Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 17

 

С.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03401 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Ө-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.О-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 20 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

   Нэхэмжлэгч С.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Ө- нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Н.О-д 20 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөг нийт 25 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн гэрээг амаар байгуулж, түүний данс руу мөнгийг шилжүүлсэн. 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр буюу зээл авсан өдрөө 1 600 000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 7-нд 2 000 000, мөн 400 000 төгрөгийг тус тус Н.О- төлсөн бөгөөд ингэж төлөхдөө өөрийнхөө 5099500626 тоот данснаасаа шилжүүлсэн. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 20 600 000 төгрөгийг Н.О-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ө-, хариуцагч Н.О- нар зээлийн гэрээний харилцаанд ороогүй. Учир нь С.Өлзийбаяр хүүтэй мөнгө зээлдүүлдэг ба Н.О- нь мөнгөний хэрэг гарч өөрийн танил Б.М-г түүнтэй танилцуулсанаар С.Ө- нь Б.М-д мөнгө зээлдүүлсэн. Ингэхдээ мөнгийг Н.О-гийн данс руу шилжүүлсэн. С.Ө- нь Н.О-д 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 20 000 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөг нийт 25 000 000 төгрөгийг дансанд нь хийсэн. Гэтэл Н.О- нь өөрийн садан Б.М-гийн данс руу хий гэхэд С.Ө- нь таньдаг хүнийхээ данс руу хийнэ гээд Н.О-гийн данс руу шилжүүлсэн. С.Ө- нь уг мөнгийг Б.М-гаас нэхэмжлэх ёстойг мэдэж байсан бөгөөд Б.М- нь зээлийн гэрээний төлбөрийг төлж байсан. Түүнээс хойш 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 20 000 000 төгрөг Н.О-гийн дансанд ороход 10 хувь буюу 2 000 000 төгрөг, түүнээс 1 600 000 төгрөгийг С.Ө-ын дансанд хийсэн ба 400 000 төгрөгийг Б.М- нь С.Ө-ын дансанд төлсөн. Ингээд нийт 2 000 000 төгрөгийг 10 хувийн хүүд тооцон төлсөн ба энэ нь дансны хуулгаар тогтоогддог. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөгийг дахин С.Ө-д зээлийн хүүд тооцож төлсөн. Б.М- нь С.Ө-аас 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөгийг зээлэхэд С.Ө- нь 5 000 000 төгрөгийг Н.О-гийн дансанд хийсэн. Үүнээс 2 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын зээлийн хүүнд тооцож төлсөн. Энэ байдлаар 6 400 000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн.

Уг харилцаа нь зээлийн гэрээний харилцаа биш. Зээлийн гэрээний нөхцлийн талаар амаар тохиролцсон ба зээлийг төлөх талаар тохиролцсон гэдэг боловч энэ нь нотлогдоогүй. 2016 оны 7 дугаар сарын 29, 8 дугаар сарын 27-ны өдөр, 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд Б.М-гаас зээлийн төлбөр төлсөнийг хүлээн зөвшөөрдөг ба уг төлбөр нь 2016 оны 7 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнээс хойш яригдаж байгаа хоёр өөр харилцаа. С.Ө- нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө Б.М- руу мөнгө шилжүүлсэн. Хариуцагч Н.О- нь ямар ч мөнгө аваагүй гэж тайлбарладаг бөгөөд С.Ө-ыг Б.М-тай танилцуулсан. Энэ нь зээлийн гэрээ биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М- шүүхэд гаргасан тайлбартаа: Н.О- нь намайг анх 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр С.Ө-тай танилцуулсан. Н.О- нь С.Ө- бид хоёрын дунд зуучлаад зээлийн гэрээний хүүг 8 хувь гэж С.Ө-тай тохироод, надтай болохоор 10 хувь гэж тохиролцсон байсан. 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр надтай зээлийн гэрээ хийж нэмж зээл өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 07-нд би 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр авсан зээлийн хүүг төлж чадахгүй байсан ба бусад төрлийн зардалд мөнгө шаардлагатай байсан тул Н.О-гээс зээлэхээр ярьсан. Гэтэл Н.О- уг мөнгийг С.Ө-аас авч өгсөн байсан. Ингээд зээлийн гэрээг амаар тохиролцсоны үндсэн дээр Н.О- ахаар дамжуулан авч байсан гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.О-гээс 13 600 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, нотлох баримтыг буруу үнэлсэн. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт "хариуцагч Н.О- нь Б.М-гаар дамжуулан 2016 оны 9 дүгээр сарын 22-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 06-нд 3 000 000 төгрөг нийт 7 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага 20 600 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 7 000 000 төгрөгийг хасч, үлдэх 13 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 000 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох" гэсэн бөгөөд дээрх 2016 оны 9 дүгээр сарын 22-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 06-нд 3 000 000 төгрөг нийт 7 000 000 төгрөгийг Б.М- нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн С.Ө-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлсөн буюу энэ хэрэгт хамааралгүй гүйлгээнүүд болно. Дээрх 3 удаагийн гүйлгээг Б.М- С.Ө- нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гэдгийг нотлох шүүхийн шийдвэр болон нотлох баримтууд маш тодорхой байхад ингэж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

      

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

   Нэхэмжлэгч С.Ө- нь хариуцагч Н.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүгчийн 102/ШЗ2018/10560 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00899 дугаар шүүхийн шийдвэр бүхий иргэний хэргээс зээлийн төлбөр төлсөн баримтууд болон 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

   Улмаар 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/11131 дүгээр захирамжаар өмнөх шүүгчийн захирамжаар шаардсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн ирүүлэхийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан атлаа биелэлт нь хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

Түүнчлэн шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар хэрэгт авагдаагүй баримт буюу шүүхийн 102/ШШ2018/00899 дугаартай шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаар шинжлэн судалж, шийдвэрийн үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцэхгүй байна.

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03401 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

 

                                                                                       Ч.ЦЭНД