Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2018/00732

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ......байрлах, “ЧХ” банк /Регистрийн дугаар:./-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......тоотод байрлах, “УСР” ХХК /Регистрийн дугаар:./-д холбогдох

            Зээлийн гэрээний үүрэгт 543.376.673 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “ЧХ” банк нь “УСР” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2258/01/СL-2014 тоот “Зээлийн шугам нээх гэрээ” байгуулан 100.000.000 төгрөгийг 30 сарын хугацаатай, зээл ашигласан хэмжээний дүнгийн 21.6 хувийн хүүтэйгээр, зөрчил үүссэн тохиолдолд хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр, мөн өдөр 2258/01/СС-2014 тоот “Зээлийн гэрээ” байгуулан 400.000.000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, зөрчил үүссэн тохиолдолд хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр тус тус зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2065/01/РА/01-2014 тоот, мөн өдрийн 2065/01/РА/02-2014 тоот барьцааны гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Ү-2207002332 тоот улсын бүртгэлийн дугаартай, Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 21 тоотод байрлах, 43 мкв талбай бүхий орон сууц, Ү-2207002331 тоот улсын бүртгэлийн дугаартай, Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 4 тоотод байрлах, 28 мкв талбай бүхий орон сууц, Ү-2204059215 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 2 хороо, Дарь эхийн /13351/ гудамж 10 дугаар байр, 255 мкв талбай бүхий Үйлчилгээний зориулалттай барилга, Ү-2203020385 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, /14252/ ХД-39 дүгээр байрны 94 тоотод байрлах 67.39 мкв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч “Зээлийн шугам нээх гэрээ”-ний дагуу 100.000.000 төгрөгний зээлээс үндсэн зээл 42.639.836 төгрөг, хүү 58.583.427 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.195.423 төгрөг, нийт 102.454.194 төгрөг төлсөн. “Зээлийн гэрээ”-ний дагуу 400.000.000 төгрөгний зээлээс  үндсэн зээл 84.969.064 төгрөг, хүү 132.658.024 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.892.226 төгрөг, нийт 227.519.315 төгрөгийг тус тус төлсөн.

Банкны зүгээс зээлдэгч нартай удаа дараа уулзаж, зээлийн өр, төлбөрийг төлөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй ба зээлийн гэрээний хугацаа дууссан байгаа болно. Зээлдэгч 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараах өр төлбөртэй байна. Үүнд: “Зээлийн шугам нээх гэрээ”-ний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 83.963.629 төгрөг, хүү 13.161.616 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.394.964 төгрөг, нийт 99.520.210 төгрөг, “Зээлийн гэрээ”-ний дагуу төлөх төлбөрөөс үндсэн зээл 315.030.935 төгрөг, хүү 114.183.112 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.642.414 төгрөг, нийт 443.856.462 төгрөгийн өр төлбөртэй байх тул хариуцагч “УСР” ХХК-аас нийт 543.376.673 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхийн шийвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Хариуцагч 400.000.000 төгрөгийг авсан гэдэгт маргаагүй. Харин “Зээлийн шугам нээх гэрээ”-ний дагуух 100.000.000 төгрөгнөөс 30.000.000 төгрөгийг аваагүй гэж маргаж байгаа ч уг мөнгө 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч байгууллагын дансанд шилжин орсон баримтыг хэрэгт баримтаар өгсөн. “Зээлийн шугам нээх гэрээ” нь уг гэрээгээр тохиросон хэмжээний мөнгийг авах эрхийг олгосон гэрээ. Үүний дагуу 2014 оны 5 дугаар сарын 02-нд 40.000.000 төгрөг, 05 дугаар сарын 06-нд 60.000.000 төгрөгийг авч буцаагаад 30.000.000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 26-нд төлсөн. Дахин 2014 оны 5 дугаар сарын 30-нд 30.000.000 төгрөгийг нэмж авсан. Иймд уг гэрээний дагуу 100.000.000 төгрөгийг банк хариуцагчид бүрэн шилжүүлсэн. Хэрэгт баримтаар өгсөн мэдэгдлүүдэд уг хоёр зээлийн дагуух төлбөл зохих бүх дүнг бус харин тухайн цаг хугацаанд графикаар төлбөл зохих хэмжээг тусгасан мэдэгдлүүд юм гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “ЧХ” банкны зүгээс “УСР” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: “УСР” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2258/01/СL2014 тоот Зээлийн шугам нээх гэрээг байгуулсан боловч зээлдүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүйгээр, зээлийн төлбөрийг бүрэн шилжүүлж өгөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Гэсэн хэдий ч “УСР” ХХК нь зээлдүүлэгчээс шилжүүлэн авсан зээлийн төлбөрийг зохих ёсоор төлж байсан ба зээлийн төлөлттэй холбогдуулж, төлсөн зээлийн төлбөрийн хэмжээгээр зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, худалдан борлуулсан төлбөрийн хэмжээгээр зээлийн үлдэгдэл төлбөрийг хаах хүсэлтийг биечлэн гаргаж байсан боловч зээлдүүлэгчийн зүгээс хүлээн аваагүй. “ЧХ” банк нь нийт 530.000.000 төгрөгийн үндсэн зээл, үндсэн зээлд хамаарах хүүгийн нийт хэмжээгээр зээлийн барьцааны гэрээ байгуулсан талаар дурдсан байх ба 543.376.673 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандаж гаргажээ. Үүнээс үзэхэд зээлийн барьцаа хөрөнгүүдийн үнэлгээ нь зээлийн үнийн дүнгээс илүү давсан байтал бүх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргаж байгааг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан боловч уг барьцааны гэрээнүүд нь Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөө талаар тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, ЧХ банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ЧХ банк ХХК нь “УСР” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 543.376.673 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өнөөдрийн шүүх хуралдааныг товыг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримт, урьд гаргасан тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Нэг талаас ЧХ банк нөгөө талаас “УСР” ХХК нар 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, Зээлдүүлэгч 400.000.000 төгрөгийг 30 сарын хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, Зээлдэгч жилийн 21.6 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр “Зээлийн гэрээ”-г, мөн өдрөө 100.000.000 төгрөгийн үнийн дүнгээр, 30 сарын хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч жилийн 21.6  хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр, “Зээлийн шугам нээх гэрээ”-г тус тус байгуулжээ.

Мөн үүргийн гүйцэтгэлийг А.Гандолгорын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020385 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД 39 дүгээр байр 94 тоотод байрлах, 67.39 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204059215 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь эх гудамж, 10 дугаар байр 1 давхарт байрлах 255 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2207002328 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 75 дугаар байр 48 тоотод байрлах, 28 мкв талбай бүхий орон сууц, Г.Гэсэржавын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207002331, Ү-2207002332 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 75 дугаар байр 4, 21 тоотод байрлах 28, 43 мкв талбай бүхий 2, 3 өрөө орон сууцнаас тус тус хангуулахаар барьцааны гэрээнүүдийг байгуулжээ.  /хх 15-33/

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Хариуцагч “Зээлийн гэрээ”-ний дагуу 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээлийн хөрөнгө 400.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, уг зээлд нийтдээ 227.519.315 төгрөг төлсөн гэдэгт маргаагүй байна. /хх 103,104/

Мөн “Зээлийн шугам нээх гэрээ”-ний дагуу 102.454.194 төгрөг төлсөн гэдэгт маргаагүй ч уг зээлийн гэрээний дагуу 100.000.000 төгрөг бус 70.000.000 төгрөгийг хүлээн авсан гэж маргажээ.

Зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлж, зээлдэгчид 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 40.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 60.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 30.000.000 төгрөг, нийт 130.000.000 төгрөгийг шилжүүлснээс хариуцагч 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 30.000.000 төгрөгийг буцаан төлж, нийт 100.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, мемориалын баримт, гүйлгээ хийх тухай шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 41,42, 52, 177-182/

Хариуцагч зээлийн хөрөнгийг бүрэн бус хүлээн авсан болохоо баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан зээлийн хөрөнгийг бүрэн шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Хариуцагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргаагүйгээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон тооцоолол алдаатай гэх байдал тогтоогдоогүй тул хариуцагч “УСР” ХХК-иас “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 315.030.935 төгрөг, хүү 114.183.112 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.642.414 төгрөг, нийт 443.856.462 төгрөгийг, “Зээлийн шугам нээх гэрээ”-ний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 83.963.629 төгрөг, хүү 13.161.616 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.394.964 төгрөг нийт 99.520.210 төгрөгийг, нийтдээ 543.376.673 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Хариуцагч төлөөлөх эрхгүй этгээдээс нэхэмжлэлийг гаргасан үндэслэлээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар ЧХ банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Д/02 дугаар тогтоолоор тус банкны гүйцэтгэх захирлаар С.Сандагдоржийг томилсныг хуулийн этгээдийн бүртгэлд хожим 2017 оны 11 дүгээр сарын 28-нд бүртгэж тэмдэглэсэн явдал нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээдээс гаргасан гэж үзэх боломжгүй. Түүнчлэн хэрэгт авагдсан тус банкны дүрмийн 4.4.1, 4.4.2-т Гүйцэтгэх захирал банкны нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахаар, банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаар заасныг дурдах нь зүйтэй. /хх 6-13, 101/

Мөн барьцаа хөрөнгийн үнэлгээ нэхэмжлэлийн шаардлагаас давсан байхад бүх хөрөнгөнөөс хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй, барьцааны гэрээнд А.Гандолгор иргэний хувиар оролцоогүй тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж тус тус маргасан байх боловч хэрэгт авагдсан барьцааны гэрээнүүдэд тэрээр иргэний хувиар болон хувьцаа эзэмшигчийн хувиар оролцжээ. Түүнчлэн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж тэргүүн ээлжинд барьцааны зүйлүүдийн үнээс шаардлагыг хангуулахаар гэрээг байгуулсан тул хариуцагчийн дээрх тайлбар мөн үндэслэлгүй.

Харин хэрэгт авагдсан баримтаар үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий 5 хөрөнгөнөөс хангуулахаар барьцааны гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 4 үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн хүрээгээр тооцон барьцааны 4 хөрөнгөнөөс хангуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “УСР” ХХК-аас 543.376.673 /таван зуун дөчин гурван сая гурван зуун далан зургаан мянга зургаан зуун далан гурван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЧХ банкинд олгосугай.

         2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох А.Гандолгорын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020385 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД 39 дүгээр байр 94 тоотод байрлах, 67.39 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204059215 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь эх гудамж, 10 дугаар байр 1 давхарт байрлах 255 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г.Гэсэржавын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207002331, Ү-2207002332 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 75 дугаар байр 4, 21 тоотод байрлах 28, 43 мкв талбай бүхий 2, 3 өрөө орон сууцнаас тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.945.034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2.945.034 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

                                               

 

ДАРГАЛАГЧ                                             О.ОДГЭРЭЛ