Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2018/01171

 

 

 

 

 

 

 

 

 

Пума сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04ий өдрийн 102/ШШ2018/01033 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Пума сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баялаг коллект ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 305 027 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Анхтуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Отгончимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюун-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Пума Сервис ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Баялаг Коллект ХХК-тай харилцан тохиролцож өөрийн үйлдвэр, ажлын байрыг 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан түрээслүүлсэн. Баялаг Коллект ХХК түрээсийн гэрээний дагуу тухайн үйлдвэр, ажлын байрыг түрээслэж байх хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө гал гарч үйлдвэр, ажлын байр шатсаны улмаас манай компанийн үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмж эд зүйлс устаж 305 027 000 төгрөгийн хохирол учирсан болох нь Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3/4 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтээр тогтоогдож тухайн галыг санаатай тавьсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, учирсан хохирлоо иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх тухай 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаартай Прокурорын тогтоол гарсан.Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д Түрээслэгч нь ажлын байрны ашиглалтын байдалд ямагт анхаарч санаачлага гаргасан ажиллах ба хөрөнгөд ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмшин, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд өөрийн буруутай үйл ажиллагаатай холбогдон гарах хохирлыг бие даан хариуцна гэж заасан тул Пума Сервис ХХК-д хохирол болох 305 027 000 төгрөгийг Баялаг Коллект ХХК-иас гаргуулж өгнө үү.

Шинжээчийн дүгнэлтэд гал гарсан нь гадны хүчин зүйлээс нөлөөлөөгүй гэсэн боловч цахилгааны богино холболт, хэт ачаалал үүссэнээс болж гал гарсан гэсэн. Баялаг Коллект ХХК-ийн дотоод холболтыг өөрсдөө хууль бусаар хийж, богино холболтууд үүсгэсэн гэж үзэж байгаа бөгөөд гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Огт цахилгааны мэдлэггүй, мэргэжил эзэмшээгүй Хятад улсын иргэн холболтыг хийсэн. Шитнээс олон тоног төхөөрөмж рүү утсыг салаалуулж, хэт их ачаалал үүсгэснээс болж гал гарсан тухай онцгой байдлын галын үзлэгт оролцсон гал сөнөөгч нарын хэрэгт мэдүүлсэн мэдүүлгээс харагдана. Баялаг Коллект ХХК нь Пума Сервис ХХК-ийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг ашиглаж байгаад шатаасан. Баялаг Коллект ХХКйн тоног төхөөрөмж шатсан гэх үнэлгээ тогтоосон акт гараагүй. Иймд Баялаг Коллект ХХК-ийн цахилгааны буруу холболт, хэт их ачаалалтай ажиллуулсанаас болж гал гарсан тул Пума Сервис ХХК-д хохирол учирсан байгаа.Баялаг Коллект ХХК байрыг дулаан байлгах гэж байгаад гал гаргасан байж болох магадлалтай гэжээ.

 

Хариуцагч Баялаг Коллект ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 398 дугаартай тогтоол болон Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж гал түймэр гараагүй, мөн гэм буруутай гэж тогтоогдоогүй гэж ойлгож байгаа учраас Пума Сервис ХХК 305 027 000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Манай компанийн хувьд үйлдвэрт хэвлэгдэж байсан 8 дамжлага бүхий тоног төхөөрөмж, бараа материал бүгд галд өртөж шатсан тул би ч хохирогч болсон. Би Пума Сервис ХХК-ийн нэхэмжилсэн 305 027 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Баялаг Коллект ХХК нь Пума Сервис ХХК-ийн байрыг түрээслэж, үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн. Тэгэхдээ галын дүгнэлт нь цахилгаан болон цахилгааны богино холболтоос гэж гарсан бөгөөд Баялаг Коллект ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж гал гарсан гэх дүгнэлт гараагүй, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний шүүхэд хандах эрхтэй гэсэн. Манайх одоо болтол Пума Сервис ХХК-иас үлдсэн эд зүйлсээ авч чадаагүй, зарим нь алга болсон байна. Баялаг Коллект ХХК үнэлгээгээр 85 129 500 төгрөгийн хохирол учирсан байгаа. Надаас хохирол гэж нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Пума Сервис ХХК гал гарахаас 1 сарын өмнө цахилгаанаа янзлуулсан бөгөөд манай компанийн шитнээс 2 давхарынхаа тогийг авдаг байхад нь утсаа авахыг шаарддаг байсан боловч цахилгааны утсаа авдаггүй байсан. Би цагдаад энэ байдлаас болж гал гарсан гэж удаа дараа мэдүүлэг өгсөн. Би сард 3 000 000 төгрөгөөр түрээслэж үйл ажиллагаа явлуулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл хийсэн ажилгүй, үлдсэн тоног төхөөрөмжөө авч чадахгүй, ажлаа үргэлжлүүлж, үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Нэхэмжлэгч над руу дайрч, тоног төхөөрөмж нь Пума Сервис ХХК-ийн байсан гэж худлаа ярьж байна. Тоног төхөөрөмж бол нэхэмжлэгч компанийн хөрөнгө биш, манай компанийн хөрөнгө байсан. Би ч гэсэн хохирогч болоод байхад миний үлдсэн эд зүйлсүүдийг өгөхгүй байгааг гайхаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баялаг коллект ХХК-иас 305 027 000 төгрөг гаргуулахыг хүссэн Пума сервис ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 683 085 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Анхтуяа давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэжээ. Шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдахдаа баримтаар Баялаг коллект ХХК түрээсээр эзэмшиж байсан ажлын байранд 2014 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө гал гарсан үйл баримтад түрээслэгч байгууллагын буруутай үйлдэл үйл ажиллагаа шууд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл тухайн гал түймэр хариуцагч байгууллагын гэм буруутай үйл ажиллагааны улмаас техникийн гэмтэл буюу богино холболт үүссэн хэт ачаалалтай байсан гэх үйл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэжээ. Шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлсэн мөн шинжээчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн ямар нотлох баримт байгааг заагаагүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гал гарсны улмаас учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гал гарах болсон шалтгаан нөхцлийг энгийн нүдээр өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаа гэрчийн мэдүүлгээр нотлох боломжгүй. Түүнчлэн, шүүхээс хариуцагч байгууллагын ажилчид эрт тарсан гал түймэр шөнө дундын үед гарсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэжээ. Үүнээс үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж хуульчилсан байх ба нэхэмжлэлийн шаардлагыг нотлоход зайлшгүй тусгай мэдлэг шаардлагатай юм. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг няцааж байгаа үндэслэлээ ажилчид эрт тарсан, гал шөнө гарсан үндэслэлээр няцааж байгаа нь хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг зөрсөн гэж үзэж байна. Мөн Пума сервис ХХК нь ганц гишүүнтэй бөгөөд Д.Анхтуяа би юм. Би өөрийн өмчлөлийн хөрөнгийг захиран зарцуулахдаа гуравдагч этгээдийн зөвшөөрлийг авах хуульд заасан үүрэг байхгүй. Би өөрийн өмчийг Пума сервис ХХК-д түрээслэх зөвшөөрөл өгсөн. Түүнчлэн, хариуцагч компанитай түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн гэрээ байгуулсан асуудлаар маргаан үүсээгүй юм. Мөн шүүхээс хөрөнгийн үнэлгээний байгуулгаар үнэлгээ хийлгэсэн 73 нэр төрлийн эд хөрөнгүүд нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн хөрөнгө болох нь тухайн байгууллагын хөрөнгийн бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй байна гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж хуульчилсан. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тайланг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргасан бөгөөд үндэслэх хэсэгт дурдсан анхан шатны ямар баримтаар хөрөнгийн үнэлгээний тайланг үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Пума сервис ХХК, иргэн Д.Анхтуяа нар нь хариуцагч Баялаг коллект ХХК-д ходбогдуулан гэм хорын хохиролд 305 027 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гал гарсан явдалд манай компани гэм буруутай болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид хоорондоо 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Түрээсийн гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө гал гарч тэдний эзэмшиж, ашиглаж байсан үйлдвэр, тоног төхөөрөмж, эд зүйл устаж гэмтсэн, гэрээнд Сан Мери ХХК-ийн эзэмшлийн талбай, ажлын байр гэж тусгасан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2 тоот хаягт байрлалтай 2016 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь иргэн Дашдоржийн Анхтуяа болох нь тус тус тогтоогдсон байна. /хх 4-6, 76, 105, 106/

 

Ийнхүү дээрх баримтаар Баялаг коллект ХХК-д түрээслүүлж байсан үл хөдлөх эд хөрөнгө нь Пума сервис ХХК-ийн өмчлөлийн зүйл болох нь нотлогдоогүй байхад шүүх нэхэмжлэгч нарын хэн нь гэм хорын хохирол шаардах эрхтэй болохыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Шүүх эрүүгийн хэрэгт хохирогч, гэрчээр байцаагдсан Д.Анхтуяа, В.Бямбадорж, П.Баярсайхан, Ц.Доржготов нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлснээс гадна, хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 39/2931 дугаартай шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангаагүй байхад уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гарсан Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшигийн туршилт, шинжилгээний төвийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 9/62 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03269 дугаартай шийдвэрээр маргаан бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2 тоот хаягт байрлалтай 2016 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч, нас барагч БНХАУ-ын иргэн Зао Гүй Пинд ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Я.Алтанчимэг, А.Чингүн, А.Гүнжлхам нарыг тогтоосон байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ нь хууль ёсны өвлөгч Я.Алтанчимэгийг эрх ашиг, сонирхол нь хөндөгдсөн гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Иймээс анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04ий өдрийн 102/ШШ2018/01033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Пума сервис ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 683 085 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ЦОГТСАЙХАН