| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2019/0218/Э |
| Дугаар | 513 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 21.1.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 513
2019 5 28 2019/ДШМ/513
Ц.Дад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Р.Энх-Оюун,
шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Дын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Дад холбогдох эрүүгийн 1808044421378 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Цйн Дд, 1968 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, эмэгтэй, 50 настай, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын дугаар байрны тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЙЮ/;
Ц.Д нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эрүүлжүүлэгдсэн И.Доржсүрэн, Б.Мөнхжаргал нарыг “батлан даалтад өгнө” гэж иргэн И.Доржсүрэнгийн эгч И.Батчимэгийг хуурч 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 40.000 төгрөг, түүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэн И.Доржсүрэн, Б.Мөнхжаргал нарыг Зөрчлийн тухай хуульд зааснаар тус бүрийг 100.000 төгрөгөөр торгоно гэж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ойролцоо 160.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт-холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Дад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ц.Дыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Дыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дад оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг 1 жил 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Дад мэдэгдэж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Дын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Д нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн прокуророос сонсгосон хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрдөггүй, “Зөчлийн тухай хуульд заасан торгуулийн мөнгийг зөрчил гаргасан иргэн Доржсүрэн, Б.Мөнхжаргал нараас авсан талаар тогтвортой мэдүүлдэг. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаа нь дан ганц яллах талын нотлох баримтыг цуглуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн.
Прокуророос шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ нь манай үйлчлүүлэгчид сонсгосон хуулийн зүйл ангийг зөв зүйлчилж шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд шүүх мөн хэргийг буруу зүйлчилж ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Д нь шүүхийн тогтоолд дурдсан нийтийн албан тушаалтан мөн боловч Зөрчлийн тухай хууль заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах субъект биш болох нь ажлын байрны тодорхойлолтоор нотлогддог юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зүйл заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Иймд өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Цэндийн Доржхандыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалын үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцсоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, дээрх зүйл ангид заасан хохирлын хэмжээ хүрэхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 285 тоот тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.
Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн гэмт хэрэгт зүйлчлэлийг өөрчлөх тухай гомдолдоо дурдсан байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. И.Батчимэг нь эд хөрөнгөө Ц.Дад хариуцуулж, хадгалуулсан зүйлгүй бөгөөд Ц.Д нь Цагдаагийн Ерөнхий газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай тушаалаар зөрчлийн хэрэг маргааныг шийдвэрлэх эрх олгогдсон тушаал байдаг боловч мөрдөн байцаалтын шатанд ийм эрхтэй гэдгээ мэддэггүй, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэдэг ажиллагаа явуулдаггүй байсан. Цагдаагийн хэлтэст зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч нар хэргийг шалгаж, шийдвэр гаргаж, тухайн торгуулийн арга хэмжээг авч, материалжуулдаг. Ц.Дын хувьд дээрх үүргийг гүйцэтгэдэггүй атлаа хохирогч И.Батчимэгээс 200.000 төгрөгийг авсан бөгөөд тухайн мөнгийг авсан тухай баримтыг үйлдээгүй. Мөн Цагдаагийн байгууллага торгуулсан тухай материал бүрдүүлээгүй. 200.000 төгрөг нь Цагдаагийн байгууллагын дансанд ороогүй, ямар нэгэн баримт үйлдээгүй учраас Цагдаагийн байгууллагын мөнгө гэж үзэх үндэслэлгүй бөгөөд завших гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Ц.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн. Шүүгдэгч Ц.Д нь нийтийн албан тушаалтан мөн бөгөөд зөрчлийн хэрэг маргааныг шийдвэрлэх эрх олгогдсон байсан. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Ц.Дын эрх зүйн байдал нь дээрдэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж эсэргүүцэл бичээгүй.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. Техникийн шинжтэй алдаа гарсан байсан...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Ц.Д нь:
Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа Зөрчлийн тухай хуульд заасан зарим зөрчлийг шалган шийдвэрлэх эрх буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж танхайрсан зөрчил гаргасны улмаас эрүүлжүүлэгдсэн И.Доржсүрэн, Б.Мөнхжаргал нарт холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэхгүйгээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.
хохирогч И.Батчимэгийн “2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ...дүү И.Доржсүрэн залгаад “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд орчихсон байна” гэсэн. ...тэр орой Доржсүрэнгийн найз Ундрах над руу 22 цагийн үед залгаад “эрүүлжүүлэхийн эмчтэй уулзахад Доржсүрэн найзтайгаа хамт явж байгаад “Сутайн буянт” зах дээр хүн зодсон гээд эрүүлжүүлэгдсэн байна” гэсэн. ...Ундрах эмчтэй нь уулзаад гарч ирээд, “Доржсүрэн найзтайгаа хамт орсон байна, эрүүлжүүлэхийн хөлс 9.000 төгрөг юм байна, ...хэл амтай хүмүүстэй таарсан байна, охин нь цагдаад хэрэг бүртгэгч хийдэг гэнэ, өргөдөл өгсөн байгаа тухай ярьсан. ...Эмч хэлэхдээ “тухайн хүмүүс гомдолтой гээд байсан, хүрээд ирэх байх, ...хэл амтай хүмүүс байна лээ”, зураг аваад битгий явуулаарай, ...Гэхдээ та нар 40.000 төгрөг үлдээгээд “батлан даана” гэсэн хүсэлтээ бичээд дүүгээ аваад яв” гэхээр нь би 40.000 төгрөг өгөөд, Ундрах хүсэлтээ бичсэн. ...Бид хоёрыг гадаа байж байхад 10 гаран минутын дараа манай дүү Доржсүрэн найзтайгаа гарч ирээд, “нөгөө хүнээ гомдолгүй болго, өргөдөл бичээд өгчихвөл хэцүүднэ шүү” гэж эмч хэлсэн тухай ярьсан. ...Тэгээд бид 4 хамтдаа “Сутайн буянт” зах орж нөгөө зодуулсан гэх өвгөнийг хайсан боловч олдоогүй. ...Тэр өдрийн орой манай дүү залгаад “нөгөө зодуулсан хүнтэй уулзаад уучлал гуйгаад учраа олчихсон, та эмчтэй яриад зохицуулчих” гэж хэлсэн. ...Үүнээс хойш 2 хоногийн дараа Ундрах над руу утсаар яриад “эрүүлжүүлэхийн эмч цагдаа эгч залгаад торгуулиа өгөөч гээд байна” гэсэн. ...би нөгөө эрүүлжүүлэхийн эмчийн дугаар луу нь залгахад “Зөрчлийн хуулиар эрүүлжүүлэхэд орсон хүн болгон тэгж торгуулдаг, олон нийтийн газар танхайрсан учир торгож байгаа юм гэж” хэлсэн. ...Тэр өдрөөс хойш 7 хоносон байх, эрүүлжүүлэхийн эмч миний утас руу залгаад “нөгөө мөнгөө яасан” гэхээр нь 160.000 төгрөг өгсөн...” /хх 22, 23-25/ гэж Ц.Дад мөнгө өгсөн талаар мэдүүлсэн түүний мэдүүлэг:
гэрч О.Ундрахжаргалын “...Эрүүлжүүлэх байрны нэг өрөөнд Батчимэг эгч бид хоёр ороод эмчтэй уулзахад “нэг хүний нэг зуун мянган төгрөгөөр, хоёр хүний хоёр зуун мянган төгрөгөөр торгоно” гэсэн бөгөөд тухайн үед мөнгө байгаагүй болохоор Батчимэг эгч 40.000 төгрөгөө өгсөн. Түүнээс хойш 7 хоног арай болоогүй байхад тэр эрүүлжүүлэхийн эмч эмэгтэй над руу утсаар яриад “үлдэгдэл мөнгөө өг” гэж ярьсан, би Батчимэг эгчид “эмч надаас мөнгө нэхээд байна” гэдгийг хэлсэн...” /хх 39/,
гэрч И.Доржсүрэний “...Эрүүлжүүлэх байрны эмч намайг камерт байхад хүрч ирээд “чиний чулуу шидсэн хүний хүүхэд цагдаад том ажил хийдэг юм шиг байна, чи тэр хүнтэйгээ очиж уулзаад уучлалт гуйгаад буцаад ир” гэж хэлсэн. ...Намайг “Сутайн буянт” зах дээр очиход нөгөө өвөө байгаагүй, харин тэр хүний эхнэр нь надтай таараад “чи манай нөхрийн толгойг хагалсан, чи яасан их том ар талтай юм бэ, яаж яваад эрүүлжүүлэхээс гардаг юм бэ” гээд над руу дайраад байхаар нь уучлалт уйгаад 60,000 төгрөг өгсөн. Тэр эмэгтэй “манай нөхөр гомдолтой шүү” гэж хэлээд явсан. ...Батчимэг эгч тухайн асуудал болсноос хойш хэд хоногийн дараа “би чиний өмнөөс цагдаад нийт 200.000 төгрөг өгсөн шүү, чи надад буцааж өгөөрэй” гэж хэлж байсан...” /хх 33-34/,
гэрч Б.Мөнхжаргалын “...Бид нар эрүүлжүүлэхээс гарч “Сутайн буянт” руу очиж нөгөө маргалдсан хүнийг хайсан боловч олоогүй. ...Дараа нь сонсоход Доржсүрэн “Сутайн буянт” зах дээр хоол зардаг хүн руу чулуу шидсэнээс бүх зүйл болсон гэсэн. ...Эрүүлжүүлэх байрны эмч гээд хүүхэн “та 2 тус бүр 100.000 төгрөгийн торгууль төлөөд гараарай, гарч яваад өгөө хүнээсээ уучлал гуйж, учраа олно шүү” гэж хэлж байсан...” /хх 36-37/,
гэрч Б.Батбилэгийн “...дэлгүүрийн худалдагч Чимгээ гэдэг эмэгтэй надад “тэр эмч надаас наад хүмүүс дээр торгуулийн арга хэмжээ авна, 200.000 төгрөгөөр торгоно” гээд нэхээд байна гэхээр нь ...Зөрчлийн хуулиар 100.000 төгрөгөөр торгодог гэж хэлсэн. Хэрэв торгууль төлөх юм бол торгуулийн хуудсаа аваарай гэж хэлсэн...” /хх 42/,
гэрч Б.Ганбаярын “...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 тоот тушаалаар Эрүүлжүүлэх байрны эмчид Зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцох эрх олгогдсон. ...Тэр эрхээ Зөрчлийн тухай хуульд цагдаагийн байгууллагад харьяалуулсан бүхий л зөрчилд арга хэмжээ тооцуулахаар журамласан...” /х-44/ гэсэн мэдүүлгүүд болон ажлын байрны тодорхойлолт /хх 69-70/, Цагдаагийн Ерөнхий газрын даргын Б/577 дугаар тушаал /хх 73/, А/154 дугаар тушаал /хх 83/, эрүүлжүүлэх байрны албан хаагчдын ажлын хуваарь /хх 64/ зэргээр давхар нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Дад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ц.Дыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Тодруулбал, гэрч Б.Ганбаярын “...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 тоот тушаалаар Эрүүлжүүлэх байрны эмчид Зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцох эрх олгогдсон. ...Тэр эрхээ Зөрчлийн тухай хуульд цагдаагийн байгууллагад харьяалуулсан бүхий л зөрчилд арга хэмжээ тооцуулахаар журамласан...” /хх 44/ гэж мэдүүлжээ.
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай тушаалын 2 дахь заалтад “...Цагдаагийн байгууллагын ...эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч, ...Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлэгт заасан зөрчлөөс бусад ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8 дахь заалтад заасан зөрчлийг шалган шийдвэрлэх ердийн болон тусгай журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрхийг олгожээ. /хх 85/
Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.”, Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” зэргийг төрийн тусгай албан тушаалд хамааруулан хуульчилжээ.
Дээрх байдлуудаас үзэхэд Ц.Дыг нийтийн албан тушаалтан гэж үзэх бөгөөд тэр Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай тушаалд зааснаар Зөрчлийн тухай хуульд заасан тодорхой төрлийн зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий этгээд байна.
Иймээс түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасантай нийцнэ.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж” гэж бичвэрийн алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Дын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: