Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00192

 

 

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00192

 

 

 

******* ХХК, *******гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00426 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 798 дугаар магадлалтай,

 

******* ХХК, *******гийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 305,027,000 төгрөг гаргуулах үндсэн,

95,452,000 төгрөгийн үнэ бүхий 45 нэр төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хатанбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 305,027,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 95,452,000 төгрөгийн үнэ бүхий 45 нэр төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ.

 

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00426 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 90,957,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д, 214,070,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК  болон ******* нараас 1 тонны хэмжээтэй цэнхэр өнгөтэй ёнкось-2 ширхэг /1 ёнкось дотор монгол гэрийн унь, хана, хаалга, тооно байсан/, лааз преслэгч машин-1 ширхэг, 20 тоннын пүү-1 ширхэг, лааз преслэгч машины мотор-1 ширхэг, 1 тоннын угаагч ёнкось-2 ширхэг, 1 тоннын жижиг пүү-1 ширхэг, 2,5:2,5 орчим хэмжээтэй хашааны хавтан-2 ширхэг, өндрөөрөө 1 м орчим, уртаараа 4-5 м орчим хэмжээтэй нимгэн төмөр-2 ширхэг, улбар сар өнгөтэй сендвичэн байшин-1 ширхэг, том зуух-1 ширхэг, хэрчигч машины хутга-7 ширхэг, кабель утас-1 боодол, түрдэг төмөр тэрэг- 1 ширхэг, хашааны модон шон-10 ширхэг, 30 квт-ын мотор-2 ширхэг, 15 квт-ын мотор-3 ширхэг, 8 квт-ын мотор-2 ширхэг, 30 квт-ын мотор-4 ширхэг, шуудайны ам боодог мяндсан утас-8 ширхэг, дрилл/ точилтойгоо/-1 ширхэг, машины дугуй-10 ширхэг, компьютерийн ширээ-1 ширхэг, шүүгээ1 ширхэг, хивсэн дрож 8 мкв-1 ширхэг, угаалтуур-1 ширхэг, усны сав-2 ширхэг /үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 26 нэр төрөл/ зэргийг гаргуулан, хариуцагч ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 19 нэр төрлийн эд зүйл гаргуулах болон  түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,683,085 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635,210 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,683,085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ХХК болон Д.Алтантуяа нараас улсын тэмдэгтийн хураамжинд 321,650 төгрөгийг гаргуулж хариуцагч ******* ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 798 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00426 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 90,957,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ХХК-ийн, гэм хорын хохиролд 214,070,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,683,085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д гэсэн хэсгийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 798 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Түрээслүүлэгч "*******" ХХК нь түрээслэгч "*******" ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд байнга оролцож хөдөлмөрийн болон гал, ус цахилгааны аюулгүй ажиллагааг нь хөндлөнгөөс тогтмол хянаж, ханган ажиллах боломжгүйн дээр түрээслэгч үүнийгээ бие даан хариуцах санал гаргаснаар талууд "Түрээсийн гэрээ"-ний 5.5.-д Түрээслэгч нь ажлын байрны ашиглалтын байдалд ямагт анхаарч санаачлага гарган ажиллах ба эд хөрөнгөд ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмшин, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд өөрийн үйл ажиллагаатай холбогдон гарах хохирлыг бие даан хариуцна гэж тохиролцсон нь холбогдох хуулийг зөрчөөгүй, өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байна. Үүнийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй. Хариуцагч "*******" ХХК нь үйлдвэрийн технологийг зохих журмын дагуу цахилгаан сүлжээнд холбох ажиллагааг мэргэжлийн цахилгаанчнаар угсруулаагүй, дур мэдэн өөрсдөө буюу үйлдвэрийн хятад ажилтан, захирал Оюун-Эрдэнэ нар угсарсан хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Гал гарахаас хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар төмөр замын Барилга үйлдвэрлэлийн нэгдлээс цахилгаанчин ирж "*******" ХХК-ийн цахилгаан сүлжээг шаардлага хангахгүй гэх үндэслэлээр салгасан байдаг. Гэтэл дур мэдэн өөрсдөө холбон үйл ажиллагааг явуулж ирсэн. Түрээсийн гэрээний дагуу обьектыг хариуцагч "*******" ХХК хүлээн авснаар, түүний эзэмшил, ашиглалтад бүрэн шилжсэн. Энэ хугацаанд гэрээний зүйл устаж үгүй болсон нь түрээслэгч "*******" ХХК-ийн хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байдалтай бүрэн хамааралтай. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэхүү Монгол улсын стандарт зөвлөмжийн 5.1-т богино холбоо хэт ачаалал шилжилтийн эсэргүүцлийн улмаас гал түймэр гарахгүй ба нөхцлийг бүрдүүлэхийг тухайн объектын өмчлөгчид үүрэг болгосон мэтээр буруу тайлбарлан хэрэглэж, үүнийгээ магадлалынхаа үндэслэл болгон ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэх үүргээ хэрэгжүүлсэнгүй. УБТЗ-ын харьяа Барилгын ашиглалт, үйлчилгээний 2-р ангийн цахилгаанчин гэрч Ц.Энх-Амгалангийн анх үйлдвэр дээр ирээд үзлэг шалгалт хийх үеийн нөхцөл байдлын талаарх ерөнхий шитний ачаалал, соронзон орон үүссэн байсан тул тог таслан засварын ажил эхлүүлсэн талаарх мэдүүлэг болно. БНХАУ-ын иргэн Жан И шин (хариуцагч "*******" ХХК-ийн хөрөнгө оруулагч) үйлдвэрийн хашаанд 2 өрөө бүхий 25 орчим м.кв сендвичин байранд амьдарч байсан. Ингэхдээ 2-3 тень ашиглана. Мөн хоол ундаа бэлтгэхдээ цахилгаан үүсгүүр ашигладаг. Энэ талаараа би үйлдвэрийн хашаанд амьдардаг. гал манай түрээсэлдэг хэсгийн дээврийн хэсэг нь шатаж эхэлж байсан. Миний амьдарч байсан байр цахилгаанаар халдаг. Тэгээд цахилгаангүй болсон /хх1-35/ гэх мэдүүлэг өгсөн. Уг байрны цахилгааны холболтын утас шаардлага хангахгүй тул солиулах шаардлага тавьж байсан цахилгаанчны мэдүүлэг байсаар атал шөнө үйлдвэр ажиллаагүй учраас гал гарахгүй гэх бодит байдлаас эрс зөрүүтэй таамаг төдий дүгнэлтийг хийсэн нь шүүх бүрэлдэхүүн хэргийн материалыг уншиж судлаагүйтэй холбоотой гэж үзэж байна. Болж өнгөрсөн үйл явдлуудыг хангалттай нотолсон хэрэгт хамааралтай ач, холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй нотлох баримтыг шүүх хэрхэн үнэлж, үгүйсгэсэн нь тодорхойгүй байна. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 798 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 102/ШШ2020/00426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч ******* ХХК 90,957,000 төгрөг, нэхэмжлэгч ******* 214,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК болон ******* нарт холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 95,452,000 төгрөгийн үнэ бүхий 45 нэр төрлийн тоног төхөөрөмж, эд зүйлийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

