Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 183/2018/00063/И |
Дугаар | 788 |
Огноо | 2018-04-03 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 788
2018 оны 4 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2018/00788 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Цын / нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, “ТБТ” ХХК-д // холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 13 дахь сарын урамшуулал, ээлжийн амралт олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, Д.Л, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017.05.01-ний өдрөөс “ТБТ” ХХК-д хүний нөөцийн бүрдүүлэх функц хариуцсан менежерээр ажилд орсон. Би ажиллах явцдаа ямар нэг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй. Гэтэл хүний нөөц хариуцсан захирлын орлон гүйцэтгэгч Ц.Саранцэцэг, ХНГ-ын дарга А.Ундрах нар миний оронд өөр хүн ажиллуулах зорилгоор элдвээр шахалт үзүүлж тухайн ажлын байранд миний ур чадварыг “тэнцэхгүй” гэсэн шалтаг хэлж, миний дэргэд Болорцэцэг гэдэг хүнийг суулгаж ажлыг авахаар шахалт үзүүлж, ажил хүлээлцэхийг удаа дараа шаардсан. Гэтэл намайг ажлаас чөлөөлөх тушаал болон Болорцэцэгийг ажилд томилсон тушаал гараагүй байсан. Ингээд би өөрийн ур чадварын үнэлгээг хийлгэхийг зөвшөөрч хийлгэсэн ч дүнг надад гаргаж өгөөгүй. Мөн намайг "өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгд, өөрт чинь сайн” гэх мэтээр дарамталж байсан. Үүнээс гадна хөдөлмөрийн гэрээ 2017.12.28-ны өдрөөр дуусгавар болгох мэдэгдлийг 2017.12.08-нд бичгээр өгсөн боловч ээлжийн амралтаа биеэр эдэл гэж хүчээр шаардан уурлаж загнасан. Харин би энэхүү дарамт шахалтын улмаас 2017.12.28 хүртэл ажиллаад 2017 оны 12 сарын цалин, 13 дахь сарын урамшуулал болон ээлжийн амралтын мөнгөө аваад гарья гэхэд Хүний нөөцийн менежер Лхагва өөдөөс уурлаж хашгирсан. Энэ мэтээр надад маш их сэтгэл санааны дарамт учруулж удаа дараа хууль бусаар халах гэж оролдсон. Эцэст нь "байгууллагын нууц задруулсан” гэх үндэслэлгүй шалтгаанаар 2017.12.11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Надад элдэв дарамт шахалт үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа тул Хүний нөөцийн бүрдүүлэх функц хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор болон 13 дахь сарын урамшуулал, гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг тусгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг баримталсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэж заасан. Хөдөлмөрийн гэрээнд Б.Цын харилцааг зогсоож гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаагүй. Хөдөлмөрийн гэрээний 4.1-д ажилтан ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан байх, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлсөн сөрөг үр дагаврыг бий болгосон ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зааж өгсөн. Тухайн байгууллагад тодорхой хэмжээний хохирол учруулсан байх ёстой, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах гэж заасан. Ямар үндэслэлээр байгууллагын нэр хүндийг гутаасан талаар байгууллага тогтоогоогүй учраас хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэж ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дахь хэсгээс 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж заасан. Ямар үндэслэлээр гэрээг цуцлах талаар тодорхой заасан учраас гэрээг цуцлахыг ажилтан эсвэл ажил олгогч санаачилсан нөхцөлд хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1-д зааснаар тушаал үндэслэлгүй, хууль бус гарсан байна. Нууцын журмын 5.2-т журам зөрчсөн үйлдэл гаргасан тухай бүр хүний нөөцийн менежер буюу шууд удирдан ажиллаж байгаа дээд шатны албан тушаалтан зөрчлийг баримтжуулан гарын үсэг зуруулж байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага тооцно гэсэн. Хавтаст хэргийн материалтай танилцахад Б.Ц ийм зөрчил гаргасан, зөрчлийг баримтжуулсан зүйлгүй, гарын үсэг зуруулсан нотлох баримт байхгүй байгаа учраас ажлаас халсан нь үндэслэлгүй, энэ заалтуудад хамаарагдахгүй учраас ажлаас халсан нь буруу гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгоно. Цалинг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш энэ өдрийг хүртэлх хугацааны 4.647.091 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ээлжийн амралтын мөнгө олгосон тул татгалзаж байна гэв.
Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц нь тус компанид 2017 оны 5 сарын 01-ний өдөр Хүний нөөцийн газарт хүний нөөцийн бүрдүүлэх функц хариуцсан менежерийн ажилд ороход ажил олгогчтой Хөдөлмөрийн гэрээ, Нууц хадгалах гэрээ, Цалингийн нууц хадгалах гэрээг тус тус байгуулсан. Б.Ц нь дээрх гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд холбогдох дүрэм журмыг зөрчиж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн 2017 оны 5 сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль, дүрэм журамд заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/246 тоот тушаалаар цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цуцалсан юм бэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ноцтой зөрчил гэж байгууллагын дотоод журам, гэрээнд тодорхойлж өгсөн. Хөдөлмөрийн гэрээний 4.1-д зааснаар ноцтой зөрчил гэж нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар ерөнхий байдлаар оруулж өгөөд доор нь 4.1.1 гэж задлаад энд багтах үүргүүдийг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Хөдөлмөрийн дотоод журмын 49.1.1-д байгууллагын сахилгын зөрчил, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 49.2.6-д байгууллагын болон хувь хүний нууцыг тараасан гэж, 49.2.а ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж байгаа. Нууцын тухай журмын 2.5.2-т журам зөрчсөн тухай бүр хүний нөөцийн менежер шууд удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу хариуцлага тооцно гэж байгаа. Ийм заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.Ц нь Нууцын журмын 2.5.10-т зааснаар харьяа охин компаниудын үйл ажиллагаанд хийсэн, мониторингийн тайлантай холбоотой бүхий л судалгаа дүгнэлтүүдийг тараасан. И-мэйлд хийсэн үзлэгээр 2017 оны 10 сарын 06-ны өдрийн Хулан руу явуулсаар тогтоогдоно. Нууц задруулаад и-мэйлээр явуулсан мэдээллүүд өөрийнхөө эрх мэдлийг урвуулан өөртэй олж авах эрх мэдэл ажлын байрны тодорхойлолтын дагуу байхгүй. Өөрөө ямар байдлаар олж авсан юм, бусдад задруулсан нь ноцтой зөрчил болж байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалснаар ээлжийн амралтын мөнгийг олгосон талаар нотлох баримтыг өгсөн. 2016 оны 3 сарын 29-ний өдрийн 01/45 урамшууллын журмыг батлах тухай журмын 4 дүгээр зүйлийн 4.3.2 болон 2.3.2-т заасан нөхцлийг хангаагүй, хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр гарсан ажилтанд урамшуулал олгогдохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Цыг би өөрөө ажилд авсан. Тодорхой хугацаанд чиглүүлж ажиллаж байгаад оны эцсээр охин компаниудад хүний нөөцийн үйл ажиллагаа, захиргаа, бичиг хэргийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байсан. Үүний дагуу мониторингийн шалгалтыг хийх үүрэг оногдсон. Б.Ц нь салбар компаниудын сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байгаа эсэхийг харах ёстой байсан. Үүний дагуу зөвлөмж тайлбар дүгнэлт бичээд шууд удирдлага буюу хүний нөөцийн хэлтсийн дарга, хүний нөөцийн захиралд хүргүүлж, хүний нөөц хариуцсан захирал болон хүний нөөцийн захирал, удирдах ажилтан, охин компаниудын гүйцэтгэх захирал бусад хүний нөөцийн менежерүүдэд компанийн мониторингийн үнэлгээг танилцуулах ёстой байсан. Б.