Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 798

 

 

 

 

 

 

 

 

 

“ПС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00426 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ПС” ХХК

Нэхэмжлэгч: Д.А  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “БК ” ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 305 027 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

95 452 000 төгрөгийн үнэ бүхий 45 нэр төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч “ПС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Хатанбаатар,

Нэхэмжлэгч: Д.А ,

Нэхэмжлэгч Д.А гийн өмгөөлөгч: М.Цэрэндаваа,

Хариуцагчийн төлөөлөгч: Б.Оюун-Эрдэнэ,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Батжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ПС” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ПС” ХХК нь “БК ” ХХК-тай харилцан тохиролцож компанийн ерөнхий захирал Д.А гийн өмчлөлийн үйлдвэр, ажлын байрыг 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар сарын 3 000 000 төгрөгний төлбөр төлөхөөр нөхцлөөр түрээслүүлж, гэрээг бичгээр байгуулан түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн.

Дээрх гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх бөгөөд өөрийн үйл ажиллагаатай холбогдон гарсан бусад зардал /вагон таталт, тавилт, төмөр зам ашиглалт, цахилгаан хэрэглээ гэх мэт/ тоолуурын дагуу бүрэн хариуцна” 5.5-д “Түрээслэгч нь ажлын байрны ашиглалтын байдалд ямагт анхаарч санаачлага гарган ажиллах ба эд хөрөнгөд ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмшин, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд өөрийн үйл ажиллагаатай холбогдон гарах хохирлыг бие даан хариуцна” гэж харилцан тохиролцсон.

Гэтэл “БК ” ХХК нь түрээсийн гэрээний дагуу тухайн үйлдвэр, ажлын байрыг түрээслэж байх хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө гал гарч, түрээслүүлсэн үйлдвэр, ажлын байр болон  тоног төхөөрөмж эд зүйлс шатаж, нийт 305 027 000 төгрөгийн хохирол учирсан болох нь Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 3/4 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтээр тогтоогддог.

 Гэрээний 5.5-д заасан үүргээ зөрчсөний улмаас буюу “БК ” ХХК-ийн эзэмшиж, ашиглаж байсан агуулахын “В” шит байрлах хэсгээс эхлэн гарч, тархсан нь иргэний хэрэгт цугласан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний зүйл устаж үгүй болсонд түрээслэгчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай байдал буюу түүний ашиглалтаас хамаарсан, түрээсийн эд хөрөнгийг хууль буюу гэрээнд заасны дагуу элэгдлийг тооцож, түрээслүүлэгчид буцаан өгөх, түрээсийн эд хөрөнгийг ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмших, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэдэг нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогддог.

Тухайн хэргийг эрүүгийн журмаар цагдаагийн байгууллагаар шалгуулахад галыг санаатай тавьсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд түрээслэгч “БК ” ХХК нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д заасныг зөрчсөний улмаас “ПС” ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсан тул 90 957 000 төгрөгийг “БК ” ХХК-аас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч байгууллагын 45 нэр төрлийн эд зүйлийг “БК ” ХХК болон “ПС” ХХК нь тусдаа хашаатай, тусдаа манаачтай, тусдаа үйл ажиллагаа явуулж байсан.

Шар сэндвичэн байшингийн түлхүүр болон эзэмшил нь “БК ” ХХК-д байсан. Тэгэхээр байшинд хадгалаастай байгаа эд зүйлийг нэхэмжлэгч талаас нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч тал хогоо цэвэрлээд ,том юмнуудаа үлдээгээд явахдаа ийм ийм зүйл үлдээгээд явлаа гэсэн баримт бичиг хүлээлгэж, акт үйлдээгүй. Шүүхийн журмаар үзлэг хийсэн. Үзлэгээр байсан зүйлийг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй, байхгүй байгаа зүйлийг бид нар хариуцах боломжгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулан “С ” ХХК-ийн 986 м.кв талбай бүхий газар, миний өмчлөлийн 11 тоот агуулахын 40.6 м.кв, 12 тоот үйлдвэрийн 63 м.кв, 13 тоот үйлдвэрийн 132 м.кв буюу нийт 235.6 мкв талбай бүхий ажлын байр, 110 метр төмөр замыг хаягдал хуванцар сав цуглуулж хэрчих, жижиглэсэн хуванцрыг төмөр замаар Улаанбаатараас-Замын-Үүд рүү ачуулах бусад бараа бүтээгдэхүүн ачиж буулгахад түрээсийн талбайг ашиглуулах зорилгоор, түрээсийн гэрээний төлбөр сарын 3 000 000 төгрөг, Төмөр зам ашиглалтын төлбөр вагон тус бүрээс 60 000 төгрөг, худаг ашиглаж ус хэрэглэсэн тохиолдолд 200 000 төгрөг байхаар харилцан тохиролцож “ПС” ХХК болон “БК ” ХХК нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн.

