.АРИУНАА