Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2018/00081

Улаанбаатар хот

 

                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ц.Оюунбилэг, Дэ.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 21 дүгээр байр, 3 дугаар орцонд байрлах, “Г” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 8 дугаар байр, 47 тоотод оршин суух, Тайж овогт Жанрайжавын Б /РД:УС56072511/-д холбогдох,

Хохирлын 45 881 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Оюун, хариуцагч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг /ШТЭҮ-0261/, гэрч Э.Золзаяа, иргэдийн төлөөлөгч Ж.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Э.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Ж.Б нь тус СӨХ-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2004- 2015 он хүртэл нийт 11 жилийн хугацаанд хашиж байсан бөгөөд 2010 оноос 2014 оны 1-3 дугаар сарыг хүртэлх хугацаанд СӨХ-нд 45 881 050 төгрөгийн хохирлыг учруулсан болно. Хариуцагч нь сууц өмчлөгчид болон подвал түрээслэгчдээс СӨХ-ийн хураамж, түрээсийн төлбөр авах нэрийдлээр баримтгүйгээр мөнгө удаа дараа авч, хувьдаа ашигласан байх бөгөөд СӨХ-ны харилцах данс болон кассанд тушаалгүйгээр хувьдаа ашигласан. 2014 оны 10 сарын 13-ны өдрийн Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн Хяналтын зөвлөлийн шалгалт, “Б Энд С Аудит” ХХК-ийн 2014 оны 12 сарын 09 өдрийн аудитын дүгнэлтүүдээр хариуцагч Ж.Б нь буруутай болохыг тогтоосон байдаг. Тодруулбал “Б Энд С Аудит” ХХК-ийн дүгнэлтээр “2010-2014 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд 5 байрны 18 подволыг 35-38 хувь хүн, аж ахуй нэгжүүдээс түрээсийн төлбөр 74 776 000 төгрөгийг төвлөрүүлэхээс 18 688 980 төгрөгийг харилцах дансаар хүлээж авч, үлдэх 56 087 100 төгрөгийг түрээслэгч нараас бэлнээр авч засварын зардалд зарцуулсан гэх боловч үндсэн баримтаар нотлогдохгүй, мөн 2012-2013 онд “Г” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Ж.Б, орлогын байцаагч н.Саранцэцэг нар нь түрээслэгчдээс кассын орлогын ордер бичиж 27 016 000 төгрөгийг цуглуулан авч, үүнээс засварын зардалд 13 521 000 төгрөгийг зарцуулсан гэх баримт байгаа боловч орлого зарлагын тайланд илэрхийлээгүй, үлдэх 13 495 000 төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байна” гэсэн дүгнэлт гарсан.

Мөн Монголын Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд Зөвлөлийн Хяналтын зөвлөлийн шалгалтаар “Г” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Б нь дотоодын хяналт шалгалт сул байгааг ашиглан сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн подволуудын түрээс, засвар  үйлчилгээний мөнгө хөрөнгийг үрэгдүүлж, хувьдаа ашигласан байна гэж тогтоосон бөгөөд Ж.Бд хариуцуулж, СӨХ-г хохиролгүй болгох нийт дүн 45 881 050 төгрөг байна гэж тогтоосон.

Иймд Монгол улсын сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д зааснаар хариуцагч Ж.Бгаас 45 881 050 төгрөгийг гаргуулж, “Г” СӨХ-г буюу Сууц өмчлөгчдийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ж.Б нь 2009 оноос 2014 оны хооронд “Г” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2014 онд оршин суугчид гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөл ажил үүргээ гүйцэтгэхгүй байна гэж гомдол гаргаснаар СӨХ-ны 2010 оноос 2014 оны 6 дугаар сар хүртэлх үйл ажиллагаанд Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн хяналтын зөвлөлөөс шалгалт хийсэн. Энэ шалгалтаар 46 087 100 төгрөгийн дутагдал илэрсэн. Санхүүгийн үйл ажиллагаанд аудит оруулахад 48 881 000 төгрөгийн дутагдал илэрсэн. Энэ мөнгийг подвол түрээслэгч нар гүйцэтгэх захирал Ж.Бд бэлнээр тушааж байсан. Манай зүгээс эрүүгийн журмаар гомдол гаргаад цагдаад шалгуулсан боловч гүйцэтгэх захирал, нягтлан нарын хэн нь хэдэн төгрөг ашиглан шамшигдуулсан нь тогтоогдохгүй гээд хэрэгсэхгүй болсон. Энэ мөнгө 4 жил 6 сарын хугацаанд сууц өмчлөгчдийн дундын хөрөнгийн засвар үйлчилгээнд зарцуулагдах ёстой байсан. Иймд 45 881 050 төгрөгийг гүйцэтгэх захирал Ж.Б нь ажил үүргээ хангалттай хийгээгүй, хяналт тавих эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс холбоонд гэм хорын хохирол учруулсан гэдэг үндэслэлээр шаардаж байна. Холбооны үйл ажиллагааг өдөр тутам зохион байгуулалтаар хангаж, хяналт тавих ёстой. Гэтэл энэ үүргээ гүйцэтгээгүйгээс дээрх хохирол учирсан гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Б би 1964 он ашиглалтанд орсон ямар ч их засвар хийгдээгүй  бүх юм нь  хуучирч  муудсан Эрчим хүч болон  орон сууцны конторт 10 000 000 төгрөгийн өртэй Хадгаламж банкны дансийг нь хаасан ийм СӨХ-г иргэн Д.Рагчаасүрэн, Хорлоо нарын хүсэлтээр хүлээн авч, нягтлан бодогч  Ц.Эрдэнэчимэгтэй хамтарч дээрх өрийг төлж СӨХ-г хэвийн ажиллуулж суугчдийг халуун дулаанаар таслахгүйн тулд нягтлан бид хоёр өөрсдөө  их засвар үйлчилгээг хийдэг байсан бөгөөд хүн хөлсөлж хийлгэх гэхээр өгөх мөнгө байхгүй  учир бүгдийг нь өөрсдөө хийж эхний хоёр жилд  өрийг төлж СӨХ-г хэвийн ажиллагаатай болгож дараагийн шатанд засвар үйлчилгээний ажлууд хийж эхэлсэн. Эхний ээлжинд 23 орцны  хаалгийг  төмрөөр кодтой цоожтой хаалгаар солиулж хийлгэсэн. 11 орцны цахилгааны монтажийг шинэчлэн Солонгос улсын мэдрэмжтэй гэрлээр монтажилж байрны гадна ямар ч хүн суух сандалгүй байсныг үйлдвэрт захиалж пластмасан сандал орц  бүрийн өмнө тавьж, 10 жилийн хугацаанд 23-н орцийг орц бүрийг 2 удаа их засвар  хийж орцны гадна хашлагийг засч шинэчлэн зүлэгжүүлэх ажил хийсэн. 5 байрны гадна пасадийн их засвар нэг бүрийг 2 500 000 төгрөгөөр бүрэн хийлгэсэн. Дундын эзэмшлийн шугам хоолойнд хэсэгчилсэн засвар үйлчилгээ тогтмол хийж байсан. 5 байрны  дээврээс  ус гоождог  байсанг  жил бүр  хэсэгчилсэн засварлаж холбогдох газраар хөөцөлдөж 5 байрны дээвэрт их засвар улсын төсвөөр хийлгэсэн. СӨХ-ны 4 байрны  подволийг өөрсдөө  засварлаж, угаалтуур суултуур тавьж 23 подволыг бусдад түрээслэж, зохих хэмжээний орлоготой болгож СӨХ-д 2010 он хүртэл ажиллаж өргүй, сарын орлого нь 4 сая орчим төгрөгийн зарлага нь ажилчдийн цалинд 2 130 000 төгрөг эрчим хүчинд 800 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 360 000 төгрөг, татвард 210 000 төгрөг, хэрэглээний усны үнэнд 80 000 төгрөг, цэвэрлэгээний материалын үнэнд 60 000 төгрөг, засвар үйлчилгээнд 400 000-600 000 төгрөг, нийт зардал нь дунджаар 4 000 000 төгрөг орчим орлоготой болгоход нягтлан бодогч н.Эрдэнэчимэг их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2010 нягтлан бодохоор М.Жанчивсэнгээ ажиллаж энэ хүн 4 жил юу ч хийгээгүй, н.Зоригт 2014 оны 12 сард цагдаагаар түрий барьж хууль бусаар авахад дансандаа 4 000 000 төгрөгтэй харилцагч байгууллагад ямарч өргүй хэвийн ажиллагаатай СӨХ-ийг хүлээлгэж өгсөн боловч энэ хүн 2 жил гаруй хугацаанд 10 000 000 төгрөгийн өртэй СӨХ-ийг үндсэндээ дампуурах хэмжээнд хүргэсэн бөгөөд би болохоор 56 000 000 төгрөг идэж ашигласан болоод байдаг, бүх засвар үйлчилгээгээ хийсэн байдаг. Гэтэл н.Зоригт ямарч засвар үйлчилгээ хийгээгүй, өрд унагасан. Хэрвээ үнэхээр тийм их идэж ашиглах мөнгө байсан юм бол энэ хүмүүс 10 000 000 төгрөгийн өр биш бэлэн мөнгөтэй байх байсан. Энэ өр нь М.Жанчивсэнгээ, СӨХ-ийн Донид, Зоригт, Нарангэрэл, Чимэддамба нарын зохиомол өр бөгөөд СӨХ-ийн өр, санхүү тайлан балансыг нягтлан бодох хариуцаж тайлан баланс гүйлгээг хийдэг, захирал гарын үсэг тамга тэмдэг дарж баталгаажуулдаг байсан бөгөөд СӨХ-д гаднаас бэлнээр зөвхөн подьволын түрээсийн мөнгө өгөөд энэ мөнгийг миний ажиллаж байсан хугацаанд байцаагч, нягтлан бодогч нар хурааж, кассанд тушааж, баримтыг нь өгч тооцдог байсан. СӨХ-ийн захирлаар 10 жил ажиллахдаа ямарч бэлэн мөнгө хурааж байгаагүй их бага хамаагүй мөнгө ашиглая гэвэл захирал нягтлан бодогч хоёр хамтарч ашиглахгүй юм бол аль нэг нь ашиглах ямарч боломжгүй. Нягтлан бодох н.Жанчивсэнгээ нь байцаагч н.Саранцэцэгтэй архидан согтуурч хувийн харилцаатай байсан, үүнийг нь үйлчлэгч мэдсэн учраас нь дарамталсан гэсэн, тэгээд энэ байдал нь илэрсэн болохоор хувийн хонзон санасан байна. Иймд 2010-2014 онд СӨХ-ийн мөнгө санхүү барьж байсан зохиомол өр бий болгосон н.Жанчивсэнгээ энэ нэхэмжлэлийн хариуцагч байх ёстой гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Намайг түрээсийн мөнгө бэлнээр хурааж байсан гэж ярьж байна. Би нэг ч мөнгө бэлнээр хурааж байгаагүй. Энэ сууц өмчлөгчдийн холбоог хүлээж авахад сарын орлого 800 000 төгрөг байсан. 10 000 000 гаруй төгрөгийн өртэй сууц өмчлөгчдийн холбоог хүлээж авсан. 2014 онд нэхэмжлэгч талд сууц өмчлөгчдийн холбоог хүлээлгэж өгөхдөө дансандаа 4 000 000 төгрөгийн орлоготой, ямар ч өр төлбөргүй, бүх байранд гадна, дотор засвар, сантехник, дээврийн бүх засварыг хийсэн, гадна орчныг тохижуулсан сууц өмчлөгчдийн холбоог хүлээлгэж өгсөн. Оршин суугчид ямар нэгэн гомдол гаргаагүй. 2014 онд сууц өмчлөгчдийн холбоог өгөхөд сарын орлого нь 4 000 000 төгрөг байсан. Түрээсээс 1 800 000 төгрөг, оршин суугчдаас 2 200 000 төгрөг цугладаг байсан. Бодит зарлага нь сардаа цалинд 2 160 000 төгрөг, цахилгаан эрчим хүчинд 800.000 төгрөг, нийгмийн даатгал, татварт 580 000 төгрөг, засвар үйлчилгээ 500 000, цэвэр ус 80 000 төгрөг, цэвэрлэгээний материал 60 000 төгрөг гарч байсан. Эндээс ямар нэгэн хүн идэж, уух ямар ч төсөв хөрөнгө байхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээг бид хийж байсан. Мөнгө дутсан байвал нягтлан бодогч хариуцах ёстой. Мөн хувийн таарамжгүй шалтгааны улмаас өр төлбөр гаргаж байгаад харамсаж байна. Хийсэн ажлын тайлан болон холбогдох бусад материалууд бүгдийг нягтлан алга хийсэн, мөн дансны баримтуудыг устгасан гэж үзэж байгаа гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ж.Бд холбогдуулан хохирлын 45 881 050 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Бг СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс СӨХ-нд 45 881 050 төгрөгийн хохирол учруулсаныг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хуульд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан, СӨХ-ны нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Жанчивсэнгээгийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан, мөн Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн шалгалтын актыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус акт гаргасан гэж маргасан.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.7-д гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол удирдах зөвлөлийн дарга нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэж зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ж.Б нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд “Г” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Г” СӨХ-ны удирдах зөвлөлийн №03 тоот тогтоол, 2010 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн СӨХ-ны удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ, 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн “Г” СӨХ-ны удирдах зөвлөлийн №01 тоот тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 178, 179-181-р хуудас/