Түрээсийн гэрээний хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр түрээслэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас цахилгааны дотоод холболтыг буруу хийснээс богино холболт үүсч, түрээсийн объектод гал гарснаас Д.А гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4-р хороо 382, 382/1 382/2, 384, 384/1, 384/2 тоот хаягт байрлалтай 2016 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ шатаж, 214 070 000 төгрөгийн хохирол учирсан болох нь Баянгол дүүргийн прокурорын газрын 2015 оны 398 дугаар тогтоол, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2015 оны 314, 315 тоот тайлан, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн 2015 оны 9/62 тоот шинжээчийн дүгнэлт, ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2014 оны 39/2921 тоот шинжээчийн дүгнэлт, ОБЕГ-ын 2015 оны 7/499 тоот албан бичиг түүний хавсралт, шинжээч Д.Б , С.Э, В.Д, Б.Б, П.Б Н.О, Э.Г нарын гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Иймд “БК ” ХХК-аас 214 070 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 398 дугаартай тогтоол болон Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд манай байгууллага болон миний буруутай үйл ажиллагаанаас болж гал түймэр гараагүй, мөн гэм буруутай гэж тогтоогдоогүй гэж ойлгож байгаа учраас нэхэмжлэгч нарын 305 027 000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.

Манай компанийн хувьд үйлдвэрт хэрэглэгдэж байсан 8 дамжлага бүхий тоног төхөөрөмж, бараа материал бүгд галд өртөж шатсан тул би ч хохирогч болсон. “БК ” ХХК нь “ПС” ХХК-ийн байрыг түрээслэж, үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн.

Тэгэхдээ галын дүгнэлт нь цахилгаан болон цахилгааны богино холболтоос гэж гарсан бөгөөд “БК ” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж гал гарсан гэх дүгнэлт гараагүй, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний шүүхэд хандах эрхтэй гэсэн.

Манайх одоо болтол “ПС” ХХК-аас үлдсэн эд зүйлсээ авч чадаагүй, зарим нь алга болсон. “БК ” ХХК-д үнэлгээгээр 85 129 500 төгрөгийн хохирол учирсан. “ПС” ХХК гал гарахаас 1 сарын өмнө цахилгаанаа янзлуулсан бөгөөд манай компанийн шитнээс 2 давхарынхаа тогыг авдаг байхад нь утсаа авахыг шаарддаг байсан боловч цахилгааны утсаа авдаггүй байсан.

Тоног төхөөрөмж бол нэхэмжлэгч компанийн хөрөнгө биш, манай компанийн хөрөнгө байсан. “Би ПС” ХХК шиг хүний хөрөнгүүдийг хүртэл худлаа ярьж, үнэлүүлээгүй бөгөөд манайх том эд зүйлсүүдээ л үнэлүүлсэн. Нэхэмжлэгч 736 м.кв түрээсэлсэн гэдэг. Гэтэл зөвхөн агуулах л шатсан. Хоёр удаагийн шүүх хурал дээр тэрийгээ 400 м.кв шатсан гээд үлдэх 300 м.кв-аа хэрхэн үнэлсэн талаар тайлбарлаж чадахгүй байсан атлаа 736 м.кв шатсан гэж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Түрээсийн гэрээг байгуулах цаг хугацаанд хариуцагч “ПС” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу захирал Ж.Б байсан байхад Д.А  нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч компанийг төлөөлөх эрхгүй этгээд атлаа түрээсийн гэрээ байгуулснаас гадна гэрээ байгуулах цаг хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, захиран зарцуулах эрхгүй этгээд байсан байх тул түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

Мөн нэхэмжлэгч “БК ” ХХК-ийн түрээслэж байсан Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 986 м.кв газар, №11 агуулахын 40,6 м.кв, №12 үйлдвэрийн 63 м.кв, №13 үйлдвэрийн 132 м.кв нийт 235,6 м.кв талбай бүхий ажлын байранд зэргэлдээ агуулах буюу “ПС” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг агуулахаас 2014 оны 11 дүгээр сарын 26-аас 27-д шилжих шөнө гал гарч нэхэмжлэгч “БК ” ХХК-ийн эзэмшлийн үйлдвэр, тоног төхөөрөмж, эд зүйл шатаж 85 159 000 төгрөгийг хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогддог.

Иймд “ПС” ХХК болон Д.А  нараас “БК ” ХХК-ийн эзэмшлийн 95 452 000 төгрөгийн үнэ бүхий 45 нэр төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “БК ” ХХ-иас 90 957 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ПС” ХХК-д, 214 070 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А д тус тус олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ПС” ХХК  болон Д.А  нараас 1 тонны хэмжээтэй цэнхэр өнгөтэй ёнкось-2 ширхэг /1 ёнкось дотор монгол гэрийн унь, хана, хаалга, тооно байсан/, лааз преслэгч машин-1 ширхэг, 20 тоннын пүү-1 ширхэг, лааз преслэгч машины мотор-1 ширхэг, 1 тоннын угаагч ёнкось-2 ширхэг, 1 тоннын жижиг пүү-1 ширхэг, 2,5:2,5 орчим хэмжээтэй хашааны хавтан-2 ширхэг, өндрөөрөө 1 м орчим, уртаараа 4-5 м орчим хэмжээтэй нимгэн төмөр-2 ширхэг, улбар сар өнгөтэй сендвичэн байшин-1 ширхэг, том зуух-1 ширхэг, хэрчигч машины хутга-7 ширхэг, кабель утас-1 боодол, түрдэг төмөр тэрэг- 1 ширхэг, хашааны модон шон-10 ширхэг, 30 квт-ын мотор-2 ширхэг, 15 квт-ын мотор-3 ширхэг, 8 квт-ын мотор-2 ширхэг, 30 квт-ын мотор-4 ширхэг, шуудайны ам боодог мяндсан утас-8 ширхэг, дрилл/ точилтойгоо/-1 ширхэг, машины дугуй-10 ширхэг, компьютерийн ширээ-1 ширхэг, шүүгээ1 ширхэг, хивсэн дрож 8 мкв-1 ширхэг, угаалтуур-1 ширхэг, усны сав-2 ширхэг /үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 26 нэр төрөл/ зэргийг гаргуулан, хариуцагч “БК ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 19 нэр төрлийн эд зүйл гаргуулах болон  түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 683 085 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635 210 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “БК ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 683 085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ПС” ХХК-д, нэхэмжлэгч “ПС” ХХК болон Д.Алтантуяа нараас улсын тэмдэгтийн хураамжинд 321 650 төгрөгийг гаргуулж хариуцагч “БК ” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжпэгч “ПС” ХХК-ийг итгэмжпэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ж.Б байсан, Д.А  нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр захирлаар бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжпэгч “ПС” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдон тогтоогддог.

Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ байгуулагдах цаг хугацаанд Д.А  нь нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхгүй этгээд байсан атал анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8,-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийн үндсэн шинжийг агуулж байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй болно.

Хариуцагч “БК ” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээ бүртгэлтэй эсэх талаар лавлагаа гаргуулах хүсэлтийг гаргасан. Хариуцагч “БК ” ХХК-ийн хүсэлттэй холбогдуулан нэхэмжлэгч “ПС” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээ бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж байгаагүй гэж хүлээн зөвшөөрсөн тул шүүх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн болно.

Гэтэл анхан шатны шүүх түрээсийн гэрээ бүртгэлтэй байсан талаар нотлох баримт хэрэгт огт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, нэхэмжлэгч “ПС” ХХК-ийн зүгээс бүртгэлгүй байсан талаар тайлбар гаргасан байтал нэг талыг барьж улсын бүртгэлд бүртгүүлсэн мэтээр дүгнэсэн нь илт хууль зөрчсөн болно.

Анхан шатны шүүх хариуцагч “БК ” ХХК-ийн хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдэлээр гал гарч, нэхэмжлэгч нарын эд хөрөнгөнд хохирол учирсан гэх байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжпэгч “ПС” ХХК-д 90 957 000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Харин гал гарсан 2014 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө хариуцагч компаний тоног төхөөрөмж ажиллаж байсан, цахилгааны утсанд ачаалал өгсөн зүйл байхгүй бөгөөд харин нэхэмжпэгч компаний өрөөнүүдийг түрээслэж байсан 15-16 орчим айл өрх нэгдсэн халаалалтгүйн улмаас тень ажиллуулж байсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддогоор гал нөхцөл байдалд нэхэмжлэгч компаний хамааралтайгаар үүссэн байх хангалттай үндэслэлтэй байдаг.

Нэхэмжпэгч “ПС” ХХК-ийн зүгээс ч хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч гомдол, санал гаргаагүй болно.

Хариуцагч “БК ” ХХК нь нэхэмжлэгч Д.А гийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг огт хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байгаа болох нь хэрэгт авагдсан тайлбар, удаа дараагийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч Д.А гийн өмчлөлийн гэх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээнд шатсан гэх үл хөдлөх эд хөрөнгийг өртгийн хандлагын аргаар тооцохдоо үйлдвэрийн байр 548 м.кв талбай, агуулахын байр 177 м.кв талбай, нийт 725 м.кв-ийн талбайн үнэ цэнийг 214 070 000 төгрөгийн үнэлгээг гаргасан байдаг.

Гэтэл нэхэмжпэгч Д.А  нь 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн шүүх хуралдаанд 384 тоот буюу 400 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө шатсан талаар дараа тайлбарлаж байснаас гадна нэхэмжпэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргасан “ПС” ХХК-ийн үйлдвэрийн байранд гарсан гал түймэрт шатсан эд хөрөнгийн жагсаалтад 384 тоот хаягт байрлалтай 509.3 м.кв талбай шатсан гэсэн байна.

 Эдгээр нотлох баримтаар Д.А гийн хэдэн м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө галд өртсөн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн тайлбараар 400 м.кв талбай галд өртсөн бол “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ийн үнэлсэн үнэлгээ 325 м.кв-ийн зөрүүтэй, илт эргэлзээтэй, үндэслэлгүй байтал анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэлгүйгээр хэт нэг талд шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нарын гаргаж байсан бүхий л хүсэлтийг ханган шийдвэрлэсэн атлаа хэргийн оролцогчдод тэгш бус хандаж хариуцагч талаас нэхэмжпэгч Д.А гийн галд өртсөн үл хөдлөх эд хөрөнгийн талбайг тодруулах, “ПС” ХХК-ийн эд хөрөнгөтэй холбоотой нөхцөл байдлыг тодруулах зорилгоор эд хөрөнгийг үнэлсэн “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ийн холбогдох этгээдийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан боловч шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүх хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх боломжийг хязгаарлаж, татгалзлаа нотлох, нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх зарчмыг ноцтой зөрчсөн болно.

Түүнчлэн нэхэмжпэгч Д.А  нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэх нь ихээхэн эргэлзээтэй, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогддог. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 425 дугаартай прокурорын тогтоолоор нэхэмжпэгч Д.А гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, дүгнээгүй болно.

Хариуцагч “БК ” ХХК нь нэхэмжпэгч нарт холбогдуулан 95 452 000 төгрөгийн үнэ бүхий 45 нэр төрлийн үйлдвэрийн тоног, төхөөрөмж, эд зүйлийг гаргуулах тухай сөрөг нэхэмжпэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх сөрөг нэхэмжпэлд дурдагдсан 45 нэр төрлийн эд зүйлс, тоног төхеөрөмжөөс үзлэгээр бэхжүүлсэн авсан, үнэлгээний тайлангаар тооцон 32 740 000 төгрөгийн үнэ бүхий 26 нэр төрөл бүхий эд зүйл, тоног төхөөрөмжийг нэхэмжпэгч нараас гаргуулан, хариуцагчид олгохоор шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж сөрөг нэхэмжпэлийн шаардлагын үлдэх буюу 62 712 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хэргийн оролцогчдод тэгш бус, ялгавартай хандсан гэж үзэж байгаа болно. Өөрөөр хэлбэл нэхэмжпэгч “ПС” ХХК-д 90 957 000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна гэж дүгнэж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн атлаа хариуцагчийн хөрөнгийн үнэлгээний тайланг үнэлж дүгнэлт хийгээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “ПС” ХХК нь хариуцагч “БК ” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 90 957 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Д.А  нь хариуцагч “БК ” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 214 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 95 452 000 төгрөгийн үнэ бүхий 45 нэр төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

“ПС” ХХК, “БК ” ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь “С ” ХХК-ийн эзэмшлийн 986 м.кв талбай бүхий газар, Д.А гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хэсэг буюу 11 дүгээр агуулахын 40,6 м.кв, 12 дугаар үйлдвэрийн 63 м.кв, 13 дугаар үйлдвэрийн 132 м.кв буюу нийт 235,6 м.кв ажлын байрыг “БК ” ХХК-д 1 жилийн хугацаатай тус тус түрээслүүлэх, түрээслэгч нь сар бүр 3 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

Д.А  нь 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “ПС” ХХК-ийг 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, компанийн дүрмийг баталж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлж, бүртгэлийн байгууллагаас компанийг 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн 9011320090 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг байгуулах үед “ПС” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Б ажиллаж байсан нь 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.А  компанийг төлөөлөх эрхгүй гэж дүгнэхгүй юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд тооцох үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Түрээсийн гэрээний хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө түрээсийн байранд гал гарч түрээслүүлэгч Д.А , “ПС” ХХК болон “БК ” ХХК-ийн эд хөрөнгөнд хохирол учирсан талаар талууд маргаагүй.

 

Баянгол дүүргийн прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “ПС” ХХК-ийн агуулах 2014 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө шатаж хохирол учирсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар галыг санаатай тавьсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх7/

 

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 39/2921 дугаар дүгнэлтэд цахилгааны богино холболтын улмаас гал гарсан байх магадлал өндөр гэж, Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтэд гал түймэр нь угсралт болон техникийн гэмтлээс үүдэлтэй, хүний хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн гэх үндэслэл илрээгүй гэж тус тус дүгнэсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй цахилгааны галын аюулгүй байдал Ерөнхий шаадлага MNS5390:2004 Монгол улсын стандартын 5.1-д богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэлийн улмаас гал түймэр гарахгүй байх нөхцлийг бүрдүүлэхийг тухайн объектын өмчлөгчид үүрэг болгосон байна.

 

Түүнчлэн гэрч Ц.Э “...2014 онд “ПС” ХХК-ийн захирал Д.А  гэх хүнтэй уулзаж, ерөнхий шийдэнд хэмжилт хийхэд ачаалал авахаар хүчдэл нь унаад байсан. Хувиарлах байгууламжаас татсан кабелд изоляци /соронзон орон/ үүссэн байсан. Тэгээд хүчдэл нь унаад байхаар УБТЗ эрчим хүчний дохиоллын 2 дугаар ангийн харьяа диспичерын хэсэгт захиалга өгч тогийг нь тасдуулан, илүү кабелыг тайрч изоляци /соронзон орон/ байхгүй болгон хэвийн ажиллагаанд оруулан, тогийг нь ерөнхий шитэнд нь холбож өгсөн. ...9 сар байсан, ... түүхий эдийн байраар дамжуулж өөрсдийн амьдарч байсан байранд цахилгаан авдаг байсан. Тухайн байрандаа тень залгасан байсан тул наад утсаа соль гэж хэлээд явсан...” гэж мэдүүлсэн, гэрч В.Д мэдүүлгээс “БК ” ХХК А шитнээс тог авч, Б, В шит рүү холбосон гэсэн мэдээлэл, гэрч Ш.Б мэдүүлгээс Б.О болон бусад хүмүүс тоног төхөөрөмжийг 2014 оны 06 сар үед зөөж байсан, “БК ” ХХК-ийн түрээслэж байсан байр тоггүй байсан, цахилгаан холболтыг хэн хийсэн гэдгийг мэдэхгүй, цахилгаан түгээхийн ажлын хувцас өмссөн хүмүүс байсан, газар доогуурх шуудууг 9 сард ухсан, шатдаг ногоон байшингийн баруун буюу төв шитнээс тог татсан гэсэн мэдээллийг түрээсийн байранд гал гарах үед буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-наас 27-ны шилжих шөнө хариуцагч байгууллага үйл ажиллагаа явуулаагүй байгааг харьцуулан дүгнэвэл хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

 

Түүнээс гадна талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5.5-д “Түрээслэгч нь ажлын байрны ашиглалтын байдалд ямагт анхаарч санаачлага гарган ажиллах ба эд хөрөнгийг ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмшин, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд өөрийн үйл ажиллагаатай холбогдон гарах хохирлыг бие даан хариуцна” гэж тохиролцсон ч хариуцагч тохиролцоог зөрчсөний улмаас гал гарсан гэх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй.

 

Иймд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гал гарсан гэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байх тул гэм хорын хохиролд 305 027 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ПС” ХХК-ийн хашаанд үзлэг хийж, сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 45 нэр төрлийн тоног төхөөрөмж, эд зүйлээс 26 нэр төрлийн эд зүйл, тоног төхөөрөмж байгааг тогтоож, уг 26 нэр төрлийн эд зүйл, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00426 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “БК ” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 90 957 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “ПС” ХХК-ийн, гэм хорын хохиролд 214 070 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын “хариуцагч “БК ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 683 085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ПС” ХХК-д” гэсэн хэсгийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 996 645 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.МӨНХЗУЛ

                                                        

                              ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА