Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 981

 

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2018/00981

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О суулган, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Т

Нэхэмжлэгч: П.Д

Хариуцагч: Б.С

Хариуцагч: С дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нарт холбогдох,

Зээлийн болон Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Б.Тийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ-1-4 тоот дахь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, түүний өмгөөлөгч О.Ч, нэхэмжлэгч П.Д, түүний өмгөөлөгч Т.С, хариуцагч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Тийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ж.С гэх хүнээс бэр эгч П.Дд мөнгө хэрэгтэй болсон гэхээр нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот дахь 27 м.кв хоёр өрөө орон сууцаа барьцаалан 15,000,000 төгрөгийг 2014.12.02-ны өдрөөс 2015.01.02-ны өдрийг хүртэл, сарын 5 хувийн хүүтэйгээр, 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож авсан. Уг гэрээний хугацаа дуусахад бэр эгч маань санхүүгийн хувьд төлөх боломж маш муу болсон ба хугацаандаа биш ч гэсэн цувуулсаар бэлэн болон бэлэн бусаар 10,000,000 орчим төгрөгийг буцаан төлсөн. Гэтэл Ж.С нь мөнгө хүүлэгч Д, С гэх хүмүүс буюу найзуудтайгаа нийлээд зээлээ бүрэн төлж чадахгүй нөхцөл байдлуудыг ашиглан намайг болон бэр эгчтэй маань эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан маш олон тооны зээлийн гэрээг бичгээр зүгээр дүр эсгэн байгуулж, сүүлдээ 15,000,000 төгрөг нь 52,000,000 төгрөг болж өссөн. Энэ мөнгөндөө тооцож Б.С нь орон сууцыг маань өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Миний бие нь Б.Саас огт мөнгө зээлж авч байгаагүй, дээр нь 2014.12.02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг хэзээ ч 52,000,000 төгрөг болохгүй байхад намайг хууран мэхэлсэн, хөрөнгийг маань шилжүүл авсан. Одоо бид гудманд гарах дээрээ тулаад байгаа ба мөнгө хүүлэгч хүмүүс 15,000,000 төгрөг зээлдүүлчихээд 10,000,000 төгрөгийг буцаан авчихаад хууль зөрчсөн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулсан тул анхнаасаа хууль бус, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймээс 2015.5.13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоогж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ 1-4 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Т намайг буцаан тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, түүний өмгөөлөгч О.Ч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Б.Тийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Стай хийсэн худалдах, худалдан авах гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсгүүдэд заасан шинж байгаа учир хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудын хооронд хавтаст хэрэгт байгаагаар нийт 3 гэрээ байгуулагдсан байдаг. 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б.Т, Ж.С нарын хооронд хийгдсэн 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгаа. Энэ гэрээнээс эхлэлтэй яг авсан мөнгө нь 15,000,000 төгрөг л байдаг. Дараагийн хоёр гэрээнд П.Д гарын үсэг зурсан байдаг бөгөөд, 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн П.Д, Б.С нарын хооронд 43,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн байхад, яг энэ өдөр, ижил дүнтэй буюу 43,000,000 төгрөгийн зээлийн гэрээг мөн П.Д нь С.Дтэй байгуулсан байгаа. Энэ зээлийн гэрээний дагуу П.Д мөнгө аваагүй. Яагаад дүр үзүүлсэн гэрээ гэж үзэж байгаа вэ гэвэл, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь Б.Сд Б.Т байр зарж байгаа мэт байгуулагдсан. Тэгсэн хэрнээ гэрээний 2.1-д үл хөдлөх хөрөнгийг 52,000,000 төгрөгөөр тохирсон гэсэн атлаа 2.3-т нь зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох 52,000,000 төгрөгт тооцож үл маргах журмаар шилжүүлэв гэсэн байгаа. Тэгэхээр энэ гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ биш, өөрөөр хэлбэл: 2015.5.13-ны өдөр 2015.1.27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох хэлцэл хийж, уг хэлцлээр байрыг шилжүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээ нь зээлийн гэрээний үүрэгтэй салшгүй холбоотой байх бөгөөд, энэ гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа. Мөн уг гэрээг хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзсэний учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь 2015.1.27-ны өдрийн зээлийн гэрээний хамт барьцааны гэрээг мөн байгуулсан. Уг барьцааны гэрээнд хөрөнгийг шүүхийн журмаар барьцаа хөрөнгөөр хангуулна гэж тохиролцсон боловч өмчлөгч Б.Тийг оролцуулахгүйгээр үүрэг дуусгавар болгосон хэлцлийг зөвхөн П.Дтэй байгуулсныхаа дараа түүнийг дуудаж, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээн дээр гарын үсэг зуруулчихсан. Энд Б.Тийн хүсэл зориг байгаагүй. Ийм байдлаар хууль зөрчиж хийгдсэн учир хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсч байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан CDнь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байгаа. Учир нь аливаа нотлох баримт эх сурвалжтай байх ёстой бөгөөд, энэ бичлэгийн хувьд эргэлзээтэй байгаа учир шүүх түүнийг үнэлэхгүй байх гэж бодож байна гэв.

Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, өмгөөлөгч Т.Сын хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Анх ээж бид хоёрт мөнгөний хэрэг гараад хадмынхаа байрыг барьцаалахаар хадамж ээжтэйгээ ярилцаж барьцаанд тавихаар болсон. Бид зар мэдээгээр байр барьцаалж зээл олгоно гэсэн зарлалын дагуу 99991190 гэсэн дугаараар яриад 2014.12.02-ны өдөр Цэцээ гүн дээр байдаг С.Д гэдэг хүн дээр очиж уулзаад тэр өдрөө Ж.С гэдэг хүнтэй 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Зээлийн төлбөрт бараг 10,000,000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар өгсөн. Сүүлдээ хүү, алданги нь нийлээд 43,000,000 төгрөг болсон, өссөн дүнгээрээ та нар дахиад гэрээ хий гээд 2015.1.27-ны өдөр хүчээр Б.Стай зээлийн гэрээ хийсэн. Уг нь бид С.Дээс мөнгөө өгч, авалцдаг байсан хэрнээ зээлийн гэрээг Б.Стай хийчихсэн. Бид гэр бүлийнхэндээ хэлээгүй байсан учраас чимээгүй зохицуулчихъя гэдэг утгаар нь буулт хийгээд мөн хуулийн мэдлэг байхгүй учраас зээлийн гэрээг хийчихсэн юм. Сүүлд 52,000,000 төгрөг дээр Б.Тийг авч ирж өмчлөлөө Б.Сын нэр дээр шилжүүлж өгөөд мөнгөө өгснийхөө дараа байраа буцааж болно гэсний дагуу өмчлөлийг шилжүүлсэн. Утасны бичлэг дээр байгаа дуу хоолой бол минийх мөн. 43,000,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч хэлсэн нь дарамт шахалт, айдсаас болоод хүлээн зөвшөөрчихсөн.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зээлийн зүйлийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болдог онцлогтой гэрээ. Гэтэл зээлийн гэрээ хэдийгээр байгуулагдсан ч зээлийн зүйлийг шилжүүлээгүй. Б.С нь зээлийн мөнгийг Голомт банкнаас аваад бэлнээр өгсөн гэдэг боловч тухайн үед П.Д нь уг банкинд данстай байсан бөгөөд заавал бэлнээр авалгүйгээр нэгэнт данстай учир түүний Голомт банкны данс руу шилжүүлэх нь илүү хялбар байх байсан. Мөн мөнгө өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй байгаа. Үүрэг дуусгавар болгох тухай хэлцэлд П.Д үүрэг дуусгавар болгох тухай итгэмжлэл Б.Төөс аваагүй. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Б.Т учир түүнээс заавал итгэмжлэл авч байж ямар нэгэн байдлаар үүргээ дуусгавар болгох ёстой байсан. Ийм итгэмжлэл аваагүй учраас үүрэг дуусгавар болгох хэлцлийг хийх эрхгүй этгээд байсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээний хувьд 2015.1.27-ны өдөр П.Д, Б.С нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж 43,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. 2015.2.27-нд зээлийн хүүгээ төлөх ёстой байсан боловч төлөөгүй учраас зээлээ төлөхийг 4 сарын турш хүлээсэн. Зээлээ төлөхгүй болохоор нь барьцааны зүйлээрээ зээлээ төлчихье гэсэн саналыг зээлдэгч өөрсдөө тавиад, үүнийх нь дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Мөнгө шилжүүлээгүй гэдэг асуудал ярьж байгаа. С.Д гэдэг хүн зээлийн гэрээ байгуулахад зуучилж өгсөн. Мөнгө бэлнээр хүлээлгэн өгөх процесс бол Баянгол дүүргийн нотариат дээр гэрээ хийгдээд, түүний дагуу Хүүхдийн-100 дахь Голомт банкин дээр очоод С.Д, Б.С нар нь Н.О, П.Д гэдэг хүмүүст 43,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Тодруулбал: 2015.1.27-ны өдөр 40,850,000 төгрөгийг Б.С нь Голомт банкнаас Дэлгэрсүрэнд зээлдүүлэв гэсэн зарлага гаргаад, өөрт байсан 2,150,000 төгрөгийг нэмээд нийт 43,000,000 төгрөгийг өгсөн. Энэ талаар тухайн үед хамт байсан С.Д шүүх хурал дээр гэрчиллээ. Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг авсан нь үнэн. Үүний дагуу зээлээ төлөхийг бид 1 жилийн турш хүлээсэн. Хугацаандаа мөнгөө өгөхгүй байсан учир бид шүүхэд орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг гаргаснаас эхлэн хадмууд нь мэдсэн. Асуудал үүсээд, н.Отгонтуяа гэдэг хадам ээж нь нөгөө гурваасаа итгэмжлэл аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Н.О гуай 43,000,000 төгрөг аваагүй, 25,000,000 төгрөг авсан гэж ярьдаг. Гэвч 43,000,000 төгрөг авсан юм байна гэдгийг н.Отгонтуяа гэдэг хүн ойлгосон. Шүүхэд үндсэндээ 62,000,000 төгрөгийн хэмжээнд төлөхийг зөвшөөрч, байрны өмчлөлөө буцааж авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан боловч шүүх уг гэрээг батлах боломжгүй гээд шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаа худалдах, худалдан авах гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна гээд дүгнэсэн. Тэгэхээр энэ худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан нэгэнт шүүхээр шийдэгдчихсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т заасан харилцаа гэж үзэж байна. Үүний дараа 5 сарын хугацаа өнгөрөхд зээлийн төлбөрөө төлөөгүй учир бид шийдвэр гүйцэтгэлд хандсан. Шийдвэр гүйцэтгэлд өгсний дараа С.Дтэй байгуулсан зээлийн гэрээг барьж ирээд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахыг хүссэн боловч шүүх хүлээж аваагүй. Бид худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчиж байгуулаагүй. Зээлийн төлбөр 2015.5.13-ны өдөр яагаад 52,000,000 төгрөг болсныг тайлбарлавал: зээлийн төлбөр 43,000,000 төгрөг, үүний 5 хувийн хүү 2,150,000 төгрөг, хугацаандаа төлсөн бол 45,150,000 төгрөгийг бид аваад асуудал дуусах байсан. Гэтэл хугацаандаа төлөлгүй 150 хоног хэтрүүлсэн. Гүйцэтгэх үүргийн үндсэн зээл 43,000,000 төгрөгөөр тооцвол өдрийн алданги 222,070 төгрөг болж байгааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдрөөр тооцвол 31,128,050 төгрөг болж, нийт 70,000,000 төгрөг гарчихаж байгаа юм. Гэрээний чөлөөт байдлын үүднээс зээлдэгчид хөнгөлөлт үзүүлж 52,000,000 төгрөгөөр тооцохоор болж гэрээг хийсэн. Үүрэг дуусгавар болгох хэлцлийн тухайд П.Д нь Б.Төөс итгэмжлэл авах шаардлагагүй. Учир нь зээлийн болон барьцааны гэрээний үүрэг гүйцэтгэгч нь П.Д байхад зээл аваагүй, гэрээний оролцогч биш хүнтэй бид гэрээ байгуулах шаардлагагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Б.С, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага,

Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Б.Сд холбогдуулан, түүнтэй 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг тус тус шүүхэд гаргасныг хариуцагч Б.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шаардлагаасаа татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, тус хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.Дгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр П.Д нь Б.Саас 43,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үүргийн гүйцэтгэлийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги тооцохоор тохиролцон Зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Б.Тийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1-4 тоот дахь 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /1-р хх 222-226/

Зээлийн гэрээ байгуулах үед барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Т байсан бөгөөд, зээлдэгч П.Д нь Барьцааны гэрээг өмчлөгчөөс олгогдсон итгэмжлэлийн дагуу байгуулсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, түүнд олгогдсон итгэмжлэл зэргээр тогтоогдож байна. /1-р хх-187/

Нэхэмжлэгч П.Дгийн зүгээс дээрх зээлийн гэрээгээр өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээг дүгнэж, өссөн зээлийн хүү болон алдангийг нэмж тооцон гэрээ байгуулсан бөгөөд, зээлдүүлэгч Б.С нь зээлийн зүйл болох 43,000,000 төгрөгийг зээлдэгчид бодитоор шилжүүлээгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаарджээ.

Маргаан бүхий зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б.Т, Ж.С нарын хооронд байгуулагдсан 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээг дүгнэж, зээлдүүлэгч тал өссөн зээлийн хүү болон алдангийг нэмж тооцон, ар гэртээ мөнгө зээлсэн талаар мэдэгдээгүйг ашиглан дарамтанд оруулсны улмаас гэрээнд гарын үсэг зурсан, мөн хуулийн мэдлэггүйн улмаас мөнгө авсан гэж хүлээн зөвшөөрч байсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч П.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй зээлийн гэрээ нь 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б.Т болон С.С нарын хооронд байгуулагдсан бөгөөд, энэ нь маргаан бүхий зээлийн гэрээтэй хамааралгүй... гэж тайлбарлан маргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Ж.С нь зээлдэгч Б.Тт 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож байгуулан, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1-4 тоот дахь 2 өрөө орон сууцыг барьцаалж, уг гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. /2-р хх2-5/

Дээрх зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн эсэх талаар гэрээнд тусгагдаагүй, бэлнээр болон бэлэн бусаар хүлээлгэн өгсөн талаар баримт авагдаагүй бөгөөд, гэрээний үүрэгт зээлдэгч Б.Т 10,000,000 орчим төгрөгийг төлсөн гэсэн тайлбар гаргаж байгаа боловч уг тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн, маргаан бүхий 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг Б.Т, Ж.С нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээг дүгнэж, уг гэрээний зээлийн өссөн хүү болон алдангийг нэмж тооцоод хариуцагч Б.Стай гэрээг шинээр байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болно гэж нэхэмжлэгч П.Д тайлбарлах боловч, энэ хоёр гэрээ хоорондоо холбоотой болох нь хангалттай тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний талаар мэдэхгүй, уг гэрээ нь зохигчдын маргаж буй 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээтэй хамааралгүй, тэрхүү гэрээний зээлдүүлэгч гэх Ж.С гэгчийг мэдэхгүй гэж тайлбарлах ба, нэхэмжлэгч нь эдгээр гэрээнүүдийг холбоотой буюу өмнөх зээлийн гэрээний үүргийг дүгнэж, дараагийн зээлийн гэрээг байгуулсан гэх тайлбараа нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу бодитоор 43,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж тайлбарлан уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Б.Сын Голомт банк дахь харилцах дансны хуулга болон П.Дтэй утсаар холбогдсон ярианы бичлэг зэргийг нотлох баримтаар гаргаж, ... 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зарлагын гүйлгээгээр 40,850,000 төгрөгийг Дэлгэрсүрэнд зээлдүүлэв гэх утга бүхий бэлэн мөнгөний гүйлгээ хийж, өөрт бэлэн байсан 2,150,000 төгрөгийг нэмж, нийт 43,000,000 төгрөгийг П.Дд хүлээлгэн өгсөн бөгөөд, гэрээг нотариатаар батлуулсан учир бичгээр үйлдэх шаардлагагүй байсан, мөн нэхэмжлэгч П.Д болон Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нар мөнгийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн болох нь утсаар ярьсан бичлэгээр нотлогдоно... гэж тайлбарлана.

Хэдийгээр хариуцагч Б.Сын Голомт банк дахь харилцах данснаас 40,850,000 төгрөгийг Дэлгэрсүрэнд зээлдүүлэв гэх утга бүхий зарлагын гүйлгээгээр зээлийн мөнгийг нэхэмжлэгч П.Дд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй боловч тухайн үед талуудтай хамт байсан гэрч С.Дийн ... 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 1, 2 хоногийн өмнө байх Н.О гэдэг хүн холбогдоод үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авах гэсэн юм гэсэн. Би Б.Стай холбогдож зээл өгөх үү гэхэд чамд итгээд өгнө гэсэн. Тэгээд Б.Стай миний хажууд Баянгол дүүргийн нотариат дээр гэрээгээ хийгээд 43,000,000 төгрөгийг аваад явсан ... мөнгийг Хүүхдийн 100-ийн Голомт банкнаас авч өгсөн санагдаж байна ... Б.С мөнгийг П.Дд өгсөн... Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нотариатаар баталгаажчихсан, барьцааны гэрээ бүртгэгдчихсэн байсан болохоор хуулийн шаардлага хангаж байна гэж үзсэн ... би Б.Сын итгэлийг алдахгүйн тулд түүнийг нь давхар хамгаалах маягаар өөр дээрээ гэрээ хийсэн. Би тэр гэрээний дагуу ямар нэгэн юм шаардаагүй ... гэх тайлбараар зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч П.Д болон нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нартай хариуцагч Б.Сын нөхөр, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Энхтайваны утсаар ярьсан гэх 2 ширхэг CD бүхий дуу бичлэгт шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу үзлэг хийсэн.

Шүүхийн үзлэгээр П.Д нь утасны ярианд мөнгө зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрч, Н.О 43,000,000 төгрөг авсан болохоо зөвшөөрсөн бөгөөд, бичлэг дээрх дуу хоолой өөрийнх нь мөн болохыг нэхэмжлэгч П.Д баталгаажуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар тогтоогдсон гэж дүгнэв.

Маргаан бүхий зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан хэлбэрийн болон хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд, уг гэрээний дагуу үндсэн зээл 43,000,000 төгрөг, зээлийн хүү 2,150,000 төгрөг, бүгд 45,150,000 төгрөг төлөхөөс зээлдэгч огт төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй гэрээгээр тохирсон хугацаа дуусч, улмаар талууд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл хийсэн байх тул дээрх үндэслэлээр 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай П.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлэлээ. /1-р хх-227/

Нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Т нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1-4 тоот дахь 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох 52,000,000 төгрөг тооцож, үл маргах журмаар худалдан авагч Б.Сд шилжүүлэхээр харилцан тохиролцож, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулан, улмаар гэрээний зүйл хариуцагч Б.Сын өмчлөлд шилжсэн болох нь маргаан бүхий гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1-р хх-6/

Нэхэмжлэгч Б.Т болон түүний өмгөөлөгчийн зүгээс дээрх Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж хийсэн учир хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...уг гэрээний дагуу худалдан авагч тал төлбөр төлөөгүй, 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хийгдсэн Зээлийн болон Барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар тохиролцсон 7 дугаар заалтыг зөрчсөн ... энэ гэрээг байгуулах үндэслэл болсон Үүрэг дуусгавар болгох тухай хэлцлийг хөрөнгийн эзэнтэй байгуулаагүй, хөрөнгийн эзнээс итгэмжлэл олгогдоогүй П.Дтэй хийсэн нь хууль зөрчсөн... гэж тус тус тайлбарлан маргасан.

Харин хариуцагч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ... Үүрэг дуусгавар болсон тухай 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн болон Барьцааны гэрээний талууд болох П.Д, Б.С нарын хооронд байгуулагдсан учир нэхэмжлэгч Б.Төөс итгэмжлэл авах шаардлагагүй... мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй бөгөөд, зээлдэгч П.Д нь зээл төлөх боломжгүй болсон учраас талуудын хооронд аман хэлцэл хийгдэж, гэрээний үүрэгт хөрөнгөө өгөхөөр болж Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу үүрэг дуусгавар болсон. Үүнийг үндэслээд худалдах, худалдан авах гэрээг байгуулсан... Худалдах, худалдан авах гэрээг байгуулахад буюу 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг нийт 70,000,000 орчим төгрөг болсон боловч зээлдэгчид хөнгөлөлт үзүүлж 52,000,000 төгрөгөөр тооцсон... гэж тайлбарлан маргаж байна.

2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн болон Барьцааны гэрээний талууд болох зээлдэгч П.Д, зээлдүүлэгч Б.С нар нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр харилцан хүсэл зоригоо илэрхийлэн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл хийж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцсон байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан үндэслэлээр үүрэг дуусгавар болохоор хуульчилжээ.

Энэ нь талууд анх тохиролцсон үүргээс өөр үүрэг хүлээлгэн өгч, үүргийн харилцааг дуусгавар болгохоор тохиролцохыг ойлгох бөгөөд, дээрх Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл-д Зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцон цуцлаж, уг гэрээний дагуу зээлийн төлбөр төлөх үүргийг барьцааны зүйлээр солихоор тохиролцсон байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу үүрэг дуусгавар болсонд тооцсон нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн, дээрх хэлцлийг Зээлийн болон Барьцааны гэрээний талууд болох П.Д, Б.С нар хийж, өөрсдийн байгуулсан гэрээний үүргийг дуусгавар болгосон бөгөөд, барьцааны гэрээг П.Д нь барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Төөс олгогдсон итгэмжлэлийн дагуу байгуулсан учир Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хийхдээ түүнээс итгэмжлэл авах шаардлагагүй юм.

2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн барьцааны гэрээний 7 дугаар зүйлд ...барьцааны шаардлагыг шүүхийн журмаар хангуулна гэж талууд гэрээнд тусган тохиролцсон нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт нийцсэн бөгөөд, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заажээ.

2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба, энэ өдөр талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн, Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар зээлийн болон барьцааны гэрээний үүргийг дуусгавар болгож, үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд, энэ хэлцлийн дагуу худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн нь хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдө бусд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Дгийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 417,950 төгрөг, нэхэмжлэгч Б.Тийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348,400 төгрөгийн тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.Сд холбогдох 2015.1.27-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч П.Дгийн, мөн Б.Сд холбогдох 2015.5.13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот дахь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тийн тэмдэгтийн хураамжид төлсөн 417,950 төгрөг, нэхэмжлэгч П.Дгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 348,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, төлөөлөгчид энэ шийдвэрийг эс зөввшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.С