Зохигчдын хооронд байгуулсан 2010 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн СӨХ-ны удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ нь хариуцагчийг ажил үүргээ гүйцэтгэх явцад буюу 2014 оныг хүртэл үргэлжилж байсан гэж зохигч талууд тайлбарласан болно.

 

Нэхэмжлэгч нь Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн хяналтын зөвлөлөөс 2014 оны 10 дугаар сарын 13-ны хийсэн шалгалтын 2014/09 тоот акт, холбогдох бусад баримтыг үндэслэн, хариуцагч нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс СӨХ-нд эд хөрөнгөд хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсан.

Хэрэгт авагдсан Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн хяналтын зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №2014/09 тоот “Подволуудын түрээсийн 1 сар төлөх тариф түрээслэгчдээс СӨХолбоонд түрээсийн төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн акт тогтоох нь” гэсэн актад “...тус СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Б нь 4 жил 6 сард 81 780 000 төгрөгийн түрээсийн орлого бэлнээр хураан авч харилцан дансанд түрээсийн орлого тушаасан мөнгө нь 10 648 000 төгрөг, түрээслэгчдээс харилцах дансанд тушаасан мөнгө нь 8 341 200 төгрөг, зарлагын баримтаар захиран зарцуулсан мөнгө нь 19 627 250 төгрөг, нийт зарлага 38 616 450 төгрөг, орлого зарлагын баримтгүй 43 163 550 төгрөг байна” гэжээ. /хэргийн 14-р хуудас/

Хариуцагч, түүний өмгөөлөгч нь Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн акт нь хууль бус, санаачилгаараа хянан шалгах эрх байхгүй, зөрчил дутагдал гарсан нь нягтлан бодогчийн буруутай үйлдлээс болсон, гэрч нарын мэдүүлэгээр түрээсийн мөнгийг бэлнээр аваагүй гэдэг нь нотлогдоно гэж мэтгэлцсэн.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1-д холбооны гүйцэтгэх захирал нь “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх”, 12.4.3-д “холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах”, 12.4.5-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах” эрх үүргийг хэрэгжүүлэхээр заасан, мөн зохигч талуудын хооронд байгуулсан 2010 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн СӨХ-ны удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гүйцэтгэх захирал нь СӨХ-ны засвар үйлчилгээний ажлыг жилээр төлөвлөж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэн, холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн хууль болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэж харилцан тохиролцсон байна. /хэргийн 181-р хуудас/

Хариуцагч Ж.Б нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5-д заасан эрхээ хэрэгжүүлж, дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг байгуулж байсан болох нь гэрч Б.Насанжаргал, Д.Оюундэлгэр, Б.Гантөмөр, Э.Золзаяа нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 004 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн СӨХ, С.Алтанчимэг нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч талууд маргаагүй болно. /хэргийн 2 хавтас 55-59-р хуудас, хэргийн 1 хавтас 75-80, 69-70-р хуудас/

Гэвч хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн “Г” СӨХ-ны 2010, 2011, 2012, 2013, 2014 оны 1-6 сарыг дуусталх хугацааны подвалийн түрээсийн орлого, зарлагыг шалгасан танилцуулга, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн “Г” Сууц өмчлөгчдийн холбооны 2010 он, 2011 он, 2012 он, 2013 он 2014 оны эхний хагас жилийн аж ахуйн санхүүгийн үйл ажиллагаа, подвалуудын түрээсийн орлого, зарлагад баримт шалгалт хийхэд гаргасан дутагдал шамшигдал төлбөрийн жагсаалт, Монголын сууц өмчлөгчдийн хяналтын зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №06/01 тоот “...кассын орлогын ордероор бэлэн мөнгө хураан авсан баримтуудыг үндэслэн тогтоох нь ...гүйцэтгэх захирал Ж.Б нь байрнуудын подваль түрээслэгчдээс сар бүр түрээслэгчидтэй тохирсон гэрээ хэлцлийн дагуу подвалийн түрээс мөнгө, зарим сууц өмчлөгчдөөс засвар үйлчилгээний мөнгийг 2010 он, 2011 он, 2012 он, 2013 оны 1-6 дугаар сарыг дуусталхи хугацаанд бэлнээр хураан авч, түрээсийн орлого зарлагын тайланг огт гаргаагүй байгаа нь шалгалтаар илрэв” гэсэн акт, “Г” СӨХ-ны 2012, 2013, 2014 онд подволийн түрээсийн орлогоос харилцан дансанд тушаасан мөнгө, “Г” СӨХ-ны 2012, 2013, 2014 оны касс дахь бэлэн мөнгөний орлого зарлагын тооцоо, харилцан дансны орлого зарлага, “Г” СӨХ-ны подволийн түрээсийн орлогоос хураан авсан кассын орлогын ордер нь байгаа жагсаалт, подволын түрээсийн 2010-2011, 2012 оны 8 сараас 2014 оны 2 сар хүртлэх тооцоо зэрэг баримтуудаар хариуцагч нь СӨХ-ны дундын өмчлөлийн зүйл болох эд хөрөнгийг түрээслэсний орлогыг холбооны дансанд төвлөрүүлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв. /хэргийн 9-11, 15-18, 19-20, 21-68-р хуудас/

 

Хариуцагч нь мөнгийг бэлнээр аваагүй, түрээслэгч нар нь нягтлан бодогчид бэлнээр өгч байсан гэж тайлбарласан бөгөөд шүүх хуралдаанд гэрч Б.Насанжаргал, Д.Оюундэлгэр, Б.Гантөмөр, Э.Золзаяа нар нь түрээсийн төлбөрийг бэлнээр нягтланд өгдөг, Ж.Бд өгч байгаагүй гэсэн боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “холбоо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банкинд харилцах данстай байна” гэж зааснаар уг түрээсийн төлбөрийг холбооны дансанд төвлөрүүлсэн эсэх талаараа баримтаар нотлоогүй болно.

Мөн нягтлан бодогч нарын буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан, баримт бичгийг үрэгдүүлсэн гэсэн боловч гүйцэтгэх захирал нэгэнт хууль болон гэрээгээр заасан эрхээ хэрэгжүүлж байгаа тохиолдолд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана”, 14.2-д “аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ давхар бичилтийн аргаар хөтөлнө”, 14.3-д “нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг анхан шатны баримт бүрдүүлэх, журналд бичих, дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх, ажил, гүйлгээний мэдээ гаргах, санхүүгийн тайлан гаргах”, 14.4-д “нягтлан бодох бүртгэлд аж ахуйн бүх ажил, гүйлгээ, бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага, бүх өр төлбөр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, бүх орлого, бүх зардал зэргийг заавал бүртгэхээр зохицуулсан заалтыг мөрдөх үүрэгтэй” болно. 

Гэтэл холбооны өдөр тумтын үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулах эрх бүхий этгээдийнхээ хувьд нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хяналт тавилгүй, дээрх хуульд заасан санхүүгийн анхан шатны бүртгэлийг хөтлөөгүй, холбооны мөнгөн хөрөнгийг холбооны дансанд хуримтлуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч нь Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн хяналтын зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №2014/09 тоот актыг хууль бус гэсэн боловч Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлд “Г” СӨХ-ны оршин суугчдаас буюу сууц өмчлөгч нараас өргөдөл гаргасан болох нь хэрэгт авагдсан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн картаар нотлогдож байх бөгөөд Ж.Б нь уг актын талаар хууль бус, хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр гомдлоо гаргаагүй, татгалзлаа баримтаар нотлоогүй болно. /хэргийн 186-190-р хуудас/

Иймд “Г” СӨХ-ны Удирдах зөвлөл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.4-т зааснаар гүйцэтгэх захирал Ж.Бд холбооны сангийн болон бусад мөнгөн хөрөнгийг  холбооны дансанд төвлөрүүлэн, зорилго, үйл ажиллагааны чиглэлийн дагуу захиран зарцуулах эрхийг олгосон байтал хариуцагч түрээсийн орлого, оршин суугчдын засвар үйлчилгээний төлбөрийг зохих журмын дагуу бүртгэж, дансанд хуримтлуулсан, зорилго үйл ажиллагааны чиглэлийн дагуу захиран зарцуулсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас Сууц өмчлөгчдийн холбоонд хохирол учирсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар СӨХ-ны эд хөрөнгөд хохирол учруулсан нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой, хариуцагч нь өөрийн буруугүй гэдгийг баримтаар нотлоогүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д зааснаар удирдах зөвлөлийн хуралд ажлаа тайлагнаагүй, энэ талаар баримтаар нотлоогүй тул учирсан хохирол болох дансанд тусгагдаагүй түрээсийн бэлнээр авсан төлбөр 43 163 550 төгрөг, 453 500 төгрөг, 1 000 000 төгрөг, нийт 44 617 050 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Гэвч Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж зааснаар “Г” СӨХ-ны эд хөрөнгөд хохирол учрахад тус СӨХ-ны удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн эрхээ хэрэгжүүлээгүй буруутай үйлдэл байсан гэж үзэж, гүйцэтгэх захирал Ж.Бгийн хариуцах хохирлыг багасгахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гүйцэтгэх захирал Ж.Бг ажиллаж байх хугацаанд хяналтын зөвлөл байгуулагдаагүй, эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал байсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “Г” СӨХ-ны бүх гишүүдийн хурлын №2 тогтоолоор “удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг олонхийн саналаар улируулан сонгож баталсан” байх бөгөөд “Г” Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн №01 дүгээр тогтоолоор “...тус СӨХ-ны 2011 онд хийсэн ажлыг хэлэлцэж 2011 онд СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Б ажлаа сайн зохион байгуулж хангалттай ажилласан байна гэж үзээд 2012 онд үргэлжлүүлэн ажиллуулж удирдах зөвлөлтэй гэрээ байгуулахаар тогтов” гэжээ. /хэргийн178, 182-р хуудас/

Иймд тус холбооны удирдах зөвлөл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэх”, 10.8.8-д “гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх”, 10.10.3-д “гүйцэтгэх захирлын холбооны нэрийн өмнөөс бусадтай байгуулж байгаа гэрээнд хяналт тавих” эрх, үүргээ, хяналтын зөвлөл нь 11 дүгээр зүйлийн 11.3.1-д “гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих”, 11.3.3-д “нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлан тэнцэл хууль тогтоомжийн дагуу үнэн зөв хийгдсэн эсэхийг хянах” үүргээ биелүүлээгүй, 11.3.5, 11,3,6, 11.7-д заасан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, холбогдох байгууллагад хандах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч “Г” СӨХ-ний нэхэмжлэлийн шаардлага болох хохирлын 44 617 050 төгрөгнөөс 22 308 525 төгрөгийг /44 617 050:2=22 308 525/ хариуцагч Ж.Бгаас гаргуулж, 23 572 525 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Ж.Бгаас хохирлын 22 308 525 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч “Г” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 572 525 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387 360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 269 492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Д.ХУЛАН

 

                                    ШҮҮГЧИД                             Ц.ОЮУНБИЛЭГ

 

                                                                                    Дэ.ЭНХЦЭЦЭГ

 

 

 

 

             

.