             

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан байна.

 

7. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөний улмаас эд хөрөнгөнд учирсан хохирол гэж, нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд өөрт учирсан гэм хорын хохирол гэж шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлжээ.

 

8. 2014.06.12-ны өдөр Пума Сервис ХХК болон Баялаг Коллект ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр Санмери ХХК-ийн эзэмшлийн 986 метр квадрат газрыг, *******гийн өмчлөлийн 235,6 метр квадрат ажлын байрыг Баялаг Коллект ХХК-д 1 жилийн хугацаатай түрээслүүлж, Баялаг Коллект ХХК нь түрээсийн төлбөрт сар бүр 3,000,000 төгрөгийг төлж байхаар талууд тохиролцон,  гэрээний зүйлийг түрээслэгч нь хүлээн авч, үйл ажиллагаа явуулж байсан тухай үйл баримтад талууд маргаагүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дүгээр зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг бичгээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Дээрх түрээсийн гэрээ байгуулагдах үед ******* ХХК-ийн захирлаар Ж.Бямбажав ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, түүнчлэн ******* нь 2011.12.06-ны өдөр ******* ХХК-ийг 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулах тухай хүсэлт гаргасны дагуу 2011.12.07-ны өдөр улсын бүртгэлд хуулийн этгээдээр бүртгэгдэн, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, тус компанийн ганц хувьцаа эзэмшигч нь мөн байх тул хариуцагчийн гаргасан ...түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

9. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар гэрээний хугацаанд буюу 2014.11.26-аас 27-нд шилжих шөнө түрээсийн байранд гал гарч *******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд 214,070,000 төгрөгийн, ******* ХХК-ийн эд хөрөнгөнд 90,957,000 төгрөгийн, ******* ХХК-ийн эд хөрөнгөнд 85,159,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдсон байх бөгөөд зохигчид хохирлын хэмжээний тухайд маргаагүй, харин хариуцагч ******* ХХК нь ... манай байгууллага болон миний буруутай үйл ажиллагаанаас болж гал түймэр гараагүй буюу гэм буруутай гэх байдал тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр маргасан байна.

 

Баянгол дүүргийн Прокурор газрын прокурорын 2015.10.02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор мөрдөн байцаалтын явцад ...Пума сервис ХХК болон Баялаг Коллект ХХК-ийн албан тушаалтнууд нь галын аюулгүй байдлын тухай хуулийн дагуу галаас урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны холболт, үйл ажиллагаа явагдах үед галаас урьдчилан сэргийлэх талаар зохих ажиллагаа явуулж байсан ч гал гарсан нөхцөлийг урьдчилан мэдэх боломжтой байсан эсэх, галыг аливаа зорилгоор санаатай тавьсан гэх баримтууд тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж дүгнэн 2014260006363 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Түүнчлэн Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт шинжилгээний төвийн шинжээчийн 2015.04.06-ны өдрийн 9/62 дугаар дүгнэлт Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2014.12.31-ний өдрийн 39/2921 дугаар дүгнэлт хэрэгт авагдсан.

 

10. Гал гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор хийгдсэн дээрх баримтуудаар хариуцагч ******* ХХК-ийн хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тухайн гал гарч, нэхэмжлэгч нарын эд хөрөнгөнд хохирол учирсан гэх байдал тогтоогдоогүй боловч ...тухайн гал гарах үед нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон эд зүйл нь түрээсийн гэрээний дагуу хариуцагч ******* ХХК-ийн эзэмшил ашиглалтад байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрч нарын мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээний 5.5-д Түрээслэгч нь ажлын байрны ашиглалтын байдалд ямагт анхаарч санаачлага гарган ажиллах ба эд хөрөнгөд ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмшин, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд өөрийн үйл ажиллагаатай холбогдон гарах хохирлыг бие даан хариуцна гэж талууд тохиролцсоноор нэхэмжлэгч  ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагчаас 90,957,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т нийцсэн байна.

   

11. Нэхэмжлэгч ******* нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2 тоот хаягт байршилтай 2016 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд түрээсийн гэрээний хугацаанд түүний өмчлөлийн зүйл шатаж хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба уг үнэлгээнд талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч *******д 214,070,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэн, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэжээ.

 

12. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч нарт холбогдуулан 95,452,000 төгрөгийн үнэ бүхий 45 нэр төрлийн үйлдвэрийн тоног, төхөөрөмж, эд зүйлийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхээс үзлэг хийхэд 26 нэр төрлийн эд зүйл, тоног төхөөрөмж байсан ба нэхэмжлэгч нь эдгээрийг хариуцагчид хүлээлгэн өгөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, ...хариуцагч ******* ХХК нь тухайн эд зүйлээ манай компанид хүлээлгэж өгөөгүй, бид хадгалах, хамгаалах үүрэг хүлээгээгүй гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлд заасан 45 нэр төрлийн эд зүйлс, тоног төхөөрөмжөөс  үзлэгээр бэхжүүлэн авсан 26 нэр төрөл бүхий эд зүйл, тоног төхөөрөмжөөс бусад нь нэхэмжлэгч нарын эзэмшилд байсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул 26 нэр төрлийн эд зүйл тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч нараас гаргуулан, хариуцагчид олгохоор шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

13. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй, хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх ...түрээсийн байранд гал гарах үед хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Түүнээс гадна талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5.5-д Түрээслэгч нь ажлын байрны ашиглалтын байдалд ямагт анхаарч санаачлага гарган ажиллах ба эд хөрөнгийг ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмшин, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд өөрийн үйл ажиллагаатай холбогдон гарах хохирлыг бие даан хариуцна гэж тохиролцсон ч хариуцагч тохиролцоог зөрчсөний улмаас гал гарсан гэх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 798 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 612,735 төгрөг, нэхэмжлэгч *******гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 1,228,300 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН