Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 01323

 

 

 

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2018/01323

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгелсийн гудамж, Алтай хотхон 25 дугаар байр, 152 тоотод оршин суух, С.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 170 дугаар байр, 17 тоотод оршин суух, Н.О-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, замчид гудамж 46 дугаар байр, 52 тоот хаягт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 15-14 тоотод оршин суух, Б.М,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Ө нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Н.О-д 20,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 25,000,000 төгрөгийг амаар зээлийн гэрээ байгуулан данс руу нь шилжүүлсэн юм. 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр буюу зээл авсан өдрөө 1,600,000 төгрөгийг Н.Одхүү төлсөн бөгөөд ингэж төлөхдөө өөрийнхөө 5099500626 тоот данснаасаа шилжүүлсэн байдаг юм. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 23,400,000 төгрөгийг Н.О-сгаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээгээр зээлдэгч, зээлдүүлэгч нар харилцан тохиролцоод өмчлөлд мөнгө шилждэг юм. Гэрч асуусан ч гэсэн Н.О-д хувьд зээлээр авсан асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн ах дүүс, төрөл төрөгсөд энэ хүнд мөнгө өгч байна гэдэг нь энэ хүмүүсийн хооронд өмнө нь мөнгөний харилцаа байсан гэдгийг харуулж байгаа юм. Энэ зээлийг С.Өаас зээлийн төрлийн зүйл буюу шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө, мөнгөн дэвсгэртийг аваагүй. Энэ бол зээлийн гэрээний харилцаа биш учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Ө болон Б.М нарын хооронд зээлийн харилцаа үүссэн юм. Н.О-д дансанд зээлийн төлбөр орсон нь юу ч нотлохгүй. Нэг үгээр хэлбэл Н.Одхүү мөнгө зээлсэн гэдэг нь нотлогдохгүй байна. С.Өаас юу ч аваагүй. Н.О-д дансанд С.Өын ээж, эгч нар нь мөнгө хийсэн бөгөөд энэ нь зээлийн харилцаа гэж нотлогдохгүй байна. Энэ хүмүүсийн хооронд ямар нэгэн харилцаа байна. Гэхдээ зээлийн харилцаа гэж үзэхгүй байна. С.Ө мөнгөн дэвсгэртээ Н.О-д өгсөн нь тогтоогдохгүй байх тул энэ зээлийн харилцаа биш. Хариуцагч биш гэж хэлээд байгаа юм. Н.О-д дансанд гэрч нарын хийсэн мөнгө орсон байгаа бөгөөд энэ хүмүүсийн хооронд өмнө нь мөнгөний асуудал байсан гэдгийг нотолж байна. Н.Одхүү, С.Өын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. С.Өын мөнгийг Н.О-д дансанд шилжүүлсэн гэдэг маань С.Өын зээл гэж үзэх үндэслэл алга. С.Ө, Н.Одхүү нар бизнесийн түншүүд бөгөөд өмнөх мөнгө ч байж болно шүү дээ. Тэгэхээр үүнийг би зээлийн гэрээ гэж үзэхгүй байгаа бөгөөд энэ төлбөр нь өмнөх зээлийн харилцааны мөнгө юм. С.Ө нь мөнгөн дэвсгэртээр мөнгө өгөөгүй гэдгийг хэлмээр байна. Зээлийн гэрээний харилцаанд бид ямар нэгэн байдлаар оролцсон зүйл байхгүй. Б.М болон С.Ө хоёрыг танилцуулсан хүн нь Н.О бөгөөд үүрэг хүлээсэн гэрээний нэг тал биш. Гэхдээ мөнгө нь Н.О-д дансанд орсон байдаг юм.

Б.М, Н.Одхүү нар С.Өд 6,400,000 төгрөг төлөгдсөн байдаг гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч эгээд Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу ойлгоод байна. Н.Одхүү болон С.Ө нарын хооронд олон удаагийн зээлийн харилцаа байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би анх удаа С.Өаас Н.Одхүү гэж хүнээр дамжуулж танилцаад тохиролцсоны үндсэн дээр 20,000,000 төгрөгийг зээлсэн юм. С.Ө таньдаг хүнийнхээ дансанд хийнэ гэж хэлээд Н.О-д дансанд хийсэн бөгөөд би С.Ө гэдэг хүнээс 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулан надад хөрөнгө оруулаач гэж хэлээд анх царайг нь харсан юм. Н.Одхүү С.Ө нарын хооронд өгч, авалцдаг итгэлцэл байдаг учраас танил хүний дансанд хийнэ гэж хэлээд Н.О-д дансанд хийсэн. Энэ зээлийг Н.Одхүү аваагүй бөгөөд бид зөвшилцөөд сүүлд өгөхдөө гэрээ хийсэн юм. Н.О-д данснаас хийгээд миний дансанд орсон мөнгө нийлээд 45 сая төгрөг болсон. Энэ миний зээл юм. Н.О-д дансанд орсон 20,000,000 төгрөгийн он, сартай баримт байдаг. Сүүлийн 5,000,000 төгрөг дээр 400,000 төгрөгийг С.Өд шилжүүлээд надад 4,600,000 төгрөг орж ирсэн нь нотлогддог юм. С.Өын 20,000,000 төгрөг өөрийнх нь данснаас ирээгүй бөгөөд ээжийнх нь данс гээд байгаа юм. С.Ө хэлэхдээ огт танихгүй таньд шууд дансаар шилжүүлэх боломжгүй учраас Н.Одхүү ахын дансанд хийнэ гээд Н.О-д данс ашиглагдсан юм. С.Ө өөр хүний данснаас хийлгэж байгаа учраас Н.О-д дансыг ашигласан бөгөөд 20,000,000 төгрөгийг нь Н.Одхүү надад бэлнээр гарын үсэгтэй өгсөн юм. Дараагийн 5,000,000 төгрөг нь банкны хуулгаар нотлогдох юм. Тэгэхээр энэ зээлийн эзэн нь би болохоос биш Н.Одхүү биш юм. Тухайн үед Н.О-д дансыг ашигласан асуудал байгаа болохоос биш Н.О аваагүй. Ийм юм болно ч гэж бодоогүй үйлдэгдсэн асуудал юм гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч С.Ө нь Н.О-д холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 1,600,000 төгрөгөөр багасгаж, 23,400,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул хариуцах этгээд биш гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Н.Одхүүтэй харилцан тохиролцсоны дагуу нийт 25,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлээ бүрэн төлөөгүй тул үлдэх 23,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа ...С.Өаас Б.Мд зээлдүүлсэн мөнгийг Н.О-д дансаар дамжуулан өгсөн. Н.Од, С.Ө нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул хариуцах этгээд биш гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа ...С.Ө 25,000,000 төгрөг зээлж авахдаа Н.О-д дансаар дамжуулан авсан гэж тус тус тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Н.О-д 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг Б.Баасандуламаар дамжуулан Хаан банкаар, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөгийг Б.Бадралмаагаар дамжуулан түүний Хаан банкин дахь данснаас тус тус шилжүүлсэн нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 4 дүгээр тал/, Хаан банкны диспозит дансны хуулга /хх-ийн 68 дугаар тал/, зохигчдын тайлбар, шүүхэд гэрч Б.Баасандулам, Б.Бадралмаа нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлснээр тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа тус тус үүссэн гэж үзэв.

 

Зээлийн төлбөр төлөлтийн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...Б.М нь 2016 оны 07 сарын 29-ний өдөр 400,000 төгрөг, 2016 оны 08 сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 10 сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, Н.Одхүү 2016 оны 07 сарын 29-ний өдөр 1,600,000 төгрөг, 2016 оны 10 сарын 07-ны өдөр 400,000 төгрөг нийт 6,400,000 төгрөгийг төлсөн гэх тайлбар хэрэгт авагдсан нотлох баримт /С.Ө, Б.М нарын Хаан банкин дахь дансны хуулга/-аар нотлогдож байна. /хх-ийн 53-55 дугаар тал/

 

Б.М, С.Ө нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч Б.Мгийн төлсөн 4,400,000 төгрөгийг уг зээлийн гэрээний төлбөрт төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь зээлдүүлэгчээс шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг буцаан өгөх үүргийг хүлээх тул зээлээс төлөгдөөгүй 18,600,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч Н.О-с18,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Н.О-с18,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Өаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.О-с250,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР