| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 105/2019/0359/Э |
| Дугаар | 488 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 488
2019 5 23 2019/ДШМ/488
Б.И, О.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Болормаа,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Болормаагийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.И, О.О нарт холбогдох эрүүгийн 1706040650297 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн О-ийн О, ......................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;
2. Б овгийн Б-ийн И, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;
О.О нь Б.И-тай бүлэглэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх худалдааны төв”-д байрлах “Атар-Өргөө” ХК-ийн худалдагчаар 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 2,600,990 төгрөгийн хохирол учруулсан,
Б.И нь О.О-тэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх худалдааны төв”-д байрлах “Атар-Өргөө” ХК-ийн жолооч борлуулагчаар 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 1,033,370 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.И, О.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б.И, О.О нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.И, О.О нарыг нэг жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг шүүгдэгч Б.И, О.О нарт хүлээлгэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.И, О.О нарт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор П.Болормаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна.
Шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар шүүгдэгч нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг ямар хугацаагаар хэрэглэх нь тодорхойгүй байгаа тогтоолыг биелүүлэхэд эргэлзээ бүхий болжээ.
Мөн шүүгдэгч нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэсэн заалт бүхий шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар хуульд заасан үндэслэл бүхий зүйл заалтыг дурдаагүй нь ойлгомжгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд О.О нь “Атар-Өргөө” ХК-ийн худалдагчаар ажиллахдаа Б.И бүлэглэн “Атар-Өргөө” ХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 2,600,990 төгрөгийн хохирол учруулсан,
Б.И нь “Атар-Өргөө” ХК-ийн жолооч борлуулагчаар ажиллаж байхдаа О.О-тэй бүлэглэн “Атар-Өргөө” ХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 1,033,370 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
“Атар-Өргөө” ХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохироосон болохыг мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Артём /1 хх 77/, гэрч Б.Эрдэмтэлэхийн /1 хх 78-79/, гэрч Н.Жавхланчимэг /1 хх 85- 87/ нарын мэдүүлэг,
үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн Б.И /1 хх 163/, О.О /1 хх 170/ нарын мэдүүлгүүд,
Б.И, О.О нарын хохирол барагдуулахаар бичиж өгсөн тайлбар /1 хх 45, 61/,
“Фискал аудит” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55/17, 57/17 дугаартай албан тоот /1 хх 90-116, 121-132/,зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
О.О нь “Атар-Өргөө” ХК-ийн худалдагчаар, Б.И нь “Атар-Өргөө” ХК-ийн жолооч, борлуулагчаар ажиллаж байхдаа бүлэглэн “Атар-Өргөө” ХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу гурил, гурилан бүтгээгдэхүүний төлбөрийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул тэдний үйлдлийг тус гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокурор П.Болормаа нь “...шүүгдэгч нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг ямар хугацаагаар хэрэглэхийг заагаагүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэсэн хариуцлагын талаар дурдаагүй нь тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй ...” гэсэн агуулга бүхий улсын яллагчийн эсэргүүцэл бичжээ.
Шийтгэх тогтоолоор Б.И, О.О нарт хүлээлгэсэн “...зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах...” үүргийн хугацаа нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад заасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй...” гэсэн заалтаар тодорхойлогдож байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” Гэсэн заалтыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заавал дурдах шаардлагагүй, уг заалтыг дурдаагүйгээс тухайн шийтгэх тогтоол ойлгомжгүй болохгүй, тус шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааг явуулахад эргэлзээ төрүүлэхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тогтоосон хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулах журмыг зохицуулсан заалт юм.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах зүйлүүдийг хянагдаж буй шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бүрэн тусгажээ.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, тус шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.Болормаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.Болормаагийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