Ц салбар компаниудад мэдээлэл дамжуулах эрх олгогдоогүй, ийм үүрэг хүлээгээгүй. Гэтэл мониторингийн тайлан дээр тушаал шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, цалин урамшуулал гүйцэтгэлийн үнэлгээ энэ бүх мэдээллүүдэд үзлэг хийгээд түүнд гарсан зөрчил дүгнэлт, зөвлөмжийг бичдэг. “ТБТ” ХХК-ийн хуулийн этгээд тус тусдаа, хэдийгээр группын охин компани ч нэг компанийн мэдээлэл нөгөө компанийн хүний нөөцийн менежерт нууц материал гэж үзэж байгаа. Хувьцаа эзэмшигчийн хувьд буюу группын удирдлага Баатарсүрэн захирлын хувьд чиг үүргийн захирлуудын хувьд энэ мэдээллүүд нээлттэй ч салбар компанийн хүний нөөцийн менежер хоорондоо байгууллагын нууцад хамаардаг. Уг байгууллагын хүний нөөц, үйл ажиллагаатай холбоотой бүх гэрээ, тушаал, шийдвэр, үйл ажиллагааны зөвлөмж тайлан дүгнэлт байдаг. Уг үйл явдлыг бид 12 дугаар сарын 10-ны өдрийн орой мэдсэн. Б.Ц нь Хуланд мэдээлэл явуулаад Хулан нь хувийнхаа мэйлээр бүх мэдээ мэдээллийг задруулж явсан байсныг бид нар тогтоосон. Тухайн үед “Монгол машин концерн” ХХК-ийн хүний нөөцийн менежер Хулан болон Б.Ц нар өөрсдөө байлцаад танилцсан. Ингэсний дагуу зөрчил танилцуулах баримтыг өөрт нь танилцуулсан, зөрчилд бүртгэх хуудсыг өөрөө хүлээн зөвшөөрөхгүй зугтаж явсан. Компанийн хашаанд хувийн машин дотроо орж нуугдсан, ариун цэврийн өрөөнд ороод хаалгаа нээхгүй, гарын үсэг зурахаас зайлсхийсэн учраас хэрэгт авагдсан зөрчил бүртгэх хуудсан дээр гарын үсэг зураагүй. Мөн ажлаас халах шийдвэр гаргаж байгаа гэдгийг мэдэгдсэн. Үүний дагуу “Монгол машин концерн” ХХК-ийн хүний нөөцийн менежер Хулан хүлээн зөвшөөрөөд алдаа дутагдлаа ойлгоод ажлаас халах өргөдлөө өгөөд гарсан. Ур чадварын тайлан салбар компаниудын мониторингийн тайлан гэдэг нь нөгөө төлөөр тухайн хүний нөөцийн менежерийн мэргэжлийн ур чадвар, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ болж өгдөг. Ийм учраас мониторингийн болон ур чадварын үнэлгээний материалуудыг бусдад дамжуулж байгаа нь ёс зүй болон хүлээсэн үүрэгт хамаарахгүй мэдээллийг бусдад дамжуулж байна. Өөрт олгогдоогүй буюу урамшууллын журмыг танил буюу найз “Монгол машин концерн” ХХК-ийн хүний нөөцийн менежер Хулангаар дамжуулан танилцуулах эрх олгогдоогүй байхад урамшууллын журмыг олж авсан байсан. Улмаар ширээндээ хөдөлмөрийн дотоод журамтай холбоотой баримтыг нууцалж хадгалсан байсан. Манай компанийн мэдээллүүд эдгээр хүмүүсээр дамжаад бусад байгууллагууд руу маш их хэмжээгээр алдагдсан. Цаасаар хэр хэмжээний мэдээлэл дамжуулагдсаныг тухайн үед камерын бичлэгийг нэг бүрчлэн шүүх боломжгүй байсан учраас мэдэх боломжгүй. Байгууллагын нууцыг алдагдуулсан, ёс зүйн хэм хэмжээ зөрчиж байгаа үйлдлийг удаа дараа хийж ирсэн үндэслэлээр тушаалыг танилцуулаад ажлаас чөлөөлсөн гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч “ТБТ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 13 дахь сарын урамшуулал, ээлжийн амралт олгуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ажлаас үндэслэлгүйгээр хууль бусаар халсан гэж, хариуцагч нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг хууль, дүрэм журамд заасны дагуу цуцалсан гэж маргасан байна.
Энэ өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс ээлжийн амралт олгосон үндэслэлээр шаардлагаа багасгалаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч Б.Ц нь “ТБТ” ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Хүний нөөцийн газарт хүний нөөцийн бүрдүүлэх функц хариуцсан менежерийн ажилд сарын 750.000 төгрөгийн үндсэн, 450.000 төгрөгийг нэмэгдэл цалингаар цалинжихаар хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д нийцжээ.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээ, Нууц хадгалах гэрээгээр тохиролцсоны дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон Хөдөлмөрийн дотоод журам болон Нууцын журмыг сахих үүрэгтэй юм.
Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1.6 дахь заалтаар байгууллагын болон хувь хүний нууцыг тараасан бол, 4.1.12 дахь заалтаар өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлсэн эсвэл гуйвуулан ашигласан, албан тушаалаа ашиглан өөрт болон бусдад давуу байдал бий болгосон бол ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ.
Б.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр боловсрол нэртэй 2ш файл, 2017 9 дүгээр сарын 25-ны өдөр “Dakum” нэртэй зип файл, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр АМЁБ гүйцэтгэлийг хөгжүүлэх төлөвлөлт хийх зааварчилгаа, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Эйрлинк, Монголиа” ХХК, “Жуулчин” ХХК, “Монгол машин концерн” ХХК, “Таван богд смарт электроникс” ХХК, “Таван богд вашёкү” ХХК-иудын Хүний нөөцийн үйл ажиллагааны мониторингийн тайланг тус тус “Монгол машин концерн” ХХК-ийн хүний нөөцийн менежер Ж.Хуланд мэйлээр явуулсан, энэ талаар талууд маргахгүй байна.
Харин энэхүү мэйлийг нэхэмжлэгч нь салбар компанийн ижил албан тушаалтаны хүссэнээр явуулсан гэж, хариуцагч нь байгууллагын нууцад хамаарах бусад охин компаниудын Мониторингийг тайланг ажил үүргийн дагуу олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн найз руугаа явуулсан нь нууц задруулсан гэж тайлбарлан мэтгэлцэв.
Талууд Нууц хадгалах гэрээг мөн өдөр байгуулж, гэрээний 2.1 дэх заалтаар Байгууллагын нууцын тухай журам болон бусад журмаар тодорхойлогдсон судалгааны баримт бичгийг байгууллагын нууцад хамааруулахаар харилцан тохиролцсон ба ажил олгогч нь Нууцын журмын 2.5.15 дахь заалтаар харьяа компаниудын хүний нөөцийн үйл ажиллагаанд хийсэн Мониторингийн тайланг нууцын зэрэгтэй баримт бичигт хамааруулсан байна.
Ажил олгогч нь ажилтныг өөрийн хариуцсан ажлын хүрээнд олж авсан байгууллагын болон хувь хүний нууц мэдээллийг бусдад дамжуулсан, өөрт олгогдсон эрх мэдлээ гуйвуулан ашигласан гэж ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тайлбарлаж байна.
Хүний нөөцийн бүрдүүлэх функц хариуцсан менежерийн шууд удирдлага нь Хүний нөөцийн хэлтсийн дарга, Хүний нөөц хариуцсан захирал байх бөгөөд Салбар компанийн хүний нөөцийн менежерүүд, нэгжийн удирдлагуудтай ажил үүргийн дагуу харилцан ажиллахаар ажлын байрны тодорхойлолтод заажээ.
Салбар компанийн хүний нөөцийн менежерүүдтэй харилцан ажиллах гэдэгт өөрийн ажиллаж буй газрын байгууллагын нууцад хамаарах мониторингийн тайланг дамжуулах чиг үүргийг ойлгохгүй бөгөөд энэ талаар ажлын байрны тодорхойлолтоор хариуцах ажил үүрэгт нь хамааруулаагүй байна.
Хөдөлмөрийн дотоод журмын 49.2.6-д байгууллагын болон хувь хүний нууцыг тараасан, 49.2.10-т ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил гэж ойлгохоор, 5.1.11-д байгууллагын болон хувь хүний нууцыг чанд хадгалан албаны бус зорилгоор ашиглахгүй байхыг зөрчвөл ёс зүйн зөрчилд хамааруулахаар зааж, талууд Хөдөлмөрийн гэрээний 4.1.6 дахь заалтаар ноцтой зөрчил гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасныг тохиролцжээ.
Хөдөмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж зааснаар “ТБТ” ХХК-ийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/246 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 49.1, 49.2, Нууцын тухай журмын 5.2, Хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.2-т заасныг үндэслэн Б.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.
Хэрэгт авагдсан Ерөнхий захирлын 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 01/14 тоот тушаалаар Хөдөлмөрийн харилцааны хувьд Ерөнхий захиралтай зөвшилцсөний дагуу тушаалд захирлыг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг дэд захирал Ч.Ванчиндоржид, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 01/154 тоот тушаалаар Нууц хадгалах болон Цалингийн нууцлалыг хангах гэрээнүүдийг байгуулах эрхийг Хүний нөөц хариуцсан захирал А.Наранд тус тус олгосон байх тул нэхэмжлэгчээс дээрх тушаалд эрх олгогдоогүй этгээд гарын үсэг зурсан гэж тайлбарлах нь няцаагдаж байна.
Нууцын тухай журмын 5.1-д нууцын жагсаалт, зааварт бичигдсэн баримт материалыг хариуцсан ажилтан журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж үзвэл Байгууллагын нууцын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан арга хэмжээг авахаар, 5.2-т журам зөрчсөн үйлдэл гаргасан тухай бүр нь шууд удирдан ажиллаж байгаа дээд албан тушаалтан зөрчлийг баримтжуулан гарын үсэг зуруулж, байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага тооцохоор заажээ.
Хэргийн үйл баримтаар хариуцагч нь зөрчлийг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Цын гаргасан зөрчлийг илрүүлэн, Нууцын тухай журмын 4.1-д зааснаар нэн даруй буюу 12 дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээг санаачилгаараа цуцалсан нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь өөр хүн ажиллуулах зорилгоор элдвээр шахалт үзүүлж, ажлын байранд миний ур чадварыг “тэнцэхгүй” гэсэн шалтаг хэлж, миний дэргэд Болорцэцэг гэдэг хүнийг суулгаж ажлыг авахаар шахалт үзүүлж, ажил хүлээлцэхийг удаа дараа шаардсан гэж тайлбарласан байгаа ч энэ талаар нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, хэргийн үйл баримтаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэх байдал тогтоогдохгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Нууцын тухай журмын 1.4-т журмыг нийт ажилтан, албан тушаалтнууд дагаж мөрдөх бөгөөд журмын хэрэгжилтэнд компанийн удирдлага, нууц хариуцах албан тушаалтан хяналт тавина гэснийг хариуцагч зөрчсөн гэж тайлбарлах ч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.
Хөдөлмөрийн гэрээний 4.1-д ажилтан ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан байх, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлсөн сөрөг үр дагаврыг бий болгосныг ноцтой зөрчил гэж тодорхойлсныг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эд хөрөнгийн хохирол учраагүй, ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй гэж тайлбарласнаар хязгаарлагдахгүй юм.
Учир нь тухайн байгууллагын нууцад хамаарах мэдээллийг бусдад дамжуулснаар тухайн хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд нөлөөлсөн сөрөг үр дагаврыг бий болгосон гэж үзэхээр тодорхойлсон байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэж дүгнэхэд Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, Нууц хадгалах гэрээ болон Нууцын тухай журмыг зөрчсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцэж байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 13 дахь сарын урамшуулал гаргуулах тухай Б.Цын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “ТБТ” ХХК-д холбогдох, Хүний нөөцийн бүрдүүлэх функц хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 13 дахь сарын урамшуулал олгуулах тухай Цын /РД:/ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