Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00007

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч  Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1981 оны 10 сарын 30-нд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, Ховд аймгийн Булган сумын М Б ц сургуульд газарзүйн багш ажилтай, ам бүл-5, нөхөр хүүхдүүдийн хамт Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, регистрийн дугаартай, Ц овогт Б-гийн Б-гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган  сумын харъяат, 1971 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага боловсролын багш мэргэжилтэй, Булган сумын М Б ц сургуулийн захирал ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган сумын Далт багт оршин суух,  регистрийн дугаартай, Б овогт  Б-ийн Н-д  холбогдох,

Ховд аймгийн Булган сумын М Б ц сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн  байгалийн ухааны сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр нар оролцов.        

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Б миний бие 1981 оны 10 сарын 30-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн. Би 1999-2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Ховд дахь салбар Ховд Их Сургуулийг Газарзүйн багш мэргэжлээр суралцаж төгсөн, 2009 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан. Би 2004 оноос мэргэжлээрээ багшлан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Боловсрол, соёлын газрын даргын тушаалаар “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэгтэй багш болсон.

Миний бие 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган” цогцолбор сургуулийн захирал Ц.С-ийн 6/09 дугаартай тушаалаар “Минжит Булган” цогцолбор сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерээр түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 5 дугаар сарын 09-ны өдөр захирлын Б/22 дугаартай тушаалаар үндсэн ажилтнаар томилогдон ажилласан.

Миний бие “Минжит Булган” цогцолбор сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерээр томилогдон ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн болон ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргалгүй үүрэгт ажпаа мэргэжпийн тувшинд чанартай хийж, сургалтын менежерийн албан тушаалыг нэр төртэй хашиж байсан.

Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1.2 дахь заалтыг үндэслэн захирлын Б/21 дугаартай тушаалаар намайг байгалийн ухааны сургалтын менежерийн албан тушаалаас чөлөөлж газарзүйн багшаар томилох шийдвэр гаргасан.

Намайг ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1.2-д заасан /хуульд байхгүй/ заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж өөр ажилд томилсон нь үндэслэлгүй бөгөөд хууль бус гэж үзэж байна.

Намайг үндэслэлгүйгээр /хууль зөрчин/ ажлаас чөлөөлөн өөр ажилд томилон миний хөделмөрлөх эрхийг ноцтой хохироож байгаад гомдолтой байна.

          Иймд М Б ц сургуулийн захиралын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн   байгалийн ухааны сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү гаргуулж өгнө  үү”  гэжээ.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Н-  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: “Булган сумын М Б ц сургуулийн захирал Б.Н- би нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад хуульд заасан эрхийнхээ дагуу бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

      Нэхэмжпэгч Б.Б нь тус сургуулийн сургалтын менежерийг хийж байх хугацаандаа: Багшийн ёс зүйг баримталж ажиллаагүй багш нартайгаа зүй бусаар харьцдаг.Үүнээс үүдэн хоорондын зөрчилдөөн бий болсон.

         Ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй багш нарын журнал тараалт, багш нарт тавих хяналт сул, ажлын цаг баримталдаггүй, мэдээллийн системд сурагчдын нэрсийг дутуу оруулсан.

          Багш нарын 2015 оны 11-р сард "Монгол бахархал” -ын өдөрт зориулж багш ажилчдын хамтарсан урлагийн тайлан тоглолтын билетний тооцоо хийхгүй 2 жил гаруй болоод тайлан тавихад учир битүүлэг нотлох баримтгүй 650 гаруй мянган төгрөг зарцуулсан.

         Ажлын байрны “Сонгон шалгаруулах” ажлын хэсгийн ахпагчаар томилогдон ажиллахдаа шударга бус явуулж иргэдийг хохироосон ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж байсан.

         Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 119-р зүйлийн 119.4 дэх заалт болох ажил олгогчийн төлөөлөгч ажил хаялтыг зохион байгуулах, түүнд оролцохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.

         2017 оны 09 сарын 11-ний өдөр өөрийн эрхийн хүрээнд сургуулийн нийт 45 багшаас 4 асуулагатай санал асуулага авахад давхардсан тоогоор 26 багш буюу 57.7% нь бид нарт арга зүйн зөвлөгөө огт өгдөггүй, 29 багш буюу 64.4% нь ажлын байрыг нь өөрчлөх нь зөв гэсэн санал гарсан.

          Б.Б-тай ажлын байрыг нь өөрчлөх талаар санал солилцоход Ажлын байрыг өөрчилбөл надад өмнө авч байсан цалинг бууруулахгүй хэмжээний мөнгийг олговол болно оо гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иймд үндсэн цалин дээр нь ажпын өдрийн 7цаг буюу нийт 28 цагийн илүү хөлс бусад нэмэгдэл хөлс тооцогдсоноор сарын цалин нь өмнөхөөсөө буураагүй .

     2017 оны 10-р сарын 16-ны өдрийн Б/21-д Бага Дунд Боловсролын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.1,20.1.2-т холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, багш ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч Б.Б-гийн нийт 23 хуудас материалтай танилцахад хууль дүрмийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээгүй, Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 129-р зүйлийн 129.2.Ажилтан ажпаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн энэ заалтыг зөрчсөн.

        Дээрх нөхцөл байдал ,хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэж Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу”  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь М Б ц сургуулийн  захиралын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тус сургуулийн  байгалийн ухааны сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- нь Б.Бг багшийн ёс зүйг баримталж ажиллаагүй багш нартайгаа зүй бусаар харьцдаг.         Ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Багш нарын 2015 оны 11-р сард "Монгол бахархал”-ын өдөрт зориулж багш ажилчдын хамтарсан урлагийн тайлан тоглолтын билетний тооцоо хийхгүй 2 жил гаруй болоод тайлан тавихад учир битүүлэг нотлох баримтгүй 650 гаруй мянган төгрөг зарцуулсан.

         Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 119-р зүйлийн 119.4 дэх заалт болох ажил олгогчийн төлөөлөгч ажил хаялтыг зохион байгуулах, түүнд оролцохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.

         2017 оны 09 сарын 11-ний өдөр өөрийн эрхийн хүрээнд сургуулийн нийт 45 багшаас 4 асуулагатай санал асуулага авахад давхардсан тоогоор 26 багш буюу 57.7% нь бид нарт арга зүйн зөвлөгөө огт өгдөггүй, 29 багш буюу 64.4% нь ажлын байрыг нь өөрчлөх нь зөв гэсэн санал гарсан.

Дээрх нөхцөл байдал ,хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэж Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэж маргаж байх боловч түүнийгээ нотлох ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлахад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдлоо.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган” цогцолбор сургуулийн захирлын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн тушаал, сургуулийн захиргаатай байгуулсан гэрээ зэргээс үзвэл нэхэмжлэгч тал төрийн үйлчилгээний албан тушаалтан байна.

Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулах тул ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан болон шилжүүлсэн тухай төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар шүүх шийдвэрлэнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар энэ хэргийг Иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан харъяаллын дагуу гомдлыг хүлээн авсан ба ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд 1 сарын дотор гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь М Б ц сургуулийн байглийн ухааны сургалтын менежерээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан гомдол, сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон зохигчийн тайлбар зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна. М Б ц сургуулийн захиралын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн Б/21 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд авах тухай” тушаалаар тус сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерээр ажиллаж байсан Б.Бгийн ажил албан тушаалаас нь чөлөөлж, газарзүйн багшаар  ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Б.Бг ажлаас халсан сургуулийн захиралын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/21 дугаартай тушаал нь эрхзүйн акт болохын хувьд ажилтаны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас чөлөөлсөн үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна. Үүнд:

- Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заажээ     

Нэхэжлэгч Б.Б нь төрийн төрийн үйлчилгээний албан тушаалтан байхад ажил олгогч нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслээгүй бөгөөд уг хуульд хуульчлагдаагүй зүйл заалтыг баримталсан нь бусдын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг тушаалыг 2017 оны 10 сарын 16-нд гарсаныг зохигчид хүлээн зөвшөөрч байх боловч “Минжит Булган” цогцолбор сургуулийн захиралын “Ажлаас чөлөөлж ажилд авах тухай” Б/21 дугаартай тушаал нь 2017 оны 11 сарын 16-ны өдөр гарсан байгааг дурьдах нь зүйтэй байна.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан гэрээг хүссэн үедээ бус гагцхүү хуульд тусгагдсан шалтгаан, нөхцөл бодитой бүрдсэн тохиолдолд цуцлах бөгөөд хуульд заагаагүй үндэслэлээр гэрээг цуцлаж ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчих эрхгүй.

Иймд ажил олгогч нь хуульд заагаагүй үндэслэлээр ажилтаны хөдөлмөрийн харилцааг цуцлах, ажлаас чөлөөлөх, өөр ажил албан тушаалд шилжүүлэх эрхгүй тул шүүх нэхэмжлэгч Б.Бг ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон Ховд аймгийн Булган сумын М Б ц сургуулийн захирлын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-г тус сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Б нь цалингийн зөрүү гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь тус сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерээр ажиллаж байхдаа ТҮБД-6-3 шатлалаар 641091 төгрөгний, 2017 оны 10 сарын 16-ны өдрөөс хойш багшаар ажиллаж байхдаа ТҮБД-4-3 шатлалаар 550369 төгрөгөөр цалинжиж байсан бөгөөд түүний 1 сарын цалингийн зөрүү 90722 төгрөг байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б-д 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 260069 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

          Уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул үндсэн нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг, нэхэмжлэгчийн цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор 260069 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 8452 төгрөгийг нэмж нийтдээ 78652 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                              ТОГТООХ нь:

             1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Булган сумын М Б ц сургуулийн захирлын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Бг тус сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

             2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч М Б ц сургуулиас нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хүртэл багшаар ажилласан цалингийн зөрүү 260069 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

             3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М Б ц сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд нийт 78652 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